Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 361

 

     А.Ө-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

             прокурор Э.Гэрэлмаа,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

            шүүгдэгч А.Ө-ны өмгөөлөгч Л.Жавзмаа,  

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д-ын өмгөөлөгч Д.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Ө-д холбогдох 201725010495 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н овгийн А-н Ө, 19.. оны .. дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “О” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ......... дүүргийн 16 дугаар хороо, .................... дүгээр гудамжны 03 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

А.Ө нь 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл “О” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа, 2014-2016 оны хооронд касснаас зарлагадсан бэлэн мөнгийг харилцагч нарт дутуу олгох, ажилчдад олгохоор тооцсон цалин болон унааны мөнгөний хүснэгтийн хөлийн дүнг нэмэгдүүлэн бичиж, касснаас илүү мөнгө авах зэрэг аргаар 328.804.786 төгрөгийг завшиж, “О” ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Ө-ны үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч А.Ө-д 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар тус тус зүйлчилж, шүүгдэгч А.Ө-г албан тушаалын байдлаа  ашиглаж хөрөнгө завших  гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д тус тус зааснаар А.Ө-г 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар А.Ө нь шүүхээс оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Ө-с 116.804.786 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д-н нэхэмжилсэн 121.894.335 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, А.Ө нь энэ цагдан хоригдсон хоноггүй ба битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ..

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д-н өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх шүүгдэгч А.Ө-д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэргийн нөхцөл байдалтай уялдуулан тал бүрээс нь дүгнэлт хийлгүйгээр ял шийтгэлийг оногдуулсан. Шүүгдэгч А.Ө-ны үйлдсэн хэргийн нөхцөл байдлын хувьд албан тушаалын байдлаа ашиглан 3-н жил үргэлжлүүлэн их хэмжээний хохирол учруулан, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хоёр ч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр уг гэмт хэргийг үйлдсэн, учруулсан хохирлыг бүрэн төлөөгүй, хор уршгийг арилгаагүй, гэм буруугаа бүрэн ойлгож ухамсарлаагүй, хөнгөрүүлэх ямар ч нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх А.Ө-д тухайн зүйл хэсэгт заасан доод хэмжээний ял болох 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгож шийтгэсэн нь үйлдсэн хэрэгт нь тохироогүй, ял шийтгэл нь хөнгөдсөн гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан шаардлагад нийцээгүй байна. Шүүгдэгч хохирогчид учирсан бодит хохирлыг төлөөгүй, их хэмжээний төлбөртэй байхад торгуулийн ял оногдуулсан нь хохирол төлөх боломжийг орхигдуулж, хэт нэг талыг барьж яллагдагчийн талд шийдвэрлэсэн гэж үзэж байна.

2. Шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч Ж.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн гэм хорын хохирлын 2014-2016 онд ашигласан 328.804.786 төгрөгийн хүү болох 121.894335 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш гэж үзсэн тул шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэсэн заалтыг зөрчсөн. “О” ХХК нь бизнесийн байгууллага банкнаас их хэмжээний зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг. Банкны хүү төлөх, ашигтай ажиллах зэргээс нь шүүгдэгч ашигласан. Тэгэхээр учирсан хохирлоос хор уршгаа тооцон нэхэмжлэх үндэслэлтэй байгаа Шүүхийн хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг хангалттай гаргаж өгөөгүй талаар яригдаж байсан. Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй нөхцөлд хэлэлцэхгүй орхиж, харин баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжпэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдаж өгөөгүй шууд хэрэгсэхгүй болгосон нь хохирогч, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаж гараагүй, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 200 дугаарын шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маш их гомдолтой байна. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн нэр дээр хөрөнгө байсаар байтал хэн ч шалгахгүй, өөр хүний нэр дээр шилжүүлсэн. Хаан банкны дансаар 400.000.000 гаруй төгрөгийн гүйлгээ хийгдсэн дансны хуулга байхад шүүх анхаарч үзээгүй. Зөвхөн өмгөөлөгчийн ярьсан яриан дээр үндэслэж, шийдвэр гарсан гэж үзэж байна. Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж, ял шийтгэл оногдуулсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би А.Ө-г 9 жил ажиллуулаад хувийн байдлыг нь мэдэхгүй, эд хөрөнгөө завшуулчихаад байхад шүүгч 1 жилийн дотор энэ хүний хувийн байдлыг мэдэх боломжгүй. Хохирлоо төлөөгүй, их хэмжээний хохиролтой хүнд торгох ял оногдуулсанд гомдолтой байна...” гэв.  

 Шүүгдэгч А.Ө-ны өмгөөлөгч Л.Жавзмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын гарсан. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэж дүгнэлтээ хийсэн. 328.804.786 төгрөгийг 2014 оноос 2016 онд ашигласны хүү гэж 121.894.335 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй, хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлсэн. А.Ө-ны гар утсанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д-с “чи миний мөнгөөр өмгөөлөгч, шүүгч нарын нэг удаа худалдаж авч чадна, хоёр дахь удаагаа чадахгүй шүү” гэсэн мессеж ирснийг хэлмээр байна. Шүүх 90 хоногийн хугацаанд мөнгийг төлж барагдуулахгүй бол хорих ялаар солино гэдгийг тайлбарласан ба шүүгдэгч нь энэ хугацаанд төлж барагдуулна гэдгээ илэрхийлж бичгээр хүсэлт өгсөн. А.Ө нь хохирол, төлбөрийг шүүхээс заасан хугацаанд төлнө гэдгээ илэрхийлж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Э.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.Ө нь 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл “О” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа, 2014-2016 оны хооронд касснаас зарлагадсан бэлэн мөнгийг харилцагч нарт дутуу олгох, ажилчдад олгохоор тооцсон цалин болон унааны мөнгөний хүснэгтийн хөлийн дүнг нэмэгдүүлэн бичиж, касснаас илүү мөнгө авах зэрэг аргаар 328.804.786 төгрөгийг завшиж, “О” ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч А.Ө-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, А.Ө-д 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй байна.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөлтэй.

Гэтэл А.Ө нь “О” ХХК-д их хэмжээний буюу 328.804.796 төгрөгийн хохирол учруулсан, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй байгааг шүүх харгалзан үзээгүй, хэргийн нөхцөл байдалд бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ торгох ялыг сонгож ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн “эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, А.Ө-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн А.Ө-ны үйлдлийн улмаас “О” ХХК нь хохирсон байхад анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг олговол зохих этгээдэд олголгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна.