Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00924

 

 

 

 

 

 

 

 

 

Т - ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2021/00651 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т - ХХК-ийн хариуцагч Ц- ХХК, З-, Б.Б- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 650 327 894.63 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ц- ХХК, Б.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.З, хариуцагч Ц- ХХК, Б.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц- ХХК нь Т - ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 600 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн, сарын 0,67 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч Ц- ХХК нь Т - ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан дугаар 340 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дугаар 340 тоот барьцааны гэрээ байгуулж, дараах үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 340 тоот барьцааны гэрээнд Архангай аймаг, Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Хуучин захын урд талд хаягтай, 360 м.кв талбайтай, Ү-0118002679 дугаар бүхий үл хөдлөхийн гэрчилгээтэй, 2 давхар барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Хуучин захын урд талд хаягтай 1210,5 м.кв талбайтай, Г-0203000 дугаар бүхий, нэгж талбарын 021810039 дугаар бүхий эзэмших эрхтэй газар, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 40 дүгээр гудамж, 06 тоот хаягт орших, 160 м.кв талбайтай, Ү-0118001889 дугаартай, 2 давхар барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 40 дүгээр гудамж, 06 тоот хаягт орших, 469 м.кв талбайтай Г-0112640 дугаартай нэгж талбарын 21803902 дугаар бүхий эзэмших эрхтэй газар, Архангай аймаг, Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 27 дугаар байр, 1 дүгээр орц 09 тоот, 34 м.кв талбайтай, Ү-0117001311 дугаартай 2 өрөө орон сууц, Архангай аймаг, Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Хуучин захын урд талд хаягтай, 180 м.кв талбайтай Ү-0118002682 дугаар бүхий үл хөдлөхийн гэрчилгээтэй барилга, Архангай аймаг, Эрдэнэбулган сумын 72 айлын орон сууцны баруун талд байршилтай 500 м.кв талбайтай Г-000309869 дугаартай нэгж талбарын 6513010242 дугаар бүхий эзэмших эрхтэй газар барьцуулсан. Т - нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ц- ХХК-ийн Т - дахь 180000220635 тоот харилцах дансанд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 600 000 000 төгрөгийг шилжүүлэн олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлээс 14 575.98 төгрөг, үндсэн хүүнээс 73 674 506.21 төгрөг, нийт 73 689 082.19 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Ц- ХХК-ийн захирал Э.Дашзэгвэ нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 340 тоот зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас 2018 оны 11 дүгээр сарын 05, 2018 оны 11 дүгээр сарын 17, 2019 оны 02 дугаар сарын 13, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг зээлдэгчид удаа дараа өгсөн. Ц- ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 599 985 424.02 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 50 071 061.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 271 409.45 төгрөг, нийт 650 327 894.63 төгрөг хуримтлагдаж байна. Иймд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 340 тоот Ц- ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, Ц- ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 599 985 424.02 төгрөг, үндсэн хүүд 50 071 061.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 271 409.45 төгрөг нийт 650 327 894.63 төгрөг нэхэмжилж байна. Ц- ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Мөн З-гаас Ц- ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөөгүй, барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан ч зээлийн төлбөрийг бүрэн дуусгавар болгоогүй тохиолдолд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Т -, З-, Ц- ХХК-ийн хооронд байгуулсан БДГ/340 тоот батлан даалтын гэрээний 2.1-т заасны дагуу зээлдэгчийн 600 000 000 төгрөгийн зээлийн 50 хувь болох 300 000 000 төгрөгийг гаргуулж Т - ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц- ХХК-д хамааралгүй бөгөөд тухайн зээлийн гэрээнд нэр бүхий барьцаагаа барьцаалуулсан. Дээрх зээл нь Ц- ХХК-иар гарсан байдаг. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс барилгын шаардлагатай дэд бүтцийн бүхий л зөвшөөрлүүдийг авч материалуудыг бэлтгэн манай компани 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Жайка төслийн зээлийн санхүүжилтээр 600 000 000 төгрөгийн зээлийг авч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 72 айлын орон сууцны баруун талд байрлах 500 м.кв газартаа аялал жуулчлалын төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр тус газарт барилгыг эхлүүлэх зөвшөөрөл хүссэн. Гэтэл зээлдэгчээс үл шалтгаалсан дараах эрсдэл гарсан. Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар барилгын эхлүүлэх зөвшөөрлийн хариуг компанид ирүүлээгүй байхад Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан газрын эрхийг хууль бусаар хүчингүй болгосон. Ингэснээр Т -ны барьцааны газрыг хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх боломжгүй болгосон. Батлан даалтын сангийн батлан даасан 300 000 000 төгрөгийн батлан даалттай Т -ны барьцаа буюу шинээр баригдах аялал жуулчлалын төв батлан даалтын гэрээний хугацаанд баригдах боломжгүй болсон. Аялал жуулчлалын төв барихтай холбоотой компанийн ажилчдад олгосон цалингийн урьдчилгаа компанийн шууд зардал болсон төдийгүй, барилга авахаар авсан материалуудыг эргүүлэн зарж зээлийн хүүгийн төлөлт төлж компани асар их алдагдалд орсон. Хадгалалтаас шалтгаалан зарим материалууд гэмтэж, устаж их хэмжээний алдагдал хүлээсэн. Төслийн үйл ажиллагаа явагдахгүй болсноор компанийн төлөвлөсөн орлогоор зээл төлүүлэх боломжгүй болсон. 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн ГХБХБГ-аас Булга төвийн барьцааны газрыг бохир усны шугам дээр баригдсан гэсэн үндэслэлээр шугам чөлөөлөхийг мэдэгдсэн. Т -ны төсөл хэрэгжүүлэгч талаас барьцаалсан хамгийн өндөр үнэлгээ бүхий барьцаа нь Булга төв, түүний өргөтгөл барилга билээ. Гэтэл банкны гол барьцааг нураах эрсдэл үүссэн. Булга төвийн дэд бүтэц буюу халаалт, дулаан холбох ажил зогссоноор тухайн төвд явагдаж байсан үйл ажиллагаа зогссон. Манай компаниас шалтгаалаагүй дараах эрсдэлүүдийн улмаас манай компани цаашид зээл төлөх боломжгүй болсон. Энэ тухай Т -анд удаа дараа мэдэгдэж байсан гэжээ.

 

Хариуцагч Ц- ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Жайка төслийн зээлийн санхүүжилтээр 600 000 000 төгрөгийн зээлийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 72 айлын орон сууцны баруун талд байрлах 500 м.кв газартаа аялал жуулчлалын төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр авсан. Гэрээний ерөнхий хугацаа 7 жил байсан. Гэтэл гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдөж уг төсөл манай компаниас үл хамаарах хөндлөнгийн этгээдийн гэм буруугийн улмаас зогссон. Төсөл хэрэгжих газрын гэрчилгээг хууль бусаар хүчингүй болгосон аймгийн Засаг даргын шийдвэрийг захиргааны хэргийн 3 шатны шүүх хүчингүй болгосон боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Манай компаниас аймгийн Засаг даргаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа шаардсан. Т -ны зээлийн шийдвэр нь Ц- ХХК дээр гарсан бөгөөд компанийн дүрмээр Б.Б- нь компанийн үйл ажиллагаанд хамааралгүй. Барьцаанд хамтран эзэмшигч бөгөөд барьцааны асуудал яригдахгүй гэж үзэж байна. Иймд манай компани зээлийн асуудлыг дангаараа хариуцна. Бид зээлийг өөрийн үйл ажиллагааны орлогоор төлөх боломжгүй болсон тул олох байсан орлогоо тухайн асуудалд гэм буруутай этгээд болох нь шүүхээр тогтоогдсон аймгийн Засаг даргаас нэхэмжлэн гэм хороо арилгуулж зээлээ төлөх боломж гарч ирнэ гэж үзэж байна. З- нь 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний нөхцөл байдал өөрчлөгдөж 2 жилийн дараах байдлаар барьцаанд авах байсан аялал жуулчлалын төв баригдаагүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн 50 хувь буюу 300 000 000 төгрөгийг батлан даалтаар хангуулах нөхцөл үүснэ. Иймд Т -инд батлан даалтын санг хариуцагчаар татах асуудлыг тавина. Манай компанийн зүгээс төсөл хэрэгжүүлэх нөхцөл байдал өөрчлөгдөж хүнд байдал үүссэн тухай Т -инд удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сард зээлийн хүү зогсоох, батлан даалт хангуулах хүсэлт гаргасан байдаг. Гэтэл манай хүсэлтэд огт хариу ирүүлээгүйгээр нэхэмжлэлдээ 2020 он хүртэлх зээлийн хүүг тооцсон байна. Манай зүгээс энэхүү хүүг тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: З- нь З-гийн тухай хуульд зааснаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Тус сан нь дээрх зорилгоор Т -ны зээлдэгч болох Ц- ХХК-ийн зээлд батлан даалт гаргаж, батлан даалтын гурвалсан гэрээг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Уг гэрээний 2.5-д Батлан даагч нь энэхүү гэрээний 2.4-т заасан нөхцөл хангагдсан тохиолдолд үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнгээс гэрээний 2.1-т заасан хувиар нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан. Уг гэрээний 2.4-т заасан нөхцөлүүд бүрэн хангагдсан тохиолдолд З- гэрээний үүргээ биелүүлэхээр тохиролцсон. Батлан даалтын гэрээний 2.4.5-д Зээлийн барьцаа хөрөнгө, бусад батлан даагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байх нөхцөл биелэгдээгүй байгаа тул нэхэмжлэгч Т -инд З-гаас гэрээний үүрэг шаардах эрх үүсээгүй байна. Иймд З-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан Зээлийн гэрээг цуцалж хариуцагч Ц- ХХК, Б.Б- нараас 650 327 894.63 /зургаан зуун тавин сая гурван зуун хорин долоон мянга найман зуун ерэн дөрвөн төгрөг жаран гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т - ХХК-нд олгож, хариуцагч З-д холбогдох 300 000 000 төгрөгийг гаргуулах тухай Т - ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин захын урд талд хаягтай 360 м.кв талбайтай Ү-0118002679 дугаар бүхий үл хөдлөхийн гэрчилгээтэй 2 давхар барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин захын урд талд хаягтай 1210,5 м.кв талбайтай Г-0203000 дугаар бүхий, нэгж талбарын 021810039 дугаар бүхий эзэмших эрхтэй газар, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 40 гудамж 06 тоот хаягт байршилтай 160 м.кв талбайтай Ү-0118001889 дугаартай 2 давхар барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 40 гудамж 06 тоот хаягт орших 489 м.кв талбайтай Г-0112640 дугаартай нэгж талбарын 21803902 дугаар бүхий эзэмших эрхтэй газар, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 27 дугаар байр 1 орц 09 тоот 34 м.кв талбайтай Ү-0117001311 дугаартай 2 өрөө орон сууц, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин захын урд талд хаягтай 180 м.кв талбайтай Ү-0118002682 дугаар бүхий үл хөдлөхийн гэрчилгээтэй барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сумын 72 айлын орон сууцны баруун талд байршилтай 500 м.кв талбайтай Г-000309869 дугаартай нэгж талбарын 6513010242 дугаар бүхий эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т - ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 479 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Т - ХХК-д олгож, хариуцагч Ц- ХХК, Б.Б- нараас улсын тэмдэгтийн хураамжид 3 409 590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т - ХХК-д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Б-, Ц- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх болон хариуцагчаар хэнийг сонгох, тодорхойлох зэргээ өөрөө чөлөөтэй сонгон нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. Түүнчлэн шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, хүрээ. хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэх зохицуулалт үйлчилдэг билээ. Гэтэл уг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс хэргийн оролцогчдод тухайлбал нэхэмжлэгчид шууд нөлөөлөх байдлаар хариуцагчаас З-г болиулах үйлдлийг удаа дараа гаргаж байсан бөгөөд ийм ч учраас нэхэмжлэгчийн зүгээс анх гаргасан нэхэмжлэлээ өөрчлөх, хариуцагчийг солих, нэмж оруулах ажиллагааг дээр дурдсан шүүхийн шийдвэрийг гаргах хүртэл хугацаанд 7 удаа хийсэн байдаг. Тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 182/Ш32020/07690 тоот захирамжаар шүүхийн зүгээс хамтран хариуцагчаас З-г гаргах санал санаачилгыг идэвхитэй гаргаж, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирэхийг даалгасугай гэсэн байдлаар нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь харагддаг болно. Энэ захирамж гарсны дараа нэхэмжлэгч Т -ны зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүхэлд нь өөрчилж, хамтран хариуцагч З-г байхгүй болгох замаар хариуцагч Ц- ХХК болон Б. Булганчимэгт хамааруулан нэхэмжлэлийн шаардлагаа эрс өсгөн өөрчилсөн. Шүүхийн шийдвэр гардаг өдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гэрэлт-Од миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр өглөө 10:00 цагаас эхэлсэн шүүх хуралтай байсан бөгөөд уг бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан 16:00 цаг гэхэд дуусаагүй, үргэлжлүүлэн хуралдсаар 17:30 минутад дууссан болно. Уг шүүх хурал үргэлжилж байх хугацаанд буюу 16:00 цагаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан болсон бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн өглөө 10:00 цагаас эхэлсэн шүүх хурал 16:00 цагаас өмнө тарах шинжгүй болохоор нь уг шүүх хурлын бүрэлдэхүүнд, шүүгч нар миний бие Чингэлтэй дүүргийн шүүх дээр 16:00 цагаас хуралтай, энэ хурлаа хойшлуулах хүсэлт өгье, шүүгчийн туслахтай холбогдох хэрэгтэй байна гэхэд хурал завсарлаагүй байна, үргэлжилж байна гээд надад хурлаас түр гарах, боломж олгоогүй болно. Ийм байдлаар хариуцагч нарын төлөөлөл болох миний бие дээрх шийдвэрийг гаргасан шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй болно. Хариуцагчийн зүгээс хүү зогсоолгох хүсэлтийг нэхэмжлэгч Т -инд 2019 оны 01 дүгээр сард өгсөнтэй холбоотой банк хүүг буруу тооцсон, зээлийн төлбөрийг нэхэмжлэгчийн тооцоолсон байдлаар төлөх боломжгүй гэж талууд маргасан байдаг. Энэ баримт нь хэрэгт авагдсан байгаа болно. Гэтэл энэ байдлыг шүүх анхаарч үзээгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтгой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн суурь зарчим зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагчийн зүгээс дээр дурдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үндэслэл болсон зээлийг авахдаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг 72 айлын орон сууцны баруун талд байршилтай 500 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар дээр Аялал жуулчлалын төв барихаар төсөл боловсруулж Япон улсын Жайка төсөлд хандсан бөгөөд уг төслөөс олгосон мөнгийг Т -аар дамжуулан авсан болно. Гэтэл тухайн үед ажиллаж байсан Архангай аймгийн Засаг дарга дээр дурдсан газар эзэмших эрхийг буюу хариуцагчийн төсөл хэрэгжүүлэх, зээл авсан үндсэн нөхцөл болсон газрыг. уг зээлийн барьцаа болсон газрын эрхийг маань хууль бусаар хүчингүй болгосон бөгөөд ингэснээр бид зээлийн шаардлагаа биелүүлэх, төслөө хэрэгжүүлэх боломжгүй болсон. Хариуцагчийн зүгээс дээр дурдсан Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн захирамжийн 4, 5 дугаарт дурдсан хариуцагч Ц- ХХК-д холбогдох хэсгүүдийг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгон, уг газрын эрхийг дахин сэргээн олгох шийдвэрийг гаргасан. Гэтэл одоог хүртэл дээр дурдсан 3 шатны шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажлаа зохих ёсоор хийхгүй байгаа. Ингэснээр З-гийн батлан даасан 300 000 000 төгрөгийн батлан даалттай Т -ны барьцаа буюу шинээр баригдах аялал жуулчлалын төв маань батлан даалтын гэрээний хугацаанд баригдах боломжгүй болсон. Аялал жуулчлалын төв барихтай холбоотой компанийн ажилчдад олгосон цалингийн урьдчилгаа компанийн шууд зардал болсон төдийгүй, барилга барихаар авсан материалуудыг эргүүлэн зарж зээлийн хүүгийн төлөлт төлж хариуцагч компани нь асар их алдагдалд орсон байна. Хадгалалтаас шалтгаалан зарим материалууд гэмтэж, устаж их хэмжээний алдагдалд орсон. Ингэж төслийн үйл ажиллагаа явагдахгүй болсноор хариуцагч компани нь төлөвлөсөн орлогоор зээл төлөх боломжгүй болсон. Мөн түүнчлэн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот Байгуулалтын газраас Булга төвийн барьцааны газрыг бохир усны шугам дээр баригдсан гэсэн үндэслэлээр шугам чөлөөлөхийг мэдэгдсэн. Т -ны төсөл хэрэгжүүлэгч талаас барьцаалсан хамгийн өндөр үнэлгээ бүхий барьцаа нь Булга төв, түүний өргөтгөл барилга байсан бөгөөд одоо уг барилгыг дээрх шалтгаанаар нураах эрсдэл бодитоор бий болсон байгаа билээ. Ингэж тухайн үеийн аймгийн Засаг дарга, төрийн байгууллагын хууль бус, буруутай үйл ажиллагаанаас хамааран хариуцагч нь өөрөөс үл хамаарах байдлаар уг санхүүжилтээр бий болгох аялал жуулчлалын төвөө барих боломжгүй болж, одоог хүртэл энэ байдал нь үргэлжилсэн хэвээр байна. Иймд Иргэний хууль, холбогдох олон улсын гэрээ, конвенцид заасан зохицуулалтаар хариуцагч талыг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлж өгнө үү. Энэ талаарх баримт өмнө гарсан Шүүхийн шийдвэрүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан болно. Мөн уг зээлийн зарим барьцаа хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нь Ч.Батцэнгэл, Б. Энхбаатар гэсэн хүмүүс байгаа бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр эдгээр хүмүүсийг гуравдагч этгээдээр татсан шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл уг хүмүүсийн эрх ашиг шууд хөндөгдсөөр байтал шүүх хуралдаанд оролцуулах боломж олгохгүйгээр шүүх хурлыг хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээр дурдсан байдлаар уг зээлийн барьцаа хөрөнгүүд эрсдэлд орж, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаа тодорхойлж нэхэмжлэлээ гаргасаар байтал анхан шатны шүүхийн зүгээс удаа дараа өөрийн хүсэл зоригоо илэрхийлэх, зохигчдод хууль бусаар нөлөөлөх байдлаар, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.1.3-т заасныг зөрчиж шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т - ХХК нь хариуцагч Ц- ХХК, З-, Б.Б-т нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 650 327 894.63 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т - ХХК нь барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Энхбаатар, Ч.Батцэнгэл нарыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж, шүүгчийн 1973 дугаартай захирамж гаргасан байна. Гэвч уг захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч энэ агуулгаар давж заалдах гомдол гаргажээ. /2хх-ийн 6, 10-р тал/

 

Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, үүрэгт шүүхээс гарах шийдвэр сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийг гуравдагч этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, зохигчдын хэн аль нь барьцаа хөрөнгийн өмчлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай гэж үзэж байгаа тохиолдолд тэдгээрийг оролцуулах нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагад дүгнэлт өгөхөд ач холбогдолтой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас гадна гуравдагч этгээдийн тайлбар нотлох баримт болох бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд барьцаа хөрөнгийн өмчлөгч нарыг оролцуулах боломжит бүхий л арга хэмжээг авсан гэж үзэхээргүй байна.

 

Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2021/00651 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 409 590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ