Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 200

 

                                         

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгдэгч Б.Ариунхишиг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

иргэдийн төлөөлөгч Л.Золжаргал,

шинжээч Д.Мөнхцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Доржханд, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

шүүгдэгч  А.Ө, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 0495 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ "" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 1 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар АӨ.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч А.Ө нь 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл "" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2014-2016 оны хооронд касснаас зарлагадсан бэлэн мөнгийг харилцагч нарт дутуу олгох, ажилчдад олгохоор тооцсон цалин болон унааны мөнгөний хүснэгтийн хөлийн дүнг нэмэгдүүлэн бичиж касснаас илүү мөнгө авах зэрэг аргаар 328,804,786 төгрөгийг завшиж, "" ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ө мэдүүлэхдээ:..”Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…. Хохирол төлбөрийг бүрэн төлж чадахгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр хохирлыг барагдуулна. Аав, ээж, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад хохирлыг чадах хэмжээгээрээ төлж барагдуулна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Доржханд мэдүүлэхдээ: “…Би “О” ХХК-ийн ерөнхий менежер буюу тухайн компанийн ерөнхий захирал Т.Хангинахын гэр бүлийн хүн байна. Энэ компанид миний бие ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэж ажилладаг боловч компанийн мөнгөн хөрөнгийн гүйлгээний бэлэн мөнгөний хэсгийг ерөнхийдөө кассын нярав буюу өөр дээрээ төлөвлөн ажилладаг байсан. Бид энэ хүнд итгэл найдвар хүлээлгээд 2009 онд анх сургуулиа төгссөн байхад нь ажилд аваад 100 хувь итгэж найдаж явдаг байсан учраас 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр би цалин дээрээс нь шалгамаар санагдаад 2016 оны цалингийн хувиарыг нь гаргаж ирээд комисс байгуулахын саналыг захирал Т.Хангинахад гаргаад энэ хэрэг анх илэрч байсан. 1 дүгээр сарын 8-ны өдөр А.Өлзийсайхан эхний үйлдлүүдээ хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурсан байдаг. Миний хувьд асар их итгэл найдвар хүлээлгэж байсан. Гэтэл ах дүүгийн итгэлийн найдварыг алдаж, албан тушаалаа ашиглаад бэлтгэн нийлүүлэгчид нийлүүлсэн, мэдээж цалин дээрээс автоматаар авч байсан нь удаа дараагийн давтан үйлдлээр харагдаж илт хөрөнгөжсөн. 1 жилийн хугацаанд миний бие хууль судаллаа, ийм хэлбэр байдаг юм байна. Энэ хүн нүдэн дээр минь илт хөрөнгөжсөн, мөнгөтэй болсон хүн. Одоо 128.804.786 төгрөгийн хохирол, дээр нь хүү 121.894.335 төгрөгийг нэмэгдүүлж нийт 250.699.121 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа. Би энэ хүнийг бүтэн жил хүлээсэн. Манай компани үйл ажиллагаагаа явуулахдаа банкнаас зээл авч үйл ажиллагаагаа явуулж байсан. Та бүхэн ч үүнийг мэдэж байгаа байх. Ашиггүй байсан ч зээлээс зээлийн хооронд зээл аваад ажиллаж байхад миний итгэл найдварыг хүлээж байсан хүн харахад байгаа юм шиг харагдуулаад, мөнгийг байхгүй болгож энэ хүн ажиллаж байсан. Бид нар хувьд “Хас” банкнаас 2.5 хувийн хүүтэй мөнгө зээлээд одоо 1.5 хувийн хүүтэй болтлоо буурчихсан “Хас” банкинд зээлтэй явж байгаа. Энэ талаарх нотлох баримтаа хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Энэ бүх мөнгийг сар төлөөд явж байсан. Зээлээс зээлийн хооронд явдаг учраас энэ хүнийг хангалттай хүлээлээ. А.Ө 6 сарын дотор 128.804.786 төгрөгийг төлнө гэхээр нь хүлээж харсан. Цагдаа, шүүх ч энэ байдлыг нь харсан байх. Гэм буруугаа ойлгоод төлчих юм бол бидэнд бас санаа байсан. Бид нарын хувьд ах дүү хүмүүс байна, ээж аавыг нь бодсон ч гэсэн, тэгтэл үүнийг тоохгүй бүтэн жил үргэлжилсэн учраас ялтачгүй жилийн эцсийн тайлан тооцон дээрээс бүх зүйл нь гараад ирсэн учраас энэ байдалд хүрэхээс өөр гаргагүйд хүрээд өргөдөл гаргасан….Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж хэлчихээд шүүхийн хэлэлцүүлгийн явцад огт хүлээхгүй байгаа юм шиг зүйл ярьж байна. 1 жилийн хугацаанд хийсэн мөрдөн байцаагч, прокурорын хийсэн ажиллагааг үгүйсгээд байгаа юм шиг надад санагдаж байна. Үлдэгдэл 128.804.786 төгрөгөө нэхэмжилж байна. Хүүтэйгээ нийлээд 250.699.121 төгрөг нэхэмжилж байна. Миний хувьд гомдолтой байна. Хэрвээ А.Ө бүтэн жилийн хугацаанд хохирол төлбөрөө надад барагдуулсан байсан бол өнөөдөр А.Өлзийсайхан бид хоёр энэ ширээний ард зогсох байсан юм уу, үгүй юу гэдэг дүгнэлт надад байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Л.Мөнхцэцэг мэдүүлэхдээ: “….Шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргасан. Шинжилгээгээр цалин болон унааны зөрүү нь 41.602.056 төгрөг, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн тооцооны зөрүү нь 287.202.730 төгрөг болж нийт хохирлын хэмжээ нь 328.804.786 төгрөг байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсээс ирүүлсэн хавтаст хэргийн 1 материал, “О” ХХК-ийн 26 хавтаст баримтыг үндэслэж дүгнэлт гаргасан. Тухайн үед “О” ХХК-нд ажиллаж байсан А.Өлзийсайханыг дуудаж ирүүлэхэд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр энэ шинжээчийн дүгнэлтэнд би байлцах шаардлагагүй гэж хэлээд тодорхойлолт бичиж өгөөд явсан. “О” ХХК-аас тухайн үед тооцоо хариуцаж ажиллаж байсан нягтлан бодогч нартай хамтран тооцоо хийсэн. Шинжээчийн дүгнэлтээр цалин унааны мөнгө, бэлтгэн нийлүүлэгчийн тооцоотой холбоотой өмнө нь гаргасан шинжээчийн дүгнэлт дээр үндэслэсэн байгаа. Өмнө нь гаргасан шинжээчийн дүгнэлтийн зөрчил, дутагдал, зөрчил тус бүрээр нь хавсралтанд тооцоолсноор дүгнэлт гаргасан байгаа. Бэлтгэн нийлүүлэгчтэй холбоотой тооцоо нийлсэн актууд хавтаст хэрэгт бичигдсэн орлогын падан, кассын баримтууд, бэлтгэн нийлүүлэгчийн харилцах дансны хуулгыг үндэслэж тооцоо нийлсэн байгаа. Гарын үсэг зураагүй, байгаа байхгүй гэж маргаад байгаа асуудлыг миний гаргасан дүгнэлтийг ард талд хавсралтын тайлбарыг бариад яриад байх шиг байна гэж ойлголоо. Эдний компаниас гарсан санхүүгийн кассын баримтууд дээр А.Ө хүлээж авсан гарын үсэг нь бүрэн байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн яамнаас батлагдсан журмын тухайд кассын баримт гарсан баримт нь дээр мөнгө хүлээн авсан хүн гарын үсгээ зурсан байх ёстой. Бид нарын хувьд мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй байгаа талаар тайлбар бичсэн байгаа” гэв.

Мөн мөрдөн байцаалтад хэрэгт цугларсан нотлох баримтуудаас гэрч С.Сүрэнчимэгийн өгсөн мэдүүлэг /1хх-78-79/, гэрч П.Оюунчимэгийн өгсөн мэдүүлэг /1хх-80-81/, Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 92 дугаартай дүгнэлт, хавсралт /1хх-136-151/, эдийн засгийн шинжилгээний Орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протокол /1хх-152/, “Очирдагинас” ХХК-д А.Өы гаргасан өргөдөл /1хх-26/, мөнгө шилжүүлсэн дансны хуулга /1хх-37-43, 52/, “Бөрт өлзий” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-189/, А.Өы дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-243/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх-99-100/, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд А.Өы гаргасан хүсэлт, “Хас” банкны тодорхойлолт, хавсралт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.    

 Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч А.Ө нь 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл "О" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2014-2016 оны хооронд касснаас зарлагадсан бэлэн мөнгийг харилцагч нарт дутуу олгох, ажилчдад олгохоор тооцсон цалин болон унааны мөнгөний хүснэгтийн хөлийн дүнг нэмэгдүүлэн бичиж касснаас илүү мөнгө авах зэрэг аргаар 328,804,786 төгрөгийг завшиж, "О" ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Доржхандын өгсөн: “…А.Өлзийсайхан нь анх 2008 оны 12 дугаар сард манай компанид туслах нягтлангаар ажилд орж байсан юм. Манай нөхөр Т.Хангинахын нагац эгчийн нь охин байгаа юм. 2014-2016 оны хооронд ажилчдын цалин бичихдээ ажлаас гарсан хүмүүсийн нэр дээр хий цалин бичих, бэлтгэн нийлүүлэгчдэд өгөх мөнгийг захирлаас болон надаас бэлнээр авч дундаас нь авах, унааны зардал мөнгийг илүү бичих зэргээр 333.954.300 төгрөгийг завшсан нь илэрч, өөрөө удаа дараа мөнгө завшиж байснаа зөвшөөрч, 2017 оны 3 дугаар сарын 15-ны дотор төлнө гэж бичгээр баталгаа гаргаж өгсөн. Манай компаний санхүүгийн дотоод шалгалтаар анх илрүүлж завшсан мөнгөнийхөө өрөнд өөрийн эзэмшлийн “Кристал таун”-д байрлалтай 4 өрөө байраа 200 сая төгрөгөнд бодож өгсөн. Одоо үлдэгдэл 133.954.300 төгрөг төлөх дутуу байгаа. 2017 оны 2 дугаар сард дансаар нэг удаа 5 сая төгрөг шилжүүлсэн.  Өрөндөө авсан байрыг харилцан тохироод л авсан тэр үед ББСБ-д 50 сая төгрөгийн барьцаанд тавиад 27 сая төгрөг үлдсэн байсныг А.Өлзийсайханы нөхрийн нэр дээр бүртгэлтэй Ланд 100 маркийн машиныг нь заруулж байж барьцаанаас нь чөлөөлүүлээд нэр дээрээ авсан байснаа бэлтгэн нийлүүлэгч П.Оюунчимэгт өгөх мөнгөнийхөө оронд өгсөн. Одоо П.Оюунчимэгийн нэр дээр байгаа. Манай компанийн санхүүгийн албыг А.Өлзийсайхан хариуцдаг, түүний шууд удирдлага уг нь би байгаа юм. Ажил үүргийн хуваариар бол би хяналт тавих ёстой юм. Компанийн маркетинг төлөвлөлтийн албыг Ж.Айбек хариуцдаг ба А.Өны удирдлаган дор 2 тооцооны нягтлан, 1 нярав ажилладаг. Гэтэл миний итгэлийг ашиглан мөнгө завшсан байсан. Ажилчдын цалин бол гарснаараа л олгогдож байсан. Зөвхөн цалингийн хөлийн дүн дээр 500.000-аас 1 сая төгрөг нэмж бичээд авдаг болохоор ажилчдад хохирол учраагүй. Бэлтгэн нийлүүлэгч нарт болохоор мөнгөн хохирол учраагүй, зөвхөн цаг хугацааны хувьд сунжрах компанийг өртэй мэт харагдуулах байдал гарсан, баримтуудыг засаж ашигладаг байсан юм билээ. Бэлтгэн нийлүүлэгч нарт мөнгөн дүнгээрээ хохирол учраагүй, манай компани л хохирсон. Би бэлэн мөнгө өгдөг нь буруу болсон юм” гэв. /1хх-67-72/ гэх мэдүүлэг,

 

Мөн байцаалтад гэрч С.Сүрэнчимэгийн өгсөн: “…Би 2017 оны 1 дүгээр сарын    18-ны өдөр А.Өаас ерөнхий нягтлан бодогчийн ажлыг авсан. А.Өлзийсайхан нь компанийн ажилчдын цалин болон унааны зардлын хүснэгтэнд ажлаас гарсан хүмүүсийн нэрийг оруулж нэгдсэн дүнг захиралд өгөхдөө программдаа нууж танилцуулдаг байсан нь илэрсэн. Мөн бараа бэлтгэн нийлүүлэгчдийн мөнгийг компаниас өгөхдеө кассын баримтаар захирал ерөнхий нягтландаа өгдөг байсныг А.Өлзийсайхан цааш нь дутуу өгч байсан нь бараа хүлээн авсан баримт болон кассын баримтын мөнгөн дүнгийн зөрүү дээрээс харагдаж байгаа. Нийт 300 сая гаруй төгрөг хувьдаа завшсанаа А.Өлзийсайхан хүлээн зөвшөөрсөн” гэв. /1хх-н 78-79/ гэх мэдүүлэг,

 

Мөн байцаалтад гэрч П.Оюунчимэгийн өгсөн: “…Би 2012 оноос эхлэн  "Очирдагинас" ХХК-д бараа нийлүүлж байгаа. Ингээд бэлтгэн нийлүүлсэн барааныхаа мөнгөнд 2017 оны 2 дугаар сард “Кристал таун” хотхонд 4 өрөө байрыг 200 сая төгрөгөнд бодож авсан. Уг байр нь "О" ХХК-ны захирал Т.Хангинахын нэр дээр байсныг 5и шилжүүлж авсан. Одоо миний нэр дээр байгаа. Одоо тус компаниас 30-40 сая төгрөгийн авлагатай.” /1хх-80-81/ гэх мэдүүлэг,

 

Мөн байцаалтад гэрч П.Төгсжаргалын өгсөн: “…2015 оноос “О” ХХК-д хамтран ажиллах мах нийлүүлдэг болсон. Түүнээс хойш байнгын харьцаатай ажиллаж ирсэн. Энэ хугацаанд би мах нийлүүлдэг түүнийг санхүүгийн албаны А.Ө захирлаасаа бэлэн мөнгө авч миний 5017134962 дугаартай ХААН банкны данс руу шилжүүлдэг байсан. Хоёр талаасаа мах нийлүүлэх гэрээ байгуулсан байдаг. Махны үнэ ханшийг тухайн өдрийн зах зээлийн ханшаар өгч авалцсан гэсэн. Түүнээс тогтсон ханш байхгүй. А.Ө гэдэг нягтлан бодогч эмэгтэй захирлаасаа бэлэн мөнгө аваад миний данс руу шилжүүлдэг….Ямар нэг өр авлага байхгүй. А.Ө мах нийлүүлсэн падаан дээрээ ажиллаад компанийхаа мөнгийг завшсан юм байна лээ. Миний падаан дээр илүү бичээд дундаас нь завшсан юм шиг байна лээ.” /1хх-82-83/ гэх мэдүүлэг, 

 

 Мөн байцаалтад гэрч Ж.Айбекын өгсөн: “…Би “О” ХХК-д 2014-2016 оны хооронд ажилчдын цалин, унааны мөнгө бараа бэлтгэн нийлүүлэгчдийн тооцооноос их хэмжээний мөнгө дутаад зөрүү гараад байна гэж ерөнхий менежер Ж.Доржханд мэдээд компанийн ажилчдын цалин унааны мөнгөний хүснэгтийг шалгахад цалингийн хөлийн дүнд зөрүү гарч ирсэн. Ингээд 2017 оны 1 сард байгууллагын дотоод санхүүгийн шалгалтыг ерөнхий менежер Ж.Доржхандаар ахлуулсан санхүүгийн албан дарга миний бие, нягтлан бодогч С.Сүрэнчимэг нарын бүрэлдэхүүнтэй шалгалт явуулахад цалин унааны мөнгөний хүснэгт, кассын баримтууд бараа бэлтгэн нийлүүлэгчдийн бараа нийлүүлсэн орлогын падаан, харилцах дансны хуулга, бэлэн мөнгөний баримт, өглөг авлагын журнал зэрэг компанийн санхүүгийн баримтуудыг нэг бүрчлэн үзэж шалгаж тус компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Ө нь 2014-2016 оны хооронд компанийн ажилчдын цалин, унааны мөнгө, бараа бэлтгэн нийлүүлэгчдийн мөнгө зэргээс нийт 333 сая гаран төгрөгийн хохирлыг учруулсан нь дээрхи баримтуудаар тогтоогдсон.” /1хх-90/ гэх мэдүүлэг,

 

Мөн байцаалтад гэрч Т.Хангинахын өгсөн: “…А.Ө нь анх сургууль төгсөөд ирсэнээс хойш дагалдан нягтлангаар авч ажиллуулж байсан. 2014 оноос хойш А.Ө нь нягтлангаар ажиллах хугацаандаа ажилчдын унааны мөнгөнөөс, дараа нь ажилчдын цалингаас, мөн бараа бэлтгэн нийлүүлэгчдийн шилжүүлсэн бэлэн мөнгө зэргээс мөнгө завшиж байсан байна лээ. Энэ нь 2017 оны 1 сард дотоод санхүүгийн шалгалтаар манай байгууллага мэдсэн. Энэ шалгалтаар 2014-2016 оны 12 сар хүртэл ажилчдын цалин, унааны мөнгөний нийт дүнд мөнгө нэмж манай байгууллагад 42.051.570 төгрөг, мах бэлтгэн нийлүүлэгчдэд шилжүүлэх тооцоог дутуу шилжүүлэн ирсэн барааны тооцоонд тооцоо нэмж орлогдож 2014-2016 оны хооронд нийт 291.902.730 төгрөг нийт 333.954.300 төгрөгийг ахлах нягтлан бодогч А.Ө нь манай байгууллагад учруулаад байна….Санхүүгийн шалгалт явуулсан эхний дүнг гаргасаны дараагаар А.Ө нь мөнгө завшсанаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулах талаар бичгээр баталгаа гаргаж өгсөн. Үүндээ Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Кристал таун Их Монгол” улсын гудамж 801 дүгээр байрны 1509 тоот хаяганд байрлах 111.75 мкв талбайтай 4 өрөө байрыг 200.000.000 төгрөгөөр бодож уг байрыг миний нэр дээр шилжүүлсэн. 2017 оны 2 дугаар сарын         10-ны өдөр манай компанийн данс руу 5 сая төгрөгийг шилжүүлсэн өөрөөр хохирол төлөгдөөгүй байгаа. Одоо манай компани ахлах нягтлан бодогч А.Өы учруулсан хохиролд 128.954.3000 төгрөгийн нөхөн төлөөгүй.” /1хх-92-93/ гэх мэдүүлэг,

 

Мөн байцаалтад гэрч Л.Дуламсүрэнгийн өгсөн: “…Би “Очирдагинас” ХХК-тай 2013 оноос эхлэж олон жил хамтран харьцаж байна.  Мах нийлүүлдэг гэрээтэй ажилладаг. Мах нийлүүлэх ямар нэгэн тогтсон үнэ ханш байхгүй. Тухайн өдрийн үеийн зах зээлийн ханшаар махаа нийлүүлдэг. Би байнга мах нийлүүлдэг учраас олон удаа мах нийлүүлдэг. А.Ө гэдэг нягтлан хүүхнээс махныхаа мөнгийг бэлнээр ч дансаар ч авдаг байсан. Одоо надад компанитай болон А.Өтай ямар нэгэн өр авлага байхгүй. Бусад асуудлыг сайн мэдэхгүй.” /1хх-99/ гэх мэдүүлэг,

 

Мөн байцаалтад гэрч Ц.Бандицэрэнгийн өгсөн: “…Би хувиараа “О” ХХК-тай хамтран ажиллаж мах нийлүүлдэг юм. Нягтлан бодогч А.Өыг танина. Мах нийлүүлдэг гэрээтэй. Тогтсон ханш гэж байхгүй. Махаа нийлүүлээд бэлэн мөнгөө хэд хоногийн дараагаар А.Өаас бэлэн болон бэлэн бусаар дансаар мөнгөө авдаг байсан. Нягтлан А.Өтай тооцоо нийлдэг байсан. Одоо надад компанитай болон А.Өтай ямар нэгэн өр авлага байхгүй.” /1хх101-102/ гэх мэдүүлэг,

 

-"О" ХХК-ны Санхүүгийн шалгалт хийсэн 2017 оны 2 дугаар сарын    13-ны өдрийн 13/01 тоот актад:

Тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Ө нь нийт 33.954.300 төгрөгийн хохирол дээр 2016 оны 1 сараас 12 сарын 31-ний өдрийн байдлаар сарын 2% буюу жилийн 24% хүү тооцож 414.103.332 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоож байна.” /1хх-108-109/,

  

-“Эс эм аудит” ХХК-ны шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 17/03/10 дугаартай:

Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” ХХК-ний нягтлан бодогч А.Ө нь 2014 оны 5 дугаар сарын 15-наас 2017 оны 1 дүгээр сарын 7-ны хооронд албан тушаалаа урвуулан ажилчдын цалин хөлс 38.590.056 төгрөг, унааны мөнгө 2.988.800 төгрөг, бэлтгэн нийлүүлэгчдийн мөнгийг шилжүүлэхдээ 291.902.730 төгрөгийг дутуу шилжүүлэх, бүртгэл дээр нь бараа материалыг нэмж орлого авч баримт бичиг зориудаар худал материал бүрдүүлэн нийт 333.481.586 төгрөгийн хохирол учруулсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг 13 дугаар зүйл, 13.6, 13.7, мөн 20 дугаар зүйл 20.2.5, 20.2.6, 20.2,9, 20.2.13-д зэрэг заалтуудыг зөрчсөн байна.” /1хх-120-121/ гэх дүгнэлт,

 

-Шүүхийн   шинжилгээний   үндэсний   хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 92 дугаартай:

Дээрхи дүгнэлтүүдийг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Шинжилгээгээр цалин болон унааны зөрүү нь 41.602.056 төгрөг, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн тооцооны зөрүү нь 287.202.730 төгрөг болж нийт хохирлын хэмжээ нь 328.804.786 төгрөг байна.” /1хх-136-138/ гэх дүгнэлт,

Дүгнэлтийн А.Өд холбогдох хохирлын нэгтгэл /1хх-139-150/,

 

-Эдийн засгийн шинжилгээний Орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протокол /1хх-151-152/,  

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 8/961 тоот албан бичиг /1хх-н 197/,

-Автотээврийн үндэсний төвийн лавлагаа /1хх-199-202/,

-А.Өлзийсайханы "О" ХХК-нд гаргаж өгсөн баталгаа бичиг /1хх-205/,

-“О” ХХК-ний захирлын 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А.Өыг нягтлан бодогчоор ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал /1хх-171-173/,

-Шүүгдэгчийн ял шалгах хуудас /1хх-166/ зэргээр тогтоогдсон болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч А.Ө нь 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл "Очирдагинас" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2014-2016 оны хооронд касснаас зарлагадсан бэлэн мөнгийг харилцагч нарт дутуу олгох, ажилчдад олгохоор тооцсон цалин болон унааны мөнгөний хүснэгтийн хөлийн дүнг нэмэгдүүлэн бичиж касснаас илүү мөнгө авах зэрэг аргаар 328,804,786 төгрөгийг завшиж, "О" ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан: ”… Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад “О” ХХК-наас А.Өлзийсайханд гаргаж өгсөн 2 төрлийн бичиг байгаа. Энэ хоёр бичиг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар иргэний өөрөө баталгаа болгож гаргаж өгсөн баримт бичиг гэж үзэж байгаа. А.Өлзийсхайнаас 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тайлбар авсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг ханган гэсэн процессийн ажиллагаа зөрчсөн гэж үзэж байгаа. 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр сэжигтэнээр тооцож байсан байдаг. Энэ байцаалтын асуултанд сэжигтэн өмгөөлөгч авах, өмгөөлөгчгүйгээр байцаалт өгөх эрхтэй, та өмгөөлөгчгүй байцаалт өгөх үү гэж 2002 оны болон 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй зүйлийг эрхийг сануулж байцаалт авсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлд мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрх нь байгаа. Мөн энэ хуулинд зааснаар өмгөөлөгч авах эрх нь байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг ханган гэсэн энэ заалтуудыг зөрчсөн байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан “Очирдагинас” ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 14/01 тоот санхүүгийн шалгалт хийсэн акт гэж байгаа. Энэ шалгалтыг хийсэн акт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуулинд нийцэж гараагүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хохирогч манай байгууллага улирал бүр аудитын дүгнэлт гаргуулдаг гэж байна. Тэгвэл аудитын дүгнэлт гаргуулдаг байсан юм бол энэ байгууллага яагаад асуудал дээрээ актаа  баталгаажуулж аудитын дүгнэлт гаргуулахгүй, мөрдөн байцаалтын шатанд аудитын дүгнэлт гаргуулж байгаа юм бэ. Тэгэхээр энэ дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ зөвхөн байгууллагын дотоод шалгалт. Тийм учраас энэ баримтыг дангаараа нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж боломжгүй байна. Яагаад гэхээр 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд комисс томилож аудитын дүгнэлт гаргуулахаар буцаахад нь эргүүлээд мэргэжлийн байгууллага буюу Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байна гэж буцаасан байгаа.  Хавтаст хэрэгт авагдсан 3 дугаар сарын 9-ний, 3 дугаар сарын 29-ний өдрийн 2 удаа Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч томилсон тогтоолд шинжээч нар гарын үсэг зураагүй, өөрөөр хэлбэл эрх үүргийн тайлбарлаж өгөөгүй, оногдуулах хариуцлагын сануулж гарын үсэг зуруулаагүй ийм тогтоолыг үндэслэж дүгнэлт гарсан байна. Тийм учраас эдгээр нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 7.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн шинжилгээ хийхээс татгалзаж буцаалаа гэсэн дүгнэлт гарсан байдаг. Мөн эдгээр тогтоол дээр гарын үсэг зураагүй байдаг. 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шинжээч томилох тогтоол байдаг. Энэ тогтоолп үндэсний төвөөс мэргэжлийн байгууллагын акт гараагүй гэж буцаасан. Тэгтэл 3 дугаар сарын 24-ний тогтоолын 1 дүгээр хэсэгт “Эс-эм” аудит компанийг шинжилгээ хийлгүүлэхээр тогтлоо гэсэн байдаг. Энэ тогтоолд аудит компанийг дурдаад байгаа юм, тэрнээс биш шинжээч тэр тэрийг гэж заагаагүй байна. Зөвхөн тэр аудитын газрыг шинжээчээр томилоод Чулуунбаатар, Бат гэсэн хоёр л хүн гарын үсэг зурсан байдаг. Тэгтэл энэ шинжээчийн дүгнэлтэнд 5 хүн гарын үсэг зурах ёстой. Энэ зүйлүүд нь юу гэж харуулж байна вэ гэхээр Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тогтоол гаргаж байгаа мөрдөн байцаагч шинжээчид эрх үүргийн тайлбарлаж гарын үсэг зуруулж баталгаажуулна гэснийг хангаагүй байна гэж үзэж байгаа. “Эс-эм” аудитын газар дүгнэлт гаргасан байдаг. Энэ нь /2хх-84/ дүгээр хуудсанд байгаа. Хавтаст хэрэгт үнэхээр ийм дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөлтэй талаарх нотлох баримт байдаггүй. “Эс-эм” аудит чинь хуулийн шаардлага хангаагүй байна гэхээр мөрдөн байцаагч нь хүсэлтийг хүлээн аваад “Эс-эм” аудит ХХК-ийн дүгнэлтийг нотлох баримтаар хүлээн авахгүй, зөвхөн “Очир-Дагинас” ХХК-ийн актаар дүгнэлт гаргах болно гэж хариу өгсөн. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 25-ны 92 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гарахдаа дээр дурдсан “Очир-Дагинас” ХХК-ийн акт, мөн “Эс-эм” аудитын дүгнэлтийг үндэслээд гарсан байдаг. Тийм учраас 92 дугаартай дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тэгэхдээ нэгэнт тогтоогдоогүй, нотлож чадаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэр үндэслэл болохгүй.” гэж тайлбар гаргах мэтгэлцэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Доржхандын мэдүүлэг, гэрч С.Сүрэнчимэг, П.Оюунчимэг, П.Төгсжаргал, Ж.Айбек, Т.Хангинах, П.Дуламсүрэн, Ц.Бандицэрэн нарын мэдүүлгүүд, “Эс эм” аудитын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 92 дугаартай дүгнэлт  болон бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгджээ.

 

Прокуророос шүүгдэгч А.Өд 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ.

 

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

2002 оны Эрүүгийн хуульд заасан онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “бусдын эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “хөрөнгө завших” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, агуулга хүндэрч байх тул шүүгдэгч А.Өы үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д  зааснаар нийцүүлэн зүйлчлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. Энэ нь шүүгдэгчийн эрх байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.

 

Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч А.Ө нь албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.             

 

Шүүхээс шүүгдэгч А.Өыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2,1, 2.2-д  тус тус заасан төрөл, хэмжээний дотор 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс А.Өы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 328.804.786 төгрөгийг нөхөн төлөх төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Ө нь хохирогчтой харилцан тохиролцож өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Кристал таун” 804 дүгээр байрны 1509 тоот 111,75 мкв байрыг хохирол 200 сая төгрөгийн хохиролд тооцож өгсөн ба 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “О” ХХК-д 5.000.000 төгрөгийг ХААН банкны дансаар шилжүүлж өгсөн, мөн 7.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн байх тул үлдэх 116.804.786 төгрөгийг А.Өаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Доржхандын шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн гэм хорын хохирлын 128.804.786 төгрөгийг үлдэгдэл дээр 328.804.786 төгрөгийг 2014-2016 онд ашигласан мөнгөний хүү болох 121.894.335 төгрөгийн нэхэмжилсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш гэж үзсэн тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй учир хэрэгсэхгүй болгохоор тогтов.

 

Шүүгдэгч А.Ө нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч А.Өд 2015 онд шинэчлэн найруулсан 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар тус тус зүйлчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч Н овогт АӨныг албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д тус тус зааснаар А.Өыг 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар А.Ө нь шүүхээс оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Өаас 116.804.786 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Доржхандад олгосугай.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Доржхандын нэхэмжилсэн 121.894.335 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, А.Ө нь энэ цагдан хоригдсон хоноггүй ба битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг

дурьдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Э.ЧИНГИС

 

ШҮҮГЧИД                                     Б.АРИУНХИШИГ

 

                                                            Н.БААСАНБАТ