Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2021/00814

 

                                         

 

 

 

 

 

2021          03            15

               101/ШШ2021/00814

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.С

 

Хариуцагч: Л.Энарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 23,124,753 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагч бөгөөд хариуцагч Л.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал /№0002/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу иргэн Б.Сгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,124,753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх ... эрхтэй” гэж заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дараахь байдлаар өөрчилж, хариуцагчаар Л.Эийг татан оролцуулж байна.

Иргэн Бат-Эрдэнэ овогтой ******* нь манай ББСБ-аас 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр А280/151008 дугаартай зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөг зээлж авсан ба хамтран зээлдэгчээр түүний эхнэр Л.Э оролцож гарын үсэг зурсан. Зээлдэгч Б.******* нь өвчний учир нас барсан тул Б.С нь үндсэн зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийг өөр дээрээ шилжүүлэн авахаар болж “зээлийн гэрээ” байгуулсан. Зээлдэгч талаас эхний 4 сарын хүүг цаг хугацаандаа өгч байсан болно. Тодруулбал: 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг “А280 Сгээс зээлийн төлбөр 99118293” гэсэн утгатай, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг “А280 Сгээс зээлийн төлбөр 99118293” гэсэн утгатай, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бэлнээр 500,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөг бэлнээр өгсөн.

Үүнээс хойш зээлийн төлөлт хийгдэхгүй байсаар 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэн Л.Эээс 20,000,000 төгрөгийг “зээл Цэцэгээгээс А280/151008” гэсэн утгатай шилжүүлсэн. Энэ мөнгийг холбогдох хууль тогтоомж болон зээлийн гэрээний 1.4.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлүүлнэ гэснийг үндэслэн зээлийн нэмэгдүүлсэн хүүд 1,429,969 төгрөг, 513 хоногийн үндсэн хүү 8,432,877 төгрөг, үндсэн зээлээс 10,137,154 төгрөг хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 14,862,846 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл 2016 оны 02 дугаар сарын 10-наас 2017 оны 7 дугаар сарын 05-ныг хүртэл 513 хоногийн үндсэн хүү болох 3,432,877 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,429,969 төгрөг, үндсэн зээл 25,000,000 төгрөг гээд нийт зээлийн үлдэгдэл 34,941,916 болсон байсан. /25,000,000+8,432,877+1,429,969=34,862,846/ Тиймээс 20,000,000 төгрөгийн төлөлтөөс 484 хоногийн нэмэгдүүлсэн хүү 1,429,969 төгрөг, 513 хоногийн үндсэн хүү 8,432,877 төгрөг, үндсэн төлбөрөөс 10,137,154 төгрөг хасагдаж, 14,862,846 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. /20,000,000-1,429,969- 8,432,877=10,137,154; 25,000,000-10,137,154=14,862,846/.

2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 14,862,846 төгрөг байсан. Б.С нь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөгийг “Сгээс” гэсэн утгатай АТМ-ээр шилжүүлснийг дараах байдлаар тооцсон. 2017 оны 7 дугаар сарын 05-наас 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 950 хоногийн хүү 7,527,696 төгрөг болсон, 950 хоногийн нэмэгдүүлсэн хүү 1,505,539 төгрөг болсон, үндсэн төлбөрийн үлдэгдэлтэйгээ нийлээд нийт 23,869,081 төгрөг /14,862,846+7,527,696+1,505,539=23,869,081/ болсон. /3,000,000 - 1,505,539=1,494,461/, /7,527,696-1,494,461=6,033,235/. Үндсэн зээлээс хасагдаагүй болно. 2019 оны 8 дугаар сарын 06-наас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 371,445 төгрөг, 188 хоногийн үндсэн хүү 1,757,227 төгрөг болж байгаа ба өмнөх төлөгдөөгүй үндсэн хүү дээр нэмэгдээд нийт 7,890,462 төгрөг, зээлийн үлдэгдэл 14,862,846 төгрөг болсон. Нийт 23,124,753 төгрөг болсон.

Иймд хариуцагч Л.Эээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн “зээлийн гэрээ”-ний үүргийг биелүүлэх үүргээ зөрчсөн, Б.С нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т зааснаар гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 14,862,846 төгрөг, хүү 7,890,462 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 371,445 төгрөг, нийт 23,124,753 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч бөгөөд хариуцагч Л.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Танай шүүхэд нэхэмжлэгч А ББСБ-аас надад болон миний ээжид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Б.С миний бие нь гардаж аваад нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Л.Э нь миний ээж бөгөөд шүүхэд эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн биеэр хүрэлцэн очих боломжгүй тул хуульд заасан журмын дагуу шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг авч урьдчилан шүүхэд хүргүүлсэн учир энэхүү хариу тайлбарыг хамтаттан бичиж байна.

“*******” ББСБ нь анх шүүхэд Б.С миний биеийг өөрийн байгууллагаас 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн A280/151008 дугаартай гэрээгээр 25,000,000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд ******* УБП улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг барьцаалсан мэтээр бичиж, улмаар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн, түүнд тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн байсан боловч хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны явцад үнэнд гүйцэгдэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Миний бие нь “*******” ББСБ-аас нэг ч төгрөгийн зээл аваагүй ба бидний xoopoнд зээлдүүлэгч, зээлэгчийн харилцаа огт үүсээгүй болно. Мөн энэ нэхэмжлэлийн
зөрчилдсөн шаардлагад биечлэн өөрийн аавын зээлсэн зээлийн өрийг шилжүүлэн авах ч
харилцаа үүсээгүй болно. Аав маань нас бараад удаагүй байхад өвчнийхөө учир
эмчилгээндээ зарцуулахаар зээлсэн мөнгийг нь төлчих юмсан, ясыг нь өндөлзүүлээд яахав
дээ гэсэн сэтгэл бол байсан. Үнэхээр чадлаараа төлсөн. Нэхэмжлэгч “*******” ББСБ
нь аавыг нас барснаас хойш 20,000,000 төгрөгийг нэхэмжлэлдээ огт дурдаагүй нуун
дарагдуулж өнгөрөхийг завдсан ч хэрэг хянан шийдвэрлэх явцад аргагүй үнэнд
гүйцэгдсэнээс уг бидний төлсөн 20,000,000 төгрөгийн төлөлт нь ил гарсан билээ. Энэ
бүхнийг энд бичээд байгаа учир нь үнэн юм үнэнээрээ үлдээсэй гэсэндээ юм шүү. Энэхүү нэхэмжлэлд дурдсан үйл явц нь миний аав Бат-Эрдэнэ овогтой ******* болон
“*******” ББСБ нарын хооронд үүссэн харилцаа ба миний аав 2016 онд өвчний учир нас
барсан юм. Миний аав нас барахаасаа өмнө энэхүү байгууллагатай зээлийн харилцаанд орж,
зээлээ бүрэн төлж чадаагүй байхдаа нас барсаны дараа “*******” ББСБ-ын хөрөнгө
оруулагч н.******* гэдэг хүн 2018 оны 8 дугаар сарын дундуур намайг дуудаж хоол хамт идье
гэсэн ба би Зоос гоёлын хажууханд байрлах Аксис нэртэй зоогийн газарт түүнтэй уулзсан
юм. Тэгээд н.******* нь “Аав чинь зээлээ төлж чадалгүй өөд болчихлоо, чи залуу хүн
аавынхаа ясыг өндөлзүүлээд яахав дээ энэ зээлийг чи авсан гээд энэ гэрээнд гарын үсгээ
зураад өгчих, тэгээд боломжоороо төлчих ах нь хүү тооцохгүй” гэхээр нь тухайн үедээ аавынхаа нэр сүрийг нас барсан хойно нь элдэвээр гаргаад яахав гээд гэрээг нь харалгүй шууд гарын үсгээ зурж өгчихөөд шууд уг газраас гараад явчихсан билээ. Үүний дараа манай аавын ******* УБП машин нь ааваас хойш бараг хөдлөөгүй, манай гаражид байсныг н.******* нь банк бус дээрээ аваад ир гээд байхаар нь би өөрөө хүргэж өгсөн билээ. Тухайн үед н.******* нь энэ машиныг чинь худалдаж зээлийг чинь төлүүлье гэхээр нь би ингээд наад зээлээ дуусгах юмуу гэхэд тиймээ гэхээр нь машинаа өгчихөөд явчихсан билээ. Тэгтэл 15 орчим хоногийн дараа н.******* дахин надруу холбогдож, чи машинаа ирээд авчих энэ машин чинь зээлийг чинь хааж хүрэхгүй юм байна гэхээр нь би очоод авахдаа тэгвэл би өөрөө худалдахыг бодъё доо гэж хэлээд машиныг авч явсан юм. Одоо уг машин нь миний хадгалалтад байгааг хэлэх нь зүйтэй юм.

Иймд “*******” ББСБ- ын нэхэмжилсэн 23,124,753 төгрөгийн нэхэмжлэлийг миний бие болон миний ээж Л.Э хариуцан төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь хариуцагч Б.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 14,862,846 төгрөг, хүү 7,890,462 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 371,445 төгрөг, нийт 23,124,753 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Л.Эийг татан оролцуулж, “Б.*******, Л.Э нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан А280/151008 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,124,753 төгрөгийг” хариуцагч Б.С, Л.Э нараас гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчилжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагч Л.Эийн хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар, хариуцагч Б.Сгийн хувьд өрийг шилжүүлэн авсан, мөн Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар өв залгамжлагчийн хувиар зээлийг хариуцах үүрэг хүлээсэн гэж тодорхойлон шаардаж байна.

 

Хариуцагч бөгөөд хариуцагч Л.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь Л.Эийн хувьд өөрийн төлөх ёстой төлбөрийг төлж дуусгасан, Б.Сгийн хувьд өр шилжүүлэн аваагүй, мөн өв хүлээн аваагүй тул зээлийг төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

“А ББСБ” ХХК нь Б.*******, Л.Э нартай 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр А280/151008 дугаартай “Зээл гэрээ”-г байгуулж, 25,000,000 төгрөгийг, сарын 5,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлэхээр тохирсон боловч уг гэрээний “Зээл буцаан төлөх хуваарь”-т зааснаар 25,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, үндсэн зээлийн төлөлтгүй сар нь 6 сар байхаар тохирч, зээлийн гэрээ байгуулагдсан өдрөө 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс бэлнээр олгож, зээлдэгч Б.*******, хамтран зээлдэгч Л.Э нар гарын үсэг зурж хүлээн авсан болох нь “Зээлийн гэрээ”, “Зээл буцаан төлөх хуваарь”, “Бэлэн мөнгөний зарлагын баримт”, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

“А ББСБ” ХХК, Б.*******, Л.Э нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

 

“Зээл буцаан төлөх хуваарь”-иас үзэхэд 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх 6 сарын хугацаанд зөвхөн зээлийн хүүд сар бүр 500,000 төгрөгийг төлж, 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс үндсэн зээл болон хүүгийн төлөлтийн хамт төлөхөөр тохирсон байх ба 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус дансаар, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус бэлнээр зээлийн хүүд зээлдэгч нар төлөлт хийсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 11 дүгээр сарын 08, 12 дугаар сарын 08-ны өдрийн орлогын ордер, “*******” ББСБ-ын 2016 оны 01 дүгээр сарын 08, 02 дугаар сарын 17-ны өдрийн кассын орлогын ордер зэргээр тогтоогдож байна.

 

Ингээд зээлдэгч нар нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ зөрчиж, төлөлт хийгээгүй ба улмаар үндсэн зээлдэгч Б.******* нь 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр өвчний улмаас нас барсан болох нь нас барсны №0000188049 дугаартай гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зээлдэгч Б.******* нь хүнд өвчний улмаас эмчлүүлэх зорилгоор дээрх зээлийг авч, эмчилгээндээ зарцуулсан гэх тайлбарыг хариуцагч нар гаргадаг, мөн зээлийг Б.******* болон хамтран зээлдэгч Л.Э нар хамт гарын үсэг зурж авсан зэргээс үзэхэд зээлдэгч нар нь өөрсдийн хувийн буюу гэр бүлийн хэрэгцээнд зээлийг захиран зарцуулсан, гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийг тодорхойлон заагаагүй боловч Л.Эийн хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч байна.

 

Мөн зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар хариуцагч Л.Эээс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.

 

Дээр дурдсанаар зээлдэгч нар нь гэрээний дагуу эхний 4 сарын хүүд нийт 2,000,000 төгрөгийг төлснөөс хойш хариуцагч Л.Э нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөгийг зээлд төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь уг төлөлтөөс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцсон байна.

 

Зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлдэгч Б.******* эхний 4 сарын хүүг төлөх үүргээ биелүүлж байсан байх бөгөөд гэрээний хугацаа 2016 оны 10 дүгээр сарын 08-ны өдөр дууссан, зээл төлөх мэдэгдлийг хамтран үүрэг гүйцэтгэгчид өгч байсан болох нь баримтаар тогтоогдохгүй, хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд зээлийн гэрээний үүргийг зөрчсөн хэдий боловч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жил 4 сар 4 хоногийн дараа гэрээний үүргийг шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгчийн хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэхээр байна. 

 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн эрхийг зөрчихгүйгээр, үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой ба зээлдүүлэгч нь гэрээнд заасан арга хэмжээг аваагүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн даруйд зээлийг төлүүлэх талаар зохих арга хэмжээг авах нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь дээр дурдсанчилан хамтран үүрэг гүйцэтгэгчтэй холбоотойгоор зохих арга хэмжээг аваагүй, харин хамтран зээлдэгч Л.Эийн нэхэмжлэгчид 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөгийг төлсөн уг хугацаагаар хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү хариуцагч Л.Эийн дээрх төлөлтийг хийх цаг хугацаанд үндсэн зээлийн гэрээний хугацаа дууссан /2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр/ байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар үндсэн зээл, зээлийн гэрээний үндсэн хугацааны хүү болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох нь зүйтэй байна.  

 

Зээлдэгч нарын зээлийн хүү төлсөн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс Л.Эийн 20,000,000 төгрөгийг төлсөн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааг тооцоход 504 хоногоор хугацаа хэтэрсэн, 1 өдөрт төлөх хүүг тооцвол 16,666.6 төгрөг /500,000 : 30 хоног/ ба зээлийн хүүд 8,399,966.4 /504 хоног х 16,666.6/ төгрөгийг тооцох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…”, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд дээрх зээлийн гэрээний 1.4.5-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгчийн зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоос үзэхэд хариуцагч Л.Э, Б.С нарын төлсөн нийт 23,000,000 /20,000,000+3,000,000/ төгрөгөөс нийтдээ 2,935,508 /1,429,969+1,505,539/ төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцсон, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэмэгдүүлсэн хүүд 371,445 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

Ийнхүү дээрх байдлаар зээлдэгчээс нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд тооцон авсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зохицуулалттай нийцэхгүй буюу нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хариуцлага гэдэг агуулгаараа үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцох ба 8,399,966.4 төгрөгийн 20 хувь нь 1,679,993.2 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцох нь зүйтэй байна.

 

Үндсэн зээлийн үлдэгдэл 11,600,033.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,679,993.2 төгрөг, нийт 13,280,026.8 төгрөг ба үүнээс хариуцагч Б.С нь талийгаач Б.*******ын хүүгийн хувиар 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 3,000,000 төгрөгийг хасч, 10,280,026.8 төгрөгийг хариуцагч Л.Эээс гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн зээлдэгч нартай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх боловч мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хариуцагч Л.Эийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зээлийн төлбөр төлсөн хугацаагаар тасалдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Б.*******, Л.Э нартай байгуулсан зээлийн гэрээгээр лексус-470 маркийн, ******* УБП улсын дугаартай автомашинаар үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон байх ба 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.******* нь өөрийн биеэр Авто тээврийн үндэсний төвд очиж, “А ББСБ” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн боловч уг машин бодитоор Б.Сгийн эзэмшилд байгаа болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар шаардаагүй болно.

 

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь хариуцагч Б.Сд холбогдуулан анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түүнтэй байгуулсан гэх 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А280/151008 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүргийг шаардсан ба энэхүү гэрээний дагуу бодитоор зээл олгогдоогүй, зээлдэгч Б.*******ын төрсөн хүү гэдэг агуулгаар зээлдүүлэгчийн зүгээс өмнөх гэрээний агуулгаар 2017 оны 3 дугаар сард Б.Сгээр гарын үсэг зуруулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. /хх-3, 4/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх гэрээг үндэслэн зээлдэгч Б.*******ын төлөх өрийг түүний хүү Б.С шилжүүлэн авсан гэх тайлбарыг гаргаж байх ба Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй, дээрх гэрээнд Б.С гарын үсэг зурсанаар өрийг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч Б.С Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т зааснаар гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх үндэслэлтэй гэж тайлбарладаг бөгөөд мөн хуулийн 527, 528 дугаар зүйлүүдэд зааснаар талийгаач Б.*******ын өвлөгдөх эд хөрөнгийг түүний хүү Б.С хүлээн авсан эсэх, өв хүлээн авсантай холбоотойгоор өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх эсэхтэй холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Үүнээс үзвэл талийгаач Б.*******ын хүү нь Б.С мөн тул үүрэг хүлээх үндэслэлтэй гэж хариуцагч Б.Сд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж буй нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хариуцагч нь Б.С биш байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон хариуцагч Б.Сд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Эээс зээлийн гэрээний үүрэгт 10,280,026.8 /арван сая хоёр зуун наян мянга хорин зургаан төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 12,844,726.2 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.Сд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 179,431 /нэг зуун далан есөн мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А ББСБ” ХХКолгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ