Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00843

 

 

*******рэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00488 дугаар шийдвэртэй, *******рэлийн нэхэмжлэлтэй *******яад холбогдуулан 200 000 000 төгрөг, “А” ХХК-д холбогдуулан 300 000 000 төгрөг гаргуулах тухай,

*******элд холбогдуулан 202 250 000 төгрөг гаргуулах тухай *******яагийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч *******яагийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч , хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******рэл нь *******яагаас хамгийн анх 500 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд *******яа уг мөнгийг “А” ХХК руу шилжүүлсэн гэсэн тайлбар, нотлох баримтыг өгсөн. Иймд бид “А” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.

Хамтран хариуцагч “А” ХХК нь *******рэлд ямар нэгэн өр, төлбөр зээлийн үүрэг үүсгээгүй гэж маргаж байх боловч Хас банк дахь *******яагийн эзэмшлийн ******* тоот дансны хуулгаар нэхэмжлэгчээс шилжүүлсэн 300 000 000 төгрөгийг тус компанийн өрөнд шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа.

*******яа нь шүүхэд гаргасан тайлбартаа 300 000 000 төгрөгийг “А” ХХК-ийн өрөнд шилжүүлсэн талаараа дурдсанаас бус үлдэх 200 000 000 төгрөгийн талаар дурдаагүй байгаагаас дүгнэхэд уг мөнгийг өөрөө авч, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт зааснаар “А” ХХК-аас 300 000 000 төгрөгийг, *******яагаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар 200 000 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******рэлд олгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. *******яа нь сөрөг нэхэмжлэлдээ *******рэлийг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 100 000 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 102 250 000 төгрөгийг тус тус зээлж авсан бөгөөд уг мөнгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буцаасан гэжээ. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 202 250 000 төгрөг нь *******рэлийн *******яад зээлээр шилжүүлсэн 500 000 000 төгрөгтэй хамааралгүй, өөр төлбөр тооцооны мөнгөнүүд бөгөөд төлбөрийн баримтууд дээрх гүйлгээний утгаас тодорхой харагдана. Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хариуцагч *******яагийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 онд дууссан байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******рэл нь Хаан банк дахь *******яагийн эзэмшлийн ******* тоот дансанд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 200 000 000 төгрөгийг, Хас банк дахь эзэмшлийн ******* тоот дансанд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 240 000 000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 60 000 000 төгрөгийг “...дараа тооцоогоор зээл олгов...” гэсэн утгатай шилжүүлсэн бөгөөд тэрээр энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч *******рэл нь хариуцагч *******яагийн хүсэл зоригийн дагуу 500 000 000 төгрөгийг Хаан банк болон Хас банк дахь *******яагийн эзэмшлийн дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагч *******яагаас шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй.

Иймд хариуцагч *******яагаас 500 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******рэлд олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *******яа шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. *******яа нь *******рэлийг “А” ХХК-ийн дэд захирлын албан тушаал хашиж байсан гэдгээр мэднэ. Тухайн үед “А” ХХК-ийн өрийг төлөх зорилгоор *******яагийн дансыг ашиглан шилжүүлсэн үйлдэл байдаг. Хаан банк дахь ******* тоот данс нь болон *******яа нарын дундын эзэмшлийн данс, Хас банк дахь данс нь *******яагийн эзэмшлийн данс байдаг. Хас банкны дансанд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 240 000 000 төгрөг , 2017 оны 05 дугаар сарын 03-нд 60 000 000 төгрөг шилжиж ирсэн бөгөөд тухайн өдөр Голомт банкны өрийн данс руу Алтан дорнод Монгол корпорейт конвейшн центрээс өр төлөв гэсэн гүйлгээний утга бүхий нийт 20 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг.

Энэ нь *******рэдл, *******яа нарын дунд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэдгийг дансны хуулга болон 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн төлбөр нэхэмжлэх мэдэгдлээр нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд “А” ХХК-ийн захирал , дэд захирал байсан *******рэлийн хооронд үүссэн энэ асуудал, *******яад хамааралгүй.

*******рэл нь 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 100 000 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 102 250 000 төгрөгийг тус тус зээлж авсан бөгөөд уг мөнгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буцаан өгсөн. Гэтэл түүнийгээ надад зээлсэн мэтээр баримтынхаа гүйлгээний утгад бичиж шилжүүлсэн байна.

Миний хувьд баримтад ямар утга бичигдсэнийг тухайн үед анзаараагүй бөгөөд зээл хаагдсан гэж ойлгож байтал 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд уг мөнгийг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан. Иймд *******рэлээс 202 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******яагаас 200 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******рэлд олгож, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “А” ХХК-иас 300 000 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч *******рэлээс 202 250 000 төгрөг гаргуулах тухай *******яагийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******яагаас 1 157 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******рэлд олгож, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 169 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч *******яад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд шүүгч нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Нэхэмжлэгч *******рэл нь хариуцагч *******яатай ажил хэргийн холбоотой байдаг бөгөөд *******птантуяа нь 500 000 000 төгрөгийг зээлх хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулалгүй, түүнд 500 000 000 төгрөг зээлсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагч *******птантуяагийн эзэмшлийн ******* тоот дансанд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 200 000 000 төгрөгийг, ******* тоот дансанд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 240 000 000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 60 000 000 төгрөгийг тус туе “*******рэлээс дараа тооцоогоор зээл олгов” гэсэн утгатай тус тус шилжүүлсэн.

Хариуцагч *******яа нь 240 000 000 төгрөг, 60 000 000 төгрөгийг Голомт банкны өрийн дансанд “Алтан дорнод Монгол, Корпорейт конвейшн центрээс өр төлөв” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн..." гэсэн тайлбарыг гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар “Аптандорнод Монгол” ХХК-ийг Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татан оролцуулсан.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүд хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хариуцагч “А” ХХК-аас 300 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлнэ гэсэн журмыг зөрчсөн.

Түүнчлэн, хариуцагч *******яа *******рэлийн шилжүүлсэн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 240 000 000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 03-ны өдөр 60 000 000 төгрөгийг “А” ХХК-ийн өрөнд шилжүүлсэн гэсэн тайлбар гаргасан, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаар үнэлэх учиртай. Хариуцагч *******яагийн ******* тоот дансны хуулгаар нэхэмжлэгчийн шилжүүлсэн 300 000 000 /240,000,000 + 60,000,000/ төгрөгийг хариуцагч *******яа нь хариуцагч “А” ХХК-ний өрөнд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан хариуцагч *******яагийн дансны хуулгаар хангалттай нотлогдож байхад хариуцагч “А” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *******яа болон түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч *******рэл нь “Алтан дорнод Монгол” ХХК-ийн хууль эрх зүйн асуудал хариуцсан захирлаар ажиллаж байх үедээ *******яагаас 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 100 000 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 102 250 000 төгрөгийг тус тус зээлж авсан байдаг. *******рэл нь 2017 оны 05 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд гүйлгээ хийхдээ *******яагийн өмнө өгсөн 202 250 000 төгрөгийн зээлийг буцаан өгч байгаа гэж хэлж байсан ч банкны гүйлгээний баримтанд “зээлэв” гэсэн утга бичиж гүйлгээг хийсэн байдаг.

Тэр ч агуулгаар *******яа нэхэмжлэгч *******рэлд зээлсэн 202 250 000 төгрөгийг үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцуулах гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Шүүх хэт нэг талыг барьж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлага хангаагүй.

Тус шүүхэд *******рэлийн нэхэмжлэлтэй, *******яад холбогдох иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх тов 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр товлож зарласан. Гэвч өмгөөлөгч нь тухайн өдрийн 11 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хурал давхцаж хүндэтгэн үзэх нөхцөл байдал бий болж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт хүргүүлсэн.

Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийг хуралд биечлэн оролцох эрхийг хязгаарлаж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч *******рэл нь хариуцагч *******яад холбогдуулан 200 000 000 төгрөг, “А” ХХК-д холбогдуулан 300 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч *******яа 202 250 000 төгрөгийг нэхэмжлэгч *******рэлээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэх эрхтэй.

 

Анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч *******яагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-д заасан үндэслэлээр шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүх татгалзал хүсэлтийн шат өнгөрсөн учир хүсэлтийг шийдэх боломжгүй, харин татгалзаж байгаагаа шүүхэд мэдэгдэх эрхтэй гээд татгалзлыг авч хэрэгт хавсаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх боловч уг татгалзалтай холбоотой хүсэлт хэрэгт авагдаагүй, түүнчлэн татгалзлалыг шийдвэрлэсэн эрхийн акт гараагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан татгалзан гаргах асуудлыг хэлэлцэж, шүүгч захирамж гаргана гэснийг зөрчсөн байна. /хх232/

 

Түүнчлэн мөн шүүх хуралдаан дээр *******яагийн өмгөөлөгч нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2021/02673 дугаар захирамжаар “ шүүх хуралдааны товыг түрүүлж буюу 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан атлаа мөн сарын 09-ний өдөр товыг авсан шүүх хуралдаанд оролцохын тулд шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8-д заасан хуульд заасан хэргийн оролцогч болох хариуцагч *******яагийн өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй гэж дүгнэхээр байна. /хх233/

 

Нэхэмжлэгч *******рэлд холбогдуулан 202 250 000 төгрөг гаргуулахаар хариуцагч *******яа сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 102/ШЗ2020/11507 дугаар захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан атлаа, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн баримтууд болон гэрч нарын мэдүүлгүүдийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн судлахад сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох боломжгүй, тусдаа шийдвэрлэгдэх маргаан болох тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасан буюу үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасан зохицуулалтыг уг хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахад хэрэглэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шүүхийн бус харьяалалд сөрөг нэхэмжлэлийн маргаан хамаарна гэж үзэхгүй юм.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх дээрх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж буй тул материаллаг эрх зүйн талаар гаргасан гомдлыг хэлэлцэхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00488 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1 657 950 төгрөг, хариуцагчийн төлсөн 1 169 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                А.МӨНХЗУЛ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА