Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1539

 

Х.**гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04948 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.**гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.**т холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 981 600  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: М.**

Хариуцагчийн өмгөөлөгч: Ү.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн Х.** миний бие Япон улсад амьдардаг бөгөөд тус улсын ** гэдэг компанид менежерээр ажилладаг. Тус компани нь автомашин худалдааны бизнес эрхэлдэг бөгөөд би Монгол Улсыг хариуцсан менежерээр ажилладаг.

Анх 2012 онд өөрийн эхнэрийн үеэл дүүгийн нөхөр болох М.**тай харилцан тохиролцсоны дагуу түүний хүсэлтээр Япон улсаас автомашин оруулж ирж, түүнд хүлээлгэн өгсөн. Нийтдээ 3 удаа Японоос хариуцагчийн захиалгаар автомашин оруулж ирсэн бөгөөд эхний 2 удаагийн ачилтад ямар ч асуудал гаралгүйгээр хариуцагч ачааг хүлээж аваад төлбөрөө төлсөн. Харин сүүлийн ачилтаар нийт 13 автомашиныг 2012 оны 02 сард явуулсан бөгөөд хариуцагч уг автомашинуудыг хүлээн авсан боловч төлбөрөө төлөхгүй байсан. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч мөнгө байхгүй байна, машин зарагдахаар өгье, машин зарсан мөнгөө эргэлдүүлж байгаад өгье гэх янз бүрийн шалтаг хэлээд 2012 оны 08 cap хүртэл явсан. Хамаатан садны хүмүүс учраас бичгээр хоорондоо гэрээ байгуулаагүй тул 2012 оны 08 сард Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргасан. Уг гомдлын дагуу хариуцагчийг дуудан ирүүлж, тайлбарыг нь авсан байдаг бөгөөд уг тайлбарт хариуцагч автомашины төлбөрт тооцон 3 автомашиныг нэхэмжлэгчид өгөөд үлдэгдэл төлбөр болох 11 981 600 төгрөгийг бэлнээр төлнө гэсэн байдаг. Эрүүгийн цагдаагийн газраас иргэний шинжтэй маргаан гэж эрүүгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагч үлдэгдэл төлбөр болох 11 981 600 төгрөгөө төлөөгүй тул 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд хариуцагчид шилжүүлсэн машины өмчлөгч болох “**” ХХК (** компаниас эрх шилжүүлэн авсан этгээд)-ийн нэрээр нэхэмжлэл гаргасан. Уг иргэний хэргийг шүүх хянан хэлэлцээд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 101/ШШ2016/01242 дугаар шүүхийн шийдвэр гарч, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ худалдах, худалдан авах гэрээний худалдагч ** компани өөрийг нь төлөөлж Х.** хариуцагч М.**тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан хэмээн тайлбарлаж байх хэдий ч ийнхүү төлөөлөх эрхийг нь гэрээ байгуулах үед М.** мэдэж байсан болох нь баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.3 дахь хэсэгт заасны дагуу ** компанид эрх зүйн үр дагавар үүсэхгүй гэж үзэх нь зүйтэй гэсэн байдаг. Үүнээс үзэхэд шүүх төлөөлөл нээлттэй, ил тод байх зарчим хангагдаагүй гэж үзсэн тул уг хэлцлийн эрх зүйн үр дагавар төлөөлүүлэгч буюу ** компанид үүсэхгүй гэж үзсэн байна. Тиймээс төлөөлөл хүчингүй болох боловч талуудын хооронд байгуулагдсан хэлцэл өөрөө хүчин төгөлдөр хэвээр байна. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа Х.**гоос автомашин худалдан авсан, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн үр дагавар Х.**д үүсч байна.

Иймд хариуцагч М.**аас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу автомашин худалдан авсны үлдэгдэл төлбөр 11 981 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зохигчид 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нийт 4 392 000 иений үнийн дүн бүхий 13 япон автомашиныг худалдан борлуулах талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний зүйлийн үнийг төгрөгийн ханшинд шилжүүлээд нийт 78 900 000 төгрөгөөс үлдэгдэл 11 981 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Гэрээний зүйлийн нийт үнийн дүн 78 900 000 төгрөг байгаагүй. Учир нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө хэмээн заасан байна. Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсэх үед буюу 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Монгол банкны иений ханш 16,53 төгрөг байсан бөгөөд үүнийг хөрвүүлэн тооцвол гэрээний нийт үнийн дүн монгол мөнгөөр 72 599 760 төгрөг байсан болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч даруй 6 300 240 төгрөгөөр нэмэгдүүлэн үүргийн гүйцэтгэлийг тооцсон болох нь тодорхой харагдаж байна.

Хариуцагчийн хувьд гэрээний төлбөр болгон нийт 4 ширхэг Япон автомашиныг нэхэмжлэгчид өгсөн. Үүнд Toyota autolander 2 ширхэг, X-trail 1 ширхэг, Toyota Brevius 1 ширхэг багтаж буй болно. Тус бүрийн үнийг тооцоолон бодвол Toyota autolander 2 ширхэг /24 000 000 төгрөг х 2/ 48 000 000 төгрөг, Х-trail 1 ширхэг 16 000 000 төгрөг, Toyota Brevius 1 ширхэг 13 000 000 төгрөг, нийт 77 000 000 төгрөгийн  үнийн дүн бүхий машиныг үүргийн гүйцэтгэл болгон нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд тэрээр энэ нөхцөл байдлыг мөн хүлээн зөвшөөрсөн болно. Хүлээн зөвшөөрсөн гэж үзэж буй үндэслэл нь Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.2 дэх хэсэгт заасан “Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд зааснаас өөр гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй” хэмээх зохицуулалт болно. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс үзвэл тэрээр үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд гагцхүү үүргийн гүйцэтгэлийн үнийн дүн 78 900 000 төгрөгт хүрэхгүй гэж үзэж байгаа болох нь харагдаж байна. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримт болох зохигчдын бичгээр хийсэн тохиролцооноос үзвэл нэхэмжлэгч Toyota autolander-2 ширхэгийг хэлцлийн үнийн дүнгээс тооцоолон бодвол 75 981 600 /үүргийн гүйцэтгэлийн нийт үнийн дүнг үүрэг үүсэх үеийн ханшаар бус 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ханшаар бодсон байна. /үлдэгдэл 27 981 600=48 000 000:2=24 000 000/ Toyota autolander 2 ширхэг автомашиныг тус бүрийг нь 24 000 000 төгрөгөөр бодож авсан байна/ төгрөг, мөн Х-trail-1 ширхэг нотлох баримтад дурдагдсанаар 16 000 000 төгрөгөөр бодож авсан болох нь харагдаж байна. Хариуцагчийн хувьд дээрх 3 машин дээр нэмээд 1 ширхэг Toyota Brevius 13 000 000 төгрөгөөр бодож нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд тэрээр 4 япон автомашиныг үүргийн гүйцэтгэлд хүлээн авч, үнийн дүн дээр тухайн үед маргаагүй болох нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 101/ШШ2016/01242 тоот Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрт хариуцагчийн санал болгосон төлбөр төлөх тохиролцоог “**” ХХК нь арга буюу хүлээн зөвшөөрч 4 ширхэг автомашиныг өөрт шилжүүлэн авсан хэмээн дурдагдсанаар нотлогдоно. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана хэмээн заасан байх бөгөөд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтад үндэслэн гэрээний төлбөрт тооцоолол хийвэл нэхэмжлэгч нь Иргэний хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг үүрэг үүсэх үеийн ханшаар 72 599 760 төгрөгийн үнийн дүнгээр шаардах эрхтэй бөгөөд тэрээр хариуцагчаас даруй 4 400 240 төгрөгийг илүү авсан байх тул нэхэмжлэгчийн шаардсан    11 981 600 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэл үгүй бөгөөд үүргийн гүйцэтгэлд илүү төлсөн 4 400 240 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс шаардаж сөрөг нэхэмжлэл гаргах болно. Иймд шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.**аас 11 981 600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.**д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 206 660 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хяиан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхээ эдэлж шүүх хуралдаанд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэн Б.**г томилсон боловч тэрээр тухайн үед сонгуулийн ажил эрхэлж байсны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт заасны дагуу хэдийд ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох эрхтэй хэмээх заалтыг удирдлага болгон түүнд олгосон итгэмжлэлээ хүчингүй болгож, шүүх хуралдаанд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн оролцох бүрэн эрхийг З.Буяндаваад олгож түүнийг хэргийн материалтай танилцах боломжийг олгож өгөөч хэмээн хүсэлт тавьсан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хариуцагч болон түүний төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Хуулийн зохицуулалтаас үзвэл хариуцагчид хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй болон нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар үндэслэл бүхий хүсэлт гаргасан түүнчлэн хэрэгт хэргийг хянан шийдвэрлэх талаар хангалттай нотлох баримт бүрдсэн байх шаардлагатай байна. Хариуцагчийн хувьд төлөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцож, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжгүй тул өмнөх төлөөлөгчид олгосон итгэмжлэлээ хүчингүй болгож, дараагийн төлөөлөгчид итгэмжлэлийг олгосон тул хүндэтгэн үзэх шалтгаан байна хэмээн үзэж байна. Мөн гардан авсан шүүхийн шийдвэрээс харвал нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч эсхүл түүний төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар огт хүсэлт гаргаагүйн дээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс харвал хариуцагч эсхүл түүний төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцож нотолбол зохих нөхцөл байдлууд байгаа болох нь тодорхой харагдана.

Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х.** нь хариуцагч М.**т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 981 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ .

 

Нэхэмжлэгч Х.** нь М.**т автомашин шилжүүлэн өгсөн үйл баримтын хувьд талууд маргаагүй, харин автомашины үнэ бүрэн төлөгдөж дууссан эсэх үйл баримтын талаар талууд маргасан байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 13 автомашиныг хүлээлгэн өсгөн боловч үнийг нь төлөхгүй байснаас маргаан үүсч, уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулах явцад хариуцагч нь автомашины үнээс 11 981 600 төгрөгийг буцаан төлөх болохоо хүлээн зөвшөөрсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагчийн 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт гэсэн баримтад М.** нь Х.**д үлдэгдэл 11 981 600 төгрөгийг төлөх талаар заажээ. Хариуцагч нь уг баримтыг үгүйсгэсэн болон худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчээс худалдан авсан автомашинуудын төлбөрийг бүрэн төлж дуусгасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч М.**аас 11 981 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.**д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул буруутгах боломжгүй байна.

 

Шүүх хариуцагч М.**т 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүргийг танилцуулсан, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтээр хойшлуулжээ.

 

Хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б.**д өөрийгөө шүүхэд бүрэн төлөөлөх эрхийг олгосон байх ба 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах, өмгөөлөгч авах хугацаа хангалттай байсан гэж үзнэ.

 

Иймд хариуцагчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон гэх шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь үндэслэлтэй болсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04948 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 660 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА