Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 000121

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай

Улсын яллагч Л.Оюунтуяа

           Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 1725002220039 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б овогт Б-ны Б, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд оршин суух, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 06 сарын 10-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,  

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 09 сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт согтуугаар Г.П-тэй маргалдан Г.П-г зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Г.П-гийн... “2017 оны 09 сарын 07-ны өдөр 19 цагийн үед хүргэн ах Баасансүрэнтэй хамт гэрт 1 шил 0.5 литрийн Ерөөл архи хувааж ууж байсан. Тэгтэл гаднаас Б дүү Дэмбэрэлийн хамт гэрт орж ирээд хамт нэг шил архиа хувааж ууцгаагаад гэрээс нь гарцгаасан юм. Манай гадаа байхад Б ганц шил архи аваад өгөөч гэхээр нь би ойролцоох хүнсний дэлгүүр орж нэг шил 0.5 литрийн Соёмбо архи, нэг ширхэг шоколад аваад Б-ийн гэрт нь таксидаж хамт очоод авч ирсэн архиа Б-тэй хамт хувааж ууж байгаад бид хоёр дүүгээсээ болж маргалдсан чинь Бийн эхнэр нь та хоёр маргалдах гэж байгаа юм бол гарч маргалд гэж хэлэхээр нь Бт-эй хамт гэрээс нь гарснаа санаад байгаа юм. Гадаа яг юу болсныг ерөөсөө санахгүй байгаа. Өглөө Б-ийн гэрт нь сэртэл хамаг бие нойтон болчихсон гар хөл хавдчихсан хамар амнаас цус гарчихсан өмсөж явсан пудволк маань урагдаад цустайгаа холилдчихсон байхаар нь гайхаад өөрхийнхөө бие хааг барьж үзээд бостол Б эхнэртээ хандаж миний пудволкноос нэгийг өмсүүлчих гэж хэлтэл эхнэр нь нөхрийнхөө пудволканоос нэгийг авч өмсүүлсэн. Тэгээд Б одоо ажилдаа явах гээд байна гээд яараад намайг сугадаад машиндаа суулгасан. Би замдаа Б-т “чи ахыгаа арай дэндүү зодчихсон байна гэж хэлсэн чинь “та дургүй хүргээд байхаар нь дэвсчихсэн юм аа” гэж хэлээд намайг гэрийн ойролцоох зам дээр буулгаж өгчихөөд яваад өгсөн. Би хэдэн жилийн өмнө Б-ийг нурууны хагалгаанд орох гээд Улаанбаатар хот руу явах гээд машин байхгүй болохоор нь өөрийнхөө машин тэргээр үйлчилж хот хүрээ хүргэж өгч байсан юм. Тэрнээс болж Б баярлаж явдаг шүү гэж ярьдаг байсан учир би Бт нэг шил архи авч өгч хамт архи уусан. Тухайн үед Б бид хоёр хоёулаа согтуу байсан. Б-ийн төрсөн дүү Дэмбэрэлээс болж маргалдаад тэр нь сүүлдээ зодоон болсон. Б бид хоёроос өөр хүн тэнд байгаагүй. Гэрт нь эхнэр хүүхдүүд нь байсан. Гэрт маргалдаад эхэлсэн чинь эхнэр нь бид хоёрыг гарч хэрэлд гэж хэлээд байсан. Гэрээс нь гараад яг юу болсныг сайн санахгүй байна. Өглөө Б-ээс асуухад та дургүй хүргээд байхаар нь дэвсчихсэн юм гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл ярьж хэлээгүй. Б-тэй ерөөсөө уулзаагүй. Харин Б-ийн дүү болох Дэмбэрэл нь цалингийн зээл авч 800 000 төгрөг өгсөн байна. Надад учирсан нийт зардал 1 300 000 төгрөг болсон. Үүнээс дүү Дэмбэрэл нь 800 000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хамаатан садангууд учир үлдсэн хохирлоо барагдуулаад авчихвал гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-10-р хуудас/

 

2. Гэрч Д.О-ийн ... “2017 оны 09 сарын 07-ны орой 22 цагийн үед нөхөр П гэртээ ирэхгүй байхаар нь хамт байж магадгүй гээд хадам эгчийн нөхөр Баатарсүрэнгийн утас руу залгаж тодруулахад П-г Бааскатай хамт явсан гэж хэлсэн. 2017 оны 09 сарын 08-ны өглөө 08 цагийн үед П гэртээ зодуулчихсан байдалтай орж ирэхээр нь би хэнд зодуулсан юм гэж асуухад мэдэхгүй үхлээ гээд орондоо ороод хэвтсэн. Би хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд өрхийн эмчид нөхрийгөө үзүүлэхэд яаралтай эмнэлэг яв гэхэд нөхрийн толгойн чамархайн яс хугарсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 69-70-р хуудас/

3. Гэрч Б.Ш-ийн..”Би Б-ийн бэр дүү байгаа юм. Б нь миний нөхөр Дэмбэрэлийн төрсөн ах байгаа юм. Хадам ах бэрийн харьцаа холбоотой. Болсон хэргийн талаар би тодорхой мэдэхгүй. 2017 оны 09 сард Б.Б манай аавынд ирсэн. Тэгээд П ах аав Б ах гурав нэг шил архи хувааж уугаад Б П ах хоёр хамтдаа гараад явсан юм. Аав маань унтаад хоцорсон. Үүнээс хойш юу болсон гэдгийг мэдэхгүй байна. Маргааш нь П ах Б ахад зодуулсан гэж Отгонцэцэг ярьж байсан юм. Улмаар П ах эмнэлэгт хэвтсэн юм. Болсон зодоон нь Бийн гэрт болсон гэсэн. П ах чинь Бтэй хамт яваад зодуулчихаад ирлээ одоо эмнэлэг явах гэж байна гэж гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 69-70-р хуудас/

 

4.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 793 дугаартай дүгнэлтийн “Г.П-гийн биед баруун талын чамархай ясны хугарал, тархины эдийн цусархаг няцрал, баруун шууны богтос ясны далд хугарал, хамрын ясны хугарал, хүзүү, нуруу, хоёр өгзөгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Эдгээр гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь шинэ гэмтлүүд ба тухай цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Баруун талын чамархай ясны хугарал, тархины эдийн цусархаг няцрал нь Гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун шууны богтос ясны далд хугарал нь ГЗЗ-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь ГЗЗ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 14-15-р хуудас/

 

5.Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оны 09 сарын дундуур Эрдэнэтэд дүү Дэмбэрэлийн машиныг янзалсан юм. Тэгсэн тэр манай дүү Дэмбэрэлийн гэрийн хажуу талд байсан айлд П ах байсан юм. Тэгээд машиныг нь засчихаад П ахтай хамт бид 2 нэг шил 0.5 граммын Ерөөл архи уусан. Архи ууж дуусаад дахиад нэг шил архи аваад манай эгч Хишигнямын Дэнжид байдаг гэрт нь уусан. Тэгээд би тасарчихсан байсан. Маргааш нь сэрэхэд П ах миний гар өвдөөд байна гэсэн. Тэгээд П ах гэр рүүгээ явлаа гээд явсан. Би яг юунаас болж маргалдснаа сайн санахгүй байгаа юм. Өглөө нь манай эхнэр та хоёр ялихгүй юмнаас болж маргалдахын гэж байсан. Би тэр үед юу болсныг санахгүй байна. Би 2008 онд осолд орсон юм. Тэгээд нуруу гэмтсэнийг мэдэхгүй байж байгаад 2011 онд нурууны хагалгаанд орсон юм. Тэгээд гайгүй байж байгаад П ахтай муудалцаад нуруугаа хөндсөн байсан. Тэрнээс хойш нурууны аппарат гулзайсан болоод одоо босч явж чадахгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 57-58-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Г.П нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Өмнөговь аймагт ажил хийдэг учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Хохирлоо бүрэн авсан. Одоо гомдолгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Оюунтуяа дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял шийтгэх саналтай” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.Пгийн мэдүүлэг, гэрч Б.Шүрэнцэцэг, Д.Отгонцэцэг нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 793 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Б.Бийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь 2017 оны 09 сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт согтуугаар Г.Птэй маргалдан зодолдож эрүүл мэндэд нь  хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар Г.П-тэй маргалдаж зодсон үйлдэл нь санаатай үйлдэл бөгөөд түүний үйлдлийн улмаас Г.П-гийн биед хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэстэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн байх тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярилэгт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлсүгэй.

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

  5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС