Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2016/01348

 

Д.Батхүүгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/00080 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1527 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : Д.Батхүү,

Хариуцагч : Лагуна нүхт ХХК,

Хариуцагч : Д.Батмөнх,

Нэхэмжлэлийн шаардлага:  27.308.000 төгрөг гаргуулах

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батхүү, Лагуна нүхт ХХК-ийн төлөөлөгч Н.Баттогтох, нарийн бичгийн даргад Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Нүхтийн аманд байрлах, 3 давхар барилгын гадна ханын хавтангийн нийт 899.04 м.кв талбай бүхий ажлыг хийж гүйцэтгэхээр Лагуна нүхт ХХК, уг компанийн захирал ажилтай Д.Батмөнхтэй тохиролцсон. Д.Батмөнх нь тус ажлыг хийж гүйцэтгэх саналыг 2014.5.13-ны өдөр тавьсаны дагуу м.кв бүрийн үнийг 36.000 төгрөг байхаар тохиролцож, 2014.5.27-ны өдрөөс ажлаа эхлүүлсэн. Ингээд 15 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн 2014.7.07-ны өдрийг хүртэл 899 м.кв ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Д.Батмөнх нь нэмэлт ажил гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан тул 304 м.кв талбай бүхий хавтан угсралтын нэмэлт ажлыг мөн 2014.7.18-с 2014.9.09-ний хооронд ажлаа хийж, актаар хүлээлгэн өгсөн. Д.Батмөнх нь ажлын хөлсөнд нийт 40.308.000 төгрөг өгөх байсан боловч 2014.6.12-нд 6 сая төгрөг, 2014.7.01-нд 7 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл 27.308.000 төгрөгийг 2014.09 сарын эхний долоо хоногт багтаан өгөх байсан  ч  төлөөгүй. Бүх ажил 2014.9.03-ны өдөр дууссаныг Юу би системс ХХК-ийн ерөнхий инженер Д.Баянмөнхөд хүлээлгэж өгсөн. Ажил дууссан, ирж хүлээж авах талаар Лагуна нүхт ХХК-ийн захирал Д.Батмөнхөд мэдэгдсэн боловч завгүй байна гээд ирээгүй, тэгээд конкорвал хавтангийн угсралтын талаар Д.Баянмөнхөд хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл ажлын хөлсний үлдсэн төлбөрийг аваагүй байгаа. Бид барилгын ханыг конкорвал хавтангаар угсарч 2 талыг торофет бетоноор шүрших ажлыг стандартын дагуу хийж өгсөн. Д.Батмөнх гуай тухайн үедээ ажил доголдолтой болсон, чанарын шаардлага хангахгүй гэж юу ч яриагүй, мөнгөө өгнө л гэдэг байсан байж одоо ингэж ярьж байгааг зөвшөөрөхгүй байна. Би Юу би системс ХХК-ийн туслан гүйцэтгэгч биш, энэ компанийн ажилтан ч биш. Юу би системс ХХК-ийн зүгээс ажил санал болгосон тул Нүхтэд байрлах 5 айлын таун хаусын ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Иймд Лагуна Нүхт ХХК болон иргэн Д.Батмөнх нараас ажлын хөлс болох 27.308.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 Хариуцагч Д.Батмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Батхүүтэй амаар гэрээ хийж  Лагуна Нүхт ХХК-ийн орон сууцны барилгын гадна фасадны конкорвал хана хавтанг суулган, бетон шаварын ажлыг 2014.5.23-ны өдрөөс 2014.7.10-ны хооронд гүйцэтгэхээр тохиролцсон болно. Ажлын хөлсийг 36 сая төгрөгөөр тохирсон. Д.Батхүү нь 8-10 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлыг гүйцэтгэсэн боловч тохирсон хугацаандаа ажлыг дуусгаж чадаагүй. Хана хавтангийн цутгалтыг жигд биш овон товон, арзгар гадаргуу ихтэй, барилгын ханын өнцөг, булан тохой зэрэг ажиллагаатай хэсгийн бетон шаварыг хийгээгүй, зөвхөн тэгш хана, ажиллагаа багатай талбай хөөсөн байдлаар хийсэн. Тохирсон ёсоор ажлаа гүйцэтгээгүй ба ямар ч хэл сураггүй ажлаа дутуу орхиод явсан. Ажил гүйцэтгэсэн хугацаанд нь 3 удаа бүгд 16 сая төгрөг олгосон. 2014.9.15-ны өдөр иргэн Г.Гэрэлцогттой гэрээ байгуулан дутуу ажлуудыг гүйцэтгэхэд 12 сая төгрөгөөр хийлгэсэн. Д.Батхүү нь ажлаа удаашруулснаар шатны түрээсийн тооцоо 6 сая төгрөгөөр нэмэгдсэн. Д.Батхүү нь энэ нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд дээрхи ажлын талаар нэг ч удаа харилцан ярилцаж байгаагүй. Барилгын ханыг конкорвал хавтангаар угсрах ажлыг Юу би системс ХХК-тай тохирсон. Ажлыг хэнээр хийлгэх гэж байгаа вэ гэхэд энэ хүнээр гээд Батхүүг зааж өгсөн. Надад Батхүүтэй ажлын гүйцэтгэлийн талаар шууд харилцах шаардлага байгаагүй. Учир нь Юу би системс ХХК бидний өмнө үүрэг хүлээсэн. 2014 оны 9 сард Батхүү ажлыг дутуу хаяад явсан. Ажлыг гүйцээж хүлээлгэж өгөхийг Юу би системс ХХК-ийн инженер Баянмөнхөөс удаа дараа шаардсан. Дутуу орхисон ажлыг гүйцээхэд зардал их гарсан. Конкорвал хавтан угсрах ажил чанар муутай хийгдсэн тул түүнийг гүйцээхэд механик ажил маш ихтэй байсан. Гэрэлцогттой ажил гүйцэтгэх гэрээг 27 сая төгрөгөөр тохирч үлдэгдэл ажлыг хийлгэсэн. Д.Батхүүд нэхэмжлэл гаргах эрх байхгүй, би Юу би системс ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэтэл тухайн ажлын туслан гүйцэтгэгч нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Нэхэмжлэгч хэн байх ёстойг тогтоож байж шүүх хурал хийгдэх ёстой байх гэж бодож байна. Гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан учраас бид үлдэгдэл мөнгийг өгөөгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/00080 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар  “Лагуна Нүхт” ХХК, Д.Батмөнх нараас 20.000.000 төгрөг гаргуулж Д.Батхүүд олгож, нэхэмжлэлээс  7.308.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс  төлсөн 294.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  257.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, зохигчдоос  шинжээчийн зардалд 337.500 төгрөг гаргуулж Барилгын төсөвчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 ооны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1527 дугаар магадлал гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/00080 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Миний бие нэхэмжлэлээ Лагуна нүхт ХХК түүний захирал Д.Батмөнхөд гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийлээ. Хуулийн этгээд буюу Лагуна нүхт ХХК-тай гэрээ байгуулсныг түүний захирал Д.Батмөнх төлөөлж хийсэн атал бидний хооронд үүссэн эрх зүйн харилцааг илтэд үгүйсгэж иргэн Д.Батмөнх, Д.Батхүү нарын хооронд гэрээ байгуулсан мэтээр анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу дүгнэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн мэтээр тайлбарлаж байгаад гомдолтой байна.

Шүүх мэтгэлцэх боломжийг бүхэлд нь хангаж өгсөн. Тухайбал, иргэн Д.Батмөнх нь өөрийн эзэмшлийн Лагуна нүхт ХХК-ийг төлөөлж түүний захирал Д.Батмөнх гэсэн зохигчийн буюу хариуцагчийн эрх, үүрэгтэйгээр шүүх хуралдаанд оролцож мэтгэлцсэн байдаг. Гэтэл огт мэтгэлцэх боломж бололцоогоор хангаагүй, шүүх хуралдаан тэгш бус явагдсан гэж үзэх ямар ч үндэслэлгүй. Шүүх хуралдаанд талууд оролцож өөрсдийн  эрх ашиг сонирхлыг бүрэн хангаж хамгаалж оролцсон.

 Нэхэмжлэгчийн хүсэлтээр Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилж,  дүгнэлтээ шүүхэд ирүүлэхийг заасан. Гэтэл эдгээр эрх, үүргийг огт тайлбарлаагүй мэтээр давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шаардлагыг анхан шатны шүүх зөрчөөгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэл журамд шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох, хууль бус, үндэслэлгүй гэж үзэх зүйлгүй юм. Би Лагуна нүхт ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 27.308.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж, Лагуна нүхт ХХК Д.Батмөнх нараас 20 сая төгрөг гаргуулсан. Зөрүүтэй тайлбар гэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх холбогдох нотлох баримтуудад үндэслэн тогтоосны улмаас  нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон юм. Зөрүүтэй тайлбар гэх ойлголтыг шүүх тайлбарлаж тодруулаагүй биш, харин ч тайлбарлан тодруулж шийдвэр гаргасан.  Шийдвэрийг хүчингүй болгох  ямар ч үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрээ хэлцэл, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтууд нь тухайн хэрэг маргааныг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх хангалттай байхад  давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.          

              ХЯНАВАЛ:

 Д.Батхүү нь Нүхтийн аманд байрлах 3 давхар барилгын гадна хананы 899.04 кв.м талбайд 2014 оны 5 дугаар сараас 7 сар хүртэл хийсэн хавтангийн ажлын, 304 кв.м талбайд 2015 оны 7 дугаар сараас 9 сард хүртэл хийсэн хавтан угсрах нэмэлт ажлын хөлс 40.308.000 төгрөгөөс үлдсэн 27.308.000 төгрөгийг Лагуна нүхт ХХК, Д.Батмөнх нараас шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. /хх 1/

Хариуцагч Д.Батмөнх нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргаж тайлбар /хх 26/ өгсөн, Лагуна нүхт ХХК шүүхэд хариу тайлбар гаргаагүй /хх 35, 159, 195/ байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, хариуцагч нараас 20 сая төгрөг гаргуулж Д.Батхүүд олгож, нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа "...Лагуна нүхт ХХК, Д.Батмөнх нарын хэн нь Д.Батхүүтэй гэрээ байгуулсан нь тодорхойгүй, дүгнэлт гаргуулахаар захирамж гаргахдаа шинжээчид тодорхой бус асуулт тавьснаас гадна эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй..." гэсэн дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Д.Батхүү хоёр хариуцагчид буюу Лагуна нүхт ХХК, Д.Батмөнх нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад шүүх Лагуна нүхт ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/Ш32015/30604 дугаар захирамжийн 5 дахь заалт хангагдаагүй байхад шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт нийцээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1527 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                   Б.УНДРАХ