Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1076

 

Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/03001 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох

 

2015 оны 2 сарын 26-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, машин, чиргүүлийг, алданги 45 000 000 төгрөгийн хамт гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

40 875 943 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн ХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х түүний өмгөөлөгч ХХ нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХ” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. “ХХХ” ХХК-д гэрээний үүргээ биелүүлэх боломж олгон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан автомашины үлдэгдэл төлбөрийн хуваарийг дахин хэлцэл хийж тодорхой хугацааны дотор төлөхөөр харилцан тохиролцсон боловч машины үнийг төлөөгүй. Дээрх нөхцөл байдлын улмаас эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол хүлээсэн бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан байдаг.

“ХХХ” ХХК-ийн захирал ХХХХ нь 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэрээний төлбөрийн хуваарийн талаар дахин хэлцэл хийсэн ч автомашины төлбөрийг өгөөгүйгээр барахгүй автомашиныг 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “ХХ” ХК-д төлбөл зохих нийт 138 553 410 төгрөгийн өр төлбөрт шилжүүлсэн байсан. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.5-д заасны дагуу “ХХХ” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, худалдах, худалдан авах гэрээний зүйл болох FAW G-6 УНВ 54-27 улсын дугаартай автомашиныг өөрөө буулгагч чиргүүлийн хамт миний эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, алданги 45 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХХ” ХХК-ийн захирал ХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х нь автомашин ба чиргүүлийг худалдахдаа миний өмч гэж гэрчилгээ үзүүлж худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэтэл тухайн машины төлбөр тооцоог хийхийн өмнө Хгээс уг машиныг “ХХ” ХК-тай тооцоо хийж байгаа учраас машин болон чиргүүлийн гаалиар орж ирсэн мэдүүлэг ба үнэлгээ хийлгэхэд амаар мэдүүлсэн худалдан авсан үнийн баримт зэрэг холбогдох бусад баримтыг шаардахад гаргаж өгөөгүй. Манай компаниас 9 500 000 төгрөг авсан. Гаалийн ерөнхий газрын лавлагаагаар Х нь 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 03212100113130798 тоот мэдүүлгээр автомашиныг 63 090 000 төгрөгөөр худалдан авсан мэдүүлгийн үнэтэй импортолсон байна. Х нь автомашинаа 120 000 000 төгрөгөөр худалдан авсан гэдгээ болон авточиргүүл нь өөрийн өмч болохоо бичиг баримтын анхны бүрдүүлбэрээр нотолж чадахгүй байх тул 9 500 000 төгрөгөө буцааж аваад автомашин ба чиргүүлээ авах шаардлагыг Хд тавьсан.

Иймд Х нь автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа илтэд худал мэдүүлэн гэрээ байгуулсан тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулан Хгээс 9 500 000 төгрөг буцаан авсны дараа автомашин ба чиргүүлийг буцаан өгөх үүрэгтэйг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргах болно гэжээ.

 

Хариуцагч “ХХХ” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани Хтэй автомашин худалдах, худалдан гэрээний үнийг анх амаар тохиролцон гэрээ байгуулахдаа Х нь автомашин ба чиргүүлтэй холбогдох анхан шатны санхүүгийн бусад бичиг баримтыг бүрдүүлж өгөхөөр тохирч НӨТ-тэй худалдан борлуулалт хийнэ, дамжуулан худалдах газар нь улсын үйдвэрийн газар учраас Үнэлгээний стандарт шаардлагын дагуу машин үнэн зөв үнэлэгдсэн байх учиртайг анх гэрээ байгуулах үед тайлбарласан. Гэтэл Хгийн бүрдүүлж өгнө гэсэн ам мэдээллийн дагуу бид үнэлгээ хийлгэж машины үнийг тохирсон боловч Х нь одоо болтол холбогдох бичиг баримтын бүрдүүлбэрийг бүрдүүлэн өгөөгүй байна. Бид хөрөнгийн эрх зүйн болон ашиглалтьн байдлыг бүрэн баталгаажуулсаны дараа төлбөр тооцоог бодитой хийх тухай шаардлага тавьж байна. Хгийн гаргаж өгөх бичиг баримтуудыг үндэслэн үнэлгээ болон өмчлөлийн байдалд бид мөн худалдсан тал буюу “ХХ” ХК-тай хийх тооцоонд залруулга оруулах учиртай. Бидэнд болон үнэлгээ хийсэн үнэлгээчинд Х утсаар мэдээлэл өгөхдөө БНХАУ-аас худалдан авсан үнийг өнөөгийн ханшаар хөрвүүлээд 15 хувийн элэгдэл тооцоход одоогийн үнэнд хүрнэ гэж мэдээлэл өгсөн. Өнөөгийн албан ёсны нотлох баримт болох Гаалийн ерөнхий газрын Статистикийн албаны 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн лавлагааг үндэслэн тооцоо хийж үзэхэд машины өнөөгийн өртөг 81 504 500 төгрөг, гаальд төлсөн татвар 9 780 273 төгрөг, машины бодит өртөг 91 284 773 төгрөг, Нягтлан бодох бүртгэлийн хуулиар хорогдуулан тооцох элэгдлийн хувь хэмжээ 2 жил буюу 40 хувиар бодогдох ёстой. Энэ хувийг 15 хувиар анх тохирсон ёсоор бодвол 13 692 716 төгрөг, зах зээлийн бодит өртөг 77 592 057 төгрөг, нэхэмжлэх бодит бус үнийн зөрүү 32 407 943 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бэлэн авсан 5 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бэлэн авсан 200 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлгээр авсан 1 800 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлгээр ачааны машины чиргүүлийн татварт өгсөн 1 468 000 төгрөг нийт 8 468 000 төгрөг сөрөг нэхэмжлэлийн нийт дүн 40 875 943 төгрөг байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж Хтэй хийх тооцоог үнэн зөв тодорхойлж өгч улсын хилээр бүртгэлгүй чиргүүлийг хэрхэх асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х, түүний өмгөөлөгч ХХ сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Х нь “ХХХ” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Тус гэрээгээр худалдан авагч тал буюу “ХХХ” ХХК нь хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул гэрээний үүргээ биелүүлэх боломж олгон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан автомашины үлдэгдэл төлбөрийн хуваарийн талаар дахин хэлцэл хийж тодорхой хугацааны дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл “ХХХ” ХХК хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин гэрээний зүйлийн үнийг төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч “ХХХ” ХХК-ийн захирал ХХХХ сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн авах хуулийн болон бодит үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь тодорхой бус байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах бодит боломжгүй бөгөөд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХХ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дах Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор “ХХХХХХ” ХХК-иас 150 000 000 төгрөгийг гаргуулан “ХХ” ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс хойш төлбөр төлөгдөхгүй явсаар, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “ХХХХХХ” ХХК-ийн нягтлан ХХХХ өр барагдуулах талаар албан хүсэлт гаргасныг хүлээн авсан. “ХХХ” ХХК-ийн захирал ХХХХХХХХаас өөрийн компанийн эзэмшлийн УНВ 54-27 улсын дугаартай FAW үйлдвэрийн J6p маркийн ачааны авто машиныг, 57-90 АЧ улсын дугаартай Howo маркийн авто чиргүүлийн хамт “ХХХХХХ” ХХК-ийн өрөнд тооцон шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн албан бичиг манай компанид ирүүлсэн. Мөн дээрх автомашин, чиргүүлийн хамт өрөнд тооцон шилжүүлэхдээ холбогдох баримтууд болох “ХХХ” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2/04 дугаартай авто тээврийн хэрэгслийг “ХХХХХХ” ХХК-ийн өрөнд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн албан тоот, “ХХХ” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2/05 дугаартай эрх шилжүүлсэн итгэмжлэл, “ХХХ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “ХХХ ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2/06 дугаартай Автотээврийн үндэсний төвд хаягласан авто тээврийн хэрэгсэл “ХХХХХХХ” ХК-д зохих шилжүүлгийг хийж өгнө үү гэсэн албан тоот, компанийн өр барагдуулах комиссын хурлын тэмдэглэл, “ХХ” ХК болон “ХХХХХХ”  ХХК-ийн хоорондын тооцоо зэргийг үндэслэн Өр барагдуулах хэлцэл хийж, тус хэлцэлд УНВ 54-27 улсын дугаартай FAW үйлдвэрийн J6p маркийн ачааны авто машиныг 57-90 АЧ улсын дугаартай Howo маркийн авто чиргүүлийн хамт 138 553 410 төгрөгт тооцон авч, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг хувааж төлөх график гарган баталгаажуулсан.

Иймд манай компани зохих журмын дагуу өр барагдуулах хэлцэл хийж, автомашин, чиргүүлийг эзэмшилдээ шилжүүлсэн тул буцаан өгөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан “ХХХ” ХХК-иас 150 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 500 000 төгрөгт холбогдох хэсгийг, “ХХХ” ХХК-ийн 40 875 943 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 958 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХХХ” ХХК-иас 910 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хд олгож, хариуцагч “ХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 500 төгрөгийн төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “ХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрт ИХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргаж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

Уг маргаан Х манай компанид автомашиныг чиргүүлийн хамт худалдахдаа өөрийн эзэмшилд хууль ёсоор олж авсан гэдгээ нотолж чадаагүйгээс үүдэлтэй төлбөр тооцооны асуудал юм.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэг маргааны гол учгийн талаар огт дурдаагүй ба Гаалийн ерөнхий газрын Статистикийн газрын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн албан тоотыг хэрхэн ойлгож хэрэглэх талаар тайлбарласангүй. Уг баримтыг нотлох баримтанд тооцсон эсвэл нотлох баримтаас хассан эсэхийг хууль ёсоор тайлбарласны үндсэн дээр дараа дараагийн үйл явцыг үнэлэх ёстой байсан учраас хэрэг маргаан үнэн зөв шийдэгдсэнгүй.

Шүүх “гарал үүсэл” нь тодорхойгүй чиргүүлд ногдох төлбөрийг хууль ёсны бөгөөд түүнд ногдох төлбөрийн хэсэгт мөн адил ногдуулан алданги тооцсонд гомдолтой байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/03001 дугаартай шийдвэрийн алдангид ногдох хэсгийг “бүртгэлгүй” чиргүүлд ногдох хэмжээгээр буюу 10 000 000 төгрөгөөр бууруулан шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүй, Иргэний хуулийг оновчтой зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч “ХХХ” ХХК-нд холбогдуулан 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн автомашин “Худалдах-худалдан авах гэрээ”-нээс татгалзаж, машин, чиргүүлийн үнэ нийт 115 000 000 төгрөг, хохиролд 45 000 000 төгрөг нийт 160 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, гэрээний зүйл болох FAW G-6 Howo маркийн УНВ 54-27 улсын дугаартай автомашиныг, өөрөө буулгагч чиргүүлийн хамт буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, алданги 45 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 40 875 943 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “ХХХ” ХХК нь УНВ 54-27 улсын дугаартай FAW G-6 Howo маркийн ачааны автомашиныг, өөрөө буулгагч чиргүүлийн хамт нэхэмжлэгч Хгээс 115 000 000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 2015 оны 5 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр харилцан тохиролцож 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, улмаар төлбөрийн үлдэгдэл 104 800 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 10-ны өдрийн хооронд төлж барагдуулахаар уг гэрээнд 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулжээ. /хх-ийн 8, 9 дүгээр тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх мөн хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Учир нь талууд гэрээ байгуулахдаа “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-нд заавал тусгах Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан нөхцлүүдийн талаар тохиролцоогүй байна.

 

Хариуцагч нь автомашин, чиргүүлийн төлбөрт нэхэмжлэгчээс 9 500 000 төгрөг авсан талаар маргаагүй байна.

 

Хариуцагч гэрээний зүйл болох автомашиныг чиргүүлийн хамт өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болон 138 553 410 төгрөгийн өр төлбөрт тооцон “ХХ” ХК-нд шилжүүлсэн болох нь автомашин, чиргүүлийг хүлээн авсан акт, “ХХ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/50 дугаартай “Үндсэн хөрөнгийг шинээр бүртгэх тухай” тушаал, Үндсэн хөрөнгийн жагсаалт, “ХХХ” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2/06 дугаартай Автотээврийн үндэсний төвд хүргүүлсэн “Авто тээврийн хэрэгслийг “ХХХХХХХ” ХК-д шилжүүлэх тухай” албан тоот, компанийн өр барагдуулах комиссын хурлын тэмдэглэл, Өр барагдуулах хуваарь, Зарлагын падаан, Тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд “ХХ” ХК нь уг автомашин, чиргүүлийн өмчлөгч болсноос хариуцагч автомашиныг биет байдлаар буцаах боломжгүй болжээ.

 

Хариуцагч нь дээрх гэрээ, нэмэлт өөрчлөлтөнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгээгүй бөгөөд энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

Хариуцагч нь автомашин, чиргүүлийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т заасны дагуу бусдын өмчлөлд шилжүүлснээр, гэрээний зүйлийг нэхэмжлэгчид биет байдлаар нь буцаан өгөх боломжгүй байх тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тохиолдолд үндсэн үүрэг болон түүний биелэлтийг хангах алдангийн нэмэлт үүрэг мөн адил дуусгавар болох тул хариуцагчаас алдангийг шаардах эрхгүй юм.

 

Түүнчлэн талуудын гэрээгээр тохиролцсон алданги нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохиролд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч гэрээг цуцласнаас 45 000 000 төгрөгийн хохирол өөрт учирсан гэдгийн баримтаар нотлож чадаагүй байна.

 

Гэтэл шүүх алданги 45 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Шүүх автомашин, чиргүүлийн үнийг талуудын гэрээгээр тохиролцсон 115 000 000 төгрөгийн хэмжээгээр тооцон, нэхэмжлэгчээс өгсөн 9 500 000 төгрөгийг хасч, үлдэх 105 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын хоорондох маргааныг шийдвэрлэхдээ “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй болохыг тус тус тодорхойлсон Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгүүдийг баримтласан нь буруу юм.

 

Талууд гэрээ байгуулахдаа автомашин, чиргүүлийн үнийг 115 000 000 төгрөг байхаар тохиролцсон нь дээрх гэрээ талуудын тайлбараар нотлогдсон бөгөөд нэхэмжлэгч нь уг автомашин, чиргүүлийг гаалийн мэдүүлэгт тусгаж, татвар төлсөн үнийн хэмжээгээр тооцож хариуцагчид шилжүүлэхээр тохиролцсон гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч автомашин, чиргүүлийг хэзээ, хэдэн төгрөгөөр авсан болон татварт хэдэн төгрөгийн хураамж төлсөн эсэх нь гэрээгээр тохиролцсон үнийг өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Иймд давж заалдах шатны шүүх дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/03001 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.2-т зааснаар хариуцагч “ХХХ” ХХК-иас 105 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хд олгож, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 45 000 000 төгрөгийг, нэхэмжлэгчээс 40 875 943 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “910 450” гэснийг “685 450” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “ХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ   

               

                                                             ШҮҮГЧИД                              А.МӨНХЗУЛ 

                          

                                                                                                          С.ЭНХТӨР