Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 429

 

                                                                        

Д.М, Ц.Э, А.Б

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Д.М, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, П.Буманзаяа, О.Сарантуул, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 32 дугаар магадлалтай, Д.М, Ц.Э, А.Б нарт холбогдох 201509000506 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор С.Ёндонсамбуугийн бичсэн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинст мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Д-ын  М,

2.Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын зургийн техникч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Ц-ийн Э,

3. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт А-ийн Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.М, Ц.Э, А.Б нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Д.М, Ц.Э, А.Б нарыг тус бүр 5 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Дархан-Уул аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор С.Ёндонсамбуугийн бичсэн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцэлд “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна үзэж байна. Анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд 2019 оныг 2018 он гэж бичсэн нь бичиг техникийн шинжтэй, хэргийн шийдвэрт нөлөөлөхөөргүй, түүнчлэн шүүх хуралдааны явцыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1-т зааснаар дуу-дүрс бичлэгээр баталгаажуулсан байгаа тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой болно. Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэр бүхий гэрч нарын мэдүүлгээс иш татаж, дурдахдаа шүүгдэгчид ашигтай, эргэлзээ төрүүлэхүйц мэдүүлгийн хэсгийг дурдсан байх ба хэрэгт үүнээс өөр агуулгатай буюу яллах талын нотлох баримтууд хангалттай цугларсан байгааг анхаарч үзсэнгүй. Тухайлбал хэргийн болсон үйл баримтаар хохирогч Д.Н мэдүүлэхдээ над руу 2 хүн дайраад байсан, Батцэцэг салгаад байсан гэж мэдүүлдэг ба хэргийн газарт байсан, болсон асуудлыг сайтар мэдэж байгаа хүн нь гэрч Б, мөн асуудлыг хөндлөнгөөс харж суусан гэрч нар болох П.А, П.П нарын мэдүүлгүүд, мөн бусад гэрч нарын мэдүүлгүүдээр хохирогчийг Д.М цохисон, газарт унасан байхад нь А.Б, Ц.Э нар очиж бие, цээж мөр болон толгой руу нь өшиглөсөн үйл баримт тогтоогддог. Хохирогчид учирсан хүнд гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан шинжээчийг анхан шатны шүүх хуралдаанд дуудан оролцуулж, талууд асуулт асууж хариултаа авсан байдаг. Шинжээч Б.Долгормаа нь “ ...нэг удаа цохих үед үүсэх боломжтой, мөн олон удаагийн цохилтоор ч үүсэх боломжтой...” гэж тодорхой мэдүүлсэн. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан “ ... тухайлбал хохирогч Д.Н-ийг цохиж унагаад босож ирээгүй болох, дараа нь ирж өшиглөсөн шүүгдэгч нарын үйлдэл хохирогчид учирсан гэмтэлтэй холбогдох шалтгаант холбоотой эсэх, гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэдэг шинжээчийн тайлбар, дүгнэлтээс үндэслэн Дархан-Уул аймагт 07 дугаар сарын 11-нд халууны хэм хэд орчим байхаас шалтгаалж шүүгдэгч нар гэрийн углааштай байсан эсэх, үүнээс хамаарч зарим шүүгдэгчийн хөл нүцгэн өшиглөхөд хүнд гэмтэл үүсэх эсэхийг тогтоогоогүй” зэргээр нэмэлт ажиллагааг явуулах шаардлагагүй буюу эдгээр байдлыг шалгаж тогтоосон байгаа болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 32 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Мөнгөнтулгын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрч байна. Харин прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 06 цагт уг хэрэг үйлдэгдсэн бөгөөд тэр даруй цагдаа хэргийн газар дээр очсон. Тухайн зодоонд оролцсон болон гэрчээр оролцсон хүмүүс хэргийн талаар үнэн зөв мэдүүлгийг өгсөн байдаг. А.Б 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 2 удаа мэдүүлэг өгсөн. Эхлээд гэрчээр мэдүүлэг өгсөн, дараа нь сэжигтнээр мэдүүлэг өгсөн байдаг. “Би тэр залууг чулуу барьсан гараараа цохиж газар унахад нь дээрээс нь дэвсэж зодсон” гэж хоёр удаа мэдүүлдэг. 07 дугаар сарын 12-ны өдөр А.Б, Ц.Э хоёр сэжигтнээр цагдан хоригдсон. Хорьсноос хойш байцаагаагүй. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар сэжигтнээр цагдан хорьсон бол 14 хоногийн дотор хэрэгт холбогдолтой эсэхийг тогтоох ёстой байтал яллагдагчаар таталгүй А.Б, Ц.Э нарыг батлан даалтад гаргасан.  2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байцаалт авахад А.Б өмнөх мэдүүлгээсээ буцсан. Гэрч нарын мэдүүлгээр А.Б нь чулуугаар цохиж унагаасан гэдэг. Гэтэл прокурор ч тэр, шүүх ч тэр эрүүгийн хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийгээгүй. Сүүлдээ гэрчүүдийн мэдүүлэг тогтворгүй болсон. н.Б, н.А нарын мэдүүлгийг үндэслээд Д.М-ыг гол буруутан болгосон. Шүүх хуулийг буруу хэрэглэж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлж дүгнээгүй. Энэ хэрэгт холбогдсон хүмүүс Дарханы нэг гэр хороололд ойролцоо амьдардаг хөршүүд юм. Сүүлийн хоёр, гурван хуралд гэрчүүдийн мэдүүлэг өөрчлөгдсөн. 2015 оны 07 дугаар сарын мөрдөн байцаалтын нотлох баримтыг анхаарч үзэхийг хүсч байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч П.Буманзаяа хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 32 дугаар магадлалыг үндэслэлтэй гэж үзэж байна. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 шийтгэх тогтоолоор Ц.Э-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэсэн. Анхан шатны шүүх ингэж шийдвэрлэхдээ өмнө нь цагаатгагдсан талаар дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүх гэрчийн зөрүүтэй мэдүүлэг өгсөн талаар дүгнэлт хийсэн боловч 2017 оноос хойш цаг хугацааны явцад мэдүүлгээ өөрчилсөн. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авахгүйгээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгөхийг хүсч байна” гэв

Мөн хуралдаанд шүүгдэгч А.Болд-Эрдэнийн өмгөөлөгч О.Сарантуул хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх болсон үйл явдлыг гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа гэж үзсэн. Шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сард болсон шүүх хуралдаанд өгсөн тайлбарыг прокурор эсэргүүцэлдээ бичсэн. Давж заалдах шатны шүүх магадлалдаа шүүгдэгч нарын үйлдэл, оролцоог хохирогчид учирсан гэмтэлтэй ямар шалтгаант холбоотой байгааг тогтоох нь үндэслэлтэй байна гэж буцаасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэл хангалттай бүрэн дүүрэн биш гэж үзэж байгаа. Давж заалдах шатны шүүхийн магадлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан нөхцөл шаардлагуудыг анхан шатны шүүх дутуу хийсэн гэж үзсэн. Хэрэгт авагдсан 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл хүнд гэж дүгнэсэн. 2018 онд шүүх хуралдаанд шинжээч оролцсон боловч гаргасан тайлбар хангалттай байгаагүй. А.Б нь 2019 оны 01 дүгээр сард болсон шүүх хуралдаанд хохирогчийг газар унасан байхад өшиглөсөн гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Хүнд зэргийн гэмтэл хэзээ авсан эсэх нь дүгнэлтээр тогтоогддоггүй. Анхны мэдүүлгээр хүнд гэмтэл учруулсан учраас бүгдэд нь адил ял оногдуулсан нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон бөгөөд тухайн үйл явдал болоход согтуу байсан учир болсон үйл явдлын талаар санахгүй байна гэдэг. А.Б-ийн үйлдлээс хүнд гэмтэл учраад байна уу, аль үед нь хүнд гэмтэл учирсан нь тодорхойгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шинжээчийн дүгнэлтэд тавигдсан асуултад тодорхой дүгнэлтийг хийж чадаагүй. Гэрч нарын мэдүүлгийг тодорхой хэмжээнд үнэлж дүгнэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд А.Б мэдүүлэхдээ намайг очиход хохирогч газар унасан байсан гэдэг. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн учраас анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Уг хэрэг нь 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээр тус бүр 3 дахь удаагаа хэлэлцэгдэж байгаа.  Анх 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хоёр хэсэг хүмүүс шүүгдэгч нарын талд н.Б, н.Б, н.Э, Д.М, Ц.Э, А.Б гэсэн хэсэг хүмүүс,  хохирогч нарын талд н.Б, н.Б, н.М, н.Н, н.Т, н.Б, н.А гэсэн хүмүүс байсан. Хэрэг болсон газарт шүүгдэгч нарын талд байсан гэрчээр байцаагдсан хүмүүсийн мэдүүлэг болон хохирогч нартай хамт явсан н.Б-ийн мэдүүлгээр 1 эмэгтэй 3 эрэгтэй хүн байсан гэдэг. Д.М, А.Б, Ц.Э нар зодоонд оролцсон байдаг. Тухайн үед байсан бүх хүмүүсээс болсон үйл явдлын талаар асуух шаардлагатай болсон. Шүүгдэгч нар болон гэрчүүд худал мэдүүлэг өгсөн. Гэрч н.Б-г 7 удаа, бусад гэрч нарыг 5 удаа байцаасан жишээтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд гэмт хэрэг гарсан өдрийг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэж андуурч бичсэн. 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 06 цаг 40 минутад хэргийн гол гэрч болох н.Б нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. н.Б нь хохирогч н.Н-ийг Ц.Э, А.Б нар толгой руу нь дэвссэн гэдэг. Хэрэг бүдгэрч явсаар байгаад хохирогч н.Н-ийн биед учирсан гэмтлийг мартах шахсан. Хохирогч н.Н-ийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Өмнө нь хяналтын шатны шүүхээр 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцэхэд шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Ц.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, шүүгдэгч Л.М, А.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж дүгнэсэн. Иймд давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор С.Ёндонсамбуугийн бичсэн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.М, Ц.Э, А.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.М, Ц.Э, А.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Улаан хад” хүнсний дэлгүүрийн орчимд Б.Э-ийг өдөж, хоргоосон гэсэн шалтгааны улмаас Д.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан  шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.М, Ц.Э, А.Б нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн талаар дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл болон шийтгэх тогтоолын огноо, дугаар хоорондоо зөрүүтэй, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, хэлбэрийг тогтоох, гэрч нарын зөрүүтэй мэдүүлгийг хэргийн бусад нотлох баримттай харьцуулан судлах замаар зөрүүг арилгаж хэргийн үйл баримтыг дахин тогтоох шаардлагатай гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй байна.

Шүүгдэгч Д.М, Ц.Э, А.Б нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр товлогдсон боловч гэрч нартай холбоотой асуудлаас болж хойшлогдож 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр товлогдож мөн өдөр хэргийг хэлэлцсэнийг шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн тогтоол, шүүхийн мэдэгдэх хуудас, хохирогч, гэрч нарт эрх үүргийг тайлбарлаж өгсөн баримт, шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулахыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн тухай баримт, улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч нарыг хорих байгууллагад хүлээлгэн өгсөн мэдэгдэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоож болохоор байна. Ийнхүү шүүх хуралдааны тогтоол, тэмдэглэлд огноо, дугаарыг зөрүүтэй бичсэн байдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил биш харин залруулж болохуйц техникийн шинжтэй алдаа байх тул дахин шүүх хуралдаан хийх шаардлагагүй юм.

Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар дүгнэлт хийж, энэ талаар тогтоолдоо тусгах бөгөөд эдгээр нөхцөл байдлыг шүүгдэгч тус бүрээр тогтоох боломжгүй байдал нь шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч бүрийг  цагаатгах үндэслэл болохгүй. Бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн зарим хор уршгийг аль нэг шүүгдэгчид дагнан хариуцуулах нь “зөрж гүйцэтгэх” тухай ойлголттой холбоотой үүсэх бөгөөд гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэсэн гэж үзнэ.

Гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй. Тиймээс хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоох нь чухал бөгөөд зорилгоороо нэгдсэн тохиолдолд тухайн хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Д.Н-тай “Б.Э-ийг өдөж, хоргоосон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хамар руу нь цохьсны дараа А.Б ирж хохирогчийн элэг рүү цохиж газар унагааж зодсон, энэхүү үйлдэл үргэлжилж байхад Д.М ирж футболканд боож ороосон тал тоосгоор хохирогчийн араас нь толгой руу цохисон болохыг хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь шүүх хуралдаанаар хянаж үзсэний үндсэн дээр хөдөлбөргүй тогтоосон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох тухай прокурорын бичсэн эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 32 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.М, Ц.Э, А.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон, тэднийг нэн даруй цагдан хорьж хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН