Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 446

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Оад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Ариунтуяа,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 595 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай эсэргүүцлээр Ц.Оад холбогдох эрүүгийн 1808006690228 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овогт Ц. О, 1974 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Бүрэнхаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, .. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:ЧС74081897/,

Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Р.Гг зодож, тархи доргилт, баруун хөмсөгний язарсан шарх, баруун шанаа, эрүү, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Оад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна” гэж заажээ.

Гэтэл хохирогч Р.Г нь хялбаршуулсан журмаар тус хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаагүй, Ц.О нь хохирогчтой эвлэрсэн эсэх нь тодорхойгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан нөхцөл байдлууд хангагдаагүй гэж үзэж шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн болно.

Дээрх хууль хэрэглээний талаарх алдаа зөрчлийг залруулж, хэргийг ердийн журмаар шүүхэд ирүүлэх шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүхээс хэргийг прокурорт буцаах шийдвэрт прокурор эсэргүүцэл бичиж болох эсэх талаар заагаагүй ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг прокурорт буцаасан шийдвэрт холбогдох тусгай зохицуулалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т заасан ердийн журмаар тус шийдвэрт эсэргүүцэл бичих эсэхийг прокурорт нээлттэй үлдээж,Ц.Оад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж дурдан  хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай эсэргүүцэлд: “...1. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 8 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргээс бусад хэрэгт яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргавал хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан 15 хөнгөн гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах гэсэн хэлбэрээр эрүүгийн хэргийг хялбаршуулан хянан шийдвэрлэх  журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт хуульчлан тогтоосон бөгөөд энэ хоёр журам нь тус тусдаа өөр өөр байдлаар хэрэгжихээр зохицуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-17.4 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-д хамааруулж ойлгохгүй юм.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд нэрлэн заасан 15 төрлийн гэмт хэргийн нэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгчийн захирамжинд “...Гэтэл хохирогч Р.Г нь хялбаршуулсан журмаар тус хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаагүй...” гэжээ. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хохирогчийн хүсэлтийн дагуу явагддаг ажиллагаа бус харин яллагдагчийн хүсэлтийн дагуу явагддаг ажиллагаа тул шүүхээс илт хууль бус дүгнэлт хийсэн байна.

2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуульчилсан бөгөөд энэ бүлэгт хохирогчийн хүсэлтээр хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зохицуулалт байхгүй болно.

Харин 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 415 дугаар зүйлд сэжигтэн, яллагдагч, хохирогч харилцан зөвшөөрч хүсэлт гаргасан тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлт явуулахаар заасан.

2. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-ын 4 дэх хэсэгт “прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна” гэжээ. Дээрх зохицуулалт нь эрүүгийн хариуцлагын талаар яллагдагчид заавал танилцуулахыг үүрэг болгож, харин хохирогч зөвхөн эрүүгийн хариуцлагын талаар хүсэлт гаргасан тохиолдолд түүнд танилцуулахаар заасан байна.

Гэтэл шүүхээс хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бүх хэрэгт эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг хохирогчид танилцуулах шаардлага тавьсан нь үндэслэлгүй юм.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагын талаар гаргах санал, хүсэлтгүй талаар хохирогч хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд тусгасан байх тул энэ талаар хохирогчид танилцуулах шаардлагагүй болно.

Шүүгчийн захирамжинд “...Дээрх хууль хэрэглээний талаарх алдаа зөрчлийг залруулж, хэргийг ердийн журмаар шүүхэд шилжүүлэх шаардлагатай” гэжээ.

Шүүхээс прокурорт хэргийг ердийн журмаар шилжүүлэхийг захирамжаар даалгасан нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх  оролцогчийн эрхийг хязгаарласан байна.

Түүнчлэн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 595 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Ц.Оад холбогдох Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 595 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна” гэж заажээ. Гэвч хохирогч нь хүсэлт гаргаагүй байх тул заавал танилцуулах шаардлагагүй байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Ц.Оад холбогдох хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ /хх-94/.

 Анхан шатны шүүх “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна” гэсэн заалт хэрэгжээгүй, хохирогч Р.Г нь хялбаршуулсан журмаар  хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаагүй, Ц.О нь хохирогчтой эвлэрсэн эсэх нь тодорхойгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан нөхцөл байдлууд хангагдаагүй гэж үзэж шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйлд заасан хэргүүдийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3,17.4 дэх заалтуудыг хангах шаардлагатай.

 Гэхдээ энэ хэргийн нотлох баримтуудаас үзэхэд  хохирогч Р.Г нь “шүүх хуралд оролцохгүй, хохирол нэхэмжлэхгүй, цаашид ч нэхэмжлэхгүй, дахин Ц.Оыг цаашид хармааргүй байна” гэж  хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд буй баримтанд хүсэл зоригоо илэрхийлжээ.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн” эсэхийг хянах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-т заасан “прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа  хохирогчид танилцуулах”  шаардлагагүй байна.

Яллагдагч шүүхэд хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлээгүй бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэнэ.

Иймд давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ц.Оад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 595 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Оад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Ц.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

О.ЧУЛУУНЦЭЦЭГ