Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0051/з |
Дугаар | 149 |
Огноо | 2019-05-08 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 149
Ж.Б-ын нэхэмжлэлтэй,
Хан-Уул дүүргийн бүртгэлийн
хэлтэст холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 42 тоот авто зогсоолын бүртгэлтэй давхцуулан бүртгэсэн 40 тоот авто зогсоолын бүртгэлийг хүчингүй болгуулах, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200, нийт 1,070,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”,
Гуравдагч этгээд Р.Б-ийн гаргасан бие даасан шаардлага: “Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 07, 42 тоот авто зогсоолуудын өмчлөх эрхийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны 40 тоот зогсоолын өмчлөх эрхийг зогсоолын план зураг дээрх байрлалаар нь, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр тэмдэглэсэн талбайг 15 м.кв хэмжээгээр баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0004 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0131 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Г, гуравдагч этгээд Р.Б, түүний өмгөөлөгч Ч.Э, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нарыг оролцуулж,
Гуравдагч этгээд Р.Б-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0004 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий /2009 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1.9, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 42 тоот автозогсоолын бүртгэлтэй давхцуулан бүртгэсэн 40 тоот автозогсоолын бүртгэлийг хүчингүй болгож, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200, нийт 1,070,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Р.Б-ийн гаргасан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 07, 42 тоот автозогсоолуудын өмчлөх эрхийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны 40 тоот автозогсоолын өмчлөх эрхийг зогсоолын план зураг дээрх байрлалаар нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр тэмдэглэсэн талбайг 15 м.кв хэмжээгээр баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0131 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0004 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “13 дугаар зүйлийн 13.9” гэснийг хасч, “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт” гэснийг “15 дугаар зүйлийн 15.4, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д” гэж өөрчилж, 2 дахь заалтын “35100 /гучин таван мянга нэг зуун/” гэснийг “70.200” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Р.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Гуравдагч этгээд Р.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... магадлалын хянавал хэсэгт: иргэн Ж.Б-ын 42 тоот зогсоол, Э.Мөнхбаясгалангийн 40 тоот зогсоолын план зургийг давхардуулсан байдлаар хүргүүлсэн гэж дүгнэсэн. Гэтэл бодит байдал дээр дээрх зогсоолууд давхардаагүй, бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн бичиг баримт дээрх гуравдагч этгээд Ц-ийн өмчлөлийн зогсоолыг барилгын зургийг зөрчин нэмснээс үүдэн нэг зогсоол илүүдсэнтэй холбоотойгоор Б, Ц нарын зогсоол анх давхцаж гарсан талаарх үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх үнэн зөв дүгнэж чадаагүй.
4. Анхан шатны шүүхээс маргаан бүхий орон сууцны зоорийн давхрын зогсоолын талбайд үзлэг хийхэд 7 тоот зогсоол тэмдэглэгдээгүй, тус барилгыг барьсан компанийн төлөөлөгч зогсоолын дугаарлалтыг худалдан авсан орон сууцны дугаартай ижил тоотоор тэмдэглэсэн, Ц-ийн хувьд хөрөнгө оруулагчийн хамаатан тул хөрөнгө оруулагчид өгөх зогсоолыг шилжүүлсэн гэх зэрэг гэрчийн тайлбар, үйл баримтыг бодитой үнэлээгүйгээс миний өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байна.
5. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны 13.9 дэх хэсэг/ мэдүүлэг гаргагч мэдүүлэг түүнд хавсаргах баримтыг үнэн зөв гаргах үүрэгтэй тул Баттөмөр нь 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээгээр орон сууц авахдаа мэдүүлгээ үнэн зөв өгөөгүй гэх хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Миний бие нь тус орон сууцыг худалдан авахдаа өмнөх өмчлөгчийн өгсөн мэдээллийн дагуу мэдүүлгийг гаргасан бөгөөд миний мэдүүлгийг үнэн зөв биш гэх ямар ч нотлох баримт байхгүй юм.
6. Улсын бүртгэлийн байгууллагад Ж:Бямбын бүртгүүлсэн 42 тоот болон иргэн Р.Б-ийн 40 тоот өмчлөлийн зогсоол нь дугаарлалт, байршил, өмчлөх эрхийн хувьд давхардал огт байхгүй тул бүртгэх ажиллагааг хийснийг буруутгах боломжгүй ба бүртгэхээс татгалзах нь өөрөө хууль зөрчих юм. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.
7. Хэрэгт цугларсан нотлох баримтууд хэргийн оролцогч нарын тайлбар мэдүүлэгт үндэслэн хянан шийдвэрлэсэн нь гуравдагч этгээд Р.Б-ийн хүчингүй болсон хуулиудыг буцаан хэрэглэж иргэний өмчлөх эрхийг хязгаарласан гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэх давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй, хууль хэрэглэхээс зайлсхийсэн гэж дүгнэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх үед анхан шатны шүүхийн удирдлага болгон иш татаж хэрэглэсэн хуулиуд нэгэнт хүчингүй болсон байхад анхан шатны шүүх хэрэглэсэн нь Үндсэн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх тухайн үед мөрдөж байсан хуулиудыг хэрэглэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж үзэхдээ анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хугацаа, хэрэглэсэн хуулиудыг хүчингүй болгосон тухай хууль тогтоогчдын шийдвэрийн талаар дүгнэлт хийгээгүй нь давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан болохыг нотолж байна.
8. Гуравдагч этгээд Б.Цэгмэдийн өмчлөлийн 7 тоот зогсоол нь 40, 42 тоот зогсоолын байршил, бүртгэлтэй давхцалгүй тогтоогдсон гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудтай илтэд зөрчилдөж байгаа нь давж заалдах шатны шүүхээс нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй болохыг нотлож байна.
9. Долоон тоот зогсоол нь 42 тоот зогсоолтой давхцсан талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсанаар /...42 тоот зогсоолыг дур мэдэн миний зөвшөөрөлгүй Цэгмэд гэгчид өгсөн байгаа асуудал хууль ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Хэн үүнийг хэзээ хэний тушаал заавраар хийснийг олж тодруулах үүднээс энэхүү будлиантай асуудлыг хийсэн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татаж байна.../ гэсэн тайлбар, түүнд гаргаж өгсөн бүртгэлийн байгууллагын лавлагаа, Ц-ийн зогсоолыг бүртгэлд бүртгүүлсэн бичиг баримт, гэрээнд зогсоолын талаар ямар нэгэн мэдүүлэг авагдаагүй зэрэг нь 7 тоот зогсоол гэх сүүлд нэмэгдсэн зогсоол нь давхцал үүсгэж байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс ямар ч дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй байна.
10. Хан-Уул дүүргийн 3-р хороо, 75-р байрны зоорийн давхарт байрлах авто зогсоолыг байршлын давхцалтай холбоотой нэхэмжлэгч Бямбын гаргасан гомдлын хүрээнд 40 тоот зогсоолыг хууль журмын дагуу шударга хөдөлмөрөөрөө худалдан авсан 40 тоот орон сууц, 40 тоот зогсоолын хууль ёсны эзэмшигч Р.Б миний эрхийг хуйвалдааны зарчмаар хүчингүй болсон хуулийн заалт бүхий шүүхийн шийдвэрээр булаан авч, 7 тоот Цэгмэд гэгчид уг 40 тоот миний эзэмшлийн зогсоолыг залилан авах боломж олгож байгаад гомдолтой байна.
11. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дамдинсүрэн ахалсан шүүгчид (Улсын бүртгэлийн ерөнхий /2009/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зуйлийн 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1.9, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь заалтаар) 2018 оны 11 сард хүчингүй болсон хуулийн заалтаар Үндсэн хуулиар олгогдсон “Үндсэн хуулийн 2-р бүлэг Хүний эрх, эрх чөлөө 16 дугаар зүйл, Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг эзэлнэ, 3 дугаар зүйл хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно”, “Монгол Улсын олон улсын гэрээ, Хүний эрхийн түгээмэл тунхаглал 17 дугаар зүйл 2 “... хэний ч өмчийг дураар хураан авч болохгүй” зэрэг хүний эрхтэй холбоотой хуулиар хамгаалагдсан Монгол Улсын иргэн миний хууль ёсны өмчлөх эрхэнд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дамдинсүрэн нь хэрэгт авагдсан баримтууд, мэдүүлгүүдэд бодит дүгнэлт өгөлгүй гуравдагч этгээд Цэгмэдийг энэ хэрэгт хамааралгүй мэт болгож, нэхэмжлэгч Бямба, “Б” ХХК, тухайн үеийн будлиантай бүртгэлийг бүртгэсэн улсын бүртгэгч залилагч Цэгмэд нарын үйлдлийг зөвтгөж байгаа нь, түүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Батбаатарын даргалсан шүүх хүчингүй хуулийн заалтыг зөвтгөн хэрэглэж өмчлөх эрхийг хязгаарлаж байгаад маш их гомдолтой байна.
12. Нэхэмжлэгч Бямбын 42 тоот гэх зогсоол нь ханан талаасаа 2-т 42 тоотоороо /ханан дээр бичсэн байдаг/, Бямбын үл хөдлөхийн гэрчилгээн дээр 42 тоот зогсоол гэж байдаг болохоос Б миний эзэмшлийн 40 тоот орон сууц. 40 тоот зогсоол нь иргэн миний нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээн дээр байдаг. Харин 7 тоот орон сууц 7 тоот зогсоолыг эзэмшигч гэх энэ будлианыг үүсгэгч, дэврүүлэгч Ц нь Б-ын 42 тоот зогсоол ханан дээр бичсэнээр эзэмшдэг гэдгээ мэдүүлдэг. Гэвч гэрчилгээ нь 7 тоот зогсоол гэж байдаг. Ц-ийн авга ах гэх С нь “Б” компанийн барьсан 7 дугаар байрны хөрөнгө оруулагч гэдэг бөгөөд анхны худалдан авагчид болох 2005 оны 02 дугаар сарын 23-ны “Б” ХХК-ийн барьсан 48 айлын орон сууцны 51-р байрны подвалд автомашины граж худалдан авсан хүмүүсийн жагсаалт хэмээх 18 хүний авто зогсоолын тоотыг эзэмшигчдийн орон сууцны хаалганы тоотоор дугаарласан 18 хүний нэрс, гарын үсэгтэй жагсаалт болон уг 48 айлын орон сууц болон авто зогсоолын худалдан авах гэрээг байгуулсан захирал С.Ж, ня-бо Д.Л нарын гарын үсэгтэй баримт хэрэгт авагдсан байна. Үүнд хөрөнгө оруулагч гэгдэх 7 тоот авто зогсоол байдаггүй. Тиймээс энэ жагсаалтад давхцал байгаагүй. Зоорийн давхрын гражид автомашин байрлуулах бүдүүвч зурагны зүүн талын хэсгийн хаалган талд нэг авто зогсоолыг сүүлд шахаж зурсан байдаг нь одоо болоод байгаа гол будлиан юм. Үндсэн граж эзэмшигчдийн дундуур хөрөнгө оруулагчийн зогсоолыг багтаахын тулд илүү зогсоол шахаж оруулж ирсэнээр 42 тоотыг эзэмшигч Бямба нь өөрийн зогсоолоос шахагдаж байрлалыг нь 40 тоот миний зогсоол дээр давхцуулсанаар нэхэмжлэгч гэдэг утгаар Бямбад давуу байдал үүсч 40 тоот зогсоолыг эзэмшигч би хохирогч болж байна. Энэ маргаан нь үл хөдлөхийн гэрчилгээний авто зогсоолын тоотоор болон бодит эзэмшигчдийн зогсоолыг дугаарласан тоотоороо давхцал үүсдэггүй ба харин илүү зогсоолыг багтаахын тулд компани хөрөнгө оруулагч гэх хүн, бүртгэлийн ажилтны хуйвалдаанаас үүссэн залилан юм гэж би үзэж байна. Энэ маргааныг гуравдагч этгээд Ц-д ашигтай шийдүүлэхээр улайрч буй нэхэмжлэгч Б нь өөрөө энэ будлианыг анх үүсгэсэн хүн юм. 10 тоот зогсоолыг эзэмшиж граж дотор граж хийж, өөрийн 42 тоот зогсоолоо эзэмшилгүй зогсоол дотроо хөдөлгөөн хийж өөр зогсоолыг эзэмшихээр улайрч байсан нь бусдад өгөөш болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Бямба нь өөрийн эзэмшлийн 42 тоот зогсоолоо одоо эзэмшиж буй этгээдээс нэхэмжлэх ёстой байтал өөрт хамааралгүй 40 тоот зогсоолыг эзэмшихээр нэхэмжлэл гаргаж, залилагч Ц-д зогсоол эзэмших эрхтэй болгож, түүнтэй хуйвалдан миний зогсоолыг булаан авч байгаад гомдолтой байна. Хэрхэн авто зогсоол худалдан авах гэрээгүй, “Б” компанийн тодорхойлолтгүй, үл хөдлөхийн гэрчилгээн дээрээ 7 тоот зогсоолтой гэх Цэгмэд нь 42 тоот зогсоолын эзэмшигч болсон бүртгэлийг хэн гэдэг бүртгэгч бүртгэсэн, бүртгэл ямар учраас үнэн зөв явагдсан гэх баримт, мэдүүлгээр хууль бус үйлдлээ хаацайлж байгаад шүүх ямар учраас дүгнэлт шударгаар хийлгүй, өөрийн зогсоолоос шахагдаж 42 тоот зогсоолоо 7 тоотод булаалгасан, Бямба нь хэрхэн 40 тоот зогсоолын эзэмшигч болж байгаа талаар, энэ булхайг хүчингүй хуулийн заалтаар зөвтгөж байгааг тайлбарлаж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, иргэн миний хууль ёсны 40 тоот зогсоолын бүртгэлийг сэргээж өгөхийг хүсч байна. Авто зогсоолыг зарсан жагсаалтаар 1 авто зогсоол нь 23,85 м2 байна. Энэ зай талбайг иргэн бидэнд худалдсан, энэ талбайгаар бид халаалтын зардал төлж байдаг юм.
13. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0131 дүгээр магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
14. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003)-ийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
15. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 75 дугаартай 48 айлын орон сууцны барилгыг “Б” ХХК барьж, ашиглалтад оруулан, “Орон сууц захиалгаар бариулж авах” гэрээний дагуу иргэдэд худалдсан, нэхэмжлэгч Ж.Б нь тус байрны 42 тоот орон сууцыг 42 тоот авто зогсоол, гуравдагч этгээд Б.Ц 7 тоот орон сууцыг 7 тоот авто зогсоол, иргэн Э.М нь 40 тоот орон сууц, 40 тоот авто зогсоолын хамт тус тус “худалдан авсан” гэж, “Б” ХХК-иас “зоорийн давхрын гаражид автомашин байрлуулах тойм” зурагт “42” гэж тэмдэглэсэн авто зогсоолыг 2005 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ж.Б-ын өмчлөлд бүртгүүлэхээр, “7” гэж тэмдэглэсэн авто зогсоолыг 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Б.Ц-ийн өмчлөлд бүртгүүлэхээр, “42” гэж тэмдэглэсэн авто зогсоолыг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Э.М-ийн өмчлөлд бүртгүүлэхээр тус тус материал бүрдүүлэн ирүүлснийг үндэслэн, уг авто зогсоолуудын өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх бүртгэсэн, иргэн Э.М нь 40 тоот орон сууц, 40 тоот авто зогсоолыг Р.Б-т худалдсанаар уг орон сууц, авто зогсоолыг өмчлөх эрх гуравдагч этгээд Р.Б (нар)-ийн нэр дээр 2009 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шилжин бүртгэгдсэн үйл баримтууд тогтоогджээ.
16. Хэрэгт авагдсан, “Б” ХХК-иас улсын бүртгэлийн байгууллагад ирүүлсэн, иргэдийн орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийг анх бүртгүүлэх материал, хувийн хэргээс үзвэл, 2005 онд иргэн Б.Ц-ийн өмчлөлд бүртгүүлэхээр ирүүлсэн “7” тоот авто зогсоол нь “40” болон “42” тоот авто зогсоолын байршилтай давхцалгүй, харин 2005 онд иргэн Ж.Б-ын өмчлөлд бүртгүүлэхээр тойм зурагт “42” гэж дугаарлан тодорхойлсон авто зогсоолыг, 2006 онд иргэн Э.М-ийн өмчлөлд бүртгүүлэхээр “40” гэж дугаарлан тодорхойлж дахин ирүүлсэн нь тогтоогдсон, энэ тохиолдолд, хариуцагч улсын бүртгэлийн байгууллага 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ж.Б-ын өмчлөлд бүртгэгдсэн авто зогсоолыг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Э.Мөнхбаясгалангийн өмчлөлд дахин бүртгэсэн нь хууль бус, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай (2003) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “... мэдүүлэгт дурдсан ... эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол …/улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах/”-аар заасантай нийцээгүй талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.
17. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, “Б” ХХК-иас анх тойм зурагт тэмдэглэж улсын бүртгэлийн байгууллагад ирүүлсэн авто зогсоолуудын дугаар нь уг байрны зоорийн давхарт байрлах авто зогсоол тус бүрийн ар хананд будгаар тэмдэглэсэн дугаартай тохирдоггүй зөрдөг, захиргааны хэргийн шүүхээс “улсын бүртгэл хуульд нийцсэн эсэх” маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр “Б” ХХК-иас Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст ирүүлсэн материалыг нотлох баримтаар үнэлсэн нь зөв, “Б” ХХК нь “... авто зогсоолуудыг ... бодит байдалд ханан дээр нь өөрөөр дугаарлан хүлээлгэн өгсөн”, “...илүү зогсоол худалдсан”-тай холбоотой маргаан нь “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 42 тоот авто зогсоолын бүртгэлтэй давхцуулан бүртгэсэн 40 тоот авто зогсоолын бүртгэлийг хүчингүй болгуулах” үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн захиргааны хэрэгт хамааралгүйн дээр захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм.
18. Иймд, гуравдагч этгээд Р.Б-ийн “... бодит байдал дээр 40, 42 тоот зогсоолууд давхардаагүй, ... анхан шатны шүүхээс маргаан бүхий орон сууцны зоорийн давхрын зогсоолын талбайд үзлэг хийхэд 7 тоот зогсоол тэмдэглэгдээгүй ..., “... гуравдагч этгээд Ц-ийн өмчлөлийн зогсоолыг барилгын зургийг зөрчин нэмснээс үүдэн нэг зогсоол илүүдсэнтэй холбоотойгоор Б, Ц нарын зогсоол анх давхцаж гарсан... /байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн/” гэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.
19. Нэхэмжлэгч Ж.Б, гуравдагч этгээд Р.Б (Э.М), Б.Ц нарын өмчлөх эрхийг бүртгэсэн маргаан бүхий бүртгэлүүд нь 2005, 2006 онуудад тус тус хийгдсэн, уг бүртгэлүүд “хууль ёсны эсэх” талаарх маргаанд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай (2003) хуулийг хэрэглэнэ, 2018 онд батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг 2005, 2006 оны үйл баримтад буцаан хэрэглэх үндэслэлгүй, анхан шатны шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай (2003) хуулийн холбогдох заалтуудыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлан хэрэглэсэн нь зөв тул гуравдагч этгээд Р.Б-ийн “...хэрэг хянан шийдвэрлэх үед анхан шатны шүүхийн удирдлага болгон иш татаж хэрэглэсэн хуулиуд нэгэнт хүчингүй болсон байхад анхан шатны шүүх хэрэглэсэн нь Үндсэн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй байна.
20. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд гуравдагч этгээд Р.Б-ийг “... 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээгээр орон сууц авахдаа мэдүүлгээ үнэн зөв өгөөгүй” гэж дүгнээгүй, түүнчлэн, шүүх Р.Б-ийн иргэн Э.М-аас авто зогсоол худалдан авсан үйл баримтыг үгүйсгээгүй, гагцхүү “Б” ХХК-иас иргэн Ж.Б, Э.М нарт “гэрээгээр худалдсан” гэх үндэслэлээр 42, 40 тоот авто зогсоолуудын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2005, 2006 онд улсын бүртгэлийн байгууллагад тус тус материал бүрдүүлэн ирүүлэхдээ нэг зогсоолын зураг дээр давхцуулан тодорхойлж ирүүлсэн, энэ нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуульд улсын бүртгэлийн байгууллага “мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох”-оор заасан байхад, мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн нь хууль бус болох талаар дүгнэж, хэргийг шийдвэрлэж байх тул “... Үндсэн хуулиар ... хамгаалагдсан Монгол Улсын иргэн миний хууль ёсны өмчлөх эрхэнд ... /шүүх халдсан/” гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй, гуравдагч этгээд Р.Б-ийн “... анхнаасаа 7 тоот зогсоолыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, Б.Цэгмэд ... /7 тоот зогсоолыг худалдан аваагүй/, ... үндсэн граж эзэмшигчдийн дундуур хөрөнгө оруулагчийн зогсоолыг багтаахын тулд илүү зогсоол шахаж оруулж ирсэнээр 42 тоотыг эзэмшигч Б нь өөрийн зогсоолоос шахагдаж байрлалыг нь 40 тоот миний зогсоол дээр давхцуулсанаар нэхэмжлэгч гэдэг утгаар Бямбад давуу байдал үүсч 40 тоот зогсоолыг эзэмшигч би хохирогч болсон” гэх үйл баримтуудад захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.
21. Эдгээр үндэслэлээр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Р.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
22. Хяналтын шатны энэхүү тогтоол нь гуравдагч этгээд Р.Бөөс дээрх асуудлуудаар иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлэх, өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0131 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Р.Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд Р.Б-өөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА