Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00934

 

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00934

 

 

 

ЭАЧ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101Ш2021/00905 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЭАЧ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НЯХП ХХК-д холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс болон алданги 239 174 595 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас учирсан хохирол 465 752 985 төгрөг гаргуулах тухай хариуцагч НЯХП ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, Б.А, Б.Б, Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч ЭАЧ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Шинэ Яармаг орон сууцны цогцолбор хорооллын ерөнхий захиалагч НЯХП ХХК болон ерөнхий гүйцэтгэгч ДК ХХК-тай 2015 оны 10 сарын 12-ны өдөр 15/204 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан тухайн хорооллын гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу нийт 715 541 986 төгрөгийн ажлыг гэрээний хавсралт VIII-Гэрээт ажлын санхүүжилтийн графикт зааснаар 2 үе шаттай гүйцэтгэхээр тохиролцон эхний ээлжийн санхүүжилтийн дагуу ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Мөн үндсэн гэрээн дээр нэмэлт оруулж 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээний нэмэлт хавсралтаар А1-А4, L1-L2 барилгуудын түр бохир усны шугамын ажлыг, гэрээний нэмэлт хавсралт 2-оор А1-А4, L1-L2 барилгуудын түр цэвэр усан хангамжийн шугам угсралтын ажлыг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээний нэмэлт хавсралт гурваар түр бохир усны гүний худгийн өргөтгөлийн насос, халаалт, цахилгааны угсралтын ажлыг тус тус гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Бид дээрх ажлын гүйцэтгэлийг тухай бүрт нь дүгнэж хүлээлгэн өгч байсан ба 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хийгдсэн ажлуудыг багцлан НЯХП ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдэж холбогдох тооцоог гаргасан байдаг. Тооцоо нийлсэн актын дагуу хийгдсэн ажлын гүйцэтгэлд 338 818 227 төгрөг төлөхийг тооцож, үүнээс 217 541 289 төгрөгийг шилжүүлснийг бартераар буюу баригдсан орон сууц, үйлчилгээний талбайн хэсгээс арилжин тооцож өгөх тооцоонд 33 881 823 төгрөгийг, баталгаанд 8 586 504 төгрөгийг суутган үлдэж, бэлнээр 78 808 611 төгрөгийн өглөг байгааг тооцож гаргасан. Ийнхүү тооцоо нийлсэн актыг гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл хариуцагч талаас ямар ч төлбөрийн үүрэг гүйцэтгээгүй бөгөөд НЯХП ХХК-ийн зүгээс 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 01/072 тоотоор ажил гүйцэтгэх гэрээг цуцлахыг мэдэгдсэн. Манай компанийн зүгээс тус мэдэгдлийн хариуд гэрээг үргэлжлүүлэхийг, мөн төлбөр тооцоог дуусгахыг хүссэн албан тоотыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй тул гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдлийг тооцоо нийлсэн актад зааснаар бартерын 33 881 823 төгрөг, бэлэн өглөг 78 808 611 төгрөг, нийт 112 690 434 төгрөгийг, гэрээний IV гэрээний тусгай нөхцөл-ийн 15-д зааснаар тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрөөс энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргах хүртэл хоногийн 0,1 хувийн 18 593 922 төгрөгийн алданги, нийт 131 284 356 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн ба нийт 4 гэрээний дагуу 410 372 426 төгрөгийн ажил гүйцэтгэхээс 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу 348 319 239 төгрөгийн ажил гүйцэтгэсэн ба үүнээс 217 541 289 төгрөгийн хүлээн авсан. Үлдэгдэл төлбөр 130 777 950 төгрөг, мөн бартераар төлөх ёстой байсан 34 831 924 төгрөг, нийт 165 609 874 төгрөгийн тооцоо үлдсэн байсан. Ажил гүйцэтгэх гэрээний 4-т гэрээний тусгай нөхцөлийн 15-д заасны дагуу тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрөөс хойш 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 890 хоног, хоногийн 0,1 хувийн алданги, нийт 147 392 900 төгрөг болж байгаа ба гүйцэтгээгүй үүрэг 165 609 874 төгрөг, үүний 50 хувь нь 82 804 938 төгрөг болсон. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу 112 917 275 төгрөг байсныг 165 609 874 төгрөг болгон, алданги 17 276 343 төгрөг байсныг 82 804 937 төгрөг, нийт 248 414 811 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 9 240 216 төгрөгөөр багасгаж хариуцагч НЯХП ХХК-аас 239 174 595 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч НЯХП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, Б.А, Б.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭАЧ ХХК болон ДК ХХК нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ЭАЧ ХХК нь Шинэ яармаг хорооллын доторхи бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын 1 дүгээр ээлжийн ажлыг графикийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 61 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. НЯХП ХХК-ийн сангийн хяналтын инженер Б.Очирбат, ЭАЧ ХХК-ийн ерөнхий инженер Н.Пүрэвдорж нар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ дүгнэх хуудсаар бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд ЭАЧ ХХК-аас хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэхэд хэд хэдэн алдаа дутагдал гарсан болохыг баталгаажуулан, ажлыг гэрээт ажлын гүйцэтгэлийн нарийвчилсан графикийн дагуу ЭАЧ ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээний дагуу бүрэн гүйцэтгэж дуусгах үүрэгтэй байсан ч 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээ дүгнэх хуудсаар ажлын гүйцэтгэл хоцорч байгааг сануулан, өвөл байсан тул ажлыг зогсоосон. НЯХП ХХК-ийн төслийн харилцааны менежер Ч.Сүхболд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ЭАЧ ХХК-ийн захирал Б.Энхзул, төслийн ерөнхий менежер М.Бямбажав нарыг байлцуулан тооцоо нийлсэн акт үйлдэхэд актын 4-т бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулахад 357 770 993 төгрөгийн гэрээний дүн бүхий буюу 1 дүгээр ээлжийн ажлын гүйцэтгэл 80 хувьтай байсан. ЭАЧ ХХК зөрчлөө зөвшөөрч анхаарч ажиллана гэсэн ч 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ажлын гүйцэтгэл 80 хувьтай хэвээр, гаргасан зөрчлийг арилгаагүй, гэрээт ажлыг гэрээний дагуу бүрэн гүйцэтгэх хүлээлгэж өгөөгүй байсан. Ажил хүлээлцсэн акт байхгүй, ажлаа хийж дуусгаагүй тул бидэнд хүлээлгэж өгөөгүй. Тооцоо нийлсэн актаар баталгаажуулснаар ЭАЧ ХХК болон ДК ХХК нарын хооронд байгуулсан түр цэвэр усан хангамжийн шугамын угсралтын ажлын гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл санхүүжилт 900 000 төгрөг, бохир ус зайлуулах шугамын угсралтын ажлын гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл санхүүжилт 71 330 190 төгрөг, бартераар солилцохоор тохиролцсон дүн нийлээд 33 125 682 төгрөг байна. Гэтэл ЭАЧ ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажлын гүйцэтгэл ирүүлснээс хойш төлбөрийн нэхэмжлэх ирүүлээгүй, гэрээт үлдэгдэл ажлыг дуусгаагүй алга болсон. Үүнээс хойш ЭАЧ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтнууд солигдсон гэх албан бус мэдээлэл ирж байсан. Ажлын ур чадвар, туршлага тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулахтай холбоотой. Тусгай зөвшөөрлийг авахын тулд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ёстой. Тухайн байгууллагад мэргэшсэн инженер 1 хүн, бакалаврын зэрэгтэй ажилтан 1 хүн байх ёстой. Тус компанийн захирлаар ажиллаж байсан н.Баатарчулуун гуай мэргэшсэн дулааны инженер хүн байсан ба нас барсан, бакалаврын зэрэгтэй хүн нь н.Баатархүү гэж хүн байсан бөгөөд тэрээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө би барилгын талбай дээр инженер хийгээгүй гэсэн байдаг. Талбайн инженер хийж байсан хүн нь н.Жавхлантөгс гэдэг хүн байсан. Тэр хүн ямар мэргэжилтэй гэдэг нь тогтоогдоогүй. ЭАЧ ХХК-ийн ерөнхий инженер М.Бямбажав, инженер Н.Пүрэвдорж нар байгууллага дээр ирж танайд хийж гүйцэтгэсэн ажил чанаргүй, цаашид ажлыг гүйцэтгэх мэргэшсэн хүн байхгүй, бид ажлаасаа гарсан гэж тайлбар өгсөн. Бид ажлыг маань мэргэжлийн хүмүүс хийж гүйцэтгэж байгаа гэж бодож байсан бөгөөд гэтэл эсрэгээрээ байсан тул гэрээг цааш үргэлжлүүлэх найдвар төрөөгүй тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт заасан гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй үндэслэлээр гэрээ цуцлах мэдэгдлийг ЭАЧ ХХК-д 2016 оны 4 дүгээр сард өгсөн. ЭАЧ ХХК нь 2016 оны 8 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбоотой бид тайлбар гарган ажиллагаанд оролцож байсан ч эдний хийсэн ажлын талаар ямар нэг доголдол илэрснийг мэдээгүй байсан.

2016 оны 10 дугаар сард улсын комисст А1-А4 блок барилгыг хүлээлгэж өгөх ажил явагдаж байхад Ус сувгийн удирдах газраас бохирын шугам сүлжээг шалгаж үзээд уг шугам сүлжээг хүлээж авах боломжгүй, бохир усны хоолой хэд хэдэн газраа доголдолтой, солих шаардлагатай гэсэн. Энэ талаар ЭАЧ ХХК-д мэдэгдсэн ч хариу өгөөгүй. Бид байруудыг улсын комисст хүлээлгэн өгөх шаардлагатай байгаа тул бохир усны хоолойг өөр хүмүүсээр янзлуулж байна, хамтран ажиллах инженер явуулна уу гэхэд эднийх бүхэлд нь хийх боломжгүй, хэсэгчилсэн засвар төлбөргүй хийнэ гэсэн. Иймд бид тус ЭАЧ ХХК-тай цаашид хамтран ямар нэгэн ажил явуулах боломжгүй юм байна гэж үзсэн. ЭАЧ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн бохирын шугам сүлжээний ажилд хэрэглэсэн хуванцар хоолойг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэмтэлтэй гэдгийг мэдсэн.

2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Барилгын хөгжлийн төвийн Барилгын материал сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлэн туршилт шинжилгээ хийлгүүлэхэд анх гэрээ байгуулах үед хэрэглэнэ гэж харилцан тохиролцсон хоолойноос өөр, чанар стандартын шаардлага хангахгүй хоолой хэрэглэсэн болох нь тогтоогдоод байгаа бөгөөд энэ тухай ЭАЧ ХХК-д албан ёсоор мэдэгдэж холбогдох зөрчлийг арилгахыг шаардсан боловч ямар нэг хариу ирүүлээгүй, арга хэмжээ авч ажиллаагүй. Тухайлбал, хоолойг Н2SO4-хүхрийн хүчлийн 30 хувийн уусмалд дэвтээхэд жингийн хорогдол нь MNS ISO 8772:2008 стандартын шаардлагын дагуу ≤0,2 мг/см2 байх ёстой хэмжээнээс хэтэрч -0,33861 мг/см2 гарсан нь анх гэрээ байгуулахад хэрэглэхээр харилцан тохиролцсон хоолойг НЯХП ХХК-д мэдэгдэлгүй дур мэдэн өөрчилсөн, стандартын шаардлага хангахгүй хоолой хэрэглэсэн байна. ЭАЧ ХХК-ийн сонгон авч хэрэглэсэн хуванцар хоолой нь хурдан элэгдэж, цоорох эрсдэлтэй, чанар стандартын шаардлага хангахгүй хуванцар хоолойг манай шугам сүлжээний угсралтын ажилд хэрэглэсэн бөгөөд бид тус хоолойг сольж чанар, стандартад нийцүүлэхээр ажилласан. Тус ажилд зарцуулагдсан төлбөр тооцоог гаргаж гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо ЭАЧ ХХК-иас нэхэмжилсэн ба тус компанийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ДК ХХК нь Шинэ яармаг төслийн ерөнхий гүйцэтгэгчийн хувьд НЯХП ХХК-тай гэрээ байгуулсан. Энэ төсөл нилээдгүй том хэмжээний өргөн хүрээтэй төсөл бөгөөд барилгын салбарт туршлагатай компани ерөнхий гүйцэтгэгч байх нь төсөл цаашид амжилттай хэрэгжих хүчин зүйл байсан учраас манай компани НЯХП ХХК-тай захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ байгуулан ажилласан. Энэ ч үүднээс НЯХП ХХК нь ЭАЧ ХХК-тай гэрээ байгуулан ажилласан байх ба ямар үйл явц болсон талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сонслоо. Тооцоо нийлсэн акт болон нэмэлт гэрээ манай компанийн оролцоогүйгээр явагдсан учир 2 талын зөв, буруу эсэхийг хэлэх боломжгүй гэжээ.

Хариуцагч НЯХП ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, Б.А, Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НЯХП ХХК, ДК ХХК болон ЭАЧ ХХК нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Шинэ яармаг орон сууцны цогцолбор хорооллын доторх гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.15, 3.4.16 дах заалтад заасан үүрэг, хавсралт 7-д зааснаар баталгаажуулсан гэрээт ажлын гүйцэтгэлийн нарийвчилсан графикт заасан хугацаанд ажил гүйцэтгэх үүргээ ЭАЧ ХХК нь зөрчсөн. НЯХП ХХК нь Шинэ яармаг орон сууцны цогцолбор хорооллын доторх гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлыг ЭАЧ ХХК-иар гүйцэтгэхээр ЭАЧ ХХК болон Шинэ яармаг орон сууцны цогцолбор хорооллын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч ДК ХХК-тай харилцан тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 2 үе шаттай ажил гүйцэтгэх байсан бөгөөд эхний үе шатны ажлыг ЭАЧ ХХК нь 80 хувийн гүйцэтгэлтэй хийсэн гэж НЯХП ХХК-д ажил хүлээлгэж өгөх акт бусад бичиг баримтуудын хамт хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу 2015 онд буюу эхний үед хийгдэх ажилд 357 770 993 төгрөгийн санхүүжилт олгох байснаас ЭАЧ ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг НЯХП ХХК нь ажлын гүйцэтгэл дүгнэх аргачлалын дагуу дүгнээд 278 655 391 төгрөгийн санхүүжилтийг олгохоор тооцсон.

ЭАЧ ХХК нь тус санхүүжилтийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан ба гэрээний дагуу бартерд 27 865 539 төгрөг, баталгаанд 8 359 662 төгрөгийг суутгаад нийт 171 100 000 төгрөгийг ЭАЧ ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Уг мөнгөө Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасны дагуу ЭАЧ ХХК-аас гаргуулан авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд: ЭАЧ ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ ажил гүйцэтгэлийн графикт хугацаанд биелүүлж, 100 хувь ажлаа дуусган хүлээлгэн өгөөгүй. Ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 7. Гэрээт ажлын гүйцэтгэлийн нарийвчилсан графикийн дагуу ЭАЧ ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Шинэ яармаг хорооллын гадна бохир ус зайлуулах (газар доор, хөлдөлтийн гүнээс доош, хөрсний даралт даах үйлчлэх гүнд угсрагддаг инженерийн шугам сүлжээ)-г 100 хувь хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Захиалагч буюу НЯХП ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажлын гүйцэтгэлтэй танилцахад гүйцэтгэл 80 хувьтай гэж үзсэн бөгөөд гүйцэтгэгчид гэрээнд заасан хугацаа өнгөрчихөөд байгааг анхааруулан ажлаа 100 хувь болгон хүлээлгэж өгөх нэмэлт хугацааг өгч байсан. Тус нэмэлт хугацааг тогтоож өгсөн актыг үйлдсэнээс хойш гүйцэтгэгч нь барилгын талбай дээр нэмж ажил хийгээгүй бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэгчтэй тооцоо нийлэхэд ажлын гүйцэтгэл хэвээр байсныг баталгаажуулсан. Гүйцэтгэгч нь захиалагчтай зөвшилцөж тохиролцоогүй, чанар муу материал ашигласан. Барилгын ажлын зураг, гэрээний тусгай нөхцөлд заагдсан норм, стандартыг заавал мөрдөнө. Гэрээний техникийн тусгай шаардлага 1-д "Материалын сонголтыг захиалагч талд танилцуулж зөвшөөрөл авч гэрээг хийнэ. Зөвшөөрөлгүй материалаар угсралт хийхийг хориглоно гэж заасны дагуу 2015 оны 9 дүгээр сард ЭАЧ ХХК-ийн гүйцэтгэх захирал болон төслийн менежер нар нь НЯХП ХХК-д гэрээний дагуу ашиглах хоолойгоо биетээр авчран танилцуулсан. Тус хоолой нь дотор тал болон гадаргуу нь хар өнгөтэй байсан бөгөөд энэ хоолойгоор ЭАЧ ХХК нь Асем Велла хотхоныг барихад ашигласан сайн чанартай хоолой гэж захиалагчид танилцуулсан байна. НЯХП ХХК нь танилцуулсан хоолойгоор гэрээт ажлыг гүйцэтгэхээр болж тус хоолойн үнэ, тээврийн зардал зэргийг гүйцэтгэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр санхүүжилтийг олгосон. НЯХП ХХК 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр барилгын талбайгаас буюу газар доороос авсан гадна бохирын шугаманд ашигласан материалын дээжийг Барилга хөгжлийн төвийн барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 16001986 дугаартай сорилт шинжилгээний дүн гарсан. Тус шинжилгээгээр ...хүхрийн хүчлийн 30 хувийн уусмалд дэвтээхэд жингийн хорогдол нь МNS ISO 8772:2008 стандартын шаардлагын дагуу -0.2мг/см2 байх ёстой хэмжээнээс хэтэрч -0,33861мг/см2, хуванцар хоолой нь хурдан элэгдэж, цоорох эрсдэлтэй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ус сувгийн удирдах газраас ЭАЧ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн тус шугам хоолойг сольж тавих шаардлагатай байгаа талаарх албан шаардлагыг НЯХП ХХК-д ирүүлсэн. ЭАЧ ХХК хямд, чанар муу материал ашиглаж гэрээт ажлыг гүйцэтгэснээс талбай дээр хоолойнд доголдол гарсан, Ус сувгийн удирдах газраас акт тавьсан, улмаар улсын комисс хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул манай компани нь ЭАЧ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн хоолойг сольж дахин шинээр өөр компаниар гүйцэтгүүлэх щаардлагатай болсон. Иймд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ЭАЧ ХХК-д олгосон санхүүжилт 171 100 000 төгрөгийг буцаан шаардсан. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу 80 хувийн ажлын гүйцэтгэлийг НЯХП ХХК хүлээн авсан боловч ЭАЧ ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд доголдол илэрч гадна шугам хоолоо тэр чигээрээ эвдэрч ашиглах боломжгүй болсон байсан. Дээрхи хоолойн эвдрэлийг хэрхэн яаж засварлаж болох талаар 2017 онд судалгаа хийж Ус сувгийн удирдах газарт хүсэлт гаргаж зориулалтын камерыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хоолойн дундуур явуулсан. Гэтэл камерын бичлэгээр хоолойг хэсгээр биш бүхлээр нь солихоос аргагүй байдалд орсон болохоо мэдэж Гурван Булаг Сод ХХК болон Лабо ХХК-иудтай гэрээ байгуулан ажлыг бүхэлд нь дахин хийлгүүлсэн. Лабо ХХК нь НЯХП ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 17/107 дугаартай Шинэ яармаг орон сууцны төслийн хорооллын доторх А1-А4 барилгын урд талын газар шорооны эргэн булалт, нягтруулалт, явган зам дэвсэх ажлыг хийж гүйцэтгэх гэрээг байгуулан ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Уг гэрээний нийт дүн 17 860 370 төгрөг бөгөөд НЯХП ХХК нь 12 286 940 төгрөгийг өгсөн. Мөн Гурван булаг сод ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Шинэ яармаг орон сууц төслийн хорооллын доторх А1-А4 барилгын урд талын гадна бохир усны шугамын засварлах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба гэрээний нийт дүн 47 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Шинэ яармаг орон сууцны төслийн хорооллын доторх баруун талын гадна бохир усны шугамын засварлах ажил гүйцэтгэх гэрээний дүн 76 000 127 төгрөг. Лабо ХХК-д 93 600 076 төгрөгийг шилжүүлээд байгаа бөгөөд ЭАЧ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн хуванцар хоолойг ширмэн хоолой болгон сольж хийсэн бөгөөд тус хоолойг НЯХП ХХК өөрсдөө захиалж авчруулсан ба хоолойн төлбөрт 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 24 607 688 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх гэрээнүүдийн төлбөрийн үлдэгдлийг НЯХП ХХК нь төлөх нь тодорхой бөгөөд төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл болон ширмэн хоолойн худалдаж авсан хоолойн үнийн нийлбэр 56 216 369 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Дээрх байдлуудтай холбоотой байр захиалсан иргэд гэрээгээ цуцалсан бөгөөд байр захиалсан иргэд болох н.Ерөөлтөд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 39 784 000 төгрөг, н.Сарандуламд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 6 000 000 төгрөг, н.Отгончимэгт 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 46 577 800 төгрөг, н.Бат-Эрдэнэд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөг, н.Будхүүд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 20 000 000 төгрөг, нийт 117 361 800 төгрөгийг орон сууц захиалгын гэрээгээ цуцалсан дээрхи иргэдэд буцаан шилжүүлсэн. ЭАЧ ХХК-д ажлын хөлсөнд шилжүүлсэн 171 100 000 төгрөг, бохир ус зайлуулах зардал, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд төлсөн төлбөрийн нийлбэр 59 286 940 төгрөг, байр захиалгын гэрээ цуцалсан иргэдэд 117 361 800 төгрөг, Гурван Булаг Сод ХХК-д шилжүүлсэн төлсөн 54 315 076 төгрөг, нийт 402 063 016 төгрөг дээр төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл болон ширмэн хоолой худалдаж авсан хоолойн үнийн нийлбэр 56 216 369 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Мөн Лабо ХХК-д дугуйн замын засварын зардалд 7 500 000 төгрөг шилжүүлсэн ба төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл ширмэн хоолой худалдан авсан үнийн нийлбэр нийт 63 689 969 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд нэхэмжлэгч ЭАЧ ХХК-иас орон сууцны хорооллын доторхи гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний ажлыг Гурван булаг сод ХХК-иар ажил дахин шинээр гүйцэтгүүлсэн 123 127 000 төгрөг, худгийн гадна талын чигжээсийн нэмэлт ажлын төлбөр 715 000 төгрөг, бохирын шугамын ширмэн хоолойн үнэ 24 607 688 төгрөг, Лабо ХХК-д газар шорооны ажилд 17 860 370 төгрөг, Мега Титан ХХК-д дугуйн замын засварын ажилд 7 500 000 төгрөг, 5 иргэн орон сууц захиалгын гэрээ гэрээ цуцалсны хохиролд 117 361 800 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл нийт 11 удаа бохир ус соруулсны хөлс 3 608 000 төгрөг, ЭАЧ ХХК-д урьдчилан төлсөн ажлын хөлс 171 100 000 төгрөг, нийт 465 752 985 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ЭАЧ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шугам хоолой гэмтэлтэй байсан нотлох баримт байхгүй. Гэмтэл байгаад манайхаас хийгээд өгье гэхэд өөр компаниар хийлгэсэн. Үүнээс ашиг сонирхлын зөрчил харагдаж байна. Тухайн үедээ хугацаа хэтэрсэн үндэслэлээр гэрээ цуцалсан, энэ асуудлыг яриагүй байж одоо ярьж байгаа нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлт гарсан талаар талууд хүлээн зөвшөөрч байна. Доороо суулт өгөөд бяцарсан гэдэг нь ойлгомжгүй бөгөөд дээрээс даралт өгөхөд бяцрах ёстой. ЭАЧ ХХК үлдсэн газар шорооны ажил буюу 10 хувийн ажлаа хийх саналыг тавихад НЯХП ХХК хийлгээгүй. Биднийг ажлаа хийгээгүй гэж байгааг зөвшөөрөхгүй ба Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасны дагуу илэрсэн доголдлоо манайх засварлах байсан. Бохирын хоолойг хуванцар хоолойгоор хийхээр болж талууд хүлээн зөвшөөрсөн. Орон сууц захиалсан 5 иргэний гэрээг цуцалсан гэх бөгөөд энэ нь талуудын эрх. Өөр зүйлээс болж цуцалсан байж болох бөгөөд тухайн 5 иргэний захиалсан гэх орон сууцыг худалдан борлуулсан. Шугам хоолой ямар нэгэн шинжилгээний бичиггүй, стандартын шаардлага хангаагүй гэж байна. Шинжилгээний бичиг хэргийн материалд хавсаргагдсан бөгөөд БНХАУ-ын Бээжин хотоос уг хоолойг худалдаж авсан баримтууд бий. Гарал үүслийн бичиг бүхий чанарын шаардлага хангасан хоолойг гэрээний дагуу суурилуулсан. Ямар тэмдэглэгээ өөр байгаад байгааг ойлгохгүй байна. Мега Титан ХХК, Гурван Булаг Сод ХХК манай гүйцэтгэсэн ажил дээр явган хүний зам, дугуйн замын ажил гүйцэтгэсэн бөгөөд хүнд даацын машин явуулснаас хоолойд гэмтэл учирсан гэж үзэж байгаа. 2015 оны 11 дүгээр сард барилгын ажил зогссон ба 2016 оны 2 дугаар сарын эхээр ЭАЧ ХХК-ийн үүсгэн байгуулагч, энэ гэрээг байгуулсан захирал нас барсан. Хариуцагч тал энэ байдлыг ашиглаад өмнө тооцоо нийлсэн актыг бага дүнгээр дахиж үйлдсэн нь төлбөр төлөхөөс зугтаасан гэж үзэх үндэслэлтэй. Манай компани ажлаа гүйцэтгэе, тооцоогоо дуусгая гэж удаа дараа НЯХП ХХК-д хүсэлт гаргахад биднийг барилгын талбайд оруулахаа ч больсон. Ингээд 2016 оны 4 дүгээр сард гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн бөгөөд мэдэгдэлд хоолойд доголдол байна гэсэн атлаа хаана нь ямар доголдол гарсан нь тодорхойгүй байсан. Бидний байгуулсан гэрээн дээр манай гүйцэтгэсэн ажилд доголдол гарсан тохиолдолд доголдыг арилгах арга замыг тодорхойлсон. 2016 оны 10 дугаар сард Ус сувгийн удирдах газраас шугам хоолой эвдрэлтэй гэхээр нь мэдсэн гэж байх ба гэхдээ 2017 онд Мега Титан ХХК-иар дугуйн зам засварын ажил гүйцэтгүүлсэн гэж байна. Хариуцагч талын тайлбарлаад байгаа шиг эвдрэлтэй бол хоолой дээгүүр зам тавихгүй. Манай хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт шилжүүлсэн 171 100 000 төгрөгөө буцаан гаргуулна гэж байх ба Иргэний хуульд өөрсдийн зардлаар эсвэл гуравдагч этгээдээр засуулаад мөнгөө үүрэг гүйцэтгэгчээс гаргуулна гэсэн заасан бөгөөд манайд өгсөн хийсэн ажлын хөлс болон гуравдагч этгээдээр засуулсан гэх мөнгийг давхар нэхэж байгаа нь ойлгомжгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани барилгын салбарт 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай компани бөгөөд хариуцагч НЯХП ХХК-тай хамтарч үйл ажиллагаа явуулдаг ба талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд захиалагчийн хувьд оролцсон. Гэрээний үйл явцад оролцоогүй. Нэхэмжлэгч ЭАЧ ХХК гэрээт ажлын 80 хувийг гүйцэтгэчихээд 100 хувийн гүйцэтгэлийн мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийг дэмжсэн байр суурьтай оролцож байгаа. ЭАЧ ХХК-ийн захирлын нэр хүнд, байр суурьт итгэн нэхэмжлэгч талтай гэрээ байгуулсан бөгөөд хариуцагчийн зүгээс мэргэжлийн боловсон хүчин байхгүй учир гэрээг цуцалсан гэж байсан. Үүнийг нэг талаасаа үндэслэлтэй гэж үзэхээр байна. Захирлын дараа мэргэжлийн хүн ажиллаагүй талаар өмнөх хурал дээр тайлбарлаж байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч НЯХП ХХК-иас 120 328 373 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭАЧ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 118 846 222 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ЭАЧ ХХК-аас 3 608 000 төгрөг гаргуулан хариуцагч НЯХП ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 462 144 985 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ЭАЧ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 563 342 төгрөгийг болон хариуцагч НЯХП ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 3 958 059 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НЯХП ХХК-аас 759 591 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭАЧ ХХК-д, нэхэмжлэгч ЭАЧ ХХК-аас 72 678 төгрөг гаргуулан хариуцагч НЯХП ХХК-д олгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 28676 дугаар захирамжаар хариуцагч НЯХП ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 131 284 356 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1475 дугаар захирамжаар нэхэмжлэгч ЭАЧ ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг 171 100 000 төгрөгийн хэмжээгээр зогсоосон бөгөөд уг захирамжууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэмэлт гэрээнүүд болох 3 гэрээнд талууд маргахгүй байгаа бөгөөд үндсэн гэрээ болох Гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний үр дүн доголдолтой, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж маргаан бүхий гэрээг цуцлах үндэслэл нотлох баримтуудыг гаргаж сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан тодорхой бус доголдлыг тогтоохын тулд хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд 2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэгч талын хийсэн ажил доголдолтой байсан талаар бүхий л нотлох баримтуудыг шүүхийн журмаар хариуцагч тал шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 15/77 дугаартай Үнийн санал хүргүүлэх тухай албан бичгийг хариуцагч талд гэрээ байгуулахаас өмнө өгсөн бөгөөд тус үнийн саналыг хариуцагч тал хүлээн авч гэрээг байгуулсан байдаг. Тус үнийн санал HDPE SN8 ф300 мм шугам хоолойг тээврийн зардалтайгаа нийлээд 22 300 000 төгрөгөөр авчирна гэсэн. Харин хийгдсэн хоолой нь анх бидэнд үзүүлж үнийн санал болгосон хоолойгоос өөр, хэврэг амархан эвдэрч байсан талаар гэрчийн мэдүүлэг өгсөн Б.Алтанхуяг инженерийн мэдүүлэгт тодорхой дурдсан байдаг. Нөгөөтэйгүүр 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Барилга хөгжлийн төвийн лабораторийн шинжилгээгээр уусмалд дэвтээхэд жингийн хорогдол ≤ 0.2 мг/см2 байх ёстой байснаас -0,33861мг/см2 гэж гарсан нь гадна бохир усны шугам хоолой чанарын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтэд анх хүрсэн. Ингээд нэхэмжлэгч талын маргаан шүүхийн шатанд явж байх үед 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын ус сувгийн удирдлагын албанаас 111 дугаартай албан шаардлага хариуцагч талд өгсөн байдаг. Тус албан шаардлагаар бохирын шугам руу хөрсний ус орж байна, яаралтай зогсоож эргэж мэдээллэх гэсэн байдаг. Анхан шатны шүүх хуралд тус албан шаардлагыг бичсэн, очиж үзсэн ажилтныг гэрчээр оролцуулж мэдүүлэг авч барилгын баруун талын шугам хоолойд хөрсний устай байсан хөрсний ус байх ёсгүй талаар тодорхой мэдүүлсэн. Мөн Бохир ус зайлуулах болон дренажийн системд зориулсан өндөр нягттай полиэтилэн (HБ-PE) хуванцар хоолойн, холбох хэрэгсэл шаардлагууд MNS ISO 8772:2008 Монгол Улсын стандартын 11.1-д Хоолойнууд дээрх тэмдэглэгээнд дараах мэдээллийг агуулсан байдаг. Үүнд: Энэ стандартын дугаар, үйлдвэрлэгчийн нэр болон таних тэмдэг, хоолойн материал PE-HD, хоолойны нэрлэсэн голч, хоолойны нэрлэсэн ханын зузаан, Үйлдвэрлэлийн мэдээлэл эдгээр мэдээллүүдийн ганц нь ч шугам хоолойн дээр байхгүй бөгөөд гарал үүслийн гэрчилгээ нь яг энэ шугам хоолойн гэрчилгээ мөн эсэх нь хүртэл эргэлзээтэй, мөн гэж батлах ямар нэгэн нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй байдаг. Харин хариуцагч тал хоолойн дээрх өөр ойлгомжгүй бичээс байгаа талаарх фото зургийг сүүлд сольж хийлгүүлсэн ширмэн хоолойн тэмдэглэгээ бүхий зурагтай харьцуулах байдлаар шүүхэд гаргаж өгсөн байдаг. ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтэд шугам хоолойг ердийн байдлаар ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд тус дүгнэлттэй холбоотойгоор шинжээч нараас тодруулан мэдүүлэг авсан. Шинжээч нарын мэдүүлэгт барилгын баруун талын шугам хоолойнд үзлэг хийж үзэхэд хоолойн зарим хэсэг хагарсан, хөрсний ус нэвчсэн, хөрсний даралт үүссэн гэж мэдүүлсэн бөгөөд юунаас болж хөрсний даралт үүсэж болох талаар мэргэжлийн инженерүүдээс тодруулж мэдүүлэг авахад газрын ухалтын ажилд алдаа гарч шугам хоолой доош суулт өгснөөс шугам хоолой хагарна, зууван хэлбэртэй болно гэсэн байдаг. Гэрээ дүгнэх хуудаст 2015 онд ухалтын алдаа гарч байгаа тухай гүйцэтгэгч талд сануулсан бөгөөд тус доголдлыг захиалагч тал хэлж анхааруулж байсан. Тус шугам хоолойн бичлэгт анхан шатны шүүх үзлэг хийж нотлох баримтаар хавтаст хэрэгт баримтжуулсан байдаг. Тус бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр шугам хоолой зууван болсон, хэсэг хэсэг газруудад хагарсан, чулуу орсон байдалтай байсан.

Нэхэмжлэгч тал 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 1-д зааснаар энэ гэрээний дагуу гүйцэтгэгч нь Шинэ яармаг хорооллын доторх гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлыг МУ-ын хууль тогтоомж, барилгын норм дүрэм-ийн дагуу хийж гүйцэтгэх байсан. Тус ажлын задаргаа гэрээний 7-р хавсралтад Гэрээт ажлын гүйцэтгэлийн нарийвчилсан графикт-т тусгасан, ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн байдаг. Гэрээ байгуулах үед дагаж мөрдөж байсан 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д Барилга байгууламж гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 1.1-д ...хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалттай инженерийн барилга байгууламжийг өмчлөх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэсэн байна. Үүнээс үзэхэд гүйцэтгэгч талын хийж гүйцэтгэх ажил бол зургийн дагуу нэг бүхэл инженерийн барилга байгууламжийг барих ажил байсан бөгөөд дан ганц худаг, эсхүл хоолой угсрах ажил байгаагүй юм. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно гэж заасан байна. Хариуцагч талын ашиглаж байгаа 22 худаг нь бохир ус зайлуулах шугам сүлжээ бүхий инженерийн байгууламжийн нэг бүрдэл хэсэг бөгөөд шугам хоолой эсвэл худаг доголдолтой байгаа нь тухайн байгууламжийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй бөгөөд гэрээт ажил нь нэг бүхэл цогц ажил юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч гэрээний дагуу 22 худаг угсарсан, одоо уг 22 худаг ашиглагдаж байгаа талаар хариуцагч тал өмнө нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанд тайлбарласан ба 10 худаг, 11 шугам хоолойд үүссэн гэх гэмтлийн шалтгаан, нөхцөл тодорхойгүй байхад тухайн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил бүхэлдээ доголдолтой гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл ойлголт бөгөөд шугам хоолой доголдолтой байгаа нь инженерийн байгууламжийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон нөхцөл байдал үүссэнийг тодорхойлоогүй байна.
Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт Гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэнэ гэж, Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж тус тус заасан. Гэтэл Ус суваг удирдах газраас 2017 онд шугам хоолойг засварлах шаардлагатай гэсэн албан тоот ирсэн нь тус ажлын гүйцэтгэл доголдолтой гэдгийг итгэж байгаа юм.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг гүйцэтгэгч тал хүлээсэн байдаг. анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэгч тал гэрээт ажлаа хийсэн ажлын үр дүнг захиалагч талд хүлээлгэж өгсөн гэж үзвэл тус үр дүн доголдолгүй байх үүргийг гүйцэтгэгч тал хүлээсэн байна. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэл уг хийсэн ажлын үр дүнг доголдолтой байгааг нотолсон баримтууд, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, сиди бичлэг зэрэг нотлох баримтууд байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч тал гэрээний дагуу гүйцэтгэсэн ажилд хэрэглэсэн шугам хоолойн гарал үүслийн талаарх болон чанартай холбоотой баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд гэрээ байгуулах үед захиалагч талд үзүүлсэн хоолойг ажлыг гүйцэтгэхдээ өөр хоолойгоор сольсон гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй бөгөөд гэрчүүд мэдүүлгүүдийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй тул тэдний мэдүүлгийг үнэлээгүй болно гэсэн нь тодорхойгүй тайлбар бөгөөд гэрчийн мэдүүлгүүд бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа үйл баримтуудыг бүхэлд нь үгүйсгэж гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд доголдол гараагүй гэж дүгнэсэн байна. Нөгөөтэйгүүр доголдлыг тухайн үед захиалагч мэдээгүй байж болох бөгөөд дараа нь мэдсэн үйл баримтуудад дүгнэлт өгөөгүй байна. Тус дүгнэлтээс үүдэн Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч ЭАЧ ХХК 2015 оны 12 дугаар сарын 03, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрүүдийн тооцоо нийлсэн актын дагуу үлдэгдэл хөлсөө нэхэмжилсэн нь үндэслэлтэй, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15/204 тоот гэрээний дагуу нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн ажил бүхэлдээ доголдолтой нь тогтоогдоогүй тул уг ажлын гүйцэтгэлд нэхэмжлэгч ЭАЧ ХХК-д шилжүүлсэн 171 000 000 төгрөг, Гурван булаг сод ХХК-д төлсөн 123 127 000 төгрөг, нэмэлт ажилд худгийн гадна талын чигжээсийн ажил гүйцэтгэсэн 715 000 төгрөг, бохирын ширмэн хоолойн үнэ 24 607 688 төгрөг, газар шорооны ажилд Лабо ХХК-д төлсөн 17 860 370 төгрөг зэргийг тус тус нэхэмжлэгч талаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь доголдлоос үүдэн гарсан хохирлыг үгүйсгэж сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаагүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Гэрээний талууд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гүйцэтгэлийн төсөвт өртгийн товчоо үйлдэх үед 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний ажлын явц 80 хувьтай байсан, мөн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээ дүгнэх хуудаст үндсэн гадна бохир усны системийн угсралт 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусах байсан ч 11 дүгээр сарын 20-ны өдөр 80 хувьтай байна. Шугам хоолойн угсралтанд, газар шорооны ухалтын ажилд удаа дараа алдаа гарч байсан. Үндсэн системийг бүрэн угсарч дуусгах, шахаж шалгах, угсралтын чанарт анхаарах гэсэн талаар хэн аль нь мөн маргаагүй гэж заасан бөгөөд дээрх актууд нь ажлын гүйцэтгэл 80 хувьтай байсныг нотолж байгаа болохоос биш гэрээт ажлын гүйцэтгэлийн үр дүнг хүлээж авсан гэж ойлгогдохгүй юм. Учир нь маргаан бүхий гэрээний 10.4-д дундын санхүүжилт олгох шаардлагатай баримт гэдэгт ил далд ажлын актууд, гүйцэтгэл бичсэн хуудас, 10.5-д ...барилгын ажлын актууд, тоног төхөөрөмжийн паспорт, гарал үүслийн бичиг гэх мэт ажлын гүйцэтгэлийн баталгааны (ажлын гүйцэтгэлийн явцад авсан фото зургийн альбом, гүйцэтгэл эсхүл хүлээн авсан тухай актууд гэх мэт) баримтуудын хамт гүйцэтгэгч тал ирүүлснээр захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг шилжүүлэхээр заасан байна. Гэтэл бодит байдалд гүйцэтгэгч тал захиалагч талд дээрх баримт бичгүүдийн алиныг нь ч ирүүлээгүй бөгөөд төсөвт өртгийн товчоо, гэрээ дүгнэх хуудас зэрэг нь ажлын явцыг тодорхойлсон, захиалагч тал гүйцэтгэгч талын ажлын гүйцэтгэлд хяналт тавьсан гарын үсэг бүхий баримтууд байдаг.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрүүдэд тооцоо нийлэн баталгаажуулсан акт ёсоор гүйцэтгэгч ЭАЧ ХХК нь 410 372 426 төгрөгийн үнэлгээ бүхий ажил гүйцэтгэхээс 348 319 239 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, 217 541 289 төгрөгийн хөлс авсан тул үлдэгдэл төлбөр 130 777 950 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй, буруу бөгөөд хариуцагч тал хамгийн сүүлд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөр тооцоо нийлсэн баримтыг үндэслэж хариу тайлбараа гаргаж байсан. 4 гэрээний нийт хийсэн ажлын гүйцэтгэлийн дүн 331 256 824 төгрөг бөгөөд үүнээс 217 328 373 төгрөгөөр хангасан нь ойлгомжгүй бөгөөд шүүхийн шийдвэрт тодорхой дурдаагүй байна. Мөн бартер, баталгааны төлбөрийг төлөхийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэрээнд заасан журмын дагуу төлбөрийн хэлбэрээр барагдуулах нь зүйн хэрэг юм.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ дүгнэсэн хуудаст талууд гарын үсэг зурсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 15-нд 100 хувь болж дуусах ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа тухай дүгнэсэн нь үүргээ гүйцэтгэж дуусахыг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан гэж үзэж байгаа бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ажлын гүйцэтгэл 100 хувь болоогүй, гол ажилчид болох ерөнхий инженер, менежер нь ажлаасаа гарчихсан энэ гэрээг байгуулах болсон гол боловсон хүчин байхгүй орлон ажиллаж чадах ямар нэгэн мэдээллийг бидэнд тухайн үед хариуцагч тал ирүүлээгүй, гэрээт ажлыг цааш үргэлжлүүлэн гүйцэтгэх талаар итгэл үнэмшил байгаагүй тул гэрээг цуцлах саналыг гаргасан.

Хариуцагч тал 2017 оны 6 дугаар сарын 28-нд 01/187 дугаартай хохирлыг барагдуулах яаралтай арга хэмжээ авч өгөх тухай албан тоотыг нэхэмжлэгч талд явуулсан боловч хариу өгөөгүй тул 2017 оны 7 дугаар сарын 20-нд 01/198 дугаартай албан тоотыг өгөхөд 2017 оны 7 дугаар сарын 24-нд 17/89 дугаартай хариу авсан. Албан бичгээрээ доголдол гарсныг хүлээн зөвшөөрч ажлын хөлсгүйгээр засаж өгье гэснийг шүүх авч үзээгүй. Энэ албан бичгийг өгөхөөс өмнө шинжээч багш нар нэхэмжлэгч талын захирал болон инженер нь хамт шугам хоолойнд үзлэг хийгээд бидэнд энэхүү зарим хэсгийн зөвхөн засварыг үнэгүй засах албан бичгээ илгээсэн байна. Тус албан тоотод Гэрээг хэрэгжүүлэхийн тулд бидний хооронд өмнө байгуулагдсан гэрээ, гэрээ дүгнэсэн акт, тоо нийлсэн актын дагуу төлбөрийг барагдуулж, танай шугам хоолойгоор бид нэмэлт ажлын хөлсгүйгээр А1-А4 хэсэг (энэ нь барилгын урд хэсгийн шугам хоолой)-ийн ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ. Үүнээс үзэхэд тухайн үед нэхэмжлэгч тал 131 284 356 төгрөгийг нэхэмжилж байсан. Дээр нь нэмэгдээд шугам хоолойн төлбөр 24 607 688 төгрөг зөвхөн барилгын урд хэсгийн шугам хоолойг солиход хариуцагч тал нэхэмжлэгч талд 155 892 044 төгрөг төлөх бөгөөд үлдэх барилгын баруун талын шугам хоолойг хэдэн төгрөгөөр янзлуулах нь тодорхойгүй доголдлын зарим хэсгээ л төлбөргүй засна гэж гүйцэтгэгч илэрхийлж байсан. Нэхэмжлэгч тал өөрийн буруутай үйлдэлдээ манай компаниас маш их зардал нэмж авсан тул гуравдагч компаниар барилгын урд болон баруун талын шугам хоолойг засварлуулсан. Ингээд гуравдагч компаниар засварлуулсан зардал нийт 173 683 058 төгрөг болсон болно. Энэ төлбөрийг хариуцагч тал хохирол гэж үзнэ. Иймд бид нэхэмжлэгчийн ийм харилцан ашиггүй эвлэрэн хэлэлцэх саналыг хүлээн аваагүй болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн хийсэн ажил доголдолтой болохыг тогтоосон баримтуудыг шинжлэн судалж, гуравдагч этгээдээр доголдлыг засварлуулсан 173 683 058 төгрөгийн зардал, нэхэмжлэгчид шилжүүлсэн байсан 171 100 000 төгрөг нийт 344 783 058 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хангаж, мөн нэхэмжлэлийн шаардлагаас 120 328 373 төгрөгийг хангасан хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчилж, гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ЭАЧ ХХК нь хариуцагч НЯХП ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 239 174 595 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлын үр дүнгийн доголдлын улмаас учирсан хохиролд 465 752 985 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч ЭАЧ ХХК нь НЯХП ХХК болон ДК ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15/204 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Шинэ Яармаг орон сууцны цогцолбор хорооллын гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлыг 2 үе шаттай гүйцэтгэх, нийт санхүүжилт 715 541 986 төгрөг, эхний ээлжинд 2015 онд 357 770 993 төгрөгийн, 2 дахь ээлж буюу 2016 онд 357 770 993 төгрөгийн ажлын хөлс төлөхөөр тус тус төлөхөөр тохиролцжээ. / хх-ийн 6-30/

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

Мөн нэхэмжлэгч нь 2015 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний нэмэлт хавсралтаар А1-А4, L1-L2 барилгуудын бохир усны түр шугамын угсралтын ажлыг 15 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр, хариуцагч ажлын хөлс 29 967 190 төгрөг төлөхөөр, уг гэрээний нэмэлт хавсралт 2-оор нэхэмжлэгч нь А1-А4, L1-L2 барилгуудын түр цэвэр усан хангамжийн шугам угсралтын ажлыг 15 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр, хариуцагч ажлын хөлс 16 615 537 төгрөг төлөхөөр, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээний нэмэлт хавсралт 3-аар нэхэмжлэгч бохир усны түр гүний худгийн өргөтгөлийн насос, халаалт, цахилгааны угсралтын ажлыг гүйцэтгэх, хариуцагч ажлын хөлс 6 018 706 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон ба эдгээр гэрээний нэмэлт хавсралтаар гүйцэтгэсэн ажлын үр дүн, уг ажлын үр дүнд төлөгдсөн ажлын хөлсний талаар зохигчид маргаагүй байна. /хх-ийн 31-39/

Харин 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15/204 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын үр дүн доголдолтой эсэх, хариуцагч тал гэрээг цуцалсан нь үндэслэлтэй эсэх талаар маргажээ.

1.Гэрээний явцад 15/204 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 2015 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн байдлаарх гүйцэтгэлийн төсөвт өртгийн товчоо, мөн 2015 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ дүгнэх хуудас, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн болон 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн акт зэргээс үзэхэд хариуцагч НЯХП ХХК нь нэхэмжлэгч ЭАЧ ХХК-д 2016 оны 4 дугаар сарын 8-ны өдөр 01/072 тоот гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлэх хүртэлх хугацаанд хийсэн ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэх тул хариуцагчаас нэхэмжлэгчид Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан ажлын хөлс төлөх үүрэг үүссэн байна. /хх-ийн 40, 3хх-ийн 7, 5хх-ийн 10/

Талууд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлсэн актаар ажлын гүйцэтгэлийн хувь, төлбөрийг хамтран тооцсоноор гүйцэтгэгч ЭАЧ ХХК-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг захиалагч тал хүлээн авсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн боловч хүлээлгэн өгсөн ажлын үр дүнгийн зарим хэсэг буюу гадна бохир усны шугамын ажил доголдолтой байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээний 1-д энэ гэрээний дагуу гүйцэтгэгч нь Шинэ яармаг хорооллын доторх гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлыг Монгол Улсын хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, энэ гэрээний хавсралтуудад заасан захиалагчийн зүгээс тавьсан шаардлагад нийцүүлэн гэрээгээр тохирсон хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэх, захиалагч гүйцэтгэгчид хөлс төлөх үүрэг хүлээнэ гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч ЭАЧ ХХК нь Шинэ яармаг орон сууцны цогцолбор хорооллын Ус хангамж, ариутгах татуургын шифр 20/15 дугаартай, магадлал хийгдсэн зураг төсөлд бохир усны шугамыг уян ширмэн хоолойгоор хийхээр хэрэгт хавсарган ирүүлсэн зураг төслийн 3 дугаар талд тусгагдсан байхад хуванцар хоолойгоор хийж гүйцэтгэсний улмаас ажлын үр дүнд доголдол илэрсэн болох нь Ус сувгийн удирдах газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 111 тоот бохирын шугам руу хөрсний ус орж ирж байгааг яаралтай зогсоож мэдэгдэх тухай албан шаардлага, /хх-ийн 136/ мөн газрын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 3/1418 тоот ...хуванцар шугам хэв гажилтанд орсон, цөмөрч хагарсан, дагуудаа цуурч гэмтсэн гэмтлүүд илэрсэн... гэсэн албан бичиг /хх-ийн 224/, уг албан бичигт хавсралтаар ирүүлсэн шугам оношлогооны дүрс бичлэгийн хуурцагт хийсэн 2018 оны 11 дугаар сарын 6-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл /4хх-ийн 139-140/, албан шаардлага бичсэн гэрч Ө.Шинэцэцэгийн ...далд ажлын акт байгаагүй, далд ажлын акт нь өгсөн техникийн нөхцөлийн дагуу хийгдсэн байна уу гэдгийг шалгаад зурагддаг. Гэтэл намайг очиход шугамын ажил хийгдсэн байсан ба ийм баримт дээр гарын үсэг зуруулаагүй... ус сувгийн ерөнхий инженерээр хянуулж батлуулсан зургийг надад үзүүлээгүй тул албан шаардлага бичсэн... гэх мэдүүлэг /4хх-ийн 117-119/ УСУГ-ын ерөнхий инженер гэрч Ж.Дагвасүрэнгийн ...шинэ яармаг хүсэлт тавьсаны дагуу дуран камераар бичлэг хийж уг бичлэгтэй танилцаад гэмтэлтэй, цууралттай байсан тул уг албан бичгийг хүргүүлсэн ... гэсэн мэдүүлэг /4хх-ийн 115/, гэрч П.Жамсрангийн ...2017 оны 6 сард баруун талын шугам хоолойг солих ажлыг хийсэн. 2017 оны 10 сард урд талын бохирын шугам хоолойг сольсон.. ухаад үзэхэд гэмтэл нь харагдаж байсан....шавраар дүүрсэн, ашиглах боломжгүй байсан... гэсэн мэдүүлэг /4хх-ийн 97/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн шинжээчдийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтэд ...ЭАЧ ХХК-ийн угсарсан Шинэ яармаг орон сууцны хорооллын дотор тавьсан бохир усны хуванцар хоолойг ердийн байдлаар ашиглах боломжгүй болсон байна. Тайлбар: Одоо байдлаар хоолойн дотор гадаргуу хагарсан, хөрсний ус хагархай холбоосоор нэвчин орж байгаа болно гэж заасан байх бөгөөд шинжээч дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгч компанийн захирал Б.Ариунжаргал, гүйцэтгэсэн инженер н.Жавхлантөгс, хариуцагч компанийн хяналтын инженер Б.Болор нарыг байлцуулан, угсрагдсан 10 худагт үзлэг хийж, 11 ширхэг шугам хоолойн дотор талыг дурандсан бичлэгийг үзсэн байна. /хх-ийн 213-215/

Ажил гүйцэтгэх гэрээний явцад магадлал хийгдсэн 2015 оны ажлын зураг төслийн материалын нэр, хэмжээ-нд өөрчлөлт оруулсан гэх байдал тогтоогдоогүй, шинжээчид механик нөлөөллийн чиглэлээр асуулт тавигдаагүй, хүчиллэг шүлтлэг орчин дахь хуванцар хоолойн дундаж жингийн хорогдол-ын талаар дүгнэлт гаргасан тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02-07-095/098 тоот дүгнэлт, Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн 2016 оны 16001956 тоот, 16001986 тоот, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 0002928 тоот сорилт шинжилгээний дүнгийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж байна. /2хх-ийн 8-14/

Дээрх байдлаар нэхэмжлэгч ЭАЧ ХХК-ийн угсарсан Шинэ яармаг орон сууцны хорооллын дотор тавьсан бохир усны хуванцар хоолойг ердийн байдлаар ашиглах боломжгүй буюу доголдолтой байсан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч компани нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иймд ажлын гүйцэтгэлтэй холбоотой ногдох хөлсийг шаардах эрхгүй байна.

Харин 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Шинэ Яармаг орон сууцны цогцолбор хорооллын доторхи гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч компани нь шугам хоолойнуудыг холбосон 44 худаг угсрах ажил гүйцэтгэхээс 22 худаг угсрах ажлыг гүйцэтгэсэн, одоо уг 22 худаг ашиглагдаж байгаа талаар хариуцагч тал тайлбарласан, тухайн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил бүхэлдээ доголдолтой гэж үзэх боломжгүй учраас ажлын үр дүнгийн доголдолтой хэсгээр гэрээ цуцлагдсан гэж үзэх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч бохирын худгийн ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Талууд 2015 оны 12 дугаар сарын 03-нд болон 2016 оны 3 дугаар сарын 14-нд тус тус тооцоо нийлсэн акт үйлдэж, аль алинд нь талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан байх тул хэлцэл хийгдсэн гэж үзэх бөгөөд эдгээр хоёр тооцооны агуулга өөр байгаа учир сүүлд хийсэн тооцоонд заагдсан хүсэл зоригийн илэрхийллээр ажлын төсөв, гүйцэтгэл, төлбөр төлөлтийн талаар дүгнэх боломжтой. Иймд 2015 оны 15/204 дугаартай гэрээний эхний үе шатны ажил нийт 357 770 993 төгрөгийн төсөвт өртөгтэй, үүнээс ажлын төсвийн задаргаагаар бохирын худгийн ажлын хөлс 285 315 336 төгрөг, бохирын шугамын ажлын хөлс 72 455 661 төгрөг байна. /хх-ийн 30, 5хх-ийн 123, 129/

Талууд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн акт, 2015 оны гэрээ дүгнэх хуудас зэрэг баримтад ажлын гүйцэтгэлийг 80 хувь гэж заасан байх боловч нийт гүйцэтгэсэн ажлаас бохирын шугамын ажил доголдолтой болох нь дээр дурдсанаар тогтоогдсон, харин бохирын худгийн ажлын гүйцэтгэлийг 100 хувь гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч бохирын шугамын ажлын хөлс 72 455 661 төгрөгийг шаардах эрхгүй, харин бохирын худгийн ажлын хөлс 285 315 336 төгрөгийг шаардах эрхтэй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас бартераар төлөх ёстой байгаа төлбөрийн үнэ гэх 34 831 924 төгрөгийг болон алданги 82 804 937 төгрөгийг хариуцагч талаас шаардах эрхгүй гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлаас бохирын шугамын ажилд доголдол үүссэн тул хариуцагч баталгааг гэрээнд заасан хувиар суутгаж авах эрхтэй.

Гадна бохирын худгийн ажлын хөлс 285 315 336 төгрөгөөс хариуцагчийн ажлын хөлсөнд төлсөн 171 100 000 төгрөгийг, гэрээний тусгай нөхцлийн 8-д зааснаар баталгааны 3 хувь 3 426 460 төгрөгийг хасч тооцоход 110 788 875 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Хариуцагч НЯХП ХХК нэхэмжлэгч ЭАЧ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас учирсан хохирол гэж гадна бохир ус зайлуулах шугам сүлжээний ажлыг Гурван булаг сод ХХК-иар дахин шинээр гүйцэтгүүлж төлсөн ажлын хөлс 123 127 000 төгрөг, нэмэлт ажил худгийн гадна талын чигжээсийн ажил гүйцэтгэсэн 715 000 төгрөг, бохирын ширмэн хоолойн үнэ 24 607 688 төгрөг, газар шорооны ажилд Лабо ХХК-д төлсөн 17 860 370 төгрөг, бусадтай байгуулсан орон сууц захиалах гэрээ цуцлан буцаан төлсөн 117 361 800 төгрөг, бохир ус соруулсны хөлс 3 608 000 төгрөг, гүйцэтгэгч талд төлсөн ажлын хөлс 171 100 000 төгрөг, нийт 465 752 985 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн бохирын шугамын ажил доголдолтой болох нь тогтоогдсон бөгөөд гүйцэтгэгч ЭАЧ ХХК 2017 оны 7 сарын 24-ний өдөр 17/89 тоот албан бичгээр ...нэмэлт засвар үйлчилгээний ажил шаардлагатай болсонтой танилцлаа... шугам хоолойг нэмэлт ажлын хөлсгүй А1-А4 хэсгийн ажлыг гүйцэтгэхэд бэлэн байна гэж мэдэгдсэн байхад хариуцагч НЯХП ХХК нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т заасны дагуу ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлээгүй тул сөрөг шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна.

Талуудын хооронд хийгдсэн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн актад үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, ажлын гүйцэтгэлд ЭАЧ ХХК-д шилжүүлсэн 171 100 000 төгрөгийг нийт төлбөл зохих төлбөрөөс хасч тооцсон тул уг 171 100 000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах боломжгүй.

Анхан шатны шүүх хариуцагчийн бусадтай буюу иргэн Б.Отгончимэг, Б.Ерөөлт, Ч.Будхүү, Д.Сарандулам, П.Бат-Эрдэнэ нартай байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцалсантай холбоотойгоор тэдэнд төлсөн 117 305 800 төгрөгийг нэхэмжилснийг нэхэмжлэгч ЭАЧ ХХК-ийн үйл ажиллагаатай шалтгаант холбоотой үүссэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нь Шинэ Яармаг орон сууцны цогцолбор хорооллын доторхи гадна бохир усны хуванцар хоолойг ердийн байдлаар ашиглах боломжгүй буюу доголдолтой байсан болох нь тогтоогдсонтой холбоотойгоор нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн шугам хоолойг солих ажлыг хийсэн нь үндэслэлтэй боловч уг ажлыг дахиж хийлгэхтэй холбоотой ажлын хөлсөнд Гурван булаг сод ХХК-д төлсөн 123 127 000 төгрөгийг, нэмэлт ажлын 715 000 төгрөг, материалын үнэ 24 607 688 төгрөгийн хамт нэхэмжлэх эрхгүй.

Учир нь гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд худгийн ажлын үнийн үлдэгдэл төлбөрийг гаргуулж, хийгдэх ёстой шугамын ажлын үнийг гаргуулаагүй тул өөр компаниар хийлгэсэн ажлын хөлсийг бүхэлд нь шаардсан нь үндэслэлгүй байна. Харин хариуцагч нь доголдолтой гүйцэтгэсэн ажилтай холбогдуулан гарсан нэмэлт зардлаа хохиролд тооцон нэхэмжлэх эрхтэй бөгөөд үүнд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бохир ус соруулахтай холбоотой Том масс ХХК-тай байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр АГ17/65 тоот ажил гүйцэтгүүлэх гэрээний дагуу төлсөн 3 608 000 төгрөг, газар шорооны ажилд Лабо ХХК-д төлсөн 17 860 370 төгрөгийг тус тус гаргуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 21 468 370 төгрөгийг нэхэмжлэгчээс хохиролд гаргуулж хариуцагчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101Ш2021/00905 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын 120 323 373 гэснийг 110 788 875 гэж, 118 846 222 гэснийг 128 385 725 гэж, 3 608 000 гэснийг 21 468 370, 462 144 985 гэснийг 444 284 615 гэж,

2 дахь заалтын 759 591 гэснийг 711 894 гэж, 72 678 гэснийг 265 291 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 2 483 507 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ