| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/00007/И |
| Дугаар | 137/ШШ2025/00228 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 137/ШШ2025/00228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, ...р хороо, .... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Я овогт Б-ын М /РД: ..., утас: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ...-р баг, .... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Б овогт У-ийн Э /РД: ..., утас:...../-т холбогдох
Чиргүүл ашигласан төлбөрт 35,000,000 төгрөг гаргуулж, ..... улсын дугаартай чиргүүлэн авах үндсэн нэхэмжлэлтэй, 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э , нэхэмжлэгч Б.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г , хариуцагч У.Э , хариуцагчийн өмгөөлөгч С.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Б.М миний бие 2021 оны 10 сард хоёр улсын хил хаасан цагаас хойш Замын-Үүд суманд Э-ын ах Э-ын хашаанд ..., ...улсын дугаартай машинаа тавьж хил онгойхыг хүлээж байв. Энэ үед У.Э гэх залуу чи ачаанд ийш тийш явахгүй байгаа бол чиргүүлээрээ түр хэд рэйс чирүүлээч гэж гуйхад нь би тэг тэг гээд өгсөн. Тэгэхэд Э хүний дугуй хагарна элэгдэнэ гээд хэдийн өөрийнхөө чиргүүлийн дугуйг сольж тавьсан байсан ч гагнуур раам нь муудах шинжтэй болохоор нь би одоо болсон гээд чиргүүлээ зогсоож дугуйг нь салгаж өгөөд өөрийнхөө дугуйнуудаа тавьж орхичхоод ирсэн. Хотод байж байтал нэг өдөр Э над руу утасдаж чи чиргүүлээ зарах уу гэсэн би 25 саяд авбал ав, гэхдээ бичиг баримт нь Замын-Үүдэд байгаа гэсэн чинь хаясан гээд дахиад авчих, тэгээд нэрээ шилжүүлээд өгчих гэж яаруулаад би хотод Хөсөг трэйд дээр очиж шилжүүлж өөрөөсөө 50-60 мянган төгрөг гаргаж байж дахин гэрчилгээ авч шилжүүлж өгөөд явуулах гэтэл 2 хоногийн дараа залгаад чиргүүлийг маань муулаад урьд нь чирч хэрэглэж байгаагүй юм шиг зан гаргаад байхаар нь за буцвал буц гээд би 20 саяыг нь тэр дор нь шилжүүлсэн. Тэгээд чиргүүл хүргэж ирж өг, нэрээ шилжүүлж авъя гэхээр авчирч өгөхгүй, чи өөрөө мөнгөө авчирч өгөөд, чиргүүлээ өөрөө ав гээд надаас 5 сая төгрөг нэхсэн. Чиргүүлээ би хүн олж авхуулах гээд хүн явуулахаар чиргүүл чинь алга гэнэ, тэнд нь зарах гээд хүн явуулна бас л байхгүй, тэгээд би Э луу залгаад чиргүүл алга гэж байна чи яагаад миний чиргүүлийг хэрэглээд байгаа юм бэ гэхээр нь би хэрэглээгүй ах л тэр хоорондоо чирсэн гэсэн энэ тэр гэж хэрэлдээд би чиргүүлээ ч олж авч чадахгүй, зарж ч чадахгүй бүтэн жил боллоо. Одоо би бүтэн жил чамд хэрэглүүлсэн тарж унасан чиргүүл авахгүй мөнгөө авъя гэхээр өгдөг газартаа өг чи надаас юу ч олж долоохгүй, ална хядна гэж ах дүүстэйгээ дарамтлаад байна. Наймаа хийж чадахгүй буцахдаа буцаж чадахгүй, заль гаргаж хүний өмчийг эзэмшиж авсан Э-аас буцаж өгсөн 20,000,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлттэй байна гэжээ.
-2024 оны 12 сарын 13-ны өдөр Б овогтой М миний бие хариуцагч У.Э-аас 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 42,677,551 төгрөг мөн тухайн үеийн тээврийн үнэлгээ тогтоолгосны 400,000 төгрөг нийт 43,077,551 төгрөгийг хариуцагч У.Э-аас гаргуулж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу өөрийн ......улсын дугаартай чиргүүлээ буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Э-ын дансны хуулгыг харлаа. Мөн тухайн үед тээврийн хөлс ямар байсан нь тодорхой боллоо. Одоо чиргүүл маань нэлээд элэгдэл хорогдолд орсон байгаа засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгаа нь Э мөн мэдэж байгаа байх. Иймд 35,000,000 төгрөгөөр шаардлагаа багасгаж болно, мөн чиргүүлээ авна гэв.
Хариуцагч У.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: У.Э миний бие Б.М-ын нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулж дараах хариу тайлбар, хүсэлтийг гаргаж байна.
1..... улсын дугаартай чиргүүлээ буцаан авна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Чиргүүлийг шүүгчийн туслахын хажууд хүлээлгэн өгч, бичиг баримтыг шилжүүлэн өгье.
2. Нийт 43.077.551 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Х ХХК нь 2024 оны 09 сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 2022 оны 04 сарын 09-ны өдрөөс 2022 оны 10 сарын 26-ны өдөр хүртэлх Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу 9 удаагийн тээвэр хийсэн зардлыг нийт 42.677.551 төгрөг гэж тооцож гаргасан нь бодит байдалтай нийцээгүй, хөөсөрсөн үнэ, шатахуун түлш, жолоочийн ажлын хөлс болон бусад зардлыг тооцож хасаагүй, толгой нь бусдынх байхад тээврийн зардлыг бүтэн тооцож гаргасан байна. Иймд 2022 оны 04 сарын 09-ны өдрөөс 2022 оны 10 сарын 26-ны өдөр хүртэлх Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу 1 удаагийн ачаа тээвэрлэн хүргэх тээврийн хөлс хэдэн төгрөг болох үүнээс шатахуун түлш, жолоочийн хөлс болон бусад хасагдах зардлыг хасаж, цэвэр ашиг хэдэн төгрөг байх, Тээвэрлэж яваа ачаа бараанаас хамаарч хөлс өөрчлөгддөг эсэх, мөн 2022 оны 04 сарын 09-ний өдрөөс 2022 оны 10 сарын 26-ны өдрийн хүртэлх Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу чиргүүл түрээслэн ачаа ачих үнэ ханш хэдэн төгрөг байсан болохыг А ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулж тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч У.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн машинаар тээвэр хийх үед ашиг нь 1 сая төгрөг гардаг байсан. Машины толгой явж байхад чиргүүл дээр 250,000 төгрөг, толгой дээр 250,000 төгрөг гарна гэж тооцож байна. Хийсвэр аргаар мөнгө олох гэсэн санаа байна гэж үзэж байна. Сүүлийн машин нь миний машин биш юм тэрийн би хариуцахгүй. 8 удаа ширхэд чиргүүл муудаад хорогдоод байх байх зүйл байхгүй. 20 сая төгрөг гэдэг нь шинэ чиргүүлийн үнэ юм. Миний хуулган дээр 1,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 3,500,000 төгрөгийн орлого орсон байгаа. Ер нь 3,500,000 төгрөгийн хөлс ховор ордог юм. Нэмэгдүүлсэн шаардлага ариа л үндэслэлгүй, иймд зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: У.Э нь яаралтай чиргүүл хэрэгтэй болсон тул Б.М-ын өмчлөлийн ....улсын дугаартай чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 25,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 12-ны өдөр Б.М руу шилжүүлсэн байна. У.Э нь төлбөр шилжүүлснийхээ дараа чиргүүлээ үзэхэд нь муу доголдолтой байсан учир энэ байдлыг Б.М-д хэлж, өгсөн авснаа буцаахаар тохирч, М тэр даруй буюу 2022 оны 02 сарын 14-ны өдөр У.Э-аас авсан 25,000,000 төгрөгнөөс буцаан 20,000,000 төгрөгийг түүний Х банкны данс руу шилжүүлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар өгсөн авснаа буцаахаар тохирсон тул У.Э-ын үлдэгдэл 5,000,000 төгрөгийг Б.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч У.Э сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чиргүүл буцаан өгч байгаа тул авах ёстой 5,000,000 төгрөгийн буцаан авна гэв.
Нэхэмжлэгч Б.М сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...У.Э нь 2021 оны 10, 11 сард миний чиргүүлийг контейнер ачдаг зориулалттай гэдгийг ашиглан, одоо ачаа тээвэр дандаа контейнер болсон чи ажилгүй байгаа бол чиргүүлээ түр өгөөч гэж гуйж аваад надаас өөрийн амаар гуйж аваад Замын-Үүд Улаанбаатар хооронд 9,10 удаа нэг ч төгрөгийн түрээс өгөлгүй чирч хэрэглэсэн. Би 2021 оны 12 сард өөрийн биеэр ирж чиргүүлээ харахад бүх дугуйг нь сольсон, нэлээн гагнуур тасарч ханзарсан байсан. Тэгээд би одоо болно, дахиж чирүүлэхгүй гэж хэлээд өөрийнхөө дугуйнуудыг буцааж тавьж нэг жолооч залуугаар чиргүүлдээ гагнуур хийлгэж янзлуулаад хашааных нь үүдэнд гаргаж тавьчхаад явсан. Тэгтэл 2022 оны 02 сарын 12-нд чиргүүлээ зарчих гэж гуйж ирж 25,000,000 төгрөг шилжүүлж эзэмшигчийн нэр өмчлөлийг нь сольж авч байгаад гэнэт дөнгөж анх харж байгаа мэт чиргүүлийг минь муулаад наймаа буцаая гэхэд нь би итгээд 20,000,000 төгрөгийг буцаагаад өгчихсөн чинь 5,000,000 төгрөгөө ч нэхэхгүй чиргүүлийг чинь ч өгөхгүй миний чиргүүлийг залилж аваад бүтэн жил хэрэглэсэн. Тэгээд Э луу залгаад чамд миний чиргүүл хэрэгтэй байгаа бол надад мөнгө 20,000,000 төгрөгөө өг үгүй бол миний чиргүүлийг өг, өгдөг газар нь өгнө шүү гэсэн чинь өг өг чи надаас юу ч олж долоохгүй гээд инээж хэл амаар доромжилдог. Би өөрийн биеэр чиргүүлээ авах гэж 2022 оны 04 сарын 27-ны өдөр ирэхэд чиргүүл өгөхгүй хэл амаар дайрч доромжилж төрсөн ах Э-аа нийлж намайг зодож зайл гэж нохой мэт хөөсөн. Иймд У.Э-аар элэгдэж муудсан чиргүүл ч авахгүй, 5,000,000 төгрөгийг ч өгөхгүй. Тэр үеийн хийсэн наймаа тухай үеийн ханшаар бодож өөрийнхөө буцааж өгсөн 20,000,000 төгрөгөө л гаргуулж авах хүсэлтэй байна” гэжээ.
Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Хэрэглэсэн ашигласан орлогоо өгөөд, чиргүүлийн бүх асуудлыг шийдэж өгвөл, өгөх ёстой 5,000,000 төгрөгийг нь өгч болно гэв.
Нэхэмжлэгч талаас:
Улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг төлбөр баримт,
Нэхэмжлэгчийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар,
Нэхэмжлэгч Б.М-ын Х банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, улсын тэмдэгтийн хураамжид 373,337.76 төгрөг төлсөн баримт
Нэхэмжлэгч У.Э-ын 2022 оны 04 сараас 09 сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны Х банкны дансны хуулга
2022 оны 05 сарын 09-ны өдрийн 01 дугаартай Хамтран ажиллах гэрээ зэргийг гаргаж өгсөн
Хариуцагч талаас:
2022 оны 12 сарын 27-ны өдрийн 1 жилийн хугацаатай итгэмжлэл,
Хариуцагч У.Э-ын Х банкны Деспозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд 94,950 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн баримт
Хөрөнгө үнэлгээний Х ХХК-ны 2024 оны 09 сарын 16-ны өдрийн тайлан зэргийг гаргаж өгсөн.
Зохигчдын хүсэлтээр шүүх дараах ажиллагааг хийсэн. Үүнд:
Хариуцагч У.Э-аас .... улсын дугаартай ...... маркийн чиргүүлийн ...... дугаартай гэрчилгээний нотариатын баталгаатай хуулбар хувь,
2023 оны 06 сарын 05-ны өдрийн 076 дугаартай Х ХХК-ийн шинжээчийн дүгнэлт,
Авто тээврийн Үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Замын-Үүд салбарын техникийн хяналтын үзлэгийн инженер Б.О-ын 2023 оны 10 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг,
М.Э-ийг гэрчээр асуусан тэмдэглэл,
..... улсын дугаартай ...... маркийн чиргүүлийг байгаа газарт очиж үзлэг хийсэн 2023 оны 11 сарын 27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг,
Замын-Үүд сумын төлбөр авах цэгийн ахлах О.-н ...... улсын дугаартай чиргүүлийг .... оны Замын-Үүд авто боомтоор нэвтэрсэн тоог шүүж өгөх боломжгүй талаар ирүүлсэн тайлбар,
Зам тээврийн хөгжлийн төвийн 2023 оны 12 сарын 11-ны өдрийн ......дугаартай албан тоот, ...... улсын дугаартай чирүүлийн төлбөр авах цэгийн пүүний бүртгэлд бүртгэгдсэн жагсаалт
Хариуцагч У.Э-ын Х банкны дансны хуулга,
Г.Г-ыг гэрчээр асуусан тэмдэглэл,
Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа,
А даатгалын хохирлын үнэлгээнээс ирүүлсэн шинжээчээр ажиллахаас татгалзсан тухай 2025 оны 04 сарын 24-ний өдрийн ....дугаартай албан бичиг
Хариуцагч У.Э-ын гаргасан хүсэлтийн дагуу Л.М , Д.З , М.Э , Б.Э , Л.Б , У.Ц , У.Э , А.Ж нарыг гэрчээр асуусан тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч У.Э-тай худалдах, худалдан авах гэрээг хийж чиргүүлийн төлбөрт авсан 25,000,000 төгрөгөөс хариуцагчид 20,000,000 төгрөгийг буцаан өгсөн боловч чиргүүлээ аваагүй, чиргүүл ашигласан төлбөрт шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага багасгаж 35,000,000 төгрөгийг, :::::: улсын дугаартай чиргүүлээ буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч У.Э нь Б.М-ын чиргүүл чанарын шаардлага хангахгүй чиргүүлээ өндөр үнэтэй зарсан гэх шалтгаанаар гэрээнээс татгалзаж чирүүлийн үнэ 20,000,000 төгрөгийн буцаан авсан тул төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндсэн нэхэмжлэлийн зарим хэсэг болох чиргүүлийг буцаан өгөхийг зөршөөрч, 35,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөөгүй гэж мэтгэлзсэн болно.
Нэхэмжлэгч Б.М , хариуцагч У.Э-ын нарын хооронд 2022 оны 02 сарын 12-ны өдөр :::: улсын дугаартай чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж хариуцагч У.Э 25,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 12-нд шилжүүлсэн нь У.Э-ын Х банкны дансны хуулга /хх-ийн 20/, 2022 оны 02 сарын 14-нд чиргүүлийн үнэ 25,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М нь хариуцагч У.Э-т 2022 оны 02 сарын 14-ний өдөр эргүүлэн шилжүүлсэн нь Б.М-ын Х банкны дансны хуулга /хх-ийн 05/, чиргүүлийн үнийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа зэрэг нь зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “...хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж зааснаар талууд аман хэлцэл хийж, талуудын хооронд эд хөрөнгө худалдах худалдан авах иргэний эрх зүйн харилцаа буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүссэн байна. Уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн.
Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар худалдан авагч тал болох У.Э гэрээнээс татгалзах үндэслэлээ худалдагч тал болох Б.М-д чиргүүл худалдан авсан өдрөөс хойш 2 хоногийг дараа буюу 2022 оны 02 сарын 14-нд мэдэгдсэн, Иргэний хуулийн 204.2-т “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно.” гэж заасан. Нэхэмжлэгч Б.М нь хугацаа тогтоогоогүй, харин хариуцагчийн татгалзлаа илэрхийлсэн өдөр нь буюу 2022 оны 02 сарын 14-ний өдөр чиргүүлийн төлбөрт авсан 25,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг буцаан У.Э-т шилжүүлсэн. Үүнээс дүгнэхэд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар чиргүүлийн чанарын доголдлоос шалтгаалан хариуцагч гэрээнээс татгалзсаныг нэхэмжлэгч зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй” гэж заажээ.
Нэхэмжлэгч Б.М нь 2022 оны 02 сарын 12-ны өдөр .....улсын дугаартай чиргүүлийг У.Э-т зарахад чанарын хувьд ямар нэгэн доголдолгүй байсныг, мөн хариуцагчид зарснаас хойш чиргүүлийн чанар байдал дордсон гэх тайлбарыг шүүх хуралдаанаар гаргаж байгаа боловч энэ тайлбараа нотлох баримтын хүрээнд нотолж чадаагүй болно.
2023 оны 06 сарын 05-ны өдрийн .. дугаартай Х ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 175-192/, Авто тээврийн Үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Замын-Үүд салбарын техникийн хяналтын үзлэгийн инженер Б.О-ын 2023 оны 10 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 206-216/, М.Э-ийг гэрчээр асуусан тэмдэглэл /хх-ийн 249-251/ зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн тайлбар няцаагдаж байна. Нэхэмжлэгч нь чиргүүлээ авахаар Замын-Үүд суманд ирж байсан ч хариуцагч У.Э-ыг чиргүүлийг өгөөгүй, маргааны зүйл болох .... улсын дугаартай чиргүүл нь 2022 оны 02 сарын 14-ноос хойш Замын-Үүдэд байгаагүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан гэх тайлбараа нэхэмжлэгч мөн нотлож чадаагүй болно. Нэхэмжлэгч нь “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэх баримт /хх-ийн 37/, “E E ”, “С ”, “Т ”, “A ”, “M ” гэх хаягаар ирж байсан болон явуулж байсан мессеж /хх-ийн 39-42/, Мөнхбатын хариуцагч, түүний ахад зодуулсан гэх гэрэл зураг /хх-ийн 43/ зэргээр чиргүүл олдохгүй байсан, 5,000,000 төгрөгийг өгөөд чиргүүлээ авах гэж ирсэн гэдгээ нотолж байна гэх боловч эдгээр баримтууд нь цаг хугацааны хувьд тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа болно.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан. Маргааны зүйл болох .. . улсын дугаартай чиргүүл нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг .....гудамж .... тоот хашаанд биет байдлаараа байгаа болох нь 2023 оны 11 сарын 27-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон гэж үзэж байна.
Хариуцагч У.Э-ын эзэмшилд ... улсын дагууртай чиргүүл нь байх хугацаанд буюу 2022 оны 04 сарын 07, 20-нд, 2022 оны 06 сарын 01-нд, 2022 оны 07 сарын 13, 16-нд, 2022 оны 08 сарын 24, 27, 31-нд 2022 оны 10 сарын 26-ны өдрүүдэд буюу 9 удаа Замын- Үүд төлбөр авах цэгийн авто пүүний бүртгэлд бүртгэгдсэн болох нь Зам тээврийн хөгжлийн төвийн 2023 оны 12 сарын 11-ны өдрийн ... дугаартай албан тоот, ..... улсын дугаартай чирүүлийн төлбөр авах цэгийн пүүний бүртгэлд бүртгэгдсэн бүртгэл /2-р хх-ийн 38-39/-ээр тогтоогдож байна.
2022 оны 05 сарын 09-ны ... дугаартай Хамтран ажиллах гэрээний 5.214-т чингэлэг солилцох талбайгаас Гаалийн хяналтын бүртэл хүртэл тээврийн зардал 725,000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар зохицуулсан байна /3-р хх...../. Шүүх хуралдаан дээр хариуцагч талаас гаргасан өгсөн У.Э-ын Х банкны дансны хуулгаар /3-р ххийн ......../ 2022 оны 04 сараас 09 сарын хугацаанд 28 удаагийн гүйлгээгээр 6,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийн хооронд тээврийн зардал гэсэн орлого орсон, мөн хариуцагчийн шүүх хуралдаан дээр “Замын-Үүдээс Улаанбаатар хот руу контейнер тээвэрлэхэд нэг удаадаа тээврийн хөлсөнд 1,500,000 төгрөгөөс 3,500,000 төгрөгийн орлого ордог” гэх тайлбар зэргээс дүгнэхэд ...... улсын дугаартай чиргүүлийг ашиглан нэг удаагийн тээвэрлэлтээр дунджаар 3,500,000 төгрөгийн орлого олдог байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь “олсон орлогоосоо шатхууны зардал, жолоочийн зардал, бусад зардлаа хасаад цэвэр ашиг 500,000 төгрөгийн олдог, чирэгч толгой, чиргүүл хоёрт 500,000 төгрөгийн хуваан тооцоод чиргүүлийн нэг удаагийн тээврийн цэвэр ашиг 250,000 төгрөг” гэж тайлбарлаж байгаа боловч энэ тайлбараа нотлох баримтын хүрээнд нотлож чадаагүй. Түүнчлэн энэ тайлбараа нотлох үүднээс шүүхэд хүсэлт гарган Л.М , Д.З , М.Э , Б.Э , Л.Б , У.Ц , У.Э , А.Ж нарыг гэрчээр асуулгасан. Эдгээр гэрчүүд нь бүгд хариуцагчийн хамаарал бүхий этгээдүүд буюу ах, найз, жолооч нь болох нь тэдний гэрчийн мэдүүлэгээр тогтоогддог. Иймд эдгээр гэрчүүдийн мэдүүлэгийг шүүх нотлох баримтын хүрээнд үнэлж хариуцагчийн татгалзлаа нотлож буй баримт гэж үнэлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч талаас Х ХХК-ны үнэлгээний тайлангаар 9 удаагийн тээврийн орлогыг 42,677,551 төгрөгөөр тооцон нэхэмжлэлийн шаардлага 35,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь Х ХХК-ны үнэлгээний тайлан /3-р хх-ийн 96-104/-д маргаан бүхий чиргүүлээр тээвэрлэлт хийсэн гэх 2022 оны 04 сарын 07-ноос 2022 оны 10 сарын 26-ны өдрийн тээврийн зардлыг судлаагүй, мөн Монгол улсын Зам тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 08 сарын 22-ны .... дугаартай “Зорчигч, ачаа тээвэрлэлийн жишиг тариф шинжлэн батлах тухай тушаал /3-р хх-ийн 88-90/-ыг үндэслэл болгосон учир дутагдал болжээ. Учир нь тус сайдын тушаал нь хөтөлбөргүй дагаж мөрдөх эрх зүйн акт бус харин зөвлөмж хэлбэрээр гарсан баримт бичиг болно.
Иймд хариуцагч У.Э-аас /725,000+3,500,000:2х9/ 19,012,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 15,987,500 төгрөгийн хэрэгсэхгүй болгох шийдвэрлэв.
Маргаан бүхий ..... улсын дугаартай чиргүүлийн нэхэмжлэлийн шаардлага дээр хариуцагч маргаангүй болно, түүнчлэн тус чиргүүлийн баримт бичгийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөхийг У.Э зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс чиргүүлийг Замын-Үүд сумаас Улаанбаатар хот хүртэл хүргэхийг хариуцагчид даалгах талаар тайлбартаа хөндсөн боловч шүүхэд энэ талаар шаардлага гаргаагүй тул шүүх энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд:
Хариуцагч тал нь гэрээнээс татгалзсанаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй тул гэрээний үнийн үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-аас гаргуулж шийдвэрлэсэн болно.
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлд зохигчдоос төлсөн тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 187,750 төгрөгийг улсын орлогоос гаргуулан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Э-аас 19,012,500 төгрөгийг, .... улсын дугаартай чиргүүлийн хамт гаргуулж нэхэмжлэгч Б.М-д, нэхэмжлэгч Б.М-аас сөрөг нэхэмжлэлийн чиргүүлийн үлдэгдэл үнэ 5,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч У.Э-т тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 15,987,500 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай.
2.Хариуцагч У.Э нь .... улсын дугаартай чиргүүлийн бичиг баримтыг нэхэмжлэгч Б.М-ын нэр дээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 631,288 төгрөгөөс 443,538 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 94,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Э-аас 323,212.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д, нэхэмжлэгч Б.М-аас 94,950 төгрөгийг гаргуулж хариуцагч У.Э-т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 187,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Б.М-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б