Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/50

 

    

Н.Мид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ч.Билгүүн, Ч.Өнөржаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/2437 дугаар “Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай”  шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ч.Билгүүн, Ч.Өнөржаргал нарын хамтран гаргасан болон өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Мид холбогдох 2202000000248 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.М

ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Н.М нь Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 0 барилгын 000, 000 тоотод үйл ажиллагаа явуулах “Э” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй нэр бүхий 16 аж ахуйн нэгжүүдээс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 10,206,218,038.15 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 282 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа татварын хэлтэст тайлагнаж, 1,020,621,803.85 төгрөгийн буюу их хэмжээний орлого бууруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.        

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

...“Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мийн НӨАТ-ын падааны шивэлтийг ямар байдлаар хэн, хэрхэн тайлагнасан болох, тэрээр У.А нартай татвараас зайсхийх зорилгоор холбогдсон эсэх, тухайн компани нь бодитоор худалдан авалт хийсэн эсэх, нэр бүхий аж ахуй нэгжүүд ямар байдлаар шүүгдэгч, түүний компанитай холбоотой болох зэрэг нөхцөл байдлууд тодорхой бус байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Мийн татвар төлөхөөс зайлсхийх зорилготой санаатай үйлдэл байгаа эсэх, 1,020,621,803.85 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох 10,206,218,038.15 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг хийсэн эсэх, энэ хэмжээний орлого, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон эсэх, эсхүл нуусан эсэх нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитоор тогтоогоогүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлж буй хэрэгт мөрдөгчөөс хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа, нотлох баримтын хүрэлцэхүйц байдал, нотолгооны ач холбогдолд анхаарч ажиллаагүй гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Н.Мид холбогдох хэрэгт шүүгдэгчээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсанаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”, мөн зүйлийн 4.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” зэрэг нөхцөл байдлууд хангагдаагүй тул хэргийг прокурорт буцаав...” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ч.Билгүүн, Ч.Өнөржаргал нар хамтран гаргасан гомдолдоо: “...1. “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мид холбогдох хэргийг Монгол Улсын дээд шүүхээс хяналтын журмаар хянан хэлэлцээд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 83 дугаар тогтоолоор анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн  2023/ШЗ/2437 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хяналтын шүүх хуралдаан дээр гэм буруу, хохирлын хэм хэмжээ аль аль дээр нь маргаж байгаагаа Н.М нь мэдүүлсэн байдаг /хх-ийн 236/ тиймдээ ч хяналтын шатны шүүхээс түүний гэм буруутай эсэхийг тогтоолгох зорилгоор анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Гэтэл 2023/ШЗ/2437 дугаартай шүүгчийн захирамжид “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлж буй хэрэгт мөрдөгчөөс хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа, нотлох баримтын хүрэлцэхүйц байдал, нотолгооны ач холбогдолд анхаарч ажиллаагүй гэж үзэхээр байна...” гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан байхад шүүхээс мэтгэлцээний явцад анхаарал хандуулалгүйгээр шүүгдэгчид холбогдох асуудлыг дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэж байгаа нь мэтгэлцээний зарчмыг зөрчсөн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөх болон прокурорын байгууллагатай хамтран мөрдөн шалгах ажиллагаанд нэг талыг баримтлан явуулах гэсэн хуульд нийцээгүй шийдвэр гэж үзэж байна.

2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ аль хэдийнээ татгалзсан нөхцөл байдалтай байсан байхад анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг дахин хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн гэж үзэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д заасныг үндэслэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

2. Хяналтын шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан бөгөөд хэрэв хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх байсан бол анхан шатны шүүхээс хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу 7 хоногийн дотор шүүх хуралдааныг зарлан явуулах бүрэн эрхтэй байсан. Гэвч шүүхээс шүүх хуралдааныг 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдөр анх зарлан хуралдуулсан.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул урьдчилан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг гаргаагүй, прокурор болон шүүхийн зүгээс ч урьдчилан хэлэлцүүлгийн хүсэлт гаргалгүй хуралдааныг явуулсан. Гэтэл 2023/ШЗ/2437 дугаартай шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2-т заасныг удирдлага болгон шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл Н.Мид холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоолгүй шүүхэд шилжүүлсэн нь эрх бүхий албан тушаалтны алдаатай үйлдлээс үүдэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч нь хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тухай заасан байдаг. Мөн холбогдох нотлох баримтууд болох санхүүгийн анхан шатны баримт бичгийг гарган өгсөн байдаг ч /1-р хх-ийн 50-51/ хавтаст хэрэгт хавсаргагдаагүй байгаа нь мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэгч эрх бүхий албан тушаалтны хайхрамжгүй байдалтай холбоотой юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Гэтэл манай тохиолдолд Н.Мид татвар төлөхөөс зайлсхийх санаа зорилго байгаагүй буюу гэмт хэргийн субъектив шинжгүй байгааг прокурорын зүгээс тогтоон, 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “...Н.М нь яллагдагч У.А нартай бүлэглэн үйлдсэн гэх хэргийн нөхцөл, үйл баримт тогтоогдохгүй...” /1-р хх-ийн 1-3/ байна гэж дүгнэсэн.

Нэгэнт Н.Мийн хувьд гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго байхгүй гэдгийг тогтоосон байхад 2023/ШЗ/2437 дугаар шүүгчийн захирамжид заасан гэмт хэргийн объектив талын шинжийг тогтоох шаардлагагүй гэж үзэж байна.

Эцэст нь “Э” ХХК-руу НӨАТ-ын падааны шивэлтийг хэн, хэрхэн тайлагнасан болох нь Татварын ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/2296 дугаар албан бичгээс /1-р хх-ийн 29-34/ тодорхойлогдох боломжтой ба ерөнхийдөө мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдогчийн гэм буруугийн асуудал болон татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн объектив талын шинж тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, 2023/ШЗ/2437 дугаар шүүгчийн захирамжид заасан “...НӨАТ-ын падааны шивэлтийг ямар байдлаар хэн, хэрхэн тайлагнасан болох, тэрээр У.А нартай татвараас зайлсхийх зорилгоор холбогдсон эсэх, тухайн компани нь бодитоор худалдан авалт хийсэн эсэх, нэр бүхий аж ахуйн нэгжүүд ямар байдлаар шүүгдэгч, түүний компанитай холбоотой болох зэрэг нөхцөл байдлууд тодорхой бус байна” гэж заасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/2437 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д “Гэмт хэргийн шинжгүй” гэж тус тус заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/2437 дугаар захирамжийг хүчингүй болгож, Н.Мийн үйлдлийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Н.Мийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мид холбогдох хэргийг Монгол Улсын дээд шүүхээс хяналтын журмаар хянан хэлэлцээд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 83 дугаар тогтоолоор анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шнйдвэрүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/2437 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан хяналтын шатны шүүх хуралдаан дээр гэм буруу, хохирлын хэм хэмжээ аль аль дээр нь маргаж байгаагаа мэдүүлсэн /хх-ийн 236/ бөгөөд хяналтын шатны шүүхээс түүний гэм буруутай эсэхийг тогтоолгох зорилгоор анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.

Гэтэл 2023/ШЗ/2437 дугаар шүүгчийн захирамжид “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлж буй хэрэгт мөрдөгчөөс хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа, нотлох баримтын хүрэлцэхүйц байдал, нотолгооны ач холбогдолд анхаарч ажиллаагүй гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь шүүгдэгч Н.Мийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Өөрөөр хэлбэл, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу мэтгэлцээний явцад анхаарал хандуулалгүйгээр шүүгдэгчид холбогдох асуудлыг дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэж байгаа нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөрдөх болон прокурорын байгууллагуудтай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулах гэсэн хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна.

2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ аль хэдийнээ татгалзсан нөхцөл байдалтай байсан байхад анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг дахин хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухан хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д заасныг үндэслэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

2. Н.М болон түүний өмгөөлөгчийн зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах тухай хүсэлт гаргаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул шүүх хуралдааныг явуулсан.

Гэтэл 2023/ШЗ/2437 дугаар шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2-т заасныг удирдлага болгон шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл Н.Мид холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шиндвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоолгүй шүүхэд шилжүүлсэн нь эрх бүхий албан тушаалтны алдаатай үйлдлээс үүдэлтэй байна.

Гэвч тухайн татвараас зайлсхийх гэх гэмт хэргийн гэм буруугийн асуудал нь У.А нарт холбогдох хэргийг тусгаарлах тогтоол болон У.Агийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ялладагчаар өгсөн мэдүүлэгт Н.М гэдэг хүнийг огт танихгүй гэдэг тухай мэдүүлэг авагдсан бөгөөд субъектив санаа зорилгын хувьд холбогдолгүй болох нь тогтоогдсон.

Нэгэнт Н.Мийн хувьд У.А нарын залилан мэхлэх гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч, түүнтэй хамтран татвараас зайлсхийх гэмт хэрэг хийх санаа зорилгогүй байх тул цаашид “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мийн татвараас зайлсхийх гэх гэмт хэргийн объектив байдлыг тогтоох шаардлагагүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч нь хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тухай заасан хэдий ч Н.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч болон шинжээчид холбогдох нотлох баримтууд буюу санхүүгийн анхан шатны баримт бичгийг гарган өгсөн байдаг ч /1-р хх-ийн 50-51/ хавтаст хэрэгт хавсаргагдаагүй байгаа нь мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэгч мөрдөгчийн хайхрамжгүй байдалтай холбоотой юм.

Н.М нь шинжээчид татварын системд нэвтрэх нэр, нууц үгээ өгсөн бөгөөд шннжээч нь татварын системд нэвтрэн хэрэгт ач холбогдол бүхий асуултад хариулан дүгнэлт гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй болно.

Түүнчлэн миний хувьд У.А нартай үгсэн татвараас ямар нэгэн байдлаар зугтах санаа сэдэлт, зорилго үгүй байсан гэдгийг прокуророос тогтоон 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 25 дугаартай “Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай” тогтоолоор “...Н.М нь яллагдагч У.А нартай бүлэглэн үйлдсэн гэх хэргийн нөхцөл, үйл баримт тоггоогдохгүй байх тул...” гэж тодорхойлсон байдаг. /1-р хх-ийн 1-3/,

Эцэст нь “Э” ХХК-руу НӨАТ-ын падааны шивэлтийг хэн, хэрхэн тайлагнасан болох нь Татварын ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/2296 дугаартай албан бичгээс /1хх-ийн 29-34 дахь тал/ тодорхойлох боломжтой тул 2023/ШЗ/2437 дугаар шүүгчийн захирамжид заасан НӨАТ-ын падааны шивэлтийг ямар байдлаар хэн, хэрхэн тайлагнасан болох, тэрээр У.А нартай татвараас зайлсхийх зорилгоор холбогдсон эсэх, тухайн компапи нь бодитоор худалдан авалт хийсэн эсэх, нэр бүхий аж ахуйн нэгжүүд ямар байдлаар шүүгдэгч, түүний компанитай холбоотой болох зэрэг нөхцөл байдлууд тодорхой бус байна” гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдогчийн гэм буруугийн асуудал болон татвараас зайлсхийсэн гэх объектив байдал тогтоогдоогүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийи 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжиггэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.”, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д “Гэмт хэргийн шинжгүй” гэж тус тус заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/1113/2437 дугаар захирамжийг хүчингүй болгож, Н.Мийн үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү.

...“Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мийг эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан үеэс эхлэн татварын эрх зүйн харилцаан дахь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бөгөөд түүний нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх асуудал нь гэмт хэргийн шинжгүй учир татварын байгууллага нь нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлаар хяналт шалгалт хийх нь нээлттэй бөгөөд “Э” ХХК-ийн үйл ажиллагаа татварын байгууллагын хяналтад байгаа тул хариуцвал зохих татварыг тооцон гаргасан тохиолдолд хариуцан төлөх нь татвар төлөгчийн үүрэг болно. ...” гэв.

Шүүгдэгч Н.Мийн өмгөөлөгч Ч.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мид холбогдох хэргийг Монгол Улсын Дээд шүүхээс хяналтын журмаар хянан хэлэлцээд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 83 дугаар тогтоолоор анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/2437 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хяналтын шүүх хуралдаан дээр гэм буруу, хохирлын хэм хэмжээ аль аль дээр нь маргаж байгаагаа Н.М нь мэдүүлсэн байдаг. /хх-ийн 236/ Тиймдээ ч хяналтын шатны шүүхээс түүний гэм буруутай эсэхийг тогтоолгох зорилгоор анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэтэл 2023/ШЗ/2437 дугаартай шүүгчийн захирамжид “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлж буй хэрэгт мөрдөгчөөс хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа, нотлох баримтын хүрэлцэхүйц байдал, нотолгооны ач холбогдолд анхаарч ажиллаагүй гэж үзэхээр байна...” гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан байхад шүүхээс мэтгэлцээний явцад анхаарал хандуулалгүйгээр шүүгдэгчид холбогдох асуудлыг дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэж байгаа нь мэтгэлцээний зарчмыг зөрчсөн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөх болон прокурорын байгууллагатай хамтран мөрдөн шалгах ажиллагаанд нэг талыг баримтлан явуулах гэсэн хуульд нийцээгүй шийдвэр гаргасан. 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ аль хэдийнээ татгалзсан нөхцөл байдалтай байсан байхад анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг дахин хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хяналтын шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан бөгөөд хэрэв хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх байсан бол анхан шатны шүүхээс хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу 7 хоногийн дотор шүүх хуралдааныг зарлан явуулах бүрэн эрхтэй байсан. Гэвч шүүхээс шүүх хуралдааныг 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдөр анх зарлан хуралдуулсан. Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул урьдчилан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг гаргаагүй. Мөн прокурор болон шүүхийн зүгээс ч урьдчилан хэлэлцүүлгийн хүсэлт гаргалгүй хуралдааныг явуулсан. Гэтэл 2023/ШЗ/2437 дугаартай шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Н.Мид холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоолгүй шүүхэд шилжүүлсэн нь эрх бүхий албан тушаалтны алдаатай үйлдлээс үүдэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч нь хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тухай заасан байдаг. Мөн холбогдох нотлох баримтууд болох санхүүгийн анхан шатны баримт бичгийг гарган өгсөн байдаг ч /1-р хх-ийн 50-51/ хавтаст хэрэгт хавсаргагдаагүй байгаа нь мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэгч эрх бүхий албан тушаалтны хайхрамжгүй байдалтай холбоотой юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Гэтэл Н.Мид татвар төлөхөөс зайлсхийх санаа зорилго байгаагүй буюу гэмт хэргийн субъектив шинжгүй байгааг прокурорын зүгээс 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “...Н.М нь яллагдагч У.А нартай бүлэглэн үйлдсэн гэх хэргийн нөхцөл, үйл баримт тогтоогдохгүй...” /1-р хх-ийн 1-3/ байна гэж дүгнэсэн. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/2437 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай байгууллагад татварын хяналт шалгалт явуулах боломжтой. Бид 2023 оны 8 дугаар сард татварын хяналт шалгалт хийлгүүлэхээр хүсэлт өгсөн боловч эрүүгийн хэрэг үүссэн байгаа гэх үндэслэлээр хяналт шалгалтыг явуулж болохгүй нөхцөл байдалд байна. Татварын байгууллагын гаргаж ирээд байгаа бүртгэл, тооцооны жагсаалтаас үзэхэд манай байгууллагаас зарим төлбөр, тооцоог давхардуулж гаргаад байгаа. Өмгөөлөгч нарынхаа гаргасан гомдол, тайлбарыг дэмжин оролцож байна...” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “хэргийн үйл баримт тодорхой хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийг шийдвэрлэх боломжтой байсан” гэх агуулгаар гомдол гаргасан. Хэрэг анх анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэхдээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.М нь төлөөгүй татварын хэмжээ болох 1,000,000,000 гаруй төгрөгийг хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлсэн. Үүний дараа шүүгдэгч хохирлыг буруу тооцоолсон гэж давж заалдах гомдол гаргаж, гэм буруугийн асуудлаар маргасан. Улсын Дээд шүүхээс “нотлох ажиллагаа хангалттай хийгдээгүй” гэх үндэслэлээр хэргийг буцаасан нь хуульд нийцсэн...” гэв.

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Н.М нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзаж байгаагаа илэрхийлж энэ талаар хүсэлтээ бичгээр гаргасан. Тухайн хүсэлтийг нь шүүх хүлээн авч хэрэгт хавсаргасан байгаа. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу хэргийг прокурорт буцаана. Эсхүл хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл ердийн журмаар шийдвэрлэнэ. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас анх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурортой ял тохиролцож мөрдөн шалгах ажиллагааны хүрээ хязгаарыг тодорхой байдлаар зогсоосон. Гэтэл хэрэг шүүхэд шилжсэний дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгэхгүйгээр хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлүүлэх оролдлого гаргаж байна. Хэрэв шүүгдэгч Н.М хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж байгаа бол мөрдөн шалгах ажиллагааг цааш үргэлжлүүлж, хэргийг ердийн журмаар шийдвэрлэнэ. Н.Мтой холбоотой 3 компани нь улсаас тендерийн ажил авсан. Энэ төлбөр, мөнгөнд нэмэгдсэн өртөгийн албан татварыг /НӨАТ/ оруулсан байдаг. Иймд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай. Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийг удирдлага болгож алдаа гаргасан байна. Учир нь, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийг баримталдаггүй. Уг алдааг давж заалдах шатны шүүхийн магадлалаар залруулах боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Н.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэхээр шүүхэд шилжүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлээд шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлээд хэргийг хэрэгсэхгүй болгосон магадлал гаргасан. 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 83 дугаар Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор тус шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгосон /2 хх 237-248/.

Энэхүү Дээд шүүхийн тогтоолд “...Шүүгдэгч Н.М анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж байх тул түүнд холбогдох “Э” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа нэр бүхий 16 аж ахуйн нэгжээс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 10,206,218,038.15 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 282 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа татварын хэлтэст тайлагнаж, 1,020,621,803.85 төгрөгийн буюу их хэмжээний орлого буруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт үйлдлийг нэг мөр, эргэлзээгүй тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж хяналтын шатны шүүх үзлээ...” гэж заасан.

Анхан шатны шүүхээс:

- шинжээчийн дүгнэлт санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудад үндэслэн хийгдээгүй, зөвхөн татварын нэгдсэн системд тусган тайлагнасан НӨАТ-ын мэдээн дээр үндэслэн хийгдсэн нь үндэслэл муутай болсон,

- “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мийн татварийн НӨАТ-ын падааны шивэлтийг ямар байдлаар, хэн, хэрхэн тайлагнасан болох, тэрээр У.А нартай татвараас зайлсхийх зорилгоор уулзсан эсэх, тухайн компани нь бодитоор худалдан авалт хийсэн эсэх, нэр бүхий аж ахуйн нэгжүүд ямар байдлаар шүүгдэгч, түүний компанитай холбоотой болох зэрэг нөхцөл байдлууд тодорхой бус гэж үзээд “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мийн татвар төлөхөөс зайлсхийх зорилготой санаатай үйлдэл байгаа эсэх, 1,020,621,803.85 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох 10,206,218,038.15 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг хийсэн эсэх, энэ хэмжээний орлого, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон эсэх, эсхүл нуусан эсэх нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитоор тогтоогоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Энэхүү мөрдөн шалгах ажиллагаануудыг хийх нь Н.Мийн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг, гэмт хэргийн шинжтэй эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал мөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.   

Мөн шүүгдэгч Н.М нь прокурорт гаргаж байсан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан тухай үйл баримт тогтоогдож шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт заасныг удирдлага болгон хэрэглэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “...хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Н.Мийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 Харин анхан шатны шүүх шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгтээ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална. ...” гэж заасан байхад “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг”-ийг удирдлага болгосон нь,

хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг хэрэглэсэн атлаа яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ хэрэглэдэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь заалтад заасныг удирдлага болгон хэрэглэсэн нь тус тус хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ. Шүүгдэгч Н.Мийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь заалтад заасныг удирдлага болгон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй...” гэх хэсэг үндэслэлтэй байна.

Иймд шүүгчийн захирамжийн удирдлага болгох хэсгийг тодорхой болгосон өөрчлөлтийг шүүгчийн захирамжид оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт “...Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:..” гэж өөрчилсүгэй.
  2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/2437 дугаар “Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ч.Билгүүн, Ч.Өнөржаргал нарын хамтран гаргасан болон өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.АЛДАР

          ШҮҮГЧ                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

          ШҮҮГЧ                                                    Д.ОЧМАНДАХ