Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00888

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/00729 дугаар шийдвэртэй, Б.Бхийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/023083 дугаартай захирамжаар Б.Бхөөс 51 509 130 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгож шийдвэрлэсэн.

Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөрт хураагдсан Б.Бхийн өмчлөлийн, А суманд байршилтай, улсын бүртгэлийн Ү-1105003148 дугаарт бүртгэлтэй, 196,8 м.кв, улсын бүртгэлийн Ү-1105000594 дугаартай 632,4 м,кв, улсын бүртгэлийн Ү-1105003149 дугаартай 430,8 м,кв талбай бүхий агуулах зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд, мөн хаягт байрших улсын бүртгэлийн 000431139 дугаарт бүртгэлтэй 6550 м.кв эзэмшил газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээгээр 152 755 880 төгрөг гэж тогтоосон болохыг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн ба уг үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур байна.

Б.Бх нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт уг эд хөрөнгүүд нийт 350 000 000 төгрөг гэж тогтоож үнийн санал өгсөн.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02383 дугаар захирамжаар Б.Бхөөс 51 509 130 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үүсгэн, бүртгэлийн Ү-1105003148, Ү-1105003149, Ү-1105000594 дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүд болон эзэмшил газрыг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор хурааж үнийн санал авахад төлбөр төлөгч Б.Бх 350 000 000 төгрөгөөр үнэлсэн.

Төлбөр авагч “Х” ХХК-аас үнийн санал авахад төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөөгүй бөгөөд зах зээлийн бодит үнэлгээ тогтоолгох санал гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т тус тус заасны дагуу “Хөрөнгө эстимэйт” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 152 755 880 төгрөгөөр тогтоосон.

Төлбөр төлөгч Б.Бх, төлбөр авагч “Х” ХХК нарт 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4-171/37998, 4-171/37999 албан бичгээр тус тус мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бхийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч байгууллагаас томилогдсон шинжээч хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Би Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт уг эд хөрөнгөө нийтэд нь 350 000 000 төгрөгөөр үнэлж, үнийн саналаа өгсөн байсан.

Шинжээчийн үнэлгээ тогтоосон үл хөдлөх эд хөрөнгүүдийг Өмнөговь аймагт оршин суудаг Т.Түмэнжаргалд худалдан борлуулахаар тохиролцсон байсан бөгөөд энэ талаарх баримт болох хүсэлт, тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч шүүх нотлох баримтаар үнэлээгүй. Энэ баримтуудаас дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнэ, бодит үнэлгээ тодорхой харагдана.

Мөн “ Х” ХХК-д 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгийг хэзээ, хэрхэн хүргүүлсэн, мэдэгдсэн талаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй нь оролцогчдын мэтгэлцэх эрхийг зөрчсөн. .

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуулийн дагуу ажиллагаагаа бүрэн хийгээгүй, төлбөр авагч талд үнэлгээний тайланг танилцуулаагүй, санал дүгнэлтийг аваагүй болох нь хэргийн баримтаар тогтоогдоно.

Өнөөгийн нөхцөлд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш өдөр ирэх тусам өсөж байхад үнийн судалгаа, ханшийг сайтар судлахгүй, зах зээлийн ханшнаас илтэд доогуур үнэлж байгаад гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Бх нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02383 дугаар захирамжаар Б.Бхөөс 51 301 900 төгрөг гаргуулж “Х” ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцож талууд эвлэрснийг баталж шийдвэрлэсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Б.Бхийн өмчлөлийн, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт Дархан говь ХХК-ийн зүүн талд, нэгж талбарын 4608007169 дугаар бүхий 6550 м.кв газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-1105003148 дугаарт бүртгэлтэй 196,8 м.кв зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-1105003149 дугаарт бүртгэлтэй 430,8 м.кв зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-1105000594 дугаарт бүртгэлтэй 623,4 м.кв зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хураасан байна. /хх33-36/

 

Төлбөр төлөгч Б.Бх нь дээрх хураагдсан 3 зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 350 000 000 төгрөгөөр тогтоолгохоор санал ирүүлсэн ба төлбөр авагч “Х” ХХК 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шинжээч томилуулж, үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасныг хариуцагч байгууллага талууд үнийн санал дээр тохиролцоогүй гэх үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/525 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон, уг ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. /хх41-43/

 

Шинжээч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нийт газрыг 82 958 370 төгрөг, зоорийн зориулалттай 3 үл хөдлөх эд хөрөнгийг 69 797 510 төгрөг, нийт зах зээлийн үнийг 152 755 880 төгрөгөөр үнэлжээ. Хариуцагч байгууллага нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4-171/37998 тоот албан бичгээр төлбөр төлөгч Б.Бхөд үнэлгээний талаар мэдэгдсэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэлээр 4-171/37998 тоот үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр авагч “Х” ХХК-д утсаар мэдэгдсэн байдал төлбөр төлөгч Б.Бхийн эрхийг зөрчөөгүй, түүнд хамаарахгүй тул тэрээр гомдол гаргах эрхгүй юм.

 

Төлбөр төлөгч Б.Бх дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг Т.Түмэнжаргал гэх иргэнд 300 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцоо хийсэн гэх тайлбар гаргаж, Т.Түмэнжаргалын гараар бичсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Түмэнжаргалын оршин байгаа газрыг тодорхойлсон Даланзадгад сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт гэсэн баримтыг шүүхэд өгчээ. Уг гурван баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага болох эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь биш байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгох боломжгүйгээс гадна уг хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тодорхойлохгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/00729 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

 

                                          ШҮҮГЧИД                                А.МӨНХЗУЛ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА