Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00904

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00495 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Э-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02447 дугаар захирамжаар Н- ХХК, М-, Ч.А- нараас 153 975 776 төгрөгийг гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөрт хураан авсан Л.Э- миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-37 дугаар байрны 72 тоотод байрлах, 39 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 110 607 000 төгрөгөөр, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204001844 дугаартай Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байр 7 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 73 500 000 төгрөгөөр тус тус үнэлэгдэж, албадан дуудлага худалдаанд оруулахаар болсныг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4-156/38805 дугаар албан мэдэгдлээр мэдэгдсэн. Дээрх үнэлгээ нь зах зээлийн ханшнаас хэт бага байгаа бөгөөд жишиг байруудыг ремакс, unegui.mn, zarmedee.mn сайтуудын нэг, нэг байрыг сонгож үнэлгээ хийсэн нь бодит байдалд нийцээгүй болно. Мөн сонгосон байрууд нь тус бүрийн үнэ нь зах зээлийн үнээс маш их зөрүүтэй хямдхан байгаа болно. Иймд Н- нь үнэлгээний компаниар байруудыг үнэлүүлэхдээ миний болон байр өмчлөгч нарын хууль ёсны эрх ашгийг маш ихээр зөрчиж байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-37 дугаар байрны 72 тоотод байрлах 39 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 110 607 000 төгрөгөөр, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204001844 дугаартай Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байр, 7 тоотод байрлах 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 73 500 000 төгрөгөөр тус тус үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулахаар болсныг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4-156/38805 дугаар албан бичгийг мэдэгдсэнийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 19 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/2447 дугаар захирамжаар Н- ХХК, М-, Ч.А- нараас 153 975 776 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н- ХХК, М-, Ч.А- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204001844 дугаартай Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 113 дугаар байр 7 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт заасны дагуу Файн-Эстимэйт ХХК-ийг томилж, үнэлгээ тогтоолгоход 73 500 000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023966 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-37 дугаар байрны 72 тоотод байрлах 39 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт заасны дагуу Виннэр вэй ХХК-ийг томилж, үнэлгээ тогтоолгоход 110 607 000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4-156/38805 дугаар албан бичгээр эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж, үнэлгээний тайланг талуудад танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Э-ийн Н-т холбогдох үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Миний бие нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00495 дугаар шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/72447 дугаар захирамжаар Н- ХХК, М-, Ч.А- нараас 153 975 776 төгрөгийг гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөрт хураан авсан Л.Э- миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-37 дугаар байрны 72 тоотод байрлах 39 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 110 607 000 төгрөгөөр, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204001844 дугаартай, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол, 113-р байрны 7 тоотод байрлах 29 метр квадрат 2 өрөө орон сууцыг 73 500 000 төгрөгөөр тус тус үнэлэгдэж, албадан дуудлага худалдаанд оруулахаар болсныг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4-156/38805 дугаар албан мэдэгдлээр мэдэгдсэн. Дээрх үнэлгээ нь зах зээлийн ханшнаас хэт бага байгаа бөгөөд жишиг байруудыг ремакс, unegui.mn, zarmedee.mn сайтуудын нэг нэг байрыг сонгож үнэлгээ хийсэн нь бодит байдалд нийцээгүй болно. Мөн сонгосон байрууд нь тус бүрийн үнэ нь зах зээлийн үнээс маш их зөрүүтэй хямдхан байгаа болно. Ийм байтал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00495 шийдвэрээр миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Бодит байдалд нийцсэн зах зээлийн үнэлгээг дахин хийлгэх хүсэлттэй байгаа болно. Иймд миний бие Л.Э- нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00495 шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Э- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл заан маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/2447 дугаар захирамжаар Н- ХХК, М-, Ч.А- нараас 182 510 282 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, төлбөр төлөгч нар үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол /14252/, ХД-37-р байрны 72 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023966 дугаарт бүртгэлтэй, 39 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол, 113-р байрны 7 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204001844 дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-ийн 43-44-р тал/

 

Төлбөр төлөгч нар нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх бөгөөд төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 23 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 42-р тал/

 

Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол /14252/, ХД-37-р байрны 72 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023966 дугаарт бүртгэлтэй, 39 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилж, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хураасан, /хх-ийн 56, 66-р тал/. Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол, 113-р байрны 7 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204001844 дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хураасан байна. /хх-ийн 59, 62-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч, өмчлөгч нар нь дээрх 39 м.кв 1 өрөө орон сууцыг 254 000 000 төгрөгөөр, 29 м.кв 2 өрөө орон сууцыг 180 000 000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-72-79-р тал/

 

Талууд дээрх байдлаар дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллага нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 29 м.кв, 2 өрөө орон сууцыг үнэлүүлэхээр Файн-Эстимэйт ХХК-ийг, 39 м.кв, 1 өрөө орон сууцыг үнэлүүлэхээр Виннэр вэй ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон байна. /хх-ийн 84, 87-р тал/

 

Хөрөнгийн үнэлгээний Файн-Эстимэйт ХХК нь дээрх 29 м.кв, 2 өрөө орон сууцыг 73 500 000 төгрөгөөр, Виннэр вэй ХХК нь 39 м.кв, 1 өрөө орон сууцыг 110 607 000 төгрөгөөр тус тус үнэлснийг хариуцагч байгууллага нь хуульд заасан хугацаанд талуудад мэдэгджээ. /хх-ийн 84-119-р тал/. Иймд хариуцагч байгууллагыг үнэлгээ гаргуулах ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасанд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн тул дахин үнэлгээ тогтоолгох хүсэлттэй байна гэх боловч шинжээчээр томилогдсон Файн-Эстимэйт ХХК, Виннэр вэй ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн, орлогын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэсэн байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Нөгөө талаар, нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00495 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ