Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00876

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/00776 дугаар шийдвэртэй, Г.Эын нэхэмжлэлтэй О.Гинд холбогдуулан 3 399 040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дашдорж, хариуцагч О.Гин, түүний өмгөөлөгч М.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Э нь О.Гингээс 2018 оны 06 сарын 23-ны өдөр  Митцубиши L200 маркийн автомашиныг 16 400 000 төгрөгөөр худалдан авч, тэр өдрөө Хаан банк дахь Д.Аэгийн эзэмшлийн 5555 тоот данснаас 13 050 000 төгрөг, Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 33333 тоот данснаас 3 350 000 төгрөгийг тус тус 222 тоот дансанд шилжүүлж, 1111111111ЗАА улсын дугаар болон даатгал хийлгэж, татвар төлсөн.

Автомашин худалдан авсан өдрөө нутаг явахаар Улаанбаатар хотоос гараад Эмээлт өнгөрөөд 40 орчим км явж байтал уг автомашин моторын масло цацаад асахаа больсон ба дуудлагын жолооч дуудаж 200 000 төгрөг төлж чирүүлж Улаанбаатар хотод авчирсан.

Ингээд автомашин чанарын шаардлага хангахгүй, хөдөлгүүрийн гэмтэлтэй, автомашиныг буцаах талаар түүнд хэлэхэд тэрээр би засуулж байж мөнгийг чинь өгнө, зарж байж мөнгийг чинь өгнө гэж хүлээлгэсэн ба Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл өгч байж 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Д.Аэгийн данс руу 13 350 000 төгрөг шилжүүлж, үлдэх 3 050 000 төгрөгийг өгөөгүй.

Г.Эт уг автомашиныг дуудлагаар чирүүлж авчирсан хөлс 200 000 төгрөг, Монгол даатгал компанид даатгуулсны төлбөр 29 040 төгрөг, түлшний үнэ 120 000 төгрөг, машины үнээс дутуу өгсөн 3 050 000 төгрөг нийт 3 399 040 төгрөгийн шууд хохирол учирсан тул уг мөнгөн хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Гин Да хүрээ зах дээр автомашины худалдаа эрхэлдэг. 2018 оны 03 сард  Митцубиши L200 маркийн автомашиныг гадаадаас худалдан авч, О.Гин өөрийн нэр дээр импортлон оруулж ирсэн ба уг автомашиныг 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Г.Эт 16 400 000 төгрөгөөр худалдсан.

Автомашинд ийм эвдрэл гарахыг мэдээгүй. Худалдан авахаасаа өмнө 2 өдөр Да хүрээ зах дээр ирж, автомашиныг унаж үзэж, шалгаж байж худалдан авсан. О.Гин автомашиныг импортоор оруулж ирээд угаалгаад л зардаг.

Г.Э автомашиныг худалдан авсан өдрөөс хойш 2 өдрийн дараа залгаж автомашин эвдэрсэн, Сутайн буянт зах дээр чирүүлээд ирлээ гэхэд нь О.Гин н.Батмагнай гэх засварчин дагуулж очоод үзэхэд турбин нь эвдэрсэн байсан бөгөөд О.Гин өөрөө мөнгө гаргаж шинэ турбин худалдан авч 1 хоногийн дотор янзалж хэвийн ажиллагаатай болгосон. Автомашиныг янзлаад зүгээр болгосны дараа Г.Эт буцаан хүлээлгэж өгсөн.

Нэгэнт автомашины эд ангийг шинэ эд ангиар сольж, хэвийн болгож хүлээлгэн өгсөн түүнээс гадна гаалиар орж ирсэн автомашинд улсын дугаар авахаар анхны үнээсээ үнэ нь 2-3 сая төгрөгөөр буурдаг тул автомашиныг буцаах боломжгүй гэдгийг хэлсэн. Харин та нар Да хүрээ зах дээр зогсож байгаад машинаа өөрсдөө зарж болно, зарна гэвэл О.Гин туслаад өгье гэхэд Г.Э нь зөвшөөрч автомашиныг бусдад худалдахаар болж хэд хоног О.Гинтэй хамт зогссон. Сэлэнгэ аймгийн хэдэн хүмүүс 13 500 000 төгрөгт өгчих гэж гуйсан ба Сэлэнгэ аймгийн залуучуудад зарах үед Г.Э цуг байсан бөгөөд Г.Э зарна гэж зөвшөөрсөн.

Ингээд О.Гингийн дансанд 13 000 000 төгрөгийг худалдан авсан залуучууд хийсэн бөгөөд дараа нь 300 000 төгрөг хийсэн. Уг мөнгийг О.Гин Г.Э руу шилжүүлж мөнгийг нь өгсөн бөгөөд тэгээд Г.Э явсан. 20 гаруй хоногийн дараа наадмын үеэр намайг цагдаагаас дуудсан. О.Гин Г.Эт автомашинаа зарахад нь тусалсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Гинээс 3 079 040 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Эт олгож, нэхэмжлэлээс үлдэх 320,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66 334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64 214 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүх “...Худалдан авагчийн гэрээ цуцлах саналыг худалдагч ...улсын бүртгэлийн дугаар авсан машины үнэ буурдаг гэх шалтгаанаар хүлээн аваагүй...” гэж бодит байдалд нийцэхгүй, хийсвэр дүгнэлт хийсэн. Мөн автомашины турбиныг хариуцагч өөр турбинээр сольж өгч нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримт нь доголдлыг арилгах үүргээ биелүүлсэн болохыг нотолж байхад шүүх энэ нөхцөл байдалд ач холбогдол өгөөгүй, хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хаан банкны 5555 тоот данс эзэмшигч Д.Аэг гэх хүн нь нэхэмжлэгч Г.Эын эхнэр мөн болохыг нотолсон гэрлэлтийн гэрчилгээ лавлагаа хэрэгт авагдаагүй байхад шүүх “Г.Эрдэн-Очирын төлбөр төлөх үүргийг түүний эхнэр Д.Аэг гүйцэтгэж 13 050 000 төгрөгийг худалдан авагчид шилжүүлсэн нь үүргийн шинж чанарт харшлаагүй байна" гэж хууль буруу тайлбарласан.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд “хэрэв шүүх хариуцагчаас төлбөр гаргуулж Г.Эт олгох шийдвэр гаргалаа гэхэд Д.Аэг гэх хүн өөрийн данснаас шилжүүлсэн мөнгөө хариуцагч О.Аагээс дахин нэхэмжилж шүүхэд хандах эрсдэлтэй. Иймд энэ үйл баримтыг тодруулж өгнө үү” гэж хүсэлт гаргасан боловч шүүхээс уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй байдаг.

Шүүх тээврийн хэрэгслийн өмчлөл шилжих, эзэмшигчийн нэр өөрчлөгдөх, бүртгэл хөтлөх харилцааг зохицуулсан эрх зүйн гол эх сурвалж болох Зам, тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг хэрэглээгүй алдаа гаргасан.

Энэхүү журам нь нэхэмжлэгч автомашинаа бусдад худалдах үед буюу 2018 оны 06 сард хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд тус журмын 3.3, 3.3.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь 1111111111ЗАА улсын дугаартай автомашиныг хариуцагчид буцаан хүлээлгэж өгсөн бол тээврийн хэрэгсэл эзэмшигч (өмчлөгч)-ийн нэр О.Гин болж өөрчлөгдөх ёстой байсан.

Гэтэл Авто тээврийн үндэсний төвөөс шүүхэд ирүүлсэн лавлагааны хавсралт “Өмнөх өмчлөгчдийн мэдээлэл”-д 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Г.Э уг анх бүртгэгдээд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Г.Батгэрэлд автомашин шилжиж бүртгэгдсэн байдаг. О.Гингийн нэр огт байдаггүй. Энэ баримтаар автомашиныг хариуцагчид буцаан хүлээлгэж өгөөгүй болохыг нотолж байгаа. Мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-д зааснаар өмчлөгч өөрийн биеэр гарын үсэг зурж автомашиныхаа өмчлөлийг шилжүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгч Г.Э Авто тээврийн төв дээр өөрийн биеэр очиж худалдан авагч Г.Батгэрэлд автомашинаа худалдсан байдаг.

Хариуцагчийн өмгөөлөгч автомашиныг худалдан авсан Г.Батгэрэлийг шүүхэд гэрчээр дуудаж мэдүүлэг авах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Мөн тээврийн хэрэгслээ худалдаж байгаа хүн худалдан авч байгаа хүнд итгэмжлэл хийж өгдөг жишиг байдаг учраас энэ төрлийн итгэмжлэл гэрээ хэлцэл байгаа эсэхийг шалгаж тодруулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хангаагүй байдаг.

Иргэний хэргийн шүүх гагцхүү иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг, тайлбарыг үнэлэх ёстой байтал шүүхээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст гэрчээр болон сэжигтнээр өгсөн хариуцагчийн мэдүүлгийг шууд нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэлт хийсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж бүрдүүлсэн гэрчийн буюу сэжигтний мэдүүлэг гэх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шууд үнэлэх боломжгүй төдийгүй хуульд заасан аргаар олж авсан баримт гэж тооцогдох боломжгүй байхад шүүхээс нотлох баримтын хэмжээнд шууд үнэлсэн нь хууль бус гэж үзэж байна.

Гэрч Ц.Ббблын “...О.Аагээс худалдан авсан машинаа хөдөөнөөс ирсэн эхнэр нөхөр хоёр зарах гээд зогсож байсан, наадмын өмнө болохоор машины худалдан авалт сайн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Мммүүгийн “...нэхэмжлэгч эхнэртэйгээ машинаа зарах гээд 1-2 хоног болсон. Машинаа зарсан...” гэх мэдүүлэг нь Авто тээврийн үндэсний төвөөс шүүхэд ирүүлсэн лавлагааны хавсралт “Өмнөх өмчлөгчдийн мэдээлэл” гэх бичмэл баримтаар нотлогдож байхад шүүх шийдвэртээ “...мэдүүлэг нь бусад баримтаар давхар нотлогдоогүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Шүүх эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг хэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй алдаа гаргасан гэж үзэж байна.

Г.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "... намайг хүлээлгээд болохоо байхаар нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст өргөдөл өгч байж мөнгө шилжүүлсэн..." гэж бичсэн мөртлөө сүүлд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хүсэлт гаргах нь гэх шүүхэд гаргасан тайлбартаа “...машиныг чинь зарж байж мөнгийг чинь өгнө. Гээд 10 гаруй хоног хүлээсэн. Ингээд өдөр бүр би техникийн зах орж мөнгөө авъя гэхэд нэг хүнд зарсан гээд манай эхнэрийн данс руу 13 350 000 төгрөг хийж, үлдсэн мөнгийг өгөөгүй учир Цагдаад хандаад үлдэгдэл мөнгөө авч чадахгүй арга буюу нутаг буцсан.” гэж үйл баримтаа 2 өөрөөр тайлбарлаж, нэхэмжлэгчийн тайлбарууд нь хоорондоо зөрүүтэй байхад шүүх үүнд дүгнэлт өгөөгүй байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч О.Гинд холбогдуулан 3 399 040 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

О.Гин нь Г.Эт 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр  Митцубиши L200 маркийн, суудлын зориулалттай автомашиныг 16 400 000 төгрөгөөр худалдсан, Г.Э нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 33333 тоот данснаас 3 350 000 төгрөгийг, Д.Аэгийн эзэмшлийн 5555 тоот данснаас 13 050 000 төгрөгийг О.Гингийн эзэмшлийн 222 тоот дансанд тус тус шилжүүлсэн талаар талууд маргаагүй, анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Түүнчлэн худалдах, худалдан авах гэрээний зүйл болох  Митцубиши L200 маркийн автомашины турбин нь эвдэрснээр биет байдлын доголдолтой байсан, нэхэмжлэгч уг доголдлын талаар хариуцагчид мэдэгдсэн, хариуцагч уг эвдрэлийг засварласан талаар талууд маргаагүй байна.

 

О.Гин нь Хаан банк дахь Д.Аэгийн эзэмшлийн 5555 тоот дансанд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 13 350 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, Хаан банк дахь 5555 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул Г.Э гэрээнээс татгалзах саналыг О.Гин хүлээн авсан гэж дүгнэнэ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн автомашиныг буцааж хүлээлгэж өгөөгүй, Г.Э автомашиныг бусдад өөрөө худалдсан, О.Гин автомашиныг худалдахад тусалсан гэх тайлбар, гомдол үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч О.Гин биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул худалдан авагч Г.Э нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэрээ цуцалж хохирол шаардах эрхийн зохицуулалтыг нэхэмжлэлийн үндэслэлд хамааруулж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг залруулах нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч О.Гин Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан үр дагавар болох гэрээний дагуу худалдсан автомашины үнэд дутуу шилжүүлсэн 3 050 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Эт буцаан төлөх үүрэгтэй.

 

Г.Э нь Митцубиши L200 маркийн автомашиныг худалдан авч, уг тээврийн хэрэгсэлийг жолоодохтой холбоотой жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгэж “Монгол даатгал” ХК-д 29 040 төгрөгийг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Иймд Г.Э нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохиролд 29 040 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Харин нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбоотой хохиролд автомашиныг дуудлагаар чирүүлж авчирсан хөлс 200 000 төгрөг, түлшний үнэ 120 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэг явуулах журам, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан журмын татварын тухай хууль, Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоо шинэчлэн нэвтрүүлэх журмын зохицуулалт нь иргэд хооронд автомашин худалдаж авах гэрээ байгуулах, гэрээг цуцлах өмчлөгч тодорхойлох асуудлыг шийдвэрлэхгүй юм. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан автомашиныг худалдан авсан Г.Батгэрэлийг гэрчээр оролцуулах, тээврийн хэрэгслээ худалдаж байгаа хүн худалдан авч байгаа хүнд итгэмжлэл хийж өгдөг жишиг байдаг, энэ төрлийн итгэмжлэл гэрээ хэлцэл байгаа эсэхийг шалгаж тодруулах байсан гэх гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх уг иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримт болох гэрчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43, 109 дүгээр зүйлд заасан журамтай нийцээгүй боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болохгүй, уг алдааг давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/00776 дугаар шийдвэрийг

1 дэх заалтыг “256 дугаар зүйлийн 256.1” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 215 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                   Д.НЯМБАЗАР

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА