Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 259

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Д.Ууганцэцэг,

Шинжээч Ц.Бадрал,

Шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Жамбалдоржийн Нд холбогдох 1808001850132 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1991 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварын техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Өөлд овогт Жамбалдоржийн Н /РД: ../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            Нэг:Яллах талын нотлох баримтууд.

            1.1.Хохирогч Э.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Хадам эгч Отгонбаяр манай дүү чамаас болж архи уугаад байна, чи зайл гэж хөөсөн тул 2017 оны 10 дугаар сарын 18-нд ээжийнхээ гэрт очиж амьдрахаар 2 хүүхдээ нөхөр дээрээ орхиод явсан. Хүүхдүүдээ санаад байхаар нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нөхөр Нтэй утсаар ярихад Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо Ихнарангийн 4-24 тоотод эгчийнд ирээд уулз гэхээр нь очсон. Нгийн эгч Отгонбаяр, хүргэн ах Ганбаатар, найз Нямбаатар нар архи уугаад согтуу байсан. Том охин Нарансолонгыг аваад явах гэсэн чинь нөхөр чамд хүүхдээ өгөхгүй гэж уурласан. Н согтчихоод над руу янз бүрээр хэлээд дайрч давшлаад байсан. Миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон чинь найз Нямбаатар, хүргэн ах Ганбаатар нар салгасан. Тэгээд ярилцаад сууж байсан чинь Н дахиж над руу дайраад орон дээрээс хөлнөөс татаж унагаад зүүн хөлөн дээр 2 удаа гуталтай хөлөөрөө дэвсээд, 1 удаа зүүн талын хавирга руу өшиглөсөн. ... 2017 оны 12 дугаар сарын 01-нд манай нөхөр Н өглөө 09 цагийн орчим 0.75 литрийн 1 шил архи аваад ирсэн. ... Согтоод намайг янхан хүүхэн гэж хэл амаар доромжлоод зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохисон. ...Тухайн үед миний 2 нүд хөхөрч хавдсан байсан. Нүдний эмчид үзүүлэхэд нүдний ухархай цөмөрсөн, нүд суулт өгсөн мэс засалд ор гэсэн. “...би Нтэй эвлэрчихсэн буцаад хамт амьдарч байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 6-9, 59-60 х/ 

 

1.2.Шүүгдэгч Ж.Нгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Э.Эь гэх эмэгтэйтэй 5 жил орчим хамтран амьдраад 2-4 насны 2 хүүхэдтэй болсон. ... Эхнэр Эь нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны орчим надтай хэрэлдээд ...2 охиноо надад орхиод гэрээсээ явчихсан. ...2017 оны 11 дүгээр сарын 28-нд эхнэр над руу залгаад охинтойгоо уулзаж болох уу санаад байна гэсэн. Тэр өдөртөө 22 цагийн орчим эгч Отгонбаярын Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 4-24 тоот гэрт нь Эь ганцаараа ирсэн. ...Нямбаатар бид 2 архи хувааж уугаад сууж байсан ба Эь хүүхдүүдээ аваад явна гэхээр нь би хүүхдүүдээ чамд өгч явуулахгүй гээд хоорондоо хэрэлдсэн. Унтахаар хэвтэх болсон чинь эхнэр би өөр хүнтэй унтаж чамайг хуурсан гэхээр нь хэдэн удаа гэсэн чинь 1 удаа гэсэн. Миний уур хүрээд баруун гараараа баруун билүү зүүн нүднийх нь аль нэг рүү 1 удаа цохисон. Орон дээр сууж байхад хөлнөөс нь чирч буулгаад 2 удаа бөгс орчим нь, 1 удаа гуя руу нь хөлөөрөө дэвсэж зодсон нь үнэн. ...Өөр эртэй унтсан гэхээр нь уур хүрээд 2017 оны 11 дүгээр сарын 28-нд зодсон нь үнэн. Өмнө нь хэрэлдэж маргалдах удаа байсан ч байнга зодоод байдаггүй байсан. ...Э.Эьд учирсан гэмтлийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 70-72 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

  

1.3.Гэрч Ж.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 28-нд ...унтаж байхад Отгонбаяр эгчээ  гээд нэг хүн дуудаад байх шиг байсан, харсан чинь бэр Эь байсан. Эгчээ Н миний нүүр лүү цохьчихлоо гэсэн. Тухайн үед харсан чинь нүднийх нь орчим улаачихсан байсан. Ж.Н, Э.Эь нар нь байнга хэрэлдэж муудаад байдаггүй. Хааяа хамт уучихсан үедээ муудалцсан байдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 х/

 

1.4.Шинжээчийн 223 тоот дүгнэлт

1. Э.Эийн биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.4.5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд буюу 1-2 долоо хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3.6.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба авсан дарааллыг нарийвчлан тогтоох боломжтой.

7.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэлд хамаарахгүй.

9.10. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 18 х/

 

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.Гэрч Ж.Дарьсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...1991 оны 07 дугаар сарын 16-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод айлын 8 дахь хүүхэд болж төрсөн. Архангай аймгийн 10 жилийн сургуульд суралцаж байгаад 4 дүгээр ангиас Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуульд шилжин суралцаж 10 дугаар ангиа төгссөн. 2008-2010 онд Төв аймгийн Баянчандмань суманд хүнд механизмын ангид суралцаж төгссөн. Миний төрсөн дүү болох Н нь зан байдлын хувьд хурц ширүүн аашгүй, үг дуу цөөтэй, гэр бүл болон найз нөхдийн дунд нэр хүнд сайтай хүүхэд байгаа юм.   ...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 х/

2.2.Ж.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 95 х/

2.3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 52,73 х/

2.4.Гэр бүлийн эрсдлийн үнэлгээ “дунд зэрэг” гэх дүгнэлт /хх 30-33, 40-44 х/

2.5.Хохирогч Э.Эийн “...би Нтэй эвлэрчихсэн буцаад хамт амьдарч байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 59-60 х/,

2.6.Ж.Нгийн өрхийн ам бүлийн талаарх СХД-ийн 24 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх 115 х/

2.7.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 117-118 х/

 

Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.

3.1.Хохирлын баримтууд /хх 28 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.

 

Гэм буруугийн талаар.

Ж.Н нь архидан согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 28-ны шөнийн 22-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 4-24 тоотод байрлах Ж.Отгонбаярын гэрт өөрийн хамтран хамтран амьдрагч Э.Эийг “хүүхдээ авч явна” гэх асуудлын улмаас муудалцан нүд рүү нь гараараа цохисон, 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 цагийн орчимд мөн архидан согтуурсан үедээ хамтран амьдрагч Э.Эийг “янхан хүүхэн” гэж хэл амаар доромжлон нүд рүү нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:

 

            Хохирогч Э.Эийн “... 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нөхөр Нтэй утсаар ярихад Сонгинорхайрхан дүүргийн 4-р хороо Ихнарангийн 4-24 тоотод эгчийнд ирээд уулз гэхээр нь очсон. Нгийн эгч Отгонбаяр, хүргэн ах Ганбаатар, найз Нямбаатар нар архи уугаад согтуу байсан. Том охин Нарансолонгыг аваад явах гэсэн чинь нөхөр чамд хүүхдээ өгөхгүй гэж уурласан. .... Миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон чинь найз Нямбаатар, хүргэн ах Ганбаатар нар салгасан. ... 2017 оны 12 дугаар сарын 01-нд манай нөхөр Н өглөө 09 цагийн орчим 0.75 литрийн 1 шил архи аваад ирсэн. ... Согтоод намайг янхан хүүхэн гэж хэл амаар доромжлоод зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохисон. ...Тухайн үед миний 2 нүд хөхөрч хавдсан байсан. Нүдний эмчид үзүүлэхэд нүдний ухархай цөмөрсөн, нүд суулт өгсөн байна. Мэс засалд ор гэсэн. Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх 59-60 х/, 

Гэрч Ж.Отгонбаярын “... 2017 оны 11 дүгээр сарын 28-нд ...унтаж байхад Отгонбаяр эгчээ  гээд нэг хүн дуудаад байх шиг байсан, харсан чинь бэр Эь байсан. Эгчээ Н миний нүүр лүү цохьчихлоо гэсэн. Тухайн үед харсан чинь нүднийх нь орчим улайчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 х/,

Шинжээчийн 223 тоот дүгнэлт

1.Э.Эийн биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.4.5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд буюу 1-2 долоо хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3.6.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба авсан дарааллыг нарийвчлан тогтоох боломжтой.

7.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэлд хамаарахгүй.

9.10.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 18 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

     Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д ..., хамтран амьдрагч ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн.

Шүүгдэгч Ж.Н, хохирогч Э.Эь нар гэр бүлийн баталгаа байхгүй ч хоёр хүүхдийн эцэг, эх болж хамтран амьдарч байгаа болох нь тэдгээрийн мэдүүлгүүд, хорооны тодорхойлолт /хх-ийн 115 х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 117-118 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул Ж.Нг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субьект гэж үзээд хамтран амьдрагч Э.Эийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Хохирогч Э.Эийн “...би Нтэй эвлэрчихсэн буцаад хамт амьдарч байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй... гэх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 59-60 х/, хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хх 83 х / зэргээр хохирогч нь ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул Ж.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

                         Эрүүгийн хариуцлагын талаар.

            Ж.Нд холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, Ж.Н нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой зэргийг харгалзан үзээд түүнд шүүхээс 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

                          Бусад асуудлын талаар.

              Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Өөлд овогт Жамбалдоржийн Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Нг 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Нд мэдэгдсүгэй. 

 

4.Ж.Нгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ