Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2016/01334

 

Х.Рэбоожингийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04948 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1539 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч : Х.Рэбоожин,

Хариуцагч : М.Хосбаяр,

Нэхэмжлэлийн шаардлага:  11.981.600 төгрөг гаргуулах тухай,

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Ү.Амарбат, нарийн бичгийн дарга Т.Жавхлантөгс  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн Х.Рэбоожин миний бие Япон улсад ажиллаж, амьдардаг бөгөөд тус улсын Ва (Wha) гэдэг компанид менежерээр ажилладаг. Тус компани нь автомашин худалдааны бизнес эрхэлдэг бөгөөд миний бие Монгол Улсыг хариуцсан менежерээр ажилладаг. Анх 2012 онд миний бие өөрийн эхнэрийн үеэл дүүгийн нөхөр болох М.Хосбаяртай харилцан тохиролцсоны дагуу түүний хүсэлтээр Япон улсаас автомашин оруулж ирж, түүнд хүлээлгэн өгсөн. Нийтдээ 3 удаа Японоос хариуцагчийн захиалгаар автомашин оруулж ирсэн бөгөөд эхний 2 удаагийн ачилтад ямар ч асуудал гаралгүйгээр хариуцагч ачааг хүлээж аваад төлбөрөө төлсөн. Харин сүүлийн ачилтаар нийт 13 автомашиныг 2012 оны 02 сард явуулсан бөгөөд хариуцагч уг автомашинуудыг хүлээн авсан боловч төлбөрөө төлөөгүй. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч янз бүрийн шалтгаан хэлж 2012 оны 8 cap хүрсэн. Хамаатан улс учир бичгээр гэрээ байгуулаагүй. 2012 оны 8 сард Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн Цагдаагийн Газарт гомдол гаргасан. Уг гомдлын дагуу хариуцагчийг дуудан ирүүлж, тайлбар авсан бөгөөд уг тайлбарт хариуцагч автомашины төлбөрт тооцон 3 автомашин өгөөд үлдэгдэл төлбөр 11.981.600 төгрөгийг бэлнээр төлнө гэсэн байдаг. Эрүүгийн Цагдаагийн Газраас иргэний шинжтэй байна гээд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч үлдэгдэл төлбөр болох 11.981.600 төгрөгөө төлөөгүй тул 2015.8.31-ний өдөр тус шүүхэд хариуцагчид шилжүүлсэн машины өмчлөгч болох Икюүп ХХК (Wha компаниас эрх шилжүүлэн авсан этгээд)-ийн нэрээр нэхэмжлэл гаргасан. Уг иргэний хэргийг шүүх хянан хэлэлцээд 2016 оны 101/ШШ2016/01242 дугаар шүүхийн шийдвэр гарч, Иргэний 65.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ худалдах, худалдан авах гэрээний худалдагч Wha компани өөрийг нь төлөөлж Х.Рэбоожин хариуцагч М.Хосбаяртай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан хэмээн тайлбарлаж байх хэдий ч ийнхүү төлөөлөх эрхийг нь гэрээ байгуулах үед М.Хосбаяр мэдэж байсан болох нь баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 65.3-т заасны дагуу Wha компанид эрх зүйн үр дагавар үүсэхгүй гэж үзэх нь зүйтэй гэсэн байдаг. Хэлцлийн эрх зүйн үр дагавар төлөөлүүлэгч буюу Wha компанид үүсэхгүй гэж үзсэн байна. Тиймээс төлөөлөл хүчингүй болох боловч талуудын хооронд байгуулагдсан хэлцэл өөрөө хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд М.Хосбаяраас Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу автомашин худалдан авсны үлдэгдэл төлбөр 11.981.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Хосбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зохигчид 2012.02.29-ний өдөр нийт 4.392.000 иений үнийн дүн бүхий 13-н япон автомашиныг худалдан борлуулах талаар худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний зүйлийн үнийг төгрөгийн ханшинд шилжүүлээд нийт 78.900.000 төгрөгнөөс үлдэгдэл 11.981.600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Гэрээний зүйлийн нийт үнийн дүн 78.900.000 төгрөг байгаагүй. Учир нь Иргэний хуулийн 218.1-дтөлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө хэмээн заасан байна. Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсэх үед буюу 2012.02.29-ний өдрийн байдлаар Монгол банкны иений ханш 16 төгрөг 53 мөнгө байсан бөгөөд үүнийг хөрвүүлэн тооцвол гэрээний нийт үнийн дүн монгол мөнгөөр 72.599.760 төгрөг байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч даруй 6.300.240 нэмэгдүүлэн үүргийн гүйцэтгэлийг тооцсон болох нь тодорхой харагдаж байна. Хариуцагчийн хувьд гэрээний төлбөр болгон нийт 4 ширхэг Япон автомашиныг нэхэмжлэгчид өгсөн. Үүнд Toyota autolander-2 ширхэг, X-trail -1 ширхэг, Toyota Brevius-1 ширхэг багтаж буй болно. Тус бүрийн үнийг тооцоолон бодвол Toyota autolander-2 ширхэг=24.000.000 төгрөг Ч2=48.000.000 төгрөг, Х-trail-1 ширхэг= 16.000.000 төгрөг, Toyota Brevius-1 ширхэг=13.000.000 төгрөг нийт 77.000.000 төгрөгний үнийн дүн бүхий машиныг үүргийн гүйцэтгэл болгон нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд тэрээр энэ нөхцөл байдлыг мөн хүлээн зөвшөөрсөн болно. Иргэний хуулийн 213.2-т заасан үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд зааснаас өөр гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй хэмээх зохицуулалт болно. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс үзвэл тэрээр үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч байх агаад гагцхүү үүргийн гүйцэтгэлийн үнийн дүн 78.900.000 төгрөгт хүрэхгүй гэж үзэж байгаа болох нь харагдаж байна. Гэвч нотлох баримт болох зохигчдын бичгээр хийсэн тохиролцооноос үзвэл нэхэмжлэгч Toyota autolander-2 ширхгийг хэлцлийн үнийн дүнгээс тооцоолон бодвол 75.981.600 /жич: үүргийн гүйцэтгэлийн нийт үнийн дүнг үүрэг үүсэх үеийн ханшаар бус 2012.8.15-ны ханшаар бодсон байна. /үлдэгдэл 27.981.600=48.000.000:2=24.000.000/ Toyota autolander-2 ширхэг автомашиныг тус бүрийг нь 24.000.000 төгрөгөөр бодож авсан байна./, мөн Х-trail-1 ширхэг нотлох баримтанд дурьдагдсанаар 16.000.000 төгрөгөөр бодож авсан болох нь харагдаж байна. Хариуцагчийн хувьд дээрх 3-н машин дээр нэмээд Toyota Brevius-1 ширхэг=13.000.000 төгрөгөөр бодож нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд тэрээр 4 япон автомашиныг үүргийн гүйцэтгэлд хүлээн авч, үнийн дүн дээр тухайн үед маргаагүй болох нь 2016 оны шүүхийн шийдвэрт хариуцагчийн санал болгосон төлбөр төлөх тохиролцоог ИКЮП ХХК нь арга буюу хүлээн зөвшөөрч 4 ширхэг автомашиныг өөрт шилжүүлэн авсан хэмээн дурьдагдсанаар нотлогдоно. Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтад үндэслэн гэрээний төлбөрт тооцоолол хийвэл нэхэмжлэгч нь Иргэний хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг үүрэг үүсэх үеийн ханшаар 72.599.760 төгрөгийн үнийн дүнгээр шаардах эрхтэй бөгөөд 48.000.000 / Toyota autolander-2 ширхэг/-16.000.000/ X- trail-1 ширхэг/-13.000.000/ Toyota Brevius-1 ширхэг/ үүргийн гүйцэтгэлд авсан байх тул тэрээр хариуцагчаас даруй 4.400.240/ дөрвөн сая дөрвөн зуун мянга хоёр зуун 40 төгрөг/-ийг илүү авсан байх тул нэхэмжлэгчийн шаардсан 11.981.600 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэл үгүй бөгөөд үүргийн гүйцэтгэлд илүү төлсөн 4.400.240 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс шаардаж сөрөг нэхэмжлэл гаргах болно. Иймд шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 101/ШШ2016/04948 дугаартай шийдвэр гаргаж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Хосбаяраас 11.981.600 төгрөг гаргуулж Х.Рэбоожинд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 206.660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 206 660 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 ооны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1539 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04948 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Уг маргааны хувьд ямар ч гэрээ байдаггүй бөгөөд талууд анхнаасаа автомашины үнийн хувьд зөрүүтэй ойлголттой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь Цагдаагийн байгууллага оролцуулж намайг айлган сүрдүүлэх аргаар тайлбар бичүүлж үүндээ өөрийн өсгөсөн үнээ хүлээн зөвшөөрүүлж гарын үсэг зуруулсан. Уг тайлбар нь эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан зүйл огт байхгүй бөгөөд нэг өдөр дуудаж асуудлыг шийдвэрлэсэн шинжтэй, харьяа дүүрэгт нь биш Улсын мөрдөн байцаах газар бүтэн өдөр суулгах замаар асуудлыг шийдвэрлэсэн шинжтэй байна. Энэ хэрэгт өр төлбөрийн асуудлаар өөр ямар нэг нотлох баримт байхгүй. Мэдүүлгээр тэр дундаа ямар нэг эрүүгийн байцаан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй зөвхөн тайлбар аваад түүндээ хүчээр гарын үсэг зуруулчихсан ийм мэдүүлгээр бүх иргэний маргааныг нотолж төлбөр тооцоог нэхэмжилж байгаа нь зүйд нийцэхгүй хэмээн үзэж байна. Уг нотлох баримтыг бүрдүүлэх үед анх машинууд гаалиар орж ирсэн үеийнхээс иений ханш өссөн байдалтай байсан бөгөөд уг машинуудын үнийн дүнг тухайн үед тооцохдоо өссөн дүнгээр тооцсон нь Иргэний хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэн Б.Мөнхзаяаг томилсон боловч тэрээр тухайн үед сонгуулийн ажил эрхэлж байсны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул миний бие Иргэний хуулийн 67.3-т заасны дагуу хэдийд ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох эрхтэй хэмээх заалтыг удирдлага болгон түүнд олгосон итгэмжлэлээ хүчингүй болгосон болно. Дээрх нөхцөл байдлаас улбаалан шүүх хуралдаанд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн оролцох бүрэн эрхийг З.Буяндаваад олгож түүнийг хэргийн материалтай танилцах боломжийг олгож өгөөч хэмээн хүсэлт тавьсан боловч шүүх хүлээн авахаас татгалзаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-г удирдлага болгон хянан шийдвэрлэсэн. Хариуцагчийн хувьд төлөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцож эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжгүй тул өмнөх төлөөлөгчид олгосон итгэмжлэлээ хүчингүй болгож, дараагийн төлөөлөгчид итгэмжлэлийг олсон тул хүндэтгэн үзэх шалтгаан байна хэмээн үзэж байна.Мөн гардан авсан шүүхийн шийдвэрээс харвал нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч эсхүл түүний төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар огт хүсэлт гаргаагүйн дээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс харвал хариуцагч эсхүл түүний төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцож гэмээнэ нотолбол зохих нөхцөл байдлууд байгаа болох нь тодорхой харагдана. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ :

Х.Рэбоожин нь М.Хосбаяраас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 11.981.600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна. 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд хоёр шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзжээ.

Хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Х.Рэбоожин нь М.Хосбаярт автомашин шилжүүлэн өгсөн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй, харин автомашины үнэ бүрэн төлөгдөж дууссан эсэх талаар маргасан бөгөөд энэ талаар шүүх зөв дүгнэлт хийжээ. 

2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр М.Хосбаяр нь Х.Рэбоожинд үлдэгдэл 11.981.600 төгрөг төлөх тухай баримтыг үгүйсгэх эсхүл хоорондоо тооцоогүй болсныг  нотолсон баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй байна. Шүүх зохигчдын гаргаж өгсөн  баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй. 

М.Хосбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Б.Мөнхзаяад итгэмжлэл олгосон байх /хх 18/ бөгөөд шүүх хуралдаан хойшлуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан /хх 37/ байна. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдаан болох 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул “нотлох баримтыг хилийн чанадад бүрдүүлэх” тухай хариуцагчийн хүсэлтийг /хх 40, 41, 48/ шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04948 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1539 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 206.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ