Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/01328

 

Ц.Сэргэлэнгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/03001 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1076 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : Ц.Сэргэлэн,

Хариуцагч : Энсонголия  Холдинг ХХК,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд :  Шивээ Овоо ХК,

Нэхэмжлэлийн шаардлага : 2015.02.26-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээний зүйлийг буцааж өгөхийг хариуцагчид даалгах, алданги 45 сая төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага : 40.875.943 төгрөг гаргуулах тухай 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Сэргэлэн, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагчийн төлөөлөгч Ц.Нарангэрэл, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Энсонголия Холдинг ХХК-тай 2015.02.26-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энсонголия Холдинг ХХК-д гэрээний үүргээ биелүүлэх боломж олгон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан автомашины үлдэгдэл төлбөрийн хуваарийг дахин хэлцэл хийж тодорхой хугацааны дотор төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байдаг. Энсонголия Холдинг ХХК нь 2015.5.26-ны өдөр гэрээний төлбөрийн хуваарийн талаар дахин хэлцэл хийсэн ч автомашины төлбөрийг өгөөгүй бөгөөд автомашиныг 2015.4.16-ны өдөр Шивээ Овоо ХК-д 138.553.410 төгрөгийн өр төлбөрт шилжүүлсэн байна. Иймд 2015.02.26-ны өдөр байгуулсан  гэрээнээс татгалзаж, худалдах, худалдан авах гэрээний зүйл болох FAW G-6 УНВ 54-27 улсын дугаартай автомашиныг чиргүүлийн хамт буцаан авч, алданги 45 сая төгрөг шаардаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Сэргэлэн нь автомашин ба чиргүүлийг худалдахдаа өөрийнх нь өмч гэж худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэтэл тухайн машины төлбөр тооцоог хийхийн өмнө Ц.Сэргэлэнгээс уг машиныг Шивээ Овоо ХК-тай тооцоо хийж байгаа учраас машин болон чиргүүлийн гаалиар орж ирсэн мэдүүлэг ба үнэлгээ хийлгэхэд амаар мэдүүлсэн худалдан авсан үнийн баримт зэрэг холбогдох бусад баримтыг шаардахад гаргаж өгөөгүй байж 9.5сая төгрөг авсан. Гаалийн ерөнхий газрын лавлагаагаар Ц.Сэргэлэн нь 2013.8.25-ны өдөр 03212100113130798 тоот мэдүүлгээр автомашиныг 63.090.000 төгрөгөөр худалдан авсан мэдүүлгийн үнэтэй импортолсон байна. Ц.Сэргэлэн нь автомашинаа 120 сая төгрөгөөр худалдан авсан гэдгээ болон авточиргүүл нь өөрийн өмч болохоо бичиг баримтын анхны бүрдүүлбэрээр нотолж чадахгүй байсан тул 9.5сая төгрөгөө буцааж аваад автомашин ба чиргүүлийг нь өгөх  шаардлагыг Ц.Сэргэлэнд тавьсан  гэжээ.

Хариуцагч Энсонголия Холдинг ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани Ц.Сэргэлэнтэй автомашин худалдах, худалдан гэрээний үнийг анх амаар тохиролцон гэрээ байгуулахдаа Ц.Сэргэлэн нь автомашин ба чиргүүлтэй холбогдох анхан шатны санхүүгийн бусад бичиг баримтыг бүрдүүлж өгөхөөр тохирч НӨАТ-тэй худалдан борлуулалт хийнэ, дамжуулан худалдах газар нь улсын үйдвэрийн газар учраас Үнэлгээний стандарт шаардлагын дагуу машин үнэн зөв үнэлэгдсэн байх учиртайг анх гэрээ байгуулах үед тайлбарласан. Гэтэл Ц.Сэргэлэн нь одоо болтол холбогдох бичиг баримтыг өгөөгүй байна. Бид хөрөнгийн ашиглалтьн байдлыг бүрэн баталгаажуулсны дараа төлбөр тооцоог бодитой хийх тухай шаардлага тавьж байна. Ц.Сэргэлэнгийн гаргаж өгөх бичиг баримтуудыг үндэслэн үнэлгээ болон өмчлөлийн байдалд бид мөн худалдсан тал буюу Шивээ Овоо ХК-тай хийх тооцоонд залруулга оруулах учиртай. Бидэнд Ц.Сэргэлэн утсаар мэдээлэл өгөхдөө БНХАУ-аас худалдан авсан үнийг өнөөгийн ханшаар хөрвүүлээд 15 хувийн элэгдэл тооцоход одоогийн үнэнд хүрнэ гэж мэдээлэл өгсөн. Өнөөгийн албан ёсны нотлох баримт болох Гаалийн ерөнхий газрын Статистикийн албаны 2015.7.08-ны өдрийн лавлагааг үндэслэн тооцоо хийж үзэхэд машины өнөөгийн өртөг 81.504.500 төгрөг, гаальд төлсөн татвар 9.780.273 төгрөг, машины бодит өртөг 91.284.773 төгрөг, Нягтлан бодох бүртгэлийн хуулиар хорогдуулан тооцох элэгдлийн хувь хэмжээ 2 жил буюу 40 хувиар бодогдох ёстой. Энэ хувийг 15 хувиар анх тохирсон ёсоор бодвол 13.692.716 төгрөг, зах зээлийн бодит өртөг 77.592.057 төгрөг, нэхэмжлэх бодит бус үнийн зөрүү 32.407.943 төгрөг юм. Иймд 2015.5.15-ны өдөр бэлэн авсан 5сая төгрөг, 2015.5.25-ны өдөр бэлэн авсан 200.000 төгрөг, 2015.6.12ны өдөр шилжүүлгээр авсан 1.8 сая төгрөг, 2015.6.05-ны өдөр шилжүүлгээр ачааны машины чиргүүлийн татварт өгсөн 1.468.000 төгрөг нийт 8.468.000 төгрөг бүгд 40.875.943 төгрөг байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж Ц.Сэргэлэнтэй хийх тооцоог үнэн зөв тодорхойлж өгч улсын хилээр бүртгэлгүй чиргүүлийг хэрхэх асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ц.Сэргэлэн нь Энсонголия Холдинг ХХК-тай 2015.02.26-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр худалдан авагч тал буюу Энсонголия Холдинг ХХК нь хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул гэрээний үүргээ биелүүлэх боломж олгон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан автомашины үлдэгдэл төлбөрийн хуваарийн талаар дахин хэлцэл хийж тодорхой хугацааны дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл Энсонголия Холдинг ХХК хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин гэрээний зүйлийн үнийг төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах бодит боломжгүй бөгөөд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Шивээ Овоо ХК шүүхэд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дах Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 225 дугаартай шийтгэх тогтоолоор Сэлэнгэ гурван булаг ХХК-иас 150 сая төгрөг гаргуулан Шивээ Овоо ХК-д олгохоор шийдвэрлэсэн. 2015.02.24-ний өдөр Сэлэнгэ гурван булаг ХХК өр барагдуулах талаар хүсэлт гаргасныг хүлээн авсан. Энсонголия Холдинг ХХК нь өөрийн компанийн эзэмшлийн УНВ 54-27 улсын дугаартай FAW үйлдвэрийн ачааны авто машиныг, 57-90 АЧ улсын дугаартай Howo маркийн авто чиргүүлийн хамт Сэлэнгэ гурван булаг ХХК-ийн өрөнд тооцон шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн албан бичиг манай компанид ирүүлсэн. Мөн дээрх автомашин, чиргүүлийн хамт өрөнд тооцон шилжүүлэхдээ холбогдох баримтууд болох Энсонголия Холдинг ХХК-ийн 2015.02.26-ны өдрийн 2/04 дугаартай авто тээврийн хэрэгслийг Сэлэнгэ гурван булаг ХХК-ийн өрөнд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн албан тоот, Энсонголия Холдинг ХХК-ийн 2015.02.26-ны өдрийн 2/05 дугаартай эрх шилжүүлсэн итгэмжлэл, Энсонголия Холдинг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Энсонголия Холдинг ХХК-ийн 2015.02.26-ны өдрийн 2/06 дугаартай Автотээврийн үндэсний төвд хаягласан авто тээврийн хэрэгсэл Шивээ Овоо ХК-д зохих шилжүүлгийг хийж өгнө үү гэсэн албан тоот, компанийн өр барагдуулах комиссын хурлын тэмдэглэл, Шивээ Овоо ХК болон Сэлэнгэ гурван булаг ХХК-ийн хоорондын тооцоо зэргийг үндэслэн өр барагдуулах хэлцэл хийж, тус хэлцэлд УНВ 54-27 улсын дугаартай FAW үйлдвэрийн Jp маркийн ачааны авто машиныг 57-90 АЧ улсын дугаартай Howo маркийн авто чиргүүлийн хамт 138.553.410 төгрөгт тооцон авч, үлдэгдэл 10.000.000 төгрөгийг хувааж төлөх график гарган баталгаажуулсан. Иймд автомашин, чиргүүлийг эзэмшилдээ шилжүүлсэн тул буцаан өгөх боломжгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/03001 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Энсонголия Холдинг ХХК-иас 150.500.000 төгрөг гаргуулж Ц.Сэргэлэнд олгож, нэхэмжлэлээс 9.500.000 төгрөгийн шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 ооны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1076 дугаар магадлал гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/03001 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.2-т заасныг баримтлан Энсонголия Холдинг ХХК-иас 105.500.000 төгрөг гаргуулж Ц.Сэргэлэнд олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Компани иргэн орлого, зарлагын бүрдүүлбэрийг хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлэх үүргийг татварын хууль тогтоомжтой холбоотой багц хуулиар хүлээсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх нь компанийн зарлагын бүрдүүлбэртэй холбоотой үйл явцад хууль хэрэглэн шийдвэр гаргахдаа орлогын бүрдүүлбэр хууль ёсны байх шаардлага дээр ямар ч хуулийн тайлбар хэрэглэж үндэслэлд дурдахгүй орхигдуулаад байгаа нь ташаа юм. Ц.Сэргэлэн нь санхүүгийн анхан шатны, баримтаар автомашины чиргүүлээ хууль ёсоор олж эзэмшсэн эсэх нь эргэлзээтэй болохыг Гаалийн ерөнхий газрын Статистикийн газрын 2015.7.08-ны өдрийн албан тоот илэрхий нотолсоор байтал ач холбогдол өгөхгүй, хуулийн дагуу тайлбарлахгүй орхигдуулсан нь ноцтой алдаанаас гадна төрт ёсны мөн чанар үндсэн утгаараа шүүхийн шийдвэрээр үгүйсгэгдэж баигаа явдал хэмээн үзэж байна. Учир нь манай улсад хүнд даацын автомашины чиргүүл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж ба иргэн байдаггүй нь илэрхий үнэн. Компани өөрийн эзэмшлийн одоо ч эзэмшиж буй 4754 УБД улсын дугаартай япон улсад үйлдвэрлэгдсэн исуцу маркын хүнд даацын автомашиныг тооцоонд өгөх боломжтой байсан ба гагцхүү чиргүүлтэй гэдгээр нь мөн гуйсан зэргээс нь шалтгаалж Ц.Сэргэлэнгийн машиныг тооцоонд өгсөн билээ. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах өөрчлөлтийг хуулийн дагуу оруулж өгнө үү. Үүнд: Энсонголия Холдинг ХХК-иас 105.500.000 төгрөгийг гаргуулж гэдгийг ачааны чиргүүлийн үнийн хэмжээгээр буюу 19.000.000 төгрөгөөр хасагдуулан 86.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Сэргэлэнд олгох... гэж. Шүүхийн шийдвэрийг үндэслэн “гарал үүсэл” нь тодорхойгүй ачааны чиргүүлийн дүнгээрх тооцоог Шивээ Овоо ХК-тай бид хийх болно.

                                                                        ХЯНАВАЛ:

Ц.Сэргэлэн нь шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагч Энсонголия Холдинг ХХК /хх 40/-тай 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйлийг буцааж өгөхийг хариуцагчид даалгах, алданги 45 сая төгрөг гаргуулахыг шаардаж, талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 26 ны өдөр болон 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан гэрээг үндэслэжээ. /хх 1, 8, 9, 69, 126/

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа сөрөг нэхэмжлэл гаргаж    худалдан авсан эд хөрөнгийн үнийн зөрүү 32.407.943 төгрөг, бэлнээр болон шилжүүлгээр мөн татварт төлсөн мөнгө 8.468.000 төгрөг нийт 40.875.943 төгрөг шаардсан байна. /хх 21, 46/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэн гэж дүгнэн, хариуцагчаас нийт 150.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 9.500.000 төгрөгийн шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүйгээс гадна шүүх алданги гаргуулсан нь буруу гэж дүгнэн, худалдан авагч гэрээний дагуу төлөх 115.000.000 төгрөгөөс нэхэмжлэгчийн авсан 9.500.000 төгрөгийг хасаж үлдэх 105.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосон байна.

Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнээс үзвэл талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 243, 262 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Энсонголия Холдинг ХХК нь автомашин, чиргүүлийн төлбөрт 9.500.000 төгрөгөөс өөр төлбөр төлөөгүй, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул  нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй юм.

Хариуцагч гэрээний зүйлийг өөрийн өмчлөлд авч 138.553.410 төгрөгийн төлбөрт тооцон Шивээ Овоо ХК-д өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, гуравдагч этгээд автомашин, чиргүүлийн өмчлөгч болсон тул хариуцагчаас автомашиныг биет байдлаар буцаах боломжгүй болжээ.

Хариуцагч автомашин, чиргүүлийг бусдын өмчлөлд шилжүүлснээр, гэрээний зүйлийг нэхэмжлэгчид биет байдлаар буцааж өгөх боломжгүй болсон тул хариуцагчаас гэрээний зүйлийн үнийг гаргуулсан нь Иргэний хуулийг зөрчөөгүй гэж үзнэ. 

Нэхэмжлэгч автомашин болон чиргүүлийг хэдэн төгрөгөөр авсан нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үнийг өөрчлөх үндэслэлд хамаарахгүй.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1076 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 47.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.АМАРСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                     Б.УНДРАХ