Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 461

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

                                                                     

 

 

 

 

 

 

 

           С.Үнэнбаярт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Ширэндэв,

Шүүгдэгч С.Үнэнбаярын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Д.Ширэндэвийн бичсэн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлээр С.Үнэнбаярт холбогдох эрүүгийн 201625010911 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Дэгд овогт Сангимятавын Үнэнбаяр, 1977 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Өвөрхангай аймгийн Богд сум, 3 дугаар багийн “Баянтөхөм” гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун-Овоо, “Баялаг” дэлгүүрийн урд талын гудамжны 40 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЙД77071211/,   

          С.Үнэнбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дашваанжил газ” шатахуун түгээх станцын баруун талын автомашины зогсоолд байсан иргэн Ц.Цэнд-Аюушийн эзэмшлийн “Мицүбиши Л-200” загварын улсын дугааргүй автомашиныг хутгаар зурж 237.500 төгрөгийн, мөн иргэн С.Жүгдэрийн эзэмшлийн “Тоёота Харриер” загварын 37-74 улсын дугаартай, “Тоёота Приус” загварын 22-26 УБЦ улсын дугаартай автомашинуудыг хутгаар зурж 417.600 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: С.Үнэнбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “…Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийн хэдийд, хаана, яаж үйлдсэн/, яллагдагчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцлийг гүйцэд нотолж тогтоогоогүй гэж үзэхээр байна.

1. Хэдийгээр “Тоёота Харриер” загварын 37-74 УНП улсын дугаартай автомашин минийх биш дүү С.Жүгдэрийн эзэмшлийн машин байгаа юм. Анх Японоос орж ирэхэд дүү С.Жүгдэр намайг нэр дээрээ бүртгүүлээд авчих гэж хэлсэн тэгээд би өөрийн нэр дээрээ гаалийн бүрдүүлэлт хийж аваад одоо болтол шилжүүлээгүй байгаа. Миний эзэмшлийн машин биш учир хохирогчоор орох шаардлагагүй” гэж О.Амарсайн /хх-30/,

“Уг “Мицүбүши Л-200” загварын автомашиныг анх оруулж ирэхдээ гаалийн мэдүүлгийг миний нэр дээр бүрдүүлж оруулж ирсэн. Цэнд-Аюуш хариуцан зарж, борлуулдаг учир хохирогч, иргэний нэхэмжлэгчээр компанийг төлөөлж орсон. Миний хувьд хохирогчоор орох шаардлагагүй” гэж Ц.Өлзийбаяр тус тус гэрчээр мэдүүлсэн /хх-31/ байх боловч тус гэмт хэргийн объект болох “Тоёота Харриер” загварын 37-74 УНП улсын дугаартай автомашины өмчлөгчийг нь О.Амарсайн гэж тэмдэглэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-54/, “Мицүбүши Л-200” загварын автомашины гаалийн мэдүүлгийг Ц.Өлзийбаярын нэр дээр бүрдүүлсэн баримтын хуулбар /хх-56/ хавтаст хэрэгт авагдсан байхад О.Амарсайн, Ц.Өлзийбаяр нарыг хохирогчоор тогтоогоогүй, зарим хохирогчийг буруу тогтоосон. Өөрөөр хэлбэл, Жүгдэр, Ц.Цэнд-Аюуш нарыг тухайн автомашинуудын өмчлөгч, эзэмшигч гэж үзэн хохирогчоор тогтоох үндэслэл тогтоогдоогүй байна.

2. Гэмт хэрэг үйлдэгдсэн Баянзүрх дүүргийн тухайн хорооны дугаарыг эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-1/, хохирогч нарын мэдүүлэг /хх-23, 25/, сэжигтэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-32/, шинжилгээ хийлгэх тогтоол, шинжээчийн дүгнэлт /хх-36, 37/, хэргийг прокурорт шилжүүлэх тогтоол /хх-61/ зэрэгт “5 дугаар хороо” гэж, гэрч нарын мэдүүлэг /хх-27, 28/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-47-49/, мөрдөн байцаагчийн мэдэгдэл /хх-57/, прокурорын яллах дүгнэлт /хх-63-66/ зэрэгт “4 дүгээр хороо” гэж тус тус харилцан зөрүүтэй бичжээ.

3. Шүүгдэгч С.Үнэнбаярыг сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-43-49/ зэрэгт түүний ургийн овог болон гэмт хэрэг үйлдсэн Баянзүрх дүүргийн тухайн хорооны дугаарыг засвартай бичсэн, тэдгээр баримтад засвар оруулсан талаар тэмдэглэл үйлдээгүй байна.

4. Шүүгдэгч С.Үнэнбаярын төрсөн өдрийг иргэний үнэмлэхний лавлагаанд /хх-58/ “1977 оны 7 дугаар сарын 12-ны өдөр” гэсэн байхад түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-51/ “1977 оны 7 дугаар сарын 11-ний өдөр” гэж ташаа бичжээ.

5. Шүүгдэгч С.Үнэнбаяр нь өөрийн үйлдсэн хэргийн талаар огт санахгүй байгаа гэх тул түүний сэтгэцийн байдлын талаар мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “С.Үнэнбаярын машин зурж байгаа бичлэг” гэсэн бичигтэй CD /DVD/-ний бичлэгийг үзүүлэх боломжгүй байх учир түүнийг сэргээн засварлах, дахин хуулбарлах боломжтой эсэхэд анхаарвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй. Иймд шүүгдэгч С.Үнэнбаярт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Улсын яллагч Д.Ширэндэв бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар захирамжийг хүчингүй болгох дараах үндэслэл байна. Үүнд:

Тухайн хэрэгт иргэн Ц.Цэнд-Аюуш, С.Жүгдэр нарыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасны дагуу тэднийг хохирогчоор тогтоосон нь бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм. Гэтэл иргэн О.Амарсайн, Ц.Өлзийбаяр нар нь тухайн хэрэгт гэрчээр байцаалт өгөхдөө хэдийгээр “Тоёота Харриер” загварын 37-74 УНП улсын дугаартай автомашины гэрчилгээ болон “Мицүбүши Л-200” загварын автомашины гаалийн бүрдүүлэлт зэрэг нь тэдний нэр дээр байгаа боловч тухайн автомашины өмчлөгч нь С.Жүгдэр, Ц.Цэнд-Аюуш нар бөгөөд тухайн автомашинуудтай холбоотой хохирол төлбөрийн асуудал тэдэнд ямар нэг байдлаар хамааралгүй болох талаар илэрхийлсэн байдаг.

Иймд О.Амарсайн, Ц.Өлзийбаяр нар нь тухайн гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээд гэж үзэхгүй тул хохирогчоор тогтоох үндэслэлгүй байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр гэж гомдол, мэдээллийг анх хүлээн авахад ташаа бүртгэгдсэн асуудал нь хэрэгт мөрдөн байцаалт явуулах явцад 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт харьяалагддаг болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон тул яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэнд 4 дүгээр хороо гэж зөвтгөж бичсэн нь ямар нэг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй юм.

Мөн С.Үнэнбаярын ургийн овгийг сэжигтнээр тооцох болон яллагдагчаар татах тогтоол байцаалтанд засвартай бичсэн, ял шалгах хуудсанд түүний төрсөн өдөр нь нэг өдрөөр андуурагдаж бичигдсэн гэх асуудал нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа бөгөөд түүний биеийн байцаалтыг шалгасан шүүх хуралдааны тэмдэглэлд үнэн зөв бичигдсэн эсэх талаар шалгагдсан болно. С.Үнэнбаяр нь хэрэг болох үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсны улмаас өөрийн үйлдэл, болсон асуудлын талаар санахгүй байгаа талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн бөгөөд ямар нэг байдлаар сэтгэцийн хувьд хэргийн талаар мэдүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний сэтгэцийн байдлын талаар мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй юм.

Хэрэгт хураагдан ирсэн дискэн дэх бичлэгт мөрдөн байцаагч мөрдөн байцаалтын шатанд хөндлөнгийн гэрч оролцуулан үзлэг хийж тэмдэглэл хөтлөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 126, 127 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаар бэхжүүлэн авсан тул хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой байна. Иймд …шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр …улсын яллагчийн эсэргүүцэл бичив…” гэв.

Шүүгдэгч С.Үнэнбаярын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. С.Үнэнбаяр нь бичиг үсэг мэддэггүй учраас мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчгүй байж байгаад шүүхийн шатнаас өмгөөлөгч авсан. Ер нь харьцаж байхад олон удаа асууж байж асуултыг ойлгодог. Байгаа байдлаас нь харахад юмыг удаан ойлгодог юм шиг санагдсан. Шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцоод “сиди бичлэгийг үзье, надад тийм хутга байхгүй, автомашин зураагүй” гэх зүйл ярьдаг. Чи тэгвэл сиди-гээ үз гэсэн боловч бичлэг байгаагүй. Тэр нь ажиллахгүй байсан. Үнэхээр бичлэг байгаа бол үзээд би ийм хэрэг үйлдсэн байна гэж өөртөө дүгнэлт өгөх байх гэж бодоод бичлэгийг шинжлэн судлуулъя гэсэн. Хэрвээ гэм буруутай гэж үзвэл ял шийтгэх хуудаст иргэний үнэмлэхний дугаар нь зөрүүтэй байна гэсэн. Нэг дугаар буруу бичсэнээс болоод дараа нь өөр хүний эрх зүйн байдал дордож магадгүй учраас яг аль нь зөв юм бэ гэдэг асуудал яригдана. Тиймээс шүүгч иргэний үнэмлэхний лавлагааг эцсийн байдлаар ял шийтгэл авахад зайлшгүй үнэн зөв тогтоох ёстой” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

С.Үнэнбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд С.Үнэнбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба харин шүүх хэрэгт цугларсан ач холбогдолтой нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэв.

Иймд шүүх яллах дүгнэлтийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлэлт дүгнэлт өгч, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаан… дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Үнэнбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар захирамжийг хүчингүй болгож, С.Үнэнбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл С.Үнэнбаярт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

 

                                      ШҮҮГЧИД                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ