Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00983

 

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00983

 

 

Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102Ш2021/00652 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Ц-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч БГД-ийн ИТХ-ын АА-д холбогдох

ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Ч.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Ч.М шүүх хуралдаанд тайлбартаа: Б.Ц- нь БГД-ийн ИТХ-ын АА-д 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 19 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч байсан болно. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-ын Ажлын албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргаж өгнө хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудан хууль бус шалгалт зохион байгуулж шалгалтад унасан, ур чадваргүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Ажлын албаны дарга хуульд заагаагүй эрх хэмжээг өөрт олгож ажилчдыг халсан. Мэргэжил арга зүйн үнэлгээний комисс байгуулах эрх дотоод журмаар олгогдоогүй. Хөдөлмөрийн дотоод журмын 3.5-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнийг ажлын албаны дарга судлан танилцуулсны үндсэн дээр хурлын дарга захирамжаар томилж чөлөөлнө. Ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний комисс эрх зүйн хувьд чадамжгүй, өөрт олгогдоогүй эрхээр тушаал гаргаж Б.Ц-ийг ажлаас халсан тул ажлаас хууль бусаар халсныг тогтоож ажилдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, Г.На, А.У нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тушаал гаргах эрхгүй, комисс байгуулсан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч Улсын Дээд шүүхийн 2016 оны 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлаж 40 дүгээр зүйлийн 40.1.2 буюу ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг албаны салбарын буюу тухайн байгууллагын мэдлэг ур чадварыг тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэсэн байгаа тул байгууллагын комиссын шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэл бүхий байна. Ажлын албаны дүрэмд ажилтанг томилох болох чөлөөлөх эрх нь Ажлын албанд олгогдсон. Зөвхөн Ажлын албаны даргын тушаалаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгодог эрх олгогдсон. Хоёрдугаарт тушаал гаргах эрх үүссэн. Ажлын албаны дүрмийн 2.5.1-т зааснаар үйл ажиллагааны удирдлагаар хангаж, удирдан чиглүүлнэ гэж заасан. Дүрэм өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Нэхэмжлэгч талд дүрэм өөрөө хүчинтэй хүчингүйд маргаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалтыг дахин хөдөлмөрийн гэрээнд оруулах шаардлагагүй гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гол үндэслэл нь ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй, мөн хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т зааснаар үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэнэ. D, F үнэлгээтэй ажилласан тохиолдолд хариуцлага тооцох ба дараагийн хагас жилд үнэлгээгээ дээшлүүлээгүй бол ажлаас халах үндэслэл болно гэж тодорхой заасан. Мөн гэрээний 7.1-т Хөдөлмөрийн тухай хуулийн 29, 37, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гэрээг дуусгавар болгоно гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ийг Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 19 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч БГД-ийн ИТХ-ын АА-аас 1.608.649 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц- олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч БГД-ийн ИТХ-ын АА-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч БГД-ийн ИТХ-ын АА-аас 40.514 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэгт "Хариуцагч .... шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гол үндэслэл нь ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй, мөн хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т зааснаар үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэнэ. D, F үнэлгээтэй ажилласан тохиолдолд хариуцлага тооцох ба дараагийн хагас жилд үнэлгээгээ дээшлүүлээгүй бол ажлаас халах үндэслэл болно гэж тодорхой заасан" гэж заасан байна. Уг үндэслэлээр нэхэмжлэгч тал маргасан бөгөөд энэ талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан. Харин манай байгууллагын зүгээс үр дүнгийн гэрээ байгуулагдаагүй учраас энэ зүйл заалт хэрэглэгдэхгүй, учир нь Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулахаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.Ц- нь төсвийн шууд захирагч биш учраас энэ гэрээг байгуулах боломжгүй талаар маргасан. Гэвч нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлийг хариуцагчид хариу тайлбарын үндэслэл болгосон мэтээр бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, шүүгч хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасныг нотолж байна. Мөн нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа "эгүүлэн тогтоолгох" гэж нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотой нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой шүүхээс ажиллагаа хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, 16 дугаар зүйлийн 16.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14-т тус тус заасны дагуу Төсвийн шууд захирагч нь төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зэрэг бүрэн эрхтэй тул Ажлын албаны дарга нь төсвийн шууд захирагч болохын хувьд албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоох комисс байгуулж, холбогдох арга хэмжээг авах эрхтэй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.2-т "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2,-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно." гэж тайлбарласан. Үүнээс үзвэл тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэр гарсан байхыг хамааруулах бөгөөд "тухайн байгууллагын" буюу "-ын" харьяалахын тийн ялгалын нөхцөлтэй буюу тухайн байгууллагад харьяалагдах комиссын шийдвэр гарсан байхыг ойлгохоор байна. Ийнхүү Ажлын албаны даргын 2020 оны А/03 дугаар тушаалаар "Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, А/09 дүгээр тушаалаар "Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс" байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангасан буюу тухайн байгууллагаас ийнхүү комисс томилсон нь уг тайлбарт нийцэж байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дах хэсэгт зааснаар улс төрийн албан хаагч болох Хурлын дарга нь хүний нөөцийн бодлого тодорхойлох, албан хаагчдыг томилох чөлөөлөх эрхгүй болох нь тодорхой байна. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны А/138 дугаар захирамжаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журамд албан хаагчдыг томилох чөлөөлөх эрхийг Хурлын даргад олгосон нь Төрийн албаны тухай хууль болон Төсвийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн зохицуулалтад нийцээгүй учраас тухайн харилцааг зохицуулсан зүйл, заалт нь хууль тогтоомжийг зөрчсөн зохицуулалт болсон байх тул холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 44 дүгээр тогтоолоор Ажлын албаны дарга нь томилох, чөлөөлөх эрхтэй гэж заасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэгдүгээрт Ажлын албаны дүрэмтэй маргаагүй буюу түүний эрх зүйн үйлчлэлтэй холбоотой хууль хяналтын байгууллагад хандаагүй, тухайн тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна. Эрх зүйн эх сурвалж нь хоорондоо зөрчилтэй бол сүүлд хүчин төгөлдөр болсон эрх зүйн эх сурвалжийг, эсхүл доод эрэмбийн эх сурвалж нь дээд эрэмбийн эх сурвалжтай нийцэх суурь зарчмын дагуу дээд эрэмбийн эрх зүйн эх сурвалжийг хэрэглэх эрх зүйн суурь зарчим байдаг. Энэ хүрээнд авч үзвэл Хөдөлмөрийн дотоод журам нь 2019 онд, Ажлын албаны дүрэм нь 2020 онд, баталсан субьектээр нь авч үзвэл Хөдөлмөрийн дотоод журмыг Хурлын дарга, Ажлын албаны дүрмийг Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан. Иймд эрх зүйн эх сурвалжийн хэрэглээний хувьд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ажлын албаны дүрэм буюу ДИТХ-ын Тэргүүлэгчдийн Тогтоолыг хэрэглэсэн нь үндэслэлтэй, Хурлын даргаас энэ чиг үүргээ Ажлын албаны даргад шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан Ажлын албаны дүрмийн 2.5.3-т Хурлын Тэргүүлэгчдээс тогтоосон Хурлын Ажлын албаны бүтэц, орон тооны хязгаар, цалингийн санд багтаан ажлын албаны нэгжийн, дарга, ажилтнуудыг томилж, чөлөөлөх, үйл ажиллагаанд нь хяналт тавих эрхтэй гэж, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4. Албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэж тус тус заасан. Үүнээс үзвэл Ажлын албаны дарга нь албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй бөгөөд албан хаагчдын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх үүргийг хэрэгжүүлэхдээ албан хаагчдын мэдлэг, ур чадварын суурь түвшинг тодорхойлсны үндсэн дээр хэрэгжүүлэх ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл албан хаагчдын мэдлэгийн түвшин, ямар ямар ур чадвартайг тодорхойлохгүйгээр ур чадварыг дээшлүүлэх ажиллагаа хийгдэх боломжгүй. Иймд холбогдох дүрэм, журмаар энэ чиг үүргийг Ажлын албаны даргад олгосон байхад шүүхээс комисс томилох эрхгүй гэж үзсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй шийдвэр болжээ. Шүүхээс хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, гэрээгээр хүлээсэн үүргээ А, В үнэлгээтэй биелүүлсэн албан хаагчийг шагнаж урамшуулна, D, F үнэлгээтэй ажилласан тохиолдолд хариуцлага тооцох ба дараагийн хагас жилд үнэлгээгээ дээшлүүлээгүй бол ажлаас халах үндэслэл болохоор заасан боловч хөдөлмөрийн гэрээний энэ заалтыг зөрчиж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна гэж дүгнэсэн. Талуудын хооронд үр дүнгийн гэрээ байгуулагдаагүй байхад уг гэрээний биелэлтийг дүгнэх эрх зүйн зохицуулалтыг хэрэглэж хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна. Төрийн албан хаагч нь тухайн жилд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулж, хэрэгжилтийг нь хангах, мөн хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болох албан тушаалын тодорхойлолтод заасан 14 үндсэн зорилгын биелэлтийг хангах үүрэгтэй. Энэ талаар Хөдөлмөрийн дотоод журмын 2.7.9, 2.7.10, 6.2, 6.3-т тус тус заасан зохицуулалтын дагуу албан хаагчдын үйл ажиллагааны хэрэгжилтийг Үнэлгээний багаас дүгнэж, дүгнэлтийн дагуу ажлаас чөлөөлөх ажиллагаа хийгдсэн. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө болон үр дүнгийн гэрээ гэдэг эрх зүйн 2 өөр баримт бичгийн уялдаа холбоог гаргалгүй шүүхээс хариуцагчийг буруутгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Б.Ц-ийн нэхэмжлэлтэй БГД-ийн ИТХ-ын АА-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгч, маргагч талын хариу тайлбарын үндэслэлийг сольсон зэрэг дээр дурдсан үндэслэлүүдээр хууль бус байх тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00652 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч БГД-ийн ИТХ-ын АА-ы Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 19 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн даргаар 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс ажиллаж байгаад хариуцагч байгууллагын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/24 тоот тушаалаар мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримталжээ. / хх-ийн 44, 45 /

Нэхэмжлэгч Б.Ц- нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, хариуцагч БГД-ийн ИТХ-ын АА-д холбогдох ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Б.Ц- мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэдэг нь тогтоогдсон, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байсан тул ажлаас халсан тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 дугаар тушаалаар төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг баталж, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/09 дугаартай тушаалаар шалгалт авах комиссын бүрэлдэхүүнийг баталж, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах удирдамжийг баталж, комиссын бүрэлдэхүүн ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 100 хувийн үнэлгээтэй, 20 тестээр зохион байгуулахаар шийдвэрлэж, 2020 оны 12 сарын 16-ны өдөр ажилчдаас шалгалт авахад нэхэмжлэгч Б.Ц- нь 25 хувь буюу тэнцээгүй гэсэн үнэлгээ авчээ. /хх-ийн 60-72, 132/

 

1.Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/63, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/109, 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн А/145 дугаартай захирамжуудын хавсралтад зааснаар ажилтан Б.Ц-ийн ажлын үр дүн 2020 оны 1-ээс 3 дугаар улиралд 95-96 хувь үнэлэгдэж, 40 хувийн үр дүнгийн нэмэгдэл мөнгөн урамшуулал олгогдож байснаас үзэхэд ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмын 6.3, хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т тус тус заасныг зөрчсөн байна. Мөн Ажлын албанаас 2020 оны 12 дугаар сарын 16-нд зохион байгуулсан мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад түүнийг хамруулах болсон үндэслэл, шалтгааныг нотлох баримтыг хариуцагч гаргаж ирүүлээгүй байна. /хх-ийн 24-29, 55/

Хөдөлмөрийн дотоод журмын 6.3-т Төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын үнэлгээнээс хамаарч ур чадварын нэмэгдэл олгох, цалингийн зэрэглэл нэмэгдүүлж болох бөгөөд хангалтгүй үнэлгээ авсан ажилтнуудын ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх арга хэмжээ авна гэж зааснаас үзэхэд үйлчилгээний ажилтнуудын хувьд тэдний мэргэжил ба ур чадварын түвшинг тогтоох, Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Авилгын эсрэг хууль тогтоомжоор сорилын шалгалтыг комисс томилж авах талаар уг журамд заагаагүй байна. /хх-ийн 55/

Мөн хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т Үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэнэ. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ D, F үнэлгээтэй ажилласан тохиолдолд хариуцлага тооцох ба дараагийн хагас жилд үнэлгээгээ дээшлүүлээгүй бол ажлаас халах үндэслэл болно гэж заасан байхад дараагийн хагас жилийн үнэлгээ хийгдээгүй байхад нэхэмжлэгчийг ур чадварын хувьд тэнцэхгүй хэмээн шууд ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. /хх-ийн 35/

 

Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, ажилтан, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, батлуулах холбогдох хууль тогтоомжийн дагуу албан хаагчдыг чөлөөлж, томилох, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргад үүрэг болгосон болохоос ажлын албаны үйлчилгээний албан хаагчдаас мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах талаар чиглэл өгсөн гэх байдал тогтоогдоогүй байна. / хх-ийн 60, 73-80, 132 /

 

Иймд Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор болон хөдөлмөрийн дотоод журам, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрэмд зааснаар Ажлын алба нь ажилтны мэргэжил, ур чадварын талаар дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулж комисс томилох, дүгнэлт гаргуулах эрх, үүрэг эдлэх чиг үүргийг олгоогүй талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасанчлан хариуцагч байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт гарсан гэж хэлбэрийн хувьд үзэхээр боловч ажилтны мэргэжил, ур чадвар гэсэн 2 үзүүлэлт бодитой дүгнэгдсэн, шалгалтанд оролцогчийн эрх хангагдсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Аливаа мэргэжил, ур чадварын шалгалт түүний дотор төрийн албан хаагчийн мэргэжил, ур чадварын шалгалтыг зөвхөн тестийн шалгалтаар хязгаарласан нь Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчим /мерит/ гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг гэсэнд нийцээгүй, шалгуулагчийг бодитой шалгуураар дүгнэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 87, 88/

 

Дээр дурдсан ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, шалгалт зохион байгуулах удирдамж, шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 100 хувийн үнэлгээтэй, 20 тестээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар хариуцагч Ажлын алба нь нэхэмжлэгч Б.Ц-ид мэдэгдсэн талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй байгааг нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэтхэн дуудан шалгалт зохион байгуулж шалгалтанд унасан гэх тайлбар зэргийг харьцуулан үнэлэхэд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын харилцан эрх тэгш байдлыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Урьдчилан мэдэгдэхгүйгээр шалгалт авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй.

 

Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын зорилгыг ...Ажлын албаны албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох, чадварлаг мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэхэд оршино гэж, шалгалт зохион байгуулах удирдамжийн зорилгыг төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах ажлыг зохион байгуулах, мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэх гэж тус тус тодорхойлжээ. Гэвч эдгээр зорилгыг хэрэгжүүлэх арга нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлагдсан журам, дүрэмд нийцсэн, хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчихгүй байх учиртай.

 

3. Түүнчлэн, хариуцагч байгууллагын дээрх Б/24 тоот тушаалд нэхэмжлэгч Б.Ц-ийг ...гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зөрчил гаргасан гэсэн үндэслэл заасан боловч ямар баримтад тулгуурласан нь тодорхой бус, уг байдлыг нотолж чадаагүй байна. Хэрэгт Төрийн жинхэнэ албан хаагчийн улирлын ажлын гүйцэтгэлийн тайлан, 2020 оны төлөвлөгөө зэрэг баримтууд авагдсан байх боловч уг баримтаар Б.Ц-ийн 2020 оны гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, зөрчил гаргасан болох нь нотлогдоогүй байна. /хх-ийн 89-127/

 

Мөн хариуцагч нь Б.Ц-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа нэг сарын өмнө бичгээр мэдэгдээгүй, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонсох ажиллагааны мэдэгдэл гэх баримтад гарын үсэг зураагүй байхад түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Ц-ийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хувьд нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн дүнгээр буюу 7 545 974 төгрөгөөр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

Нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн агуулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол д хамаарах бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шаардлага нэхэмжлэгч гаргаагүй гэж үзэх үндэслэл болохгүй тул шүүх нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой ажиллагаа хийгээгүй гэсэн хариуцагч талын гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн, Төсвийн тухай хуулийн, Хөдөлмөрийн тухай хуулийн, Төрийн албаны тухай хуулийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102Ш2021/00652 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 40 514 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Н.БАТЗОРИГ