Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 83

 

                                           ****ид холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай

  

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****- ****, шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч Ч.Билгүүн, Ч.Өнөржаргал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1048 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 184 дүгээр магадлалтай,  ****ид холбогдох 2202000000248 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. ****, 1981 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “ ****- ****” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, урьд ял шийтгэлгүй,  

2.Шүүгдэгч **** нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, **** ****, 10 барилгын ***, *** тоотод үйл ажиллагаа явуулах “ ****- ****” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “*** **** ****”, “ **** ****”, “ ****”, “ **** **** ****”, “ **** *******”, “ **** ****”, “ **** ****”, “ **** ****”, “ **** **** ****”, “ **** *** ****”, “ ****- *******”, “ **** *** **** ***”, “ **** **** **** ****”, “ ****”, “ **** ****”, “ ****- ****” зэрэг нэр бүхий 16 аж ахуйн нэгжүүдээс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 10,206,218,038.15 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 282 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа татварын хэлтэст тайлагнаж, 1,020,621,803.85 төгрөгийн буюу их хэмжээний орлого буруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч ****ийг татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч “ ****- ****” ХХК-аас 1,007,875,857.85 төгрөгийг гаргуулан хохирогч Татварын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэжээ.

4. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/1048 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос ****ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон ****ийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар 2202000000248 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж, ****ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна. 

5. Прокурор Б.Энхбат хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...давж заалдах шатны шүүх “...шүүгдэгч **** нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Нийслэлийн прокурорын газарт хандан өөрт холбогдуулсан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан ч прокурор яллагдагчийн хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 73 дугаар “Хүсэлтийг хангаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” прокурорын тогтоолоор ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8.3-т “..яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж зааснаар ****ийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь дангаараа түүний Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэнийг нотлохгүй буюу татвар төлөхөөс зайлсхийх зорилго, их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэм бурууг нотлохгүй юм. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хөтөлбөргүй тогтоосны дараах яллах дүгнэлт үйлдэх, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаас илүү хурдан, хялбаршуулсан байдлаар явуулах процесс ажиллагаа болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 бүлэгт тодорхой заасан байна.

Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг прокурор хянахыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг шүүх хянахыг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д тус тус заасан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад ****ид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...” зэрэг нотолбол зохих байдал нотлогдоогүй байна.

Татварын ерөнхий газрын татварын нэгдсэн системд 2017 онд “ **** ****”, “ **** **** ****” гэсэн хоёр ХХК-аас 20 удаагийн 643,385,590.91 төгрөгийн худалдан авалтын 64,385,590.91 төгрөгийн НӨАТ-ийг “ ****- ****” ХХК дээр тайлагнасан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****- ****ын “...цаашид тайланг залруулах хий шивэлтэд **** үүссэн хохирлыг бүрэн төлүүлэх хүсэлтэй байна.”, яллагдагч ****гийн “... **** “ **** **** ****” ХХК “ **** ***” ХХК-иудын нэрийн өмнөөс бусад аж ахуйн нэгж рүү цахимаар шивэлт хийдэг байсан. **** компаниудыг олж шивдэг байсан, харин сүүлд **** гэгч эмэгтэй гарч ирсэн бөгөөд би уулзаж байгаагүй. Миний хувьд “ **** **** ****”, “ **** *****”, “***** ****” ХХК-иудаар нийтдээ 400 гаруй аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын падаан шивсэн гэж бодож байна. ...2018 оны 06 дугаар сард “ **** **** ****” ХХК, “ **** *****” ХХК, “***** ****” ХХК-иудаар шивүүлсэн НӨАТ-ын падаан худалдан авсан аж ахуйн нэгжүүдийн цахим санд татварын газраас хуурамч падаан авсан байна гэсэн мэдэгдэл шаардлага ирэнгүүт аж ахуйн нэгжүүд буцаалтаа хийж, тайлангаа залруулж эхэлсэн. Би эргээд НӨАТ-ын дүнгээр орж ирсэн мөнгөн дүнг буцаагаад аж ахуйн нэгжүүдэд **** болон өөрөө уулзаж өгч эхэлсэн...”,  ****- ****ын яллагдагчаар мэдүүлсэн “... 2018 оны 01 дүгээр сард татварын системд мэдэгдэл ирсний дагуу манай компани 64,385,590.08 төгрөгийн буцаалтыг нэн даруй тайлагнаж залруулга хийсэн...” гэх мэдүүлгүүд, “Их наяд аудит” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Ш/24 дугаартай шинжээчийн дүгнэлт “...“ ****- ****” ХХК-ийн “ **** **** ****”, “ **** ****” ХХК-иудаас авсан бодит худалдан авалтаар нотлогдохгүй байгаа нийт 643,855.99.9 төгрөгийн 20 ширхэг төлбөрийн баримтыг 2017 оны 10, 12 дугаар сард НӨАТ-ын тайланд тус тус тусгасан байна...” зэргээр нотлогдож байна.

Гэхдээ энэ нотлогдсон татварын систем дээр тайлагнагдсан НӨАТ-ын дүн нь татвар төлөгч “ ****- ****” ХХК-ийн гүйцэтгэх захирал ****ийн албан татварт ногдох нийт 10,206,218,038.15 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, эсхүл нуусныг, ...албан татвараас зайлсхийх зорилготой байсныг нотлохгүй. Тодруулбал, **** нарын НӨАТ ногдох бараа, ажил үйлчилгээг “ ****- ****” ХХК-д үзүүлсэн мэтээр татварын нэгдсэн системд тайлагнасан хууль бус үйлдэл нь ****ийн татвар төлөхөөс зайлсхийх зорилготой байсныг, НӨАТ-т ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг хийснийг, энэ бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, эсхүл нуусныг нотлохгүй юм. “ ****- ****” ХХК-ийн хууль бус үйлдэл байгаа эсэхийг тогтоох зохих ажиллагааг хийсний эцэст гэмт хэргийн шинжтэй юу, эсхүл өөр зөрчлийн шинж байна уу гэдгийнх нь зүйтэй байжээ. Татварын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/2396 албан бичгээр “...нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй аж ахуйн нэгжүүдийн төлсөн татвар, тайлан засварлалтын мэдээллийг срd@роlice.gov.mn хаягаар хүргүүлж байна” гэснийг хавсарган ирүүлсэн НӨАТ-ын хий бичилттэй, падааны дэлгэрэнгүй мэдээлэл гэсэн хүснэгтэд ...2017 оны 10 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын хугацааны “*** **** ****”, “ **** ****”, “ ****”, “ **** **** *****”, “ **** ***** ****”, “ **** ****”, “ **** ****”, “ **** *****”, “ **** **** ****”, “ **** ***** ****”, “ ****- *********”, “ ****  **** ”, “ **** **** **** ****”, “*****” “ **** ****”, “ ****- ****” гэсэн 16 аж ахуйн нэгжийн 262 ширхэг НӨАТ-ын падааны хий бичилттэй 10,206,218,038.15 төгрөгийн НӨАТ-ын хий бичилтийн мэдээлэл татвар төлөгч “ ****- ****” ХХК дээр байхад энэ татварын дүнгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлох ажиллагааг бүрэн явуулаагүй. Хэрэгт бэхжүүлэгдсэн “Их наяд аудит” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Ш/24 дугаартай шинжээчийн дүгнэлт нь зөвхөн “ **** **** ****”, “ **** *****” г ********* ХХК-иудаас хий бичсэн гэх 643,855,909.09 төгрөгийн 20 ширхэг НӨАТ-ын падаан бүхий тайлагнасан 64,385,890.91 төгрөгийн татварын татварын цахим системд бичигдсэн мэдээлэл дээр хийгджээ. Мөн тус шинжээчийн дүгнэлт нь “ ****- ****” ХХК, “ **** **** ****” ХХК, “ **** *****” ХХК гэсэн компаниудын анхан шатны санхүүгийн баримтад үндэслэн хийгдээгүй, зөвхөн татварын нэгдсэн цахим системд бичсэн (тайлагнагдсан) НӨАТ-ын мэдээн дээр хийгдсэн нь үндэслэлгүй байна. Шинжээч нар “ **** ****” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2122-152 дугаартай “ ****- ****” ХХК нь “ **** *****” ХХК болон “ **** **** ****” ХХК-иудтай 2017 онд нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн анхан шатны баримт байгаа боловч бид бүхэн өөр худалдан авалт хийхэд сүүлд нь эдгээр компаниудаас НӨАТ шивэгдэж орж ирсэн болно...” гэсэн тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, татварын цахим систем дэх НӨАТ-ын мэдээллээр шинжилгээний хүрээг хязгаарлаж, анхан шатны санхүүгийн баримтуудад үндэслээгүй нь тус шинжээчийн дүгнэлтийг бүрэн үндэслэл бүхий гарсан гэж үзэхэд эргэлзээтэй төдийгүй Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн 10, 4.3-т заасан эдийн засгийн шинжилгээний объектод тавигдах “...эдийн засгийн шинжилгээний объектын хувьд эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гарсан байх” гэсэн шаардлагад нийцээгүй байна. “Их наяд аудит” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Ш/24 дугаартай шинжээчийн дүгнэлт нь 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарсан байх тус дүгнэлтийг гаргасан *****, ***** гэсэн шинжээчдийн хувьд Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “...Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна...” гэсэн ажиллагаа хийгдээгүй. “ ****- ****” ХХК-ийн нэр дээр нэр бүхий 16 аж ахуйн нэгжүүдээс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “ ****- ****” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 10,206,218,038.15 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг үзүүлсэн гэж 282 ширхэг падаанаар 1,020,621,803.85 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан шивэгдсэн талаар шүүгдэгч **** нь яллагдагчаар “... арматур төмөр, бүх төрлийн төмрийн худалдан авалтыг хийсэн. Манай компанийн регистрийн дугаарыг авч үлдээд НӨАТ-ын шивэлтийг ардаас хийнэ гэж хэлдэг байсан. Бид нарын хувьд бараа материалаа авсан болохоор гэрээ хийе, НӨАТ-ын шивэлтээ хий гэдэг шаардлага тавьдаг, бараагаа авсан болохоор тэр үедээ санаа амар байдаг...”, шүүгдэгчээр “...Бид нарын хувьд бараа материалаа авсан болохоор НӨАТ-ын шивэлтээ хий гэдэг шаардлага тавьдаг. Манай регистрийг авч үлдээд НӨАТ системд оруулахдаа ийм компаниудыг ашигласан байсан. Ер нь 2018 онд татварын залруулгаа хий гэж хийлгэсэн. Ийм их хэмжээний НӨАТ төлөх бараа үйлчилгээ байхгүй. 2017 онд үүссэн НӨАТ-ын залруулгыг хийлгэхэд дахиад өөр компанийн нэр дээр шивэлтүүд хийгээд татварын дүн ингэж өссөн харагдаж байгаа...” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргав... гэж мэдүүлснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****- **** үгүйсгэхгүй “...боломжтой.” гэсэн тайлбарыг гаргав (шүүх хуралдаанд). Шүүгдэгч ****ийн “...худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ НӨАТ-ыг бичиж байгаа аж ахуйн нэгжийг мэдээгүй, дараа нь бичигдээд ирдэг байсан, алдаатай тайлангаа залруул гэж залруулсан нь давтагдаж буруу бичигдсэн...” талаарх мэдүүлэг нь нэр бүхий аж ахуйн нэгжүүд дээр НӨАТ-ын баримтуудыг хий бичиж байсан талаарх ****гийн яллагдагчаар мэдүүлсэн “...НӨАТ-ын эрхтэй компани зарна гэсэн зарын дагуу олж аваад янз янзын хүмүүсийн нэр дээр шилжүүлээд өөрийн болгож авсан. Эхлээд бичсэн НӨАТ-үүд маань алдаатай гэхээр нь нөгөө алдаагаа засах гээд дахин дахин компани олж аваад байсан. Яг үнэндээ 2017 оны 07 дугаар сараас “ **** ****” ХХК, “ **** **** ****” ХХК, “ **** *****” ХХК, “ **** ***** ****” ХХК-иудын нэрээр хуурамч НӨАТ шивэлт хийсэн. Тэрнээс хойш нь бол дандаа алдаагаа засах гээд дахин дахин шивэлт хийгээд байсан юм...”, “...дээрх компаниудын нэрээр барагцаалаад давхардсан тоогоор 1000 орчим аж ахуйн нэгжид НӨАТ-ын хий шивэлт хийсэн... НӨАТ-ын шивэлт хийсэн компаниудын нэрээр аж ахуйн нэгжийн тайланд миний шивэлт хийсэн үнийн дүнгээр татвараас алдаатай байна гэсэн улаан бичиг гараад ААН-үүдээс хэл ам хийгээд байхаар нь заримд нь мөнгийг нь буцааж өгөөд, заримд нь дахин хуучин дүнгээр нь шивэлт хийж өгсөн. Тэгж байтал 2018 онд дахин алдаатай байна гэсэн улаан бичиг гараад дахин хуучин дүнгээр нь НӨАТ-ын шивэлт хийж өгсөн. Дахин шинээр аж ахуйн нэгжүүдэд шивэлт хийсэн бол **** бичиж өгч, өөрөө мөнгийг авсан байж магадгүй...”, ****ын гэрчээр мэдүүлсэн “...Би 2017 оны 05 дугаар сараас 12 дугаар сар хүртэл нийт 6 сарын хугацаанд “ **** **** ****”, “ **** *****”, “ **** ****” ХХК-иудын нэр дээрээс бараа материал худалдан борлуулсан мэтээр бусад аж ахуйн нэгж дээр НӨАТ-ын падааныг цахим санд шивж оруулдаг байсан...” гэх мэдүүлгүүд, “Их наяд аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт “...4.2. Дээрх худалдан авалтаар тайлагнасан 643,855,909.09 төгрөгийн төлбөрийн баримтуудтай холбоотой санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 2122-152 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан ажил, үйлчилгээ хийсэн гэж нотлогдохгүй байна. 4.3. Дээрх худалдан авалтын төлбөрийн баримтуудтай холбоотой санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 2122-152 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан ажил, үйлчилгээ хийсэн гэж нотлогдохгүй байна. 4.4. “ ****- ****” ХХК-ийн “ **** **** ****”, “ **** *****” ХХК-иудаас авсан худалдан авалтаар тайлагнасан бараа, ажил үйлчилгээнд төлсөн төлбөрийн анхан шатны баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 2122-152 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан ажил, үйлчилгээ хийсэн гэж нотлогдохгүй байна...”, шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болгож буй “ ****- ****” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 2122-152 тоот албан бичигт “...“ ****- ****” ХХК нь “ **** **** *****”, “ **** *****” ХХК-иудтай нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн анхан шатны баримт байгаа боловч бид бүхэн өөр худалдан авалт хийхэд сүүлд нь эдгээр компаниудаас НӨАТ шивэгдэж орж ирсэн болно...” гэснээр нотлогдож байна. Хэрэгт “ ****- ****” ХХК-ийн гүйцэтгэх захирал ****ийн НӨАТ-ын падааны шивэлтийг татварын системд тайлагнасан **** нартай татвараас зайлсхийх зорилгоор холбогдсон, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйл ажиллагааг “ ****- ****” ХХК явуулсан гэх байдлыг нотлон тогтоогоогүй байна.

Худалдан авагч аж ахуйн нэгжүүдийг /нэг нь “ ****- ****” ХХК/ хэрхэн олж авдаг байсан талаараа **** яллагдагчаар “... **** компаниудыг олж шивдэг байсан. ...“ **** ****” ХХК шивэлтийг хүлээн зөвшөөрч байна... Би нэг ч аж ахуйн нэгжүүдтэй холбогдож та нар надаар НӨАТ бичүүл гэж хэлдэггүй. Зуучлагч нар аж ахуйн нэгжүүдийг олоод шивэлт хийлгэдэг байсан...” гэж, **** гэрчээр “... **** эгч яаж энэ аж ахуйн нэгж байгууллагын регистрийн дугаарыг олдог байсан талаар мэдэхгүй...”, **** гэрчээр “...Би өөрөө нягтлан мэргэжилтэй учраас аж ахуй нэгжүүдийг өөрөө хамаатан садан найз нөхдөөсөө сонсож мэдсэн...” гэж мэдүүлжээ. Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог учиртай. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал, ****ийн “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэнийг хэрэгт цугларсан нотлох баримтууд нь эргэлзээгүй нотлохгүй байна. ****ийн татвар төлөхөөс зайлсхийх зорилготой байсан, 1,020,621,803.85 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 10,206,218,038.15 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг хийсэн эсэх, энэ хэмжээний орлого, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон эсэх, эсхүл нуусан эсэх нь мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Анхан шатны шүүх ****ийн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй байхад татвараас зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. Татварын ерөнхий газрын татварын цахим системд тайлагнагдсан 1,020,621,803.85 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг “ ****- ****” ХХК хийсэн болон их хэмжээний орлого, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан үйлдэл, үйл ажиллагааг эргэлзээгүй тогтоосон нотлох баримт хэрэгт байхгүй байна. Зөвхөн борлуулагч компанийн Татварын ерөнхий газрын татварын системд бичигдсэн НӨАТ-ын тайлагналтыг үндэслэн татвар төлөгч “ ****- ****” ХХК-ийн гүйцэтгэх захирал ****ийг 1,020,621,803.85 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 10,206,218,038.15 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг хийсэн, энэ хэмжээний орлого, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэж дүгнэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчимд тулгуурлаж, мөн хуулийн 34.19 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр ****ид холбогдох хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Татварын ерөнхий газар НӨАТ-ын мэдээллийг хууль бусаар тайлагнасан байдлыг шалгуулахаар 2018 онд цагдаагийн байгууллагад хандсан **** нарт холбогдуулсан энэ үйлдэлд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул 2202000000248 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/1048 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос ****ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, ****ийг цагаатган 2202000000248 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх илтэд үндэслэлгүйгээр шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж шийдвэрийг гаргасан байхад давж заалдах шатны шүүх тухайн нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасныг зөрчсөн буюу Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам зэрэг бусад хууль, дүрэм, журмыг анхаарахгүй орхигдуулсан. Тодруулбал, давж заалдах шатны шүүх Татварын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/2396 тоот “...нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй аж ахуйн нэгжүүдийн төлсөн татвар, тайлан засварлалтын мэдээллийг срd@роlice.gov.mn хаягаар хүргүүлж байна” гэсэн албан бичигт хавсарган ирүүлсэн НӨАТ-ын хий бичилттэй, падааны дэлгэрэнгүй мэдээлэл, “Их наяд аудит” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Ш/24 дугаартай шинжээчийн дүгнэлт нь анхан шатны санхүүгийн баримтад үндэслэн хийгдээгүй, зөвхөн татварын нэгдсэн цахим системд бичсэн (тайлагнагдсан) НӨАТ-ын мэдээн дээр хийгдсэн нь үндэслэлгүй байна гэжээ. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “НӨАТ-ын падаан” гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг, 4.1.14-т “Төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг; 4.1.15-д “Дахин давтагдашгүй төлбөрийн дугаар" гэж худалдаа, үйлчилгээ эрхлэгч албан татвар суутган төлөгчийн татвар төлөгчийн дугаар, салбар, төлөөлөгчийн газартай бол салбарын дугаар, төлбөр тооцооны он, сар, өдөр, төлбөр тооцооны дэс дугаарыг дунд нь ямар нэг тэмдэгт хэрэглэлгүйгээр үргэлжлүүлэн тоон утгаар илэрхийлсэн дугаарыг гэж заасныг анхаарахгүйгээр давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтуудыг “Анхан шатны санхүүгийн баримтад үндэслэн хийгдээгүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

Прокуророос шүүгдэгч ****ийг “ ****-ар” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа үйл ажиллагаа явуулсны орлогоос төлөх ёстой байсан албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй нэр бүхий 16 аж ахуйн нэгжээс падаан хууль бусаар шивүүлсэн буюу нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 10,206,218,038.15 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 282 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 1,020,621,803.85 төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэргийн нөхцөл үйл баримт тогтоогдсон. Тогтоогдсон хэргийн нөхцөл, үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-д “Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэж, гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх “ энэ нотлогдсон татварын систем дээр тайлагнагдсан НӨАТ-ын дүн нь татвар төлөгч “ ****- ****” ХХК-ийн гүйцэтгэх захирал ****ийн албан татварт ногдох нийт 10,206,218,038.15 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, эсхүл нуусныг, ...албан татвараас зайлсхийх зорилготой байсныг нотлохгүй. Тодруулбал, **** нарын НӨАТ ногдох бараа, ажил үйлчилгээг “ ****- ****” ХХК-д үзүүлсэн мэтээр татварын нэгдсэн системд тайлагнасан хууль бус үйлдэл нь ****ийн татвар төлөхөөс зайлсхийх зорилготой байсныг, НӨАТ-т ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг хийснийг, энэ бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, эсхүл нуусныг нотлохгүй юм” гэжээ. Шүүгдэгч ****ийн их хэмжээний үнийн дүнтэй орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 282 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлт ****т тайлагнаж байгаа шууд санаатай үйлдэл /2016 оноос 2020 он хүртэлх хугацаанд тасралтгүй хийж буй идэвхтэй үйлдэл/ нь “ ****- ****” ХХК-ийн Монгол Улсад төлөх ёстой байсан татварыг мөн хэмжээгээр бууруулах, илүү гарсан НӨАТ-ын дүнг буцаан авах зэргээр Монгол Улсад учруулж буй гэм хор, хор уршиг зэргийг ойлгоогүй буюу хэргийн онолыг бүхэлд нь ойлгоогүй байна. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн ойлголт, шинж, үйлдэл, **** үйлдэхүй, гэм буруугийн хэлбэр, хохирол хор уршиг нь “ ****- ****” ХХК нь 282 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаснаар “ ****- ****” ХХК-д бараа үйлчилгээ, ажил бусад татварт ногдох эд юмсыг худалдан борлуулсан гэх нэр бүхий 16 аж ахуйн нэгж нь уг худалдан авалтын татварыг төлөх үүрэг үүсдэг.

Гэтэл Монгол Улсад татвар төлөх үүрэг хүлээсэн дээрх нэр бүхий 16 аж ахуйн нэгж нь бодит байдалд ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй хуурамч компаниуд болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад батлагдсан, татварыг барагдуулах хууль зүйн хувьд ямар ч боломжгүй. “ ****- ****” ХХК нь 282 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаснаар энэ гэмт хэрэг төгссөнд тооцно.  Давж заалдах шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл “Албан татварын хасалт, буцаан олголт”, 15 дугаар зүйл “Албан татварыг буцаан олгох” гэснийг мөн Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам зэргийг бүхэлд нь нягталж хараагүй учраас хэрэгт авагдсан улсын яллагчийн хууль ёсны хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлд хамаарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим ийнхүү алдагдаж байгаагаас гадна энэхүү буруу практик, процессыг засахгүй бол шүүх, хуулийн байгууллагад итгэх иргэд, олон нийтийн итгэл алдагдах, шүүхийг үл хүндэтгэх ноцтой үр дагаврыг бий болгоход хүргэж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд ял завшуулах бүрэн боломжийг олгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйл “Хуулийн зорилго” 1.2 дугаар зүйл “Хууль ёсны”, 1.3 дугаар зүйл “Шударга ёсны” зарчмууд алдагдана гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

6. Прокурор О.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын хяналтын журмаар гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг хуульчилсан. Шүүгдэгч ****ийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны дараа “ ****- ****” ХХК-ийг буюу ****ийг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч байна гээд өөрөө бичиж гарын үсэг зурсан байна. Прокурор хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авсан тогтоолыг үйлдэж, шүүгдэгчид 2,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулахад шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. энэхүү тогтоолд 1 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн талаар дурдсан байна. Анхан шатны шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу явагдсан, прокуророос гаргасан саналын дагуу шүүх шүүгдэгчид 2,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гомдлоор хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэм бурууг эргэлзээгүйгээр тогтоогдоогүй, нотлогдоогүй байна гэж дүгнэн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв. 

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд “анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэх ёстой гэдэг байдлаар буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон эсэх дээр шүүх анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хянах ёстой байсан гэдэг. Гэтэл анхан шатны шүүх дээр **** хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хүсэлт гаргасан үндэслэлийн дагуу явсан учир уг ажиллагаанд шүүхийн зүгээс анхааралгүй хандсан гэж үзсэн. Хэдийгээр холбогдогч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлаар мэдүүлэг өгч хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх дүгнэлтээ гаргасан. Хэрэгт цугларсан нотлох баримтаар ****ийг анх 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд тогтоолыг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр танилцуулж мэдүүлэг авсан байдаг. Үүнээс хойш ямар нэгэн ажиллагаа явуулаагүй бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр **** нарт холбогдох хэргэ **** тусгаарлах тогтоол гарсан. Тусгаарлах тогтоолд “гэмт хэрэг үйлдсэн үйл баримтыг үзвэл **** нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн талаар баримт байхгүй байна” гэж үзсэн. Тэгэхээр давж заалдах шатны шүүх хуулийн хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэж, ****ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн. Прокурор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөрүүтэй гарсан үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн талаар дурддаг боловч ямар байдлаар хэрхэн зөрчсөн тодорхой үндэслэлийг заагаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв. 

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Ч.Өнөржаргал өмгөөлөгчтэй ижил байр суурьтай давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж оролцож байна. Өөрөөр хэлбэл ****ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар **** уг гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлогдсон зүйл байдаггүй. Татварын байгууллагаас буюу хохирогч талаас гаргаж өгсөн мэдээлэл, ****ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг л байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах нотлох баримт болохгүй гэж заасан байхад нотлогдоогүй процесс дээр түүний мэдүүлгийг үндэслээд эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа нь хууль зөрчсөн шийдвэр болсон. ****ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэснээрээ хохирол нөхөн төлүүлэх процесс зогсох, хохирол нөхөн төлөгдөхгүй байх асуудал байхгүй. Татварын байгууллага Татварын тухай хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд иргэний хариуцагчаар татагдсан “ ****- ****” ХХК дээр хяналт шалгалт хийгээд татварын өрийг тодорхой болгоод нөхөн ногдуулалтын акт, торгууль алдангийг төлүүлэх бүрэн боломжтой байгаа” гэв. 

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****- **** шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн нөхцөл байдлаас харахад х ****эг бүлэг нөхөд татварын хий бичилт буюу бусад этгээдүүдэд татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг үйлдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор худалдан авсан буюу татвараа бууруулсан компаниудыг цагдаагийн байгууллага тусгайлан шалгасан. Нэр бүхий нэлээд хэдэн аж ахуй нэгжүүдийг цагдаагийн байгууллага шалгаад хэрэг нь шүүхээр хянан шийдвэрлэгдсэн байгаа. Татварын хий бичилтийг зохион байгуулж орлого олсон, мөнгө угаасан нөгөө талын хүмүүсийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн. ****ийн үйлдэл нь “татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Харин давж заалдах шатны шүүх хэргийг бүрэн бодитой үндэслэл бүхий дүгнээгүй гэсэн байр суурьтай байна” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

10. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул ****ид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв. 

11. Шүүгдэгч **** нь “ ****- ****” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй нэр бүхий 16 аж ахуйн нэгжээс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 282 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа татварын хэлтэст тайлагнаж, 1,020,621,803.85 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт шалгагдаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн прокурорын газарт “...татвараас зайлсхийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Татвараа төлж байгаа. Багануур дүүрэгт баригдаж буй Соёлын ордны барилгын санхүүжилтээс дээрх татварыг төлж дуусгахаа илэрхийлж байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, хохирлоо төлж байгаа тул хуульд заасан үндэслэлээр хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ. 

Нийслэлийн прокурорын газраас ****ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл хангагдсан гэж дүгнэж, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 73 дугаартай тогтоолыг үйлдэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-д заасан төрөл, хэмжээний дотор 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох саналыг яллагдагчид танилцуулсныг тэрээр зөвшөөрч гарын үсгээ зурсан тул яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

12. Анхан шатны шүүх шүүгдэгч ****оос прокурорын яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг нэг бүрчлэн тодруулсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаж, түүнийг татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ ****- ****” ХХК / ****/-аас 1,007,875,857.85 төгрөгийг гаргуулан хохирогч Татварын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэжээ. 

13. Шүүгдэгч **** анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өөрт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар давж заалдах журмаар гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянаад шүүгдэгчийг их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан үйлдэл, үйл ажиллагааг эргэлзээгүй тогтоосон нотлох баримт хэрэгт байхгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчимд тулгуурлаж, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэм хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан байна. 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч нар  хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үйл баримт, хууль зүйн дүгнэлтийг дэмжсэн байр суурийг илэрхийлснээс гадна, шүүгдэгчийн хувьд прокурорын яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийг үйлдээгүй гэж маргасан болно. 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж тодорхойлон заажээ. 

Аливаа хүн гэм буруугаа хүлээх, үйлдсэн гэмт хэргээ нотлох үүрэг хүлээхгүй боловч дээрх хуулийн зорилтод нийцүүлэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор гэмт хэргийг түргэн шуурхай шалган, шийдвэрлэх үүднээс  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай зохицуулалтаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, агуулгыг нарийвчлан хуульчилсан байна. 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг хянах замаар тодруулсны эцэст прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг хүлээлгэх тухай шийдвэр гаргадаг учиртай. 

15. Гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргах эрхтэй байдаг. 

Хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай прокурор даруй танилцаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянах үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргаснаар тухайн гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримтаар нотлох үүргээс мөрдөгч, прокурор чөлөөлөгдөхгүй. 

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үл хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох ажиллагаа зэрэгцэж явагдах тул шүүх шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа нотлох баримтад үндэслэнэ. 

Харин хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм буруу, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой баримт, мэдээллийг нэг бүрчлэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрэн дүүрэн хангалттай цуглуулан, бэхжүүлэх, түүнчлэн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг бүх талаас нь шалгаж, эргэлзээгүй тогтоох зарчим зэрэг хуулиар тогтоосон эрүүгийн хэрэгт баримтлах нотолгооны стандартыг баримтлахыг шаардахгүй. 

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах ба хяналтын шатны шүүхүүд хэргийг бүхэлд нь, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үздэг. 

Хуулийн энэхүү зохицуулалтаар шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журамд тусгайлан заасан нөхцөл, байдлаас гадна шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хянах үүрэгтэй. 

Анхан шатны шүүх прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан хохирогч Татварын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч ****- ****, гэрч *****, З. *********, бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй нэр бүхий 16 аж ахуйн нэгжүүдээс орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг авсан мэтээр харьяа татварын хэлтэст гаргасан тайлангаа буцааж залруулсан баримт, “Их наяд аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татвар хяналт шалгалтын тасгийн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 230001235, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 230001237 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үнэлж,    ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-д заасан гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

17. Шүүгдэгч **** нь мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шатанд өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялын төрөл хэмжээг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо илэрхийлснээр давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх нотолгооны стандартыг баримтлахгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ.                      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалтыг хэрэглэх эсэх нь анхан шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарна. 

18. Шүүгдэгч **** анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж байх тул түүнд холбогдох “ ****- ****” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа нэр бүхий 16 аж ахуйн нэгжээс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 10,206,218,038.15 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 282 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа татварын хэлтэст тайлагнаж, 1,020,621,803.85 төгрөгийн буюу их хэмжээний орлого буруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт үйлдлийг нэг мөр, эргэлзээгүй тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж хяналтын шатны шүүх үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийн 3-т ...мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэсэн нэмэлт өөрчлөлт орсныг давж заалдах шатны шүүх цаашид анхаарвал зохино. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоохоос гадна мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс энэхүү тогтоолд дурдсан нөхцөл байдлуудыг заавал тодруулах шаардлагатай тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь: 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1048 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 184 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

  

                           ДАРГАЛАГЧ                                       Б.БАТЦЭРЭН 

                           ШҮҮГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН                                                                                     

                                                                                       М.ПҮРЭВСҮРЭН  

                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                       Б.ЦОГТ