Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00933

 

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00933

 

 

 

Д.Н-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шйатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/00830 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Н-ийн нэхэмжлэлтэй, Д.Б-, Б.М- нарт холбогдох

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 7 038 000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Б.М-, Д.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хариун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н- миний танил Д.Б- надад мөнгөө өсгөх сайхан боломж байна. Чиний мөнгийг өсгөөд өгнө чамд ашигтай гээд байхаар нь би Д.Б-ийн худалдаа хөгжлийн банкны 45705643 тоот дансанд нь 1 590 евро, түүний охин Б.М-ийн худалдаа хөгжлийн банкны 499256706 дансанд 834,62 еврог тус тус дансанд нь нийт 2 423,62 евро / тухайн үеийн ханшаар 2903 төгрөг/ шилжүүлсэн. Д.Н- сүлжээний газарт нь очиж сургалтад суугаагүй, суух ч шаардлага байхгүй. Өөрсдийнх нь хэлснээр гүйлгээний утгыг бичсэн. Мөнгө өсгөх арга байна гээд зээлж авсан. Мөнгөө авъя гэхээр Айсекод шилжүүлсэн гээд байсан учир Айсекод шилжүүлсэн чинь үнэн юм уу гэж мессеж бичсэн. Нарангэрэл сүлжээнд элсээгүй, мөнгө буцаан аваагүй. Иймээс Д.Б-, Б.М- нарын үндэслэлгүйгээр хөрөнгөж авсан 7 038 670 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон Б.М- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй бөгөөд энэ нь түүний гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримт дээрх элсэлтийн хураамж, багц нэмэх гэсэн төлбөрийн зориулалтаас харагдана. Нэхэмжлэлд дурдсан уг мөнгө хариуцагч нарт байхгүй буюу нэхэмжлэгчийн хүссэн этгээдэд шилжсэн болохыг тэрээр мэдэж байгаа. Хариуцагч Д.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Айсеко ХХК-д хөрөнгө оруулагчаар элсэн орсон. Синапс ХХК-ийн захирал Д.Н- нь 11 дүгээр сарын эхээр 10 гаруй хүний хамт Айсеко /Iseiko/ ХХК-ийн төлөөлөгчийн газар байрлаж байсан Юу би эйч /UBH/ оффисийн байранд очиж сургалтад суусан. Сургалтад суусан хүмүүсээс Д.Гэрэлт-Одын сургалтад Д.Н- л дахин суусан ба элсэж орох болсноо 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр утсаар надад хэлсэн. Тэгэхээр нь үнийн дүнгийн 4 хувийг бүртгэлийн хураамж болон ажлын хөлс хэмээн төлөх тул манай охиноор дамжуулан ажлын хөлсгүйгээр мөнгөө шилжүүлүүлчих гэсэн. Худалдаа хөгжлийн банкны евро картаар Д.Н- шилжүүлэг хийх болсон тул Б.М-ийн 499256706 тоот данс уруу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 810 еврогийн багц дээр Эдвикэйш.ком /Advcash.com/ сайтын 3,04% шимтгэл 24,62 еврог нэмж 834,62 еврог шилжүүлсэн. Уг 834,62 еврог Эдвикэйш.ком уруу Б.М- шилжүүлж, уг сайт 810 еврогийн багцыг идэвхжүүлж, Д.Н-ийн 99103130 дугаар уруу нэвтрэх нэр болон нэвтрэх пасспорт нь мессежээр очсон. Харин бүртгэлийг идэвхжүүлэх холбоос нь зөвхөн Д.Н-ийн имэйл хаяг уруу очих бөгөөд тэрээр нэвтрэх нэр болон нууц үгээ ашиглан өөрийн гүйлгээг хийх болон хянах боломжтой байдаг. Д.Н- нь 2017 оны 12 дугаар сарын 27-нд өөрийн 810 евро, дансанд орж ирсэн ногдол ашиг, хүн урьж оруулсан урамшуулал энэ бүгд дээрээ 1543 еврог нэмэхэд 2 430 еврогийн багц болох юм байна, Эдвикэйш.ком сайт уруу шимтгэлийг нь оруулаад 1 590 евро шилжүүлээд өгөөч гэсэн ба маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 28-нд Д.Б-ийн 457056543 данс руу 1 590 евро шилжүүлсэн. Өмнөхийн адилаар Эдвикэйш.ком сайт нь өөрийн шимтгэлийг авч, 1 543 еврог Д.Н-ийн айди хаяг бүхий данс руу нь шилжүүлэн, хөрөнгө оруулалтын багцыг 810-аас 2 430 евро болгож өөрчилсөн ба энэ бүх мөнгө нь интернетед байрлах зөвхөн Д.Н-ийн данс уруу орж байсан. 2018 оны 2 дугаар сараас Айсеко ХХК ажиллахгүй буюу ногдол ашиг өгөхгүй болж, хөрөнгө оруулагч нар хүлээлтийн байдалд орсон ба түүнээс хойш нэг ч ноогдол ашиг өгөөгүй тул хариуцагч нар ч тус сүлжээний бизнесийн олон мянган хохирогч нарын нэг болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-ээс 4 607 613 төгрөгийг, хариуцагч Б.М-ээс 2 421 124 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д нийт 7 028 737 төгрөг олгож, нэхэмжлэлээс 9 993 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-, Б.М- нараас 127 410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Уг мөнгийг өөртөө аваагүй буюу дамжуулан шилжүүлсэн тухай баримтыг хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн тул уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй ба хариуцагч нарын хувийн хэрэгцээнд зориулан уг мөнгийг Д.Н- шилжүүлээгүй болох нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөнгөн шилжүүлгийн зориулалт дээрх "элсэлтийн хураамж", "багц нэмэх" гэсэн үгнээс харагдаж байна. Тэгэхээр "сүлжээний бизнест элсэх" болон "багцаа нэмэх"-ээр "Iseiko" руу шилжүүлүүлсэн мөнгийг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу өөрсөддөө авсан хэмээн дүгнэж байгаа шүүхийн дүгнэлт нь буруу юм. Түүнчлэн, "уг мөнгийг Iseiko руу шилжүүлсэн гэдгийг би яаж мэдэх юм" гэсэн Д.Н-ийн бичсэн мессеж нь уг мөнгийг "Iseiko" руу шилжүүлүүлэх зорилготой байсан гэдгийг нь нотолж байгаа явдал болно. Шийдвэрт "Үзлэгийн тэмдэглэлээр... тус тус шилжсэн болох нь тогтоогдоогүй" гэжээ. Нэхэмжлэгчийн нэхээд байгаа мөнгө нь данснаас гарсан тухай баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгсөн ба түүнийг нотлуулах зорилгоор үзлэг хийсэн. Үзлэгээр шаардаж байгаа уг мөнгө хариуцагчийн данснаас гарч, бусдын дансанд орсон болох нь тодорхой харагдаж байгаа. Шийдвэрт "Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 заасныг баримтлан хариуцагч Д.Б-ээс, Б.М-ээс... гаргуулж ...Д.Н-д ...олгож" гэжээ. Эш татсан уг хэсэгт "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" хэмээн заажээ. Хариуцагч нарыг хөрөнгө олж авсан этгээд мөн хэмээн шүүх үзэж байгаа юм бол Д.Н-ийг үүрэг гүйцэтгэгч этгээд гэдгийг хууль хэрэглээний хувьд тайлбарлаж, нотлох баримтад тулгуурлан нотлох ёстой ч аль алийг нь гүйцэтгээгүй байх тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Иймд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Н- хариуцагч Д.Б-, Б.М- нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 7 038 670 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Д.Б-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 499256706 дугаартай дансанд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 834,62 еврог, хариуцагч Б.М-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 457056543 дугаартай дансанд 2017 оны 12 сарын 28-ны өдөр 1 590 еврог тус тус нэхэмжлэгч шилжүүлсэн үйл баримт орлогын ордероор тогтоогдож байна. /хх-ийн 4-5/

 

Нэхэмжлэгч дээрх гүйлгээний талаар ...Д.Б- надад чиний мөнгийг өсгөөд өгөх боломж байна гэхээр нь мөнгө шилжүүлсэн гэж тайлбарласан бол хариуцагч нар мөнгө хөрөнгийн гүйлгээг ... элсэлтийн хураамж , багц нэмэх гэсэн гүйлгээний утгатай хийгдсэн, энэ бүх мөнгө нь интернетэд байрлах зөвхөн Д.Н-ийн өөрийнх нь данс уруу орж байсан... гэсэн тайлбар гаргасан байна.

 

Мөн хариуцагч нар нь нэхэмжлэгч нь компанид хөрөнгө оруулж байгаа цаашид ногдол ашиг авах зорилгоор шилжүүлэхээр даалгасны дагуу мөнгөн хөрөнгийг цааш нь өөр данс руу шилжүүлсэн... гэсэн агуулгаар татгалзал тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.

Зохигчдын хооронд цахим мөнгөний арилжаа хийх эрх олгогдсон, хуулиар зөвшөөрөгдсөн хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх, мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх үйл ажиллагаа нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.8, 10.1.9-д зааснаар Монголбанкны зөвшөөрлөөр хийгдэх үйл ажиллагаа бөгөөд тухайн үйл ажиллагааг эрхлэхэд хуулиар тогтоосон шаардлагууд тавигддаг болохыг уг хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Мөн хөрөнгө оруулалтын зуучлалын үйл ажиллагааг Үнэн цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт энэ хуулийн 24.1.12, 24.1.13-т нэрлэн заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхэлнэ.

 

Гэтэл хариуцагч нар нь дээр дурдсан цахим мөнгө гүйвуулгын үйлчилгээ үзүүлэх, цахим шилжүүлэг хийх, мөн хөрөнгө оруулалтын зуучлалын аль алинд хамаарах эрх бүхий этгээд биш байх тул талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул Д.Б-ээс 4 607 613 төгрөгийг, хариуцагч Б.М-ээс 2 421 124 төгрөгийг нэхэмжлэгч Д.Н- нь буцаан шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шйатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/00830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ