Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01479

 

“Г”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01239 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1457 дугаар магадлалтай,

“Г”ХХК-ний нэхэмжлэлтэй

“ Б Х А Ү Н”ТӨААТҮГ-т холбогдох

Гэрээний үүрэгт 48 812 325 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г”ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “М Ц К”ТӨААТҮГ-тай “ШОНХОР” хүүхдийн зуслангийн соёлын төвийн барилгын материал нийлүүлэх, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний үнэ, санхүүжилтийн нийт гүйцэтгэл 131,886,700 төгрөг болсон. Суурийн материал 11,094,325 төгрөг, карказны үнэ 47,718,000 төгрөг, Тээврийн хөлс - 8,000,000 төгрөг, кран түрээслэсний хөлс - 2,000,000 Т бүгд 68.812.3251 төгрөгийн бараа материал нийлүүлсэн бөгөөд үүнээс 20,000,000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр төлсөн. 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “М Ц К”ТӨААТҮГ-тай “Шонхор” хүүхдийн зуслангийн соёлын төвийн барилгын материал нийлүүлэх, худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Мөн энэ гэрээтэйгээ зэрэгцүүлэн түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Гэрээний үнэ, санхүүжилтийн нийт гүйцэтгэл 131,886,700 төгрөг болсон. Гэрээнд суурийн материал 11,094,325 төгрөг, карказны үнэ 47,718,000 төгрөг, тээврийн хөлс 8,000,000 төгрөг, кран түрээсэлсний хөлс 2,000,000 төгрөг, нийт 68,812,325 төгрөгийн бараа материал нийлүүлсэн бөгөөд үүнээс 20,000,000 төгрөгийг 2013 оны 09 дугаар сарын 27-ны өдөр төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч тал үнийнхээ дүн дээр маргасан байдаг. Хариуцагч тал бидний тооцоолж үзсэнээр 37,000,000 төгрөг болох ёстой гэж маргасан тул үүнтэй холбогдуулж шүүх шинжээч томилсон байдаг. Шинжээчийн дүгнэлтээр 68,001,489 төгрөгийн бараа үйлчилгээ үзүүлсэн байна гэж гарсны дагуу шинжээчийн дүгнэлтийн зөрүү болох 48,812,325 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Хариу тайлбартаа 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан, 2013 онд ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн байсан, ажлын санхүүжилт улсын төсвөөс бүрэн авагдсан хэдий ч мөнгө зориулалтын дагуу зарцуулагдаагүй гэж хэлдэг. Тэр бол зөвхөн тухайн байгууллагын л асуудал юм. 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 98,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 261,096,438 төгрөгийг “Соёлын төвийн барилгын санхүүжилт” гээд орчихсон байдаг. Мөн компанийн тухай хуульд зааснаар компанийг өөрчлөхөд түүний эрх үүрэг, хариуцлага шинээр бий болж байгаа компанид шилжинэ гэж заасан байдаг. Иймд 48,812,325 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч талаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М Ц К”ТӨҮГ нь “Г”ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Шонхор” хүүхдийн зуслангийн соёлын төвийн барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулжээ. 2013 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн барилгын ажлын санхүүжилт улсын төсвөөс бүрэн авагдсан хэдий ч мөнгө зориулалтын дагуу зарцуулагдаагүй учир барилгын ажил санхүүжилтгүй улмаас зогсож одоог хүртэл хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол цэрэг констракшн ТӨААТҮГ-ын захирал байсан генерал М.Жаргал төсвийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас ийм байдал үүссэн. Мөн Сэлэнгэ аймгийн нутагт байдаг "Шонхор зуслан" зуслан нь одоо Батлах хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-ын бус Батлан хамгаалах их сургуулийн өмчийн хөрөнгөнд бүртгэлтэй болсон бөгөөд энэ талаар Батлах хамгаалах яамны сайдын тушаал гарсан. Үүнээс үзэхэд, өөрийн бус өмчийн асуудалд мөнгө төлөх үүрэг үүсэхгүй. “Г”ХХК нь “ Б Х А Ү Н”ТӨААТҮГ-д холбогдуулан гэрээний үүрэгт 48,812,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байдаг. Энэхүү маргаантай холбогдуулж анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. “Г”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Г”ХХК болон “М Ц К”ТӨААТҮГ-тай байгуулсан гэрээг үндэслэж тухайн нэхэмжлэлийг гаргасан гэж хэлээд байна. Гэтэл уг гэрээ нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан гэж хэлээд байгаа боловч энэ өдөр Батлан хамгаалах яамны харъяа “М Ц К”ТӨААТҮГ гэж хуулийн этгээд Монгол улсад байгаагүй. Энэ хуулийн этгээдийг Монгол улсын Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага, түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Батлан хамгаалах яамны сайдын А242 дугаар тушаалаар үүсгэн байгуулсан. Уг А242 тоот тушаалаар “М Ц К”ТӨААТҮГ-ыг үүсгэн байгуулахдаа Барилга захиалагчийн алба ТӨААТҮГ-ыг “ Б Х А Ү Н”ТӨААТҮГ болон өргөтгөн зохион байгуулж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт оруулсан байдаг. Энэ гэрээ нь “Монгол цэрэг жуулчин” ТӨААТҮГ-тай “Г”ХХК хийсэн гэрээ байж таардаг. Энэ гэрээнээс нэхэмжилж байгаа мөнгөн дүнг “М Ц К”ТӨААТҮГ-ыг нэгтгэн зохион байгуулж, эрх залгамжилсан үндэслэлээр тухайн эд хөрөнгө нь “ Б Х А Ү Н”ТӨААТҮГ-т шилжиж ирсэн гэдэг утгаар “Г”ХХК нь нэхэмжлээд байгаа юм. Гэтэл Монгол улсын Батлан хамгаалах яамны сайдын 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А58 дугаар тушаалаар “М Ц К”ТӨААТҮГ-ыг эрх залгамжлалгүйгээр татан буулгаж, “ Б Х А Ү Н”ТӨААТҮГ-т нэгтгэсэн байгаа юм. Монгол улсын Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 204.1.4 дэх хэсэгт хуулийн этгээдийг эрх залгамжлалгүйгээр татан буулгаж, улсын бүртгэлээс хасагдсанд тооцох болно гэдэг заалт байдаг. Үүгээрээ “М Ц К”ТӨААТҮГ-ын ямар нэгэн эд хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгө “ Б Х А Ү Н”ТӨААТҮГ-т шилжиж ирээгүй. 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “М Ц К”ТӨҮГ-ыг бий болгож, бүтцийн өөрчлөлтөөр нэрийг нь өөрчилсөн бөгөөд А242 дугаар тушаалын 4 дэх хэсэгт төрийн өмчит үйлдвэрийн газруудын бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөнтэй холбогдуулан “Шонхор” хүүхдийн зусланг Батлан хамгаалахын их сургуулийн, “Аварга” рашаан сувиллын газрыг Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн харъяанд шилжүүлсүгэй гэж уг тушаалд мөн тусгасан байдаг. Үүнээс үзэхэд 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл, “Монгол цэрэг жуулчин” болон “М Ц К”ТӨҮГ-уудын дотоод зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт оруулахдаа “ Б Х А Ү Н”ТӨААТҮГ-т ямар нэгэн “Шонхор” хүүхдийн зуслангийн буюу “Г”ХХК-тай холбоотой өр авлагын асуудал шилжиж ирээгүй байгаа. Батлан хамгаалах яамны сайдын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А173 дугаар тушаал байдаг. Энэ тушаал дээр зарим барилгыг санхүүжүүлэх талаар тусгасан байдаг. Энэ тушаалын 2 дугаар зүйл дээр Батлан хамгаалахын их сургуулийн харъяа “Шонхор” хүүхдийн зуслангийн Соёлын төвийн барилгын 86,163,558 төгрөгийг Батлан хамгаалахын их сургуулийн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөний давсан орлогоос санхүүжүүлэхийг Батлан хамгаалахын их сургууль Хошууч генерал Я.Чойжамцад зөвшөөрсүгэй гэсэн тушаалыг Батлан хамгаалах яамны сайд гаргасан байдаг. Барилга угсралтын ажилд хяналт тавьж, хугацаанд нь ашиглалтад өгөх ажлыг зохион байгуулахыг Барилга захиалагчийн алба ТӨҮГ-ын дарга Дэд хурандаа н.Ганболдод үүрэг болгосон байдаг. “ Б Х А Ү Н”ТӨААТҮГ-т “Шонхор” хүүхдийн зуслантай холбоотой эд хөрөнгийн болон өр авлагын асуудал огт байгаагүй. Үүнийг “Г”ХХК-ийн нэхэмжлэл гаргасны дараа л “ Б Х А Ү Н”ТӨААТҮГ нь мэдсэн байдаг. Энэ нь Батлан хамгаалахын яамтай холбоотой бөгөөд тухайн хуулийн этгээдүүдийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх болон үүсгэн байгуулахдаа харъяа Батлан хамгаалахын яамны сайдын тушаалаар хуваарилж зохицуулж өгсөн байгаа юм. Нэхэмжлэгчийн хариуцагч нь “ Б Х А Ү Н”ТӨААТҮГ биш юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, жинхэнэ хариуцагчийг тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01239 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “ Б Х А Ү Н”ТӨҮГ-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 48,812,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 1,280,000 төгрөгийг нэхэмжлэгч “Г” ХХК-иас нөхөн гаргуулж шинжээч Бэсгэ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,100 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1457 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01239 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Батлах хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-аас 48 812 325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 402 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. “ гэсэн заалт нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 402 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат хяналтын гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 1457 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч “Г”ХХК нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Г”ХХК нь “М Ц К”ХХК-тай байгуулсан гэрээ болон холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэн шүүхэд өгсөн байхад шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг хэрхэн яаж үнэлсэн нь ойлгомжгүй, Шонхор хүүхдийн зуслангийн барилга нь БХИС-ийн өмч болон шилжсэн нь “ Б Х А Ү Н”ТӨААТҮГ-ыг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэсэн байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан дугаар ХА-2013/01 гэрээг 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Г”ХХК-ийн ерөнхий захирал Б.Батсайхан. “М Ц К”ТӨААТҮГ-ын ерөнхий захирал х/г М.Жаргал нар байгуулж гарын үсэг зурсан байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэхь хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан. 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр МУ-ын ОӨУБГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “М Ц К”нэртэй хуулийн этгээд бүртгүүлээгүй байсан. Учир нь Монгол улсын Батлан хамгаалахын сайдын 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар А/242 тушаалын 2-т “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 107 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор ... “Монгол цэрэг- Жуулчин” ТӨҮГ-ын нэрийг “М Ц К”ТӨҮГ гэж өөрчлөн бүтцийг өөрчлөн, бүтцийг гуравдугаар дүрмийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай гэж зааж хуулийн этгээдийн нэр болон бүтцийг өөрчилсөн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэхь хэсэгт “Шинээр өөрчлөн байгуулах замаар шинээр хуулийн этгээд байгуулагдах болон хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана” гэж заасан. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг нэхэмжлэгч, хариуцагч байж чадах нэгдлийг хуулийн этгээд гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ” гэж заасан бол ХЭУБ-ийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцохыг хориглоно” гэж заасан байна. НИХДЗШШ-ийн 1457 дугаар магадлалын хянах хэсэгт 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын 63 дугаар тогтоолоор “МЦК”, “Транссэргэлт” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар, “Батпромимпекс” ХХК-г нэгтгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, “БХАҮН” ТӨААТҮГ болгон өөрчилж Батлан хамгаалах яамны харьяанд байгуулсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй гэжээ. 2014.02.28-ны өдөр “М Ц К”ТӨААТҮГ-ын харьяалалд “Шонхор” хүүхдийн зуслан байгаагүй. Батлан хамгаалахын сайдын 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/242 дугаар тушаалын 4-т “Төрийн өмчит үйлдвэрийн газруудын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөнтэй холбогдуулан Шонхор хүүхдийн зусланг Батлан хамгаалах их сургуулийн харьяалалд тус тус шилжүүлсүгэй” гэж заасан. Монгол улсын Батлан хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.13 дахь хэсэгт Батлан хамгаалахын сайд “батлан хамгаалахын төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах, устгах шилжүүлэх, шинээр авах асуудлыг шийдвэрлэх, захиалгыг хянаж батлах эрхтэй гэж заасан. БХ-ын сайдын тушаалд “Шонхор” хүүхдийн зуслангийн барилгыг бус зусланг үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хамт шилжүүлж, Батлан хамгаалахын сайдын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/173 тоот тушаалд “БХИС-ийн харьяа “Шонхор” хүүхдийн зуслангийн соёлын төвийн барилгын 86,163,558 төгрөгийг БХИС-ийн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөний давсан орлогоос санхүүжүүлэхийг БХИС /хошууч генерал Я.Чойжамцад зөвшөөрсүгэй” гэж үүрэг болгосон. Монгол улсын Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Захирагч, даргын гаргасан тушаал, шийдвэрийг цэргийн албан хаагч үг дуугүй биелүүлэх үүрэгтэй” гэж заасан тул ҮБХИС-ийн захирал х/г Я.Чойжамц, Батлан хамгаалахын сайдын тушаалыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлж байна. 2017 оны 03 дугаар сарын 13 өдөр ҮБХИС-ийн захирал х/г Я.Чойжамц БЗД-ийн ИХАШ-ны шүүхийн албан бичгийн хариуд “Шонхор” зусланг хүлээлцсэн ажлын комиссын акт, бичиг баримт нь дайчилгааны зориулалттай обьект нууцын зэрэглэлтэй учраас хувилж авах боломжгүй” гээд шүүхэд нотлох баримтыг гаргаж өгөөгүй. БХСайдын А/242 дугаар тушаалын дагуу “Монгол цэрэг жуулчин” ТӨААТҮГ-ын мэдлийн “Шонхор” хүүхдийн зусланг ҮБХИС-д нэг мөр шилжүүлэх ажиллагааг БХЯ-ны ТНБД-ын 2013 оны А/174 тушаалаар томилогдсон ажлын хэсгийн ҮБХИС-д шилжүүлсэн хэрэгт авагдсан нотломж бичиг үйлдсэн ажлын тайлангаар нотлогдож байна. 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/58 дугаар Батлан хамгаалахын сайдын тушаалд “М Ц К”ТӨҮГ-ыг эрх залгамжлалгүйгээр татан буулгах, “Транссэргэлт” ТӨҮГ, “Батпромимпекс” ХХК-ний үйл ажиллагааг зогсоож татан буулгах, “Б Х А Ү Н”ТӨҮГ-ыг байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор баталсугай” гэж заасан байна. БХЯ-ны харьяа “БХАҮН” ТӨААТҮГ хууль болон удирдлагын тушаал шийдвэрийг зөрчөөгүй бөгөөд тус байгууллагад Шонхор хүүхдийн зуслантай холбоотой эрх үүрэг байхгүй тул 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын 1457 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх маргааны харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс гадна зохигчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй, хэргийн бодит үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Г”ХХК нь хариуцагч “ Б Х А Ү Н”ТӨААТҮГазраас худалдсан эд хөрөнгийн үнэ 48 812 325 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 48 812 325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээх гомдол гаргасан ба гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь “М Ц К”Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, гэрээнд заасан барилгын материалыг нийлүүлэх, хариуцагч нь барааны үнэ 131 886 700 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Худалдагчийн нийлүүлэх барааны нэр төрөл, тоо хэмжээ, үнийг талууд гэрээний хавсралтуудад зааж, гарын үсгээ зуржээ.

2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын 63 дугаар тогтоолоор “М Ц К”, “Транссэргэлт” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар, “Батпромимпекс” ХХК-г нэгтгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, “Б Х А Ү Н”ТӨААТҮГ болгон өөрчилж, Батлан хамгаалах яамны харъяанд байгуулсан тухай баримт хэрэгт авагдсан, худалдах, худалдан авах гэрээний нэг тал болох “М Ц К”ТӨААТҮГазрын эрх залгамжлагч нь шинээр зохион байгуулагдсан “ Б Х А Ү Н”ТӨААТҮГазар гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

            1.Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны зүйлийг тодорхойлж чадаагүйгээс гадна Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний зүйл, түүний үнийг үндэслэлтэй тодорхойлж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 68 812 325 төгрөгний бараа нийлүүлсэн, хариуцагч 20 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 48 812 325 төгрөгийг гаргуулна гэсэн бол хариуцагч нь 37 000 000 орчим төгрөгийн бараа авсан, 20 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэх мөнгийг төлөх тооцоотой, гэхдээ үүнийг манайх хариуцахгүй гэсэн агуулгатай тайлбар гаргаж маргажээ.

Нэхэмжлэгч гэрээнд заасан барилгын материалыг засварын ажлыг гүйцэтгэж байсан Д.Сүхэнхүү, түүний ажилчдад хүлээлгэн өгсөн гэснийг хариуцагч маргаагүй боловч хүлээн авсан материалын үнэ 37 000 000 төгрөг гэж үзжээ. Д.Сүхэнхүү гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Г”ХХКомпаниас хүлээн авсан материалыг тоо ширхэгээр гаргаж, 33 707 000 төгрөгийн материал авсан гэсэн байна. /хх-72, 90/

Нэхэмжлэгч нь 68 812 325 төгрөгийн материал нийлүүлсэн, хариуцагч нь 37 000 000 төгрөгийн материал хүлээн авсан гэж маргасан нь хүлээн авсан материал нь тоо ширхэг, нэр төрлийн хувьд өөр, эсвэл хүлээн авсан материал нь зөрүүгүй, зөвхөн үнийн хувьд өөр байгаа нь маргааны зүйл болсон эсэхийг шүүх тодруулаагүй нь буруу байна.

2. Хэргийн оролцогч хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачлагаар 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШЗ2016/04703 дугаар захирамжаар шинжээч томилсон нь ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн, шүүх хуулийн уг зохицуулалтыг зөв тайлбарлаж чадаагүй, уг баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байжээ.

Шинжээч Бэсгэ ХХК материалын үнийг 68 401 489 төгрөг гэж тогтоосон боловч талуудын гэрээгээр тохирсон үнийг бус зах зээлийн үнийг баримталсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1-д нийцээгүй болохыг давж заалдах шатны шүүх залруулж чадаагүй байна.  

Зохигчид худалдах, худалдан авах материалын үнийг гэрээнд заасан тул худалдан авагч нь шилжүүлэн авсан эд хөрөнгийн үнийг гэрээгээр тохирсон үнээр төлөх үүрэгтэй, иймээс гэрээг баримтлах учиртай.

Гэрээний дагуу нэхэмжлэгч ямар материалыг ямар хэмжээгээр нийлүүлснийг тогтоож, гэрээгээр тохирсон үнээр худалдан авагчийн үүргийг тодорхойлох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэх юм.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01239 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1457 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР                                   

  ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА