Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00892

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/00680 дугаар шийдвэртэй, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ч” ХХК, “И” ХХК-иудад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 444 504 078 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Дөлгөөн, түүний өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, хариуцагч “И” ХХК-ийн өмгөөлөгч Н.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь “Т” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 1 000 000 ам.долларыг 12 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлж, зээлдүүлэгч 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1 000 000 ам.долларыг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн.

Талууд зээлийн гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тохирсон бөгөөд “М” ХХК-ийн хүсэлт гаргасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, төлбөрийн хуваарийг шинэчилсэн.

“М” ХХК нь зээлийн гэрээний үргэлжлэх хугацаанд удаа дараа зээлийн төлбөрийн хуваарийг зөрчиж байсан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлээс ямар ч төлөлт хийгээгүй, улмаар зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дууссан боловч гэрээнд заасан үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй.

“М” ХХК-ийн зээлийн үлдэгдэл 650 000 ам.доллар, зээлийн хүү 40 077 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4 370 ам.доллар тус тус хуримтлагдаж, нийт 694 448 ам.доллар буюу Монголбанкнаас зарласан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тооцон үзвэл 1 912 613 959 төгрөгийн өр төлбөртэй байна.

“Ч” ХХК нь “М” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1 550 000 000 төгрөгийн Банкны баталгааг гаргасан бөгөөд уг баталгаа нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчинтэй. Зээлийн гэрээний хугацаа дуусч, зээлийн төлбөрийг төлөөгүй тул “Ч” ХХК-д баталгааны хүчинтэй хугацаанд багтаан буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн.

“Ч” ХХК-аас төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацааг сунгах хүсэлтийг 2 ч удаа тавьсныг банк хүлээн авч хугацаа өгсөн бөгөөд “Ч” ХХК-ийн хувьд Банкны баталгаа хүчин төгөлдөр эсэх болон баталгааны дүнд маргаагүй.

“И” ХХК нь “Т”тай 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр “И” ХХК-ийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг 1 000 000 ам.доллар байхаар заасан. “И” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 02 дугаар сараас мөн оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд 1 678 269 000 төгрөгийг төлсөн тул 1 912 613 959 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 1 678 269 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч “И” ХХК болор “Ч” ХХК нараас нийт 234 344 959 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

Нэхэмжлэгч болон М ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 2018/99-01 дугаар Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн биелэгдээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш зээлийн хүү 61 878.79 ам.доллараар, нэмэгдүүлсэн хүү 11 878.85 ам.доллараар нэмэгдэж нийт 73 757.64 ам.доллар болсон байна. Монголбанкны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ам.долларын хаалтын ханш болох 2 849.32 төгрөгөөр 73 757.64 ам.долларыг хөрвүүлбэл нийт 210 159 119 төгрөг болно

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ болох 234 344 959 төгрөгийг 210 159 119 төгрөгөөр ихэсгэж, хариуцагч нараас нийт 444 504 078 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.

Мөн “Т” ХХК нь “М” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “М” ХХК болон Б.Тэмүүжин нартай барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр

үл хөдлөх хөрөнгийн хувьд: Б.Тэмүүжингийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206058802 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил /17012/ Хансвилл хотхоны 530 дугаар байрны 502 тоот хаягт байршилтай 106 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

хөдлөх хөрөнгийн хувьд: Хово маркийн тээврийн хэрэгсэл 10 ширхэг/ 2021 оны 2 дугаар сарын байдлаар 9 ширхэг Хово маркийн автомашиныг гурвалсан хэлцлийн дагуу худалдагдаж, 1 ширхэг Хово маркийн автомашин ашиглах боломжгүй, эвдрэлтэй/,

“Ч” ХХК-ийн 1 550 000 000 төгрөгийн баталгаа,

ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх авлага,

банкин дахь хадгаламж харилцах данс болон бусад банкин дахь харилцах хадгаламжийн дансны орлого, үлдэгдэл зэргийг барьцаалсан. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгчээс төлбөрөө шаардаагүй байгаа нь үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн зээлийн гэрээ, баталгааны гэрээнд заасан эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхгүй байх тул нэхэмжлэлээс “Ч” ХХК-д холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Заамар дахь алтны уурхайд 65-75м гүнд алт олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөрсний нуралт үүссэн, ус их байснаас шалтгаалж 2019 оны 07 дугаар сараас уурхайн олборлолтыг зогсоосон ба уг нөхцөл байдлаас шалтгаалан гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж, зээлийн төлбөрийг төлж чадаагүй.

“И” ХХК гэрээний үүрэгт 1 678 269 000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлсөнийг хасч нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан атлаа төлөгдсөн мөнгөнөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И” ХХК нь зээлийн төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-иас нийт 117 568 130 төгрөгийг, хариуцагч “Ч” ХХК-иас нийт 117 568 130 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, үлдсэн 209 367 816 төгрөгийг, Хово маркийн өөрөө буулгагч ачааны зориулалттай хүнд даацын тээврийн хэрэгсэл 10 ширхэг, “Ч” ХХК-ийн 1 550 000 000 төгрөгийн баталгаа, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх авлага, Банкин дахь хадгаламж, харилцах данс болон бусад банкин дахь харилцах, хадгаламжийн дансдын орлого, үлдэгдлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И” ХХК, хариуцагч “Ч” ХХК нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2206058802 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Стадион оргил /17012/, Хансвилл хотхон, 530-р байр, 502 тоот хаягт байршилтай, 106 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 18 907 915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид нийт 780 890 төгрөгийг, хариуцагч “Ч” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 780 890 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд огт байхгүй хүү, нэмэгдүүлсэн хүүг шийдвэрт заасан. Зээлийн гэрээний төлбөрийг буруу ханшаар тооцсон. Түүнчлэн зээлдэгч “М” ХХК-аас нийт төлсөн төлбөрийн тооцооллыг буруу хийж, багасгаж нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцсон. Гэтэл нэхэмжлэгч тал зээлдэгчээс төлөлт хийгдэх тухай бүрд төлбөрийг урьд өдрийн Монгол банкны хаалтын ханшаар тооцон, зээлийн үндсэн төлбөрөөс хасаж байсан.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, мөн зээлийн гэрээний 2.2, 2.2.3-т заасныг анхаарч үзээгүй, багасгаж нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцон, төлсөн төлбөрийн тооцооллыг буруу хийж дүгнэсэн. Шүүх зээлдэгчийн төлсөн төлбөрийг буруу тооцоолол хийж тогтоосон учраас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцооллыг буруу хийсэн.

Шүүх зээлдэгчийн төлсөн төлбөр, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг үндэслэлгүй тогтоосон учраас зээлийн нийт үлдэгдэл төлбөр буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөх төлбөрийн тооцооллыг буруу тогтоосон. Шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцохдоо үндсэн зээлийн үлдэгдэл дээр хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж үндэслэлгүйгээр нийт үлдэгдэл төлбөрийг гаргасан. Харин шүүх үлдэгдэл төлбөрийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 210 159 119 төгрөгийн талаар дурдаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч тал хариуцагч “И” ХХК-д холбогдуулан гаргасан 9 721 019 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлж 1 912 613 952 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт үндсэн төлбөрөөс төлөлт хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Харин хариуцагч “Ч” ХХК-д холбогдуулан 7 907 950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлж 1 550 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч тал ямар нэгэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаагүй, шаардлага хэвээр байсан. Зөвхөн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 234 344 959 төгрөг болж үүн дээр нэмэгдүүлсэн шаардлага 210 159 119 төгрөгийг нэмж 1 208 745 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн, нийт 444 504 078 төгрөг болж байгаагаас хариуцагч “Ч” ХХК мөн хариуцах ёстой гэж үзэж байсан.

Гэтэл шүүх дээр байдлыг огт ойлгоогүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага бус зөвхөн иргэний 2 хэрэг нэгтгэгдэж байгааг анхаарч үзээгүй, хариуцагч “Ч” ХХК-д холбогдуулан төлсөн 7 907 950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг үндэслэлгүй улсын орлого болгож шийдвэрлэсэн.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ч” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “Ч” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Т” ХХК болон “М” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд баталгаа гаргасан. “Т” ХХК нь банкны баталгааны хугацаанд зээлийн гэрээний 4.1.9, 4.1.10-т заасны дагуу шүүхэд “М” ХХК-ийг татах нэхэмжлэл гаргах эрхтэй байсан.

Гэтэл “Т” ХХК нь уг зээлийн гэрээний зээлдэгч болох “М” ХХК-ийг хариуцагчаар татаагүй бөгөөд “Ч” ХХК-д “М” ХХК-иас төлбөр нэхэхгүй болсон талаар огт мэдэгдээгүй байна.

 “Т” нь гэрээнд тусгайлан заагаагүй харилцаа үүсгэж үндсэн үүрэг гүйцэтгэгчээс төлбөр нэхэмжлээгүй атлаа, үндсэн үүрэг гүйцэтгэгчтэй ижил тэнцүү эрхтэй этгээдээс нэхэмжлэх төлбөрийн 50 хувийг нэхэмжилж байгаа нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн байна гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс “Ч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК хариуцагч “Ч” ХХК-д холбогдуулан баталгааны гэрээний дагуу 1 550 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч “И” ХХК-д холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 1 912 613 959 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “И” ХХК нь 1 678 269 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр багасгаж үлдэх төлбөрийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

“Т” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр зээлдэгч “М” ХХК нь 1 000 000 ам.долларыг, сарын 1 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн, төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хамтран хариуцагчаар “М” ХХК-ийг татах хүсэлтийг гаргасан байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2021/01737 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 62.1.3, 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх шаардлагыг хангаагүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. /2хх152, 153, 156-157/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлох эрхтэй. Нэхэмжлэгчийн энэ эрхийн хүрээнд анхан шатны шүүх зээлдэгч “М” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулах учиртай. Анхан шатны шүүх хариуцагчийн тодорхойлох эрхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй ч маргааны зүйл болсон үндсэн үүргийн гүйцэтгэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах байсан гэх хариуцагч “Ч” ХХК-ийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

 

Уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/00680 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 1 204 790 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 1 526 691 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

 

                                          ШҮҮГЧИД                                А.МӨНХЗУЛ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА