Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 755

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Э******* 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг даалгах, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс хойшхи хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн Н.Э*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Н******* овогтой Э******* нь 2009 онд Төрийн албаны хуулийн дагуу төрийн албаны шалгалт өгч Ашигт малтмалын газарт захиргааны хамтын ажиллагааны хэлтэст гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн байна. 

Н.Э******* нь 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрж хүүхдээ асарч байх хугацаандаа Австрали улсын Сиднейн их сургуульд суралцах тэтгэлэг авч, магистрын зэрэг хамгаалахаар болсон байна. Иймд хуулийн дагуу Төрийн албанаас түр чөлөөлөгдөж, нөөцөд бүртгүүлэх тухай хүсэлт гаргаж, Ашигт малтмалын газрын даргын 2012 оны  8 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар хэлний бэлтгэлд суралцах болсон тул ажлаас түр чөлөөлөгдөж, нөөцөд бүртгэгдсэн байдаг. Үүний дараа Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 257 дугаар тушаал гарч, Ашигт малтмалын газартай гадаадад суралцуулах гэрээ байгуулж, гэрээнд оролцогч талууд харилцан үүрэг хүлээсэн бөгөөд ажил олгогч нь суралцагчийг төгсөж ирмэгц ажлын байраар хангах үүрэг хүлээжээ Н.Э******* нь суралцах хугацаандаа жирэмсэлж 2014 оны 3 дугаар сарын 13-нд Австрали улсад хүүхдээ төрүүлсэн бөгөөд энэ тухай байгууллагадаа мэдэгдэж жирэмсний амралтаа хуулийн дагуу бүрдүүлж аваад суралцах хугацаагаа 2 сараар сунгах тухай хүсэлт гаргасныг Ашигт малтмалын газрын дарга хүлээн авч Австралийн тэтгэлгийн газарт албан тоот явуулсан байдаг. 

Ийнхүү 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сургуулиа амжилттай төгсөж ирсэн боловч энэ үед бага хүүхэд нь 9 сартай буюу хуулийн дагуу эргээд ажилдаа орж ажиллах боломжгүй байсан тул 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүүхдээ нэг нас хүрмэгц ажилдаа эргэн орох тухай өргөдөл гаргасныг орон тоо байхгүй гэдэг шалтгаанаар хүлээж аваагүй байна.

Энэ асуудлаар Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзаж хүсэлт гаргасан боловч Төрийн албаны зөвлөлд ханд гэсэн хариуг өгч байжээ. Яг үед Н.Э*******ийн ар гэрт гачигдал гарч аав н.Н******* нь ходоодны хорт хавдраар өвчилсөн тул 2016 оны 5 дугаар сард Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасныг Төрийн албаны зөвлөл хянаад 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хариу мэдэгдэж Н.Э*******ийг ажилд эгүүлэн томилохыг Ашигт малтмалын газарт үүрэг болгосон. 

Австрали улсад суралцаж байхдаа буюу гэрээний хугацаа дуусахаас өмнө хүүхэд төрүүлэх гэж байгаагаа байгууллагадаа мэдэгдэж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авч болох эсэх талаар фэйсбүүкийн мессенжерээр тухайн үеийн санхүү эдийн засгийн газрын хэлтсийн даргаас асуухад болно материалаа бүрдүүлээд явуул гэж мэдэгдсэн. Иймд миний бие бүх материалыг бүрдүүлж явуулсан. Үүний дагуу байгууллагын нягтлан бодогч миний төрсний өмнөх болон дараах 60 хоногийг бодож, нийгмийн даатгалыг төлөөд явж байсан. Үүнтэй холбогдуулан суралцахаас гадна хүүхэд асрах чөлөөг олгосон гэж үзэх үндэслэлтэй. Гэвч Н.Э*******ийн хүүхэд төрүүлсэн болон асрах чөлөө олгох асуудалтай холбогдуулан ямар нэг тушаал гарсан зүйл байхгүй. Н.Э******* нь гадаад улсад сурч байгаа учраас биечлэн ирж мэдэгдэх боломжгүй учраас өөрийн боломжтой байдлаараа мэдэгдсэн. 

Төрийн албанаас түр чөлөөлөгдсөн иргэний асуудлыг Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмаар зохицуулсан байдаг. Уг журмаар төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн иргэдийг 3 бүлэг хэсэгт хуваан үзсэн. Журмын 3.1-д  Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ гэж заасан. Мөн тус журмын 3.3-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан гэдэгт дараах тохиолдлыг тооцно гээд 3.3.1-д Төрийн албаны тухай хуулийн 23.3-т заасан үндэслэлээр түр чөлөөлөгдсөнийг ойлгоно гэж зааж өгсөн. Гэтэл дээрх журмын дагуу зохицуулахгүйгээр төрийн албанд анх орох гэж байгаа иргэн мэтээр ажилд авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээд шатны байгууллага болох Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс гомдлыг хянаад Ашигт малтмалын газар нэхэмжлэгчийг ажилд томилох үүрэгтэй гэж үзээд ажилд томилохыг даалгах шийдвэр гаргасан байдаг. Нэхэмжлэгч Австрали улсад сургуулиа төгсөж ирснээс хойш 2015 оны 05 дугаар сард диплом нь шуудангаар ирсэн. Тэгэхээр диплом ирээгүй байгаа нөхцөлд нэхэмжлэгч маань сургуулиа төгссөн гэдгийг тогтоох боломжгүй бөгөөд гэрээг дүгнүүлэх боломжгүй байсан. 

Мөн хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгчид хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн аав ходоодны хорт хавдраар өвдөж, Япон улсад эмчлүүлэхээр явсан. Энэ баримтыг нотлох баримтаар өгсөн байгаа. Үүнийг Төрийн албаны зөвлөлөөс хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байдаг. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах нөхцөлийг зааж өгсөн. Тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд албан тушаалыг хадгалах үүргийг байгууллага хүлээсэн байдаг. Тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Мөн 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг өөрөө хүсвэл чөлөө авч болно гэж зааж өгсөн. Нэхэмжлэгч холбогдох албан тушаалтнуудад энэ талаарх хүсэлтээ илэрхийлсэн. Тэгэхээр нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж үзэх үндэслэлтэй. 

Н.Э******* нь төрийн албанаас түр чөлөөлөгдсөн буюу Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д зааснаар чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч.  Уг асуудлыг Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмаар зохицуулсан байдаг. Нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажил, албан тушаалд дээрх журмын дагуу түр орлон гүйцэтгэгчийг томилох ёстой бөгөөд хугацаа дууссаны дараа эрүүлэн томилох зохицуулалттай. Гэтэл нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан албан тушаалд н.Б******* гэх эмэгтэй ямар нэгэн хугацаагүйгээр шууд томилсон. Угтаа бол Н.Э*******ийг гадаадад суралцах хугацаанд түр орлон гүйцэтгэгчийг хугацаа заан томилж, хугацаа дуусахад ажлыг эргүүлэн Н.Э*******т хүлээлгэн өгөх ёстой юм. 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөд яваад байсан учраас мэйлээр харилцсан хүсэлтийг шийдвэрлээд хүүхэд асрах чөлөө үргэлжлээд яваад байна гэж ойлгож байсан. Хэрэв нийгмийн даатгал хийгдэхгүй зогссон бол миний хүсэлтийг хүлээн аваагүй байна гэж үзээд очиж уулзах байсан.  2013 оны 03 дугаар сард Н.Э*******ийн бага хүүхэд төрсөн учраас амаржсаны амралт дуусч, үргэлжлэн хүүхэд асрах чөлөө үргэлжилж байна гэж ойлгож байсан. Байгууллагын санхүүгийн мэргэжилтэн, нягтлан бодогч нь байгууллагын даргын гаргасан тушаалын дагуу шимтгэлийг төлөх үүрэгтэй. Гэтэл дур мэдэн төлсөн нь надад буруу ойлголтыг төрүүлсэн. Эрх зүйн үндэслэлтэй байгаа учраас нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байна гэж ойлгосон. Мөн гэрээнд тухайн албан тушаалтны суралцаж ирсэн мэргэжилтэй дүйцэхүйц өөр албан тушаалд томилох боломжтой гэж заасан.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг даалгах, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс хойшхи хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ашигт малтмалын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн Захиргаа, хамтын ажиллагааны тасгийн мэргэжилтэн Н*******ын Э*******ийг Австрали улсад англи хэлний бэлтгэл сургалтад 6 сарын хугацаагаар суралцах болсонтой холбогдуулан 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 441 дүгээр тушаалаар төрийн албанаас түр чөлөөлж, төрийн албаны нөөцөд байгаад тооцохоор шийдвэрлэсэн. Үүний дараа 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 257 дугаар тушаалаар төрийн албанаас түр чөлөөлж, нөөцөд бүртгэсэн. Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дэх хэсэгт “Энэ зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж заасны дагуу Н.Э*******ийг төрийн албаны нөөцөд байгаад тооцсон. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл болон Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу түр чөлөөлөгдсөн бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг төрийн албанд томилохтой холбоотой харилцааг зохицуулсан байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, мөн зүйлийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1 дэх хэсэгт заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг, харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж тус тус заасан байдаг. 

Өөрөөр хэлбэл, тухайн ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд хуульд заасны дагуу нөөцөд бүртгэлтэй иргэдээс холбогдох журамд заасны дагуу нөхөх талаар заасан. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын “Тав”-д сул орон тоо гарсан тохиолдолд нөөцийн бүртгэлээс хэрхэн нөхөх журмыг нарийвчлан зохицуулсан байна. Иргэн Н.Э*******ийн тухайд Ашигт малтмалын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн Захиргаа, хамтын ажиллагааны тасгийн мэргэжилтэн буюу гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд ажиллаж байгаад 2013 онд түр чөлөөлөгдөж, төрийн албаны нөөцөд байгаад тооцогдсон. Ийнхүү Австрали улсад суралж ирсэнээс хойш 8 сарын дараа ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан. Гэвч Н.Э*******ийг ажилд орох хүсэлт гаргах үед буюу 2015 оны 8 дугаар сард Ашигт малтмалын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст мэргэжилтний сул орон тоо байхгүй байсан тул түүнийг томилох боломжгүй байсан. Нэгэнт сул орон тоо байхгүй тул түүний ажилд томилуулах хүсэлтэд Ашигт малтмалын газраас албан бичгээр 2015 оны 9 сарын 14-ний өдрийн 2/7135 тоот албан бичгээр татгалзсан хариу өгсөн нь үндэслэлтэй юм. Нэгэнт сул орон тоо байхгүй тул түүний ажилд томилуулах хүсэлтэд Ашигт малтмалын газраас албан бичгээр 2015 оны 9 сарын 14-ний өдрийн 2/7135 тоот албан бичгээр татгалзсан хариу өгсөн нь үндэслэлтэй юм. Түүнчлэн нэхэмжлэгч Н.Э******* нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “...ажилд эргүүлэн томилох тушаал гаргуулах...” гэж тодорхойлсон байна. Эгүүлэн томилох тухай асуудал нь төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр чөлөөлсөн, албан тушаал бууруулсан, эсхүл халсан тохиолдлуудад дээд шатны байгууллага /албан тушаалтан/-ын шийдвэр болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу түүний урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилохтой холбоотой харилцаанд хэрэглэгддэг эрх зүйн харилцаа болно.

Гэтэл Н.Э******* нь төрийн албаны нөөцөд байгаад тооцогдсон бөгөөд төрийн албаны нөөцөд байгаа иргэнийг ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд тухайн этгээд шаардлага хангаж байна гэж үзвэл уг орон тоон дээр нөхөн томилох зохицуулалтын дагуу шийдвэрлэгдэх ёстой болно. Түүнчлэн Н.Э*******т Ашигт малтмалын газраас албан бичгээр 2015 оны 9 сарын 14-ний өдрийн 2/7135 тоот албан бичгээр хариу өгсөн бөгөөд уг албан бичгийг хүлээн авснаас хойш 8 сарын дараа Төрийн албаны зөвлөл, 9 сарын дараа шүүхэд ийнхүү хандаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байхад шүүх түүнний нэхэмжлэлийг хүлээн авсан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Ашигт малтмал, газрын тосны газрын орон тоог 61-ээр цөөрүүлж баталсан. Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор орон тоо хасагдсан /цөөрсөн/-тай холбоотойгоор тус газрын гадаад хамтын ажиллагаа хариуцсан ажлын байр /албан тушаал/-ны тоо хасагдсан тул Н.Э*******ийг томилж ажиллуулах сул орон тоо байхгүй тул түүнийг ажилд томилох боломжгүй юм”. 

Ашигт малтмалын газраас 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчтэй гадаад улсад суралцуулахтай холбогдуулан гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл байгуулсан бөгөөд хугацааг 2 сараар сунгасан гэж үзвэл 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болж байгаа. Гэрээний дагуу төгсөж ирснээс хойш ажлын 15 хоногийн дотор дүгнэх ёстой. Өнөөдрийг хүртэл гэрээг дүгнэх талаар нэхэмжлэгч Н.Э*******ээс өргөдөл хүсэлт гаргасан зүйл байхгүй, гэрээ огт дүгнэгдээгүй.

Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг дурдаж байна. Энэ журам нь Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэн гарсан байгаа. Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно гэж зааж өгсөн. Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 3.1-д Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ гэж зааж өгсөн. 

Тэгэхээр уг журмаар сул орон тоог орлон гүйцэтгүүлэхдээ ямар журмыг баримтлах талаар зааж өгсөн. Түүнээс чөлөөлөгдөөд явсан албан тушаалтныг буцаан авах талаар ямар ч харилцааг зохицуулаагүй. Өргөдлийн хариуг сул орон тоо байхгүй байна гэж өгсөн. Дээрх албан тушаалд одоо н.Б******* ажиллаж байна. Сул орон тоо гарсан тохиолдолд нөөцөөс тэргүүн ээлжинд авна гэсэн хуулийн зохицуулалттай. Үүний дагуу Н.Э*******ийн өргөдөл шийдвэрлэгдэнэ. 

Нийгмийн даатгалын шимтгэлийг 192.000 төгрөгөөр тооцож төлсөн талаар яригдаж байна. 2013 оны 257 дугаар Ашигт малтмалын газрын даргын тушаалаар суралцагчийн суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлнө гэж заасан. Үүний дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг 192.000 төгрөгөөр төлж явсан. Нягтлан бодогчийн тайлбараар шимтгэлийг төлөөд явж байсан учраас 2015 оныг дуустал төлсөн. Хэрэв хугацаа дууссан байхад буруу төлөлт хийсэн бол би өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн тайлбар өгч байгаа. Үүнийг ялгаж салгаж ойлгох ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Э******* “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг даалгах, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс хойшхи хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Нэг. Үйл баримтын талаар

Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 248 дугаар тушаалаар  иргэн Н.Э*******ийг гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилжээ. 

Н.Э******* ажилд орсоныхоо дараа буюу 2009 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 дахь хүүхэд болох охин А.Э*******ийг төрүүлсэн байна.  

Энэ хугацаанд Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахаар болж, ажилдаа орсон байх ёстой гэсэн шаардлагын дагуу  ажилдаа орж, 2012 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 189 дүгээр тушаалаар  3 сарын цалинтай чөлөө, 2012 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 441 дүгээр тушаалаар  хэлний бэлтгэл сургалтанд 6 сарын хугацаагаар суралцах болсон гэсэн үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлж, нөөцөд бүртгэжээ. 

Улмаар Австралийн Засгийн газрын тэтгэлгээр магистр суралцах болсон тул  Ашигт малтмалын газар нэхэмжлэгчтэй  “Гадаадад суралцуулах сургалтын гэрээ”-г байгуулж , Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 257 дугаар тушаалаар  дахин төрийн албанаас түр чөлөөлж, нөөцөд бүртгэжээ.

Сургалтын гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусах байсан бөгөөд байгууллагын удирдлагаас 2014 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл сургалтын хугацааг сунгахыг зөвшөөрсөн хүсэлтийг  Австралийн Сиднейн их сургуульд гаргасан байх бөгөөд гэрээний хугацаа сунгасан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй. 

Н.Э******* Авсрали улсад суралцаж байх хугацаандаа хүү А.М*******г 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрүүлжээ . 

Нэхэмжлэгч Н.Э******* Австрали улсаас эх орондоо 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ирсэн  байна. 

Монголд ирсэнээс хойш 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр буюу 8 сарын дараа олон улсын бизнесийн сургууль төгссөн, ажилдаа орох хүсэлтэй байна гэсэн өргөдлийг  Ашигт малтмалын газрын даргад гаргажээ. 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс суралцах хугацаандаа хүүхдээ төрүүлсэн учир хүүхэд асрах чөлөөтэй байсан, сургалтын гэрээнд заасны дагуу өмнө эрхэлж байсан албан тушаалд томилох ёстой, Н.Э*******ийн албан тушаалд томилсон хүнийг түр томилогдсон гэж үзэх учир өөрийн өмнө эрхэлж байсан албан тушаал эсхүл суралцаж ирсэн чиглэлээр нь өөр албан тушаалд томилох ёстой гэж маргаж байна. 

Хоёр. Хууль зүйн үндэслэлийн талаар

Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 257 дугаар тушаалаар Н.Э*******ийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5 дахь заалтыг удирдлага болгон 2013 оны 6 дугаар сарын 20-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас түр чөлөөлж, нөөцөд байгаад тооцож, Н.Э*******ийн суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөхөөр шийдвэрлэжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн 23.3.2 “гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон”, 23.5 “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр  чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно”. гэж тус тус заасан байна. 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг баталжээ. 

Уг журмын 3.3-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан гэдэгт дараах тохиолдлыг ойлгоно”, 3.3.1-д “Төрийн албаны тухай хуулийн .... 23.3-т заасан үндэслэлээр түр чөлөөлөх” гэж заасан бөгөөд Н.Э*******ийг төрийн албанаас түр чөлөөлөхөд уг журмын дагуу албан тушаалын сул орон тоо гарсан гэж үзэн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс Б.Билгүүндарийг уг албан тушаалд томилсон  байх бөгөөд одоо ажиллаж байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагч гэдэг нь дээрх журмын 3.2-т зааснаас үзвэл түр хугацаагаар буюу 3 сар хүртэл хугацаагаар сургалтад хамрагдсан хүний оронд ажилтныг түр томилох зохицуулалттай байна. 

Иймд Н.Э*******ийн оронд томилогдсон хүн түр томилогдох ёстой учир түүний оронд ажилд томилогдох ёстой гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. 

Н.Э******* 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрийн албанаас түр чөлөөлөгдсөний дараа Австрали улсад суралцаж байх хугацаандаа хүүхэд төрүүлсэнийг хүүхэд асрах чөлөөтэй гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй байна. 

Учир нь Н.Э******* Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөний дараа хүүхдээ төрүүлсэнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж үзэхгүй. 

Өөрөөр хэлбэл хүүхэд асрах чөлөө олгох асуудал нь тухайн ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаа буюу төрийн албанаас чөлөөлөгдөөгүй, халагдаагүй, түр чөлөөлөгдөж сул орон тоо гараагүй байх нөхцөлд хэрэглэгдэнэ. 

Н.Э******* байгууллагаас миний нийгмийн даатгалыг 2015 он дуустал бөглөсөнийг хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь даргын тушаалгүйгээр байгууллагын нягтлан бодогчийн дурмэдэн хийсэн үйлдэл  байна. Түүнчлэн Н.Э******* хүүхэд асрах чөлөөтэй байсан гэсэн үндэслэлээр гэрээгээ дүгнэлгүй 8 сар болсоны дараа өргөдлөө өгсөнийг зөвтгөх боломжгүй байна.  

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн а/01 дугаар тушаалаар  өмнө нь 2 орон тоотой байсан гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоо захиргаа, олон нийт, гадаад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн 1 болж орон тоо цөөрсөн, нийт орон тоо хасагдсан  байх тул “сул орон тоо байхгүй” гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй ажээ. 

Харин нэхэмжлэгч Н.Э******* Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар сул орон тоо гарсан тохиолдолд нөөцөөс орох хүсэлтээ дахин тавьж шийдвэрлүүлэх боломжтой юм. 

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 21 дүгээр зүйлийн 21.2, 17 дугаар зүйлийн 17.4, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн 23.3.2, 23.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Э*******ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг даалгах, 2015 оны 9-р сарын 14-ний өдрөөс хойшхи хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ