Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00873

 

А- ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/00814 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А- ББСБ ХХК-ийн хариуцагч Б.С-, Л.Э- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 23 124 753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Л.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Б.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А- ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн Б.С-гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23 124 753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх ... эрхтэй гэж заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дараах байдлаар өөрчилж, хариуцагчаар Л.Э-ийг татан оролцуулж байна. Иргэн Б.Б- нь манай ББСБ-аас 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр А280/151008 дугаартай зээлийн гэрээ байгуулан 25 000 000 төгрөг зээлж авсан ба хамтран зээлдэгчээр түүний эхнэр Л.Э- оролцож гарын үсэг зурсан. Зээлдэгч Б.Б- нь өвчний учир нас барсан тул Б.С- нь үндсэн зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийг өөр дээрээ шилжүүлэн авахаар болж зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч талаас эхний 4 сарын хүүг цаг хугацаандаа өгч байсан болно. Тодруулбал, 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 500 000 төгрөгийг Б.С-гээс зээлийн төлбөр 99118293 гэсэн утгатай, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 500 000 төгрөгийг Б.С-гээс зээлийн төлбөр 99118293 гэсэн утгатай, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бэлнээр 500 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 500 000 төгрөг бэлнээр өгсөн. Үүнээс хойш зээлийн төлөлт хийгдэхгүй байсаар 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэн Л.Э-ээс 20 000 000 төгрөгийг зээл Цэцэгээгээс А280/151008 гэсэн утгатай шилжүүлсэн. Энэ мөнгийг холбогдох хууль тогтоомж болон зээлийн гэрээний 1.4.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлүүлнэ гэснийг үндэслэн зээлийн нэмэгдүүлсэн хүүд 1 429 969 төгрөг, 513 хоногийн хүү 8 432 877 төгрөг, үндсэн зээлээс 10 137 154 төгрөг хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 14 862 846 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл 2016 оны 02 дугаар сарын 10-наас 2017 оны 7 дугаар сарын 05-ныг хүртэл 513 хоногийн үндсэн хүү болох 3 432 877 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 429 969 төгрөг, үндсэн зээл 25 000 000 төгрөг нийт зээлийн үлдэгдэл 34 941 916 төгрөг болсон байсан. /25 000 000 + 8 432 877 + 1 429 969 = 34 862 846/ Тиймээс 20 000 000 төгрөгийн төлөлтөөс 484 хоногийн нэмэгдүүлсэн хүү 1 429 969 төгрөг, 513 хоногийн хүү 8 432 877 төгрөг, үндсэн төлбөрөөс 10 137 154 төгрөг хасагдаж, 14 862 846 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. /20 000 000 1 429 969 8 432 877 = 10 137 154; 25 000 000 10 137 154 = 14 862 846/. 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 14 862 846 төгрөг байсан. Б.С- нь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 3 000 000 төгрөгийг Б.С-гээс гэсэн утгатай шилжүүлснийг дараах байдлаар тооцсон. 2017 оны 7 дугаар сарын 05-наас 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 950 хоногийн хүү 7 527 696 төгрөг болсон, 950 хоногийн нэмэгдүүлсэн хүү 1 505 539 төгрөг болсон, үндсэн төлбөрийн үлдэгдэлтэйгээ нийлээд нийт 23 869 081 төгрөг болно. 2019 оны 8 дугаар сарын 06-наас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 371 445 төгрөг, 188 хоногийн үндсэн хүү 1 757 227 төгрөг болж байгаа ба өмнөх төлөгдөөгүй үндсэн хүү дээр нэмэгдээд нийт 7 890 462 төгрөг, зээлийн үлдэгдэл 14 862 846 төгрөг болсон. Нийт 23 124 753 төгрөг. Иймд хариуцагч Л.Э-ээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг үндэслэн, Б.С-гээс Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дах хэсэгт зааснаар гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 14 862 846 төгрөг, хүү 7 890 462 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 371 445 төгрөг, нийт 23 124 753 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Б.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А- ББСБ ХХК-аас нэг ч төгрөгийн зээл аваагүй ба бидний xoopoнд гэрээний харилцаа үүсээгүй болно. Мөн энэ нэхэмжлэлийн зөрчилдсөн шаардлагад биечлэн өөрийн аавын зээлсэн зээлийн өрийг шилжүүлэн авах ч харилцаа үүсээгүй болно. Аав маань өвчний учир эмчилгээндээ зарцуулахаар зээлсэн мөнгийг нь бид боломжоороо төлсөн. Нэхэмжлэлд дурдсан үйл явц нь миний аав Б.Б- болон А- ББСБ ХХК-ийн хооронд үүссэн харилцаа ба миний аав 2016 онд өвчний учир нас барсан юм. А- ББСБ ХХК-ийн хөрөнгө оруулагч н.Батдалай гэдэг хүн 2018 оны 8 сарын дундуур надтай уулзаж, аав чинь зээлээ төлж чадалгүй нас барчихлаа, зээлийг чи авсан гээд гэрээнд гарын үсгээ зураад өгчих, тэгээд боломжоороо төл, хүү тооцохгүй гэхээр нь гэрээнд гарын үсгээ зурсан. Үүний дараа манай аавын 21-12 УБП улсын дугаартай автомашиныг н.Батдалай авсан. Гэтэл 15 орчим хоногийн дараа н.Батдалай дахин надруу холбогдож, энэ машин чинь зээлийг чинь хааж хүрэхгүй юм байна гэсэн тул би аавынхаа машиныг очиж авсан. Одоо уг машин нь миний хадгалалтад байгаа. Иймд А- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт 10 280 026.8 /арван сая хоёр зуун наян мянга хорин зургаан төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А- ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12 844 726.2 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.С-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 179 431 /нэг зуун далан есөн мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А- ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Л.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Б.С- давж заалдах гомдолдоо: Миний бие А- ББСБ ХХК-иас нэг ч төгрөгийн зээл аваагүй ба бидний хооронд гэрээний харилцаа үүсээгүй болно. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад бичсэнчлэн өөрийн аавын зээлсэн зээлийн өрийг шилжүүлэн авах ч харилцаа үүсээгүй болно. Аавыг нас барсанаас хойш төлсөн 20 000 000 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцон суутгасны улмаас 10 000 000 орчим төгрөг төлөх болсон. А- ББСБ ХХК нь өөрийн дүрмийн сан, хөрөнгийн эх үүсвэрээс уг мөнгөн хөрөнгийг гаргаагүй, дүрмийн сангаасаа гадуур мөнгө угаалтын хэлбэрээр санхүүжигдэх хөрөнгөөс гаргасан болох нь тогтоогдсон. Энэ нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 144, 125 дугаартай тушаалаар баталсан Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ыг тус тус зөрчсөн. Хууль зөрчсөн хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх Иргэний хуулийн зохицуулалтгай. Хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн хөрөнгийг буцаах зохицуулалттай болохоос хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох боломжгүй. Бид аавынхаа 25 000 000 төгрөгийг төлсөн, дахиж 10 000 000 төгрөг төлж чадахгүй. Ээж маань өвчний учир гэр зуур байдаг, миний хувьд залуусын нэгэн адил байрны зээлтэй, ажилтай, ажилгүй л байдаг. Бид А- ББСБ ХХК-ийн хууль бус хөрөнгөөр зээл олгосон байх боломжтой байна гэдэг асуудлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар, хүсэлт хэлбэрээр удаа дараа гаргасан бөгөөд тухай бүр нь нэхэмжлэгч тал танилцаж байсан. Гэвч энэ талаар ямар ч хариу тайлбар хийхгүй байгаа нь зөвшөөрсний илрэл гэж бодож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимаар зөвшөөрөхгүй бол татгалзлаа талууд өөрсдөө нотлох үүрэгтэй. Энэ нотолгоог хийгээгүй нь хууль зөрчсөн хэлцэл байх нөхцөлийг бүрдүүллээ гэж үзэж байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А- ББСБ ХХК нь хариуцагч Б.С-, Л.Э- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 23 124 753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... зээлдэгч Б.Б- нь өвчний учир нас барсан тул түүний хүү Б.С- нь зээлийн гэрээний үүргийг шилжүүлэн авсан, иймд хамтран зээлдэгч Л.Э- болон гэрээний үүргийг шилжүүлэн авсан Б.С- нараас үндсэн зээл 14 862 846 төгрөг, хүү 7 890 462 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 371 445 төгрөг, нийт 23 124 753 төгрөгийг гаргуулна гэсэн бол хариуцагч нар эс зөвшөөрч Б.С- нь нэхэмжлэгч байгууллагатай зээлийн гэрээ байгуулаагүй, аав Б.Б-ын авсан зээл болох 25 000 000 төгрөгийг боломжоороо төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн байна.

 

Зээлдүүлэгч А- ББСБ ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгч Б.Б-, Л.Э- нартай зээл болон фидуцийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, зээлдэгч Б.Б- нь өөрийн өмчлөлийн 21-12 УБП улсын дугаартай, Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг А- ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. /хх-ийн 19-21-р тал/. Зээлдүүлэгч А- ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж, зээлийн мөнгөн хөрөнгө болох 25 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Л.Э-т бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогджээ. /хх-45-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон фидуцийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээнд хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байх тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ зээлдэгч нар нь биелүүлэх үүрэгтэй.

 

Зээлдэгч Б.Б- нь 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр өвчний учир нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх боловч анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч Л.Э-т хариуцуулсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт нийцжээ. Өөрөөр хэлбэл, хуулийн энэ заалтаар аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид олгосон байна. /хх-ийн 22-р тал/

 

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугар сарын 08-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нар нь гэрээний хугацаанд буюу 2015 оны 11 сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 12 сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 01 сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, гэрээний хугацааг хэтрүүлэн 2017 оны 02 сарын 17-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 7 сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөг, 2019 оны 8 сарын 06-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 22, 46, 61-63, 167-р тал/

 

Зээлийн гэрээний 1.4.2-т зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлүүлнэ гэж заасан байх тул дээрх 25 000 000 төгрөг төлөгдсөнөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нарын төлсөн мөнгийг гэрээний 1.4.2-т заасан дарааллаар тооцох нь хууль болон гэрээний заалтад нийцнэ. Иймд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ.

 

Нэхэмжлэгч А- ББСБ ХХК нь 2016 оны 02 сарын 10-наас 2020 оны 02 сарын 10-ны өдөр хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, зээлийн гэрээний үүрэгт нийт 23 124 753 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх гэрээний үүрэг зөрчигдсөн даруйд зохих арга хэмжээ аваагүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэх үндэслэлээр 2017 оны 7 сарын 05-ны өдөр хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, зээлийн гэрээний үүрэгт нийт 10 280 026.8 төгрөгийг хариуцагч Л.Э-ээс гаргуулж нэхэмжлэгч А- ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12 844 726.2 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

Хариуцагч Б.С-д холбогдох шаардлагын тухайд хэргийн 3-4 дүгээр талд нэхэмжлэгч А- ББСБ ХХК, хариуцагч Б.С- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан боловч нэхэмжлэгч А- ББСБ ХХК нь уг гэрээний дагуу 25 000 000 төгрөгийг хариуцагч Б.С-д бодитоор олгосон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн хариуцагч Б.С- нь Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авсан гэх нөхцөл байдал ч тогтоогдоогүй байх тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Фидуцийн зүйл болох 21-12 УБП улсын дугаартай, Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэл нь бодитоор хариуцагч Б.С-гийн эзэмшилд байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар фидуцийн зүйлийг бодитойгоор буюу биетээр гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар шаардлага гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хариуцагч Л.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Б.С- давж заалдах гомдолдоо: А- ББСБ ХХК нь хууль бус хөрөнгөөс дээрх зээлийг олгосон гэх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Хэрэгт зээлдүүлэгч нарын зээлийн мэдээлэл бүртгэгдээгүйтэй холбоотой Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгүүд авагдсан байх боловч тус баримтуудад үндэслэн нэхэмжлэгч А- ББСБ ХХК-ийг хууль бус хөрөнгөөр зээл олгосон гэж шууд дүгнэх боломжгүй юм. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/00814 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 431 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

Г.ДАВААДОРЖ