Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0153

 

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0153

Улаанбаатар хот

Д.З-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээд К Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, Г.Ч нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1037 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.З-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1037 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан М ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн дүүргийн  дүгээр хороо, гудамж,  хотхонд байрлах байрны тоот автозогсоолуудын улсын бүртгэлийн Ү-000000, Ү-000000дугааруудтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000, 000000дугаартай бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгож, тус автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.З-ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх зогсоолуудын өмчлөх эрхийг Д.З-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн эрхийн улсын бүртгэлийн тасагт даалгах шаардлага бүхий нэхэмжлэгч Д.З-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэн Д.З-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв үнэлээгүй тухайд: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт "Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох автозогсоол нь М ХХК болон К Б ХХК нарын хооронд 2007, 2010 онд тус тус байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээ-ний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаанд байгаа ба улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн байна гэж нотлох баримтыг буруу үнэлсэн.

Учир нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний 3.1-т ... 205 автозогсоол гэж бичигдсэн боловч нэгдүгээрт: 205 автозогсоол нь бие даасан үл хөдлөх хөрөнгө бий болж улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан, хоёрдугаарт: энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэрээ, хэлцэл байх тул хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх үүссэн гэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн К Б ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалагдсан хэмээн маргаж буй автозогсоол нь улсын бүртгэлд анх удаа 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр автозогсоол тус бүрээрээ бүртгэгдэж, улсын бүртгэлийн дугаар болон гэрчилгээ олгогдсон байдаг.

Гэтэл иргэн Д.З-ын тус автозогсоолуудыг өмчлөх эрх нь 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр М ХХК-тай байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу хүлээсэн үүргээ 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бүрэн биелүүлж, автозогсоолуудын үнийг төлснөөр үүссэн байх ба цаг хугацааны хувьд 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл болон К Б ХХК-ийн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээ-ээс өмнө үүссэн болохыг анхан шатны шүүх огт анхаарч үзсэнгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй К Б ХХК-ийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн барьцааны гэрээ нь улсын бүртгэлд барьцааны эрхээр бүртгэгдээгүйгээс гадна хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтад тус гэрээ байдаггүй ба дээрх гэрээнд улсын бүртгэгчийн тамга тэмдэг дарагдаагүй болно.

Иймд тус барьцааны гэрээний К Б ХХК тус автозогсоолуудыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна гэж заалтыг зөрчжээ.

2.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй тухайд: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа М ХХК болон К Б ХХК нарын хооронд байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээ-нд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө хамаарч байгаа эсэх, иргэн Д.З-ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийг бүртгэснээр гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэх асуудалд зөвхөн дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй.

Зүй нь захиргааны байгууллагын хууль бус бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж буй эсэх, иргэн Д.З-ын хөрөнгөөр захиалан бариулж, үнийг бүрэн төлсөн үл хөдлөх хөрөнгийг М ХХК-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэл хууль ёсны байсан эсэх, иргэний хэргийн шүүхээр хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хууль ёсны өмчлөгч Д.З-ын нэр дээр бүртгэл хийхээс татгалзсан болон маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхгүй этгээдийн нэр дээр бүртгэгдсэн хэвээр байгаа нь хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх ёстой байсан.

Нэхэмжлэгч Д.З зээлийн барьцааны гэрээнээс шууд чөлөөлүүлэх болон барьцааны бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй атал анхан шатны шүүх ... автозогсоолуудыг зээлийн барьцааны гэрээнээс шууд чөлөөлж, нэхэмжлэгч Д.З-ын нэр дээр давхар бүртгэх хууль зүйн хувьд боломжгүй төдийгүй хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь гуравдагч этгээд К Б ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, барьцаалагчийн эрхэд шууд халдах тул даалгасан шийдвэр гаргах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн байна.

Гэтэл хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага нь тухайн үед өөрийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байсан 2004 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ыг дараах байдлаар зөрчиж, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг М ХХК-ийн нэр дээр бүртгэсэн байдаг. Үүнд:

1.Тухайн үед уг үл хөдлөх хөрөнгүүдийг М ХХК өөрийн хөрөнгөөр барьсан эсэх, бүхэлд нь өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүйгээр өмчлөх эрхийн улсын бүртгэл хийж, гэрчилгээ олгосон нь тус журмын 1.2-т Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн талаарх нотлох баримтууд нь хоорондоо бие биесээ үгүйсгэсэн буюу эргэлзээ төрүүлэхүйц ямар нэгэн зөрчилгүй, хууль тогтоомж, эрх зүйн актуудтай зөрчилдөөгүй байх зарчмыг баримтална, 1.3-т Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлж буй эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрх нь аль болох хөдөлшгүй нотлох баримтаар нотлогдсон байвал зохино, 2.1в-д ... тухайн эд хөрөнгөтэй холбоотой шинээр бүртгүүлэхээр мэдүүлж буй эрх болон өмнө нь бүртгэгдсэн эрхүүд нь эрх зүйн ямар нэгэн зөрчилтэй эсэх, эрхийн улсын бүртгэлд авахаас татгалзах бусад үндэслэл, нөхцөл байгаа эсэхийг шалган тогтоох гэж заасныг тус тус зөрчсөн байна.

2.М ХХК нь хотхоны орон сууц, автозогсоолуудыг захиалагчдын хөрөнгө оруулалтаар барьж, тэдэнд худалдан борлуулах нь ойлгомжтой тодорхой атал хариуцагч журмын 4.5.2-т Уг барилга нь нэг өмчлөгчтэй, эсвэл хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж баригдсан эсэхийг нягтлан үзэх, зөрчиж 4.5.3-т Хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тодорхой тусгасан Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт-ыг, улсын мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан илрүүлж болно. Энэ тохиолдолд эрхийн улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянана гэж заасан нотлох баримтыг М ХХК-аас огт шаардан гаргуулж авалгүй, хотхоны 4 блок орон сууц, 205 ширхэг автозогсоолыг бүхэлд нь М ХХК-ийн нэр дээр бүртгэл хийж, гэрчилгээ олгосон.

3.Улсын бүртгэлийн байгууллага М ХХК-д 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ анх удаа олгосны дараа 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дахин олгосон нь тус журмын 4.10-т Дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анхны удаа бүртгүүлснээс хойш тухайн барилгыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах хүртэл гүйцэтгэлийн явцаар эд хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн гэсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасныг шууд зөрчсөн байна.

Хариуцагч байгууллага дээрх журам болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүний холбооотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т тус тус заасан Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг зөрчиж бүртгэл хийсэн болох нь тодорхой байхад Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс иргэн Д.З-ын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхээс татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасан Улсын бүртгэлийн хөтлөх, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах гэж заасныг зөрчиж, анхнаасаа өмчлөгч бус этгээдийн нэр дээр буруу бүртгэсэн бүртгэлийг зөвтгөхөөс татгалзаж байгаа нь хууль бус үйлдэл юм.

Иргэн Д.З-ыг тоот автозогсоолуудыг өмчлөх эрхтэй этгээд болохыг тогтоосон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/01537 тоот захирамжийг үндэслэн тус Захиргааны хэргийн шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх өмчлөгч бус этгээд болох М ХХК болон К Б ХХК-ийн хооронд байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээ-нд огт хамааралгүй иргэн Д.З-ын автозогсоолуудын өмчлөх эрхийг бүртгүүлэхийн тулд тус гэрээний барьцаалагч К Б ХХК-аас зөвшөөрөл авах нь зүйтэй гэж дүгнэсэн нь буруу байна.

Иймд гуравдагч этгээд К Б ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг илтэд хамгаалж, холбогдох хууль, журмыг зөрчиж бүртгэл хийсэн хариуцагч байгууллагын үйл ажиллагааг зөвтгөн, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлыг үндэслэл болгон шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1037 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01537 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.З-ыг маргаан бүхий автозогсоолын өмчлөгчөөр тогтоосон байна.

Шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч Д.З нь Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандан байрны тоот автозогсоолын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр хандахад уг үл хөдлөх эд хөрөнгийг К Б ХХК барьцаалсан, зээлийн гэрээ бүртгэлтэй тул өмчлөх эрхийн гэрчилгээг Д.З-ын нэр дээр бүртгэхээс татгалзжээ.

Анх гуравдагч этгээд болох М ХХК нь 7000 мкв талбайтай, 205 автомашины гражийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2007 оны 08 дугаар сарын 30-ны дотор гаргуулан, барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, дүүргийн  дүгээр хороо,  хотхоны тоот дахь орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг иргэн Б.Б-ийн нэр дээр гарсны дараа барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, тус зээлээр баригдах 5 блок, 120 айлын орон сууцны дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргуулан, барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн, дэд бүтцийг баригдаж дуусахад нэмж барьцаалах, тус зээлийн санхүүжилтийг зөвхөн 5 блок орон сууцны барилгын ажилд зарцуулах гэсэн нөхцлүүдтэй зээлийн гэрээг К Б ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, мөн өдрөө Т07/141 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Улмаар дээрх гэрээний нөхцлийг хангасны үндсэн дээр гуравдагч этгээд М ХХК-ийн өмч болох Хан-Уул дүүргийн дүгээр хороо, гудамж, хотхоны байрнуудын 90 хувийн гүйцэтгэлтэй 205 автомашины зогсоолуудыг М ХХК болон К Б ХХК-ууд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд дахин барьцаалсан байна.

Гэтэл дээрх барьцааны гэрээгээр барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгө болох дүүргийн дүгээр хороо, гудамж,  хотхоны  байрны  давхрын 148,4 мкв талбайтай орон сууц болон тоот автозогсоолуудыг нийт 238,600 ам.доллароор бариулахаар Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ-г М ХХК-ийн борлуулалтын менежер М.Э, иргэн Д.З нар 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр байгуулжээ.

Тодруулбал, дүүргийн дүгээр хороо, гудамж,  хотхоны байрны тоот автозогсоолыг М ХХК болон К Б ХХК-уудын хооронд байгуулагдсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 07/141 дүгээр барьцааны гэрээнээс хойш иргэн Д.З, М ХХК-ууд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий дүүргийн дүгээр хороо, гудамж,  хотхоны байрны тоот автозогсоолыг оролцуулан нийт 205 автозогсоолыг М ХХК болон К Б ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 дугаартай барьцааны гэрээгээр гуравдагч этгээд К Б ХХК-д барьцаалж, барьцааны гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шинэчлэн хийсэн байх ба уг барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцсон аливаа шийдвэр байхгүй, нөгөөтэйгүүр захиргааны хэргийн шүүх нь гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийхгүй тул хүчинтэй гэж үзэн нотлох баримтаар үнэлсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна, 19.1.2-т эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх гэснээр шүүхийн шийдвэрийн дагуу тоот автозогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.З-ыг тогтоосон учир уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжтой.

Гэвч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж заасны дагуу иргэн Д.З дээрх автозогсоолыг өөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох К Б ХХК-ийн зөвшөөрлийг авахаар байна.

Иймд, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно, 18.1.8-д улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох, 18.1.10-д улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх гэж тус тус зааснаар улсын бүртгэлийн үйл ажиллагаа хийхийг хориглосны дагуу дүүргийн дүгээр хороо, гудамж, хотхоны байрны зоорийн давхрын тоот автозогсоолуудыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр гаргасан иргэн Д.З-ын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн үйлдэл нь хуульд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын бүтцийг өөрчилж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болгон өөрчлөн байгуулсантай холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 6768 дугаар захирамжаар хариуцагчийн эрх залгамжлагчийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болгон сольсныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ