Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Өргөө 68-53 тоотод оршин суух, Йөншөөбүү овогт Доржпаламын Батхүүгийн /РД:ЧГ53051618/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 34-15 тоотод байрлах, “Лагуна Нүхт” ХХК,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 34 байр 15 тоотод оршин суух, Лодон овогт Дамдингийн Батмөнх /РД:ЧГ53051618/ нарт холбогдох

Гүйцэтгэсэн ажлын хөлс 27 308 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир /ШТЭҮ-№1981/, хариуцагч “Лагуна Нүхт” ХХК-ийн захирал Д.Батмөнх, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттогтох /ШТЭҮ-№1949/, гэрч Г.Гэрэлцогт, Э.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Батхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Батхүү миний бие Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Нүхтийн аманд байрлах, 3 давхар барилгын гадна ханын хавтангийн нийт 899.04 м.кв талбай бүхий ажлыг хийж гүйцэтгэхээр “Лагуна Нүхт” ХХК, уг компанийн захирал ажилтай Д.Батмөнхтэй тохиролцсон юм.

Д.Батмөнх нь тус ажлыг хийж гүйцэтгэх саналыг 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тавьсны дагуу м.кв бүрийн үнийг 36 000 төгрөг байхаар тохиролцож, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс ажлаа эхлүүлсэн. Ингээд миний бие 15 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 899 м.кв ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Д.Батмөнх нь нэмэлт ажил гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан тул 304 м.кв талбай бүхий хавтан угсралтын нэмэлт ажлыг мөн оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 9 дүгээр сарын 09-ний хооронд хийж гүйцэтгэн актаар хүлээлгэн өгсөн. Д.Батмөнх нь ажлын хөлсөнд нийт 40 308 000 төгрөг хүлээлгэн өгөх байсан боловч 2014 оны 6 дугаар сарын 12-нд 6 000 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 01-нд 7 000 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 27 308 000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын эхний долоо хоногт багтаан төлөх байсан боловч одоог хүртэл төлөхгүй байна. Иймд “Лагуна Нүхт” ХХК болон иргэн Д.Батмөнх нараас ажлын хөлс болох 27 308 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Юу би системс” ХХК-ийн байранд “Юу би системс” ХХК-ийн захирал Цогтсайхан, ерөнхий инженер Баянмөнх, “Лагуна нүхт” ХХК-ийн ажилтан Болор-Эрдэнэ нартай уулзаж, Нүхтэд 5 айлын таун хаусын хана дүүргэлтийн ажил хийхээр болж би ажилчдаа бүрдүүлэн барилгын талбай дээр Болор-Эрдэнэтэй уулзсан. Тухайн үед барилга дутуу орхисон карказ байсан. 2014 оны 5  дугаар сарын 27-ны өдрөөс ажил эхэлж, үндсэн ажил 899 м.квадрат талбайн ажил 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дууссан. Тухайн газар барилга барих зөвшөөрөлгүй байсан, цаг агаарын тааламжгүй байдал зэргээс ажил сунжирч байсан. Үүнийг манай компаний ажлын өдөр тутмын журнал дээр тэмдэглэсэн. Тухайн үед бид талбай дээр хонож ажиллаж байсан ба бороо их орж байсан. Дараагийн ажил болох гоёлын саравчны ажлыг конкорвал хавтангаар хийх ажлыг Батмөнх захирал санал болгосон. Энэ ажлыг хийхэд шат бэлтгэх шаардлагатай талаар би “Лагуна нүхт” ХХК-ийн захирал Батмөнхөд хэлж байсан. Батмөнх ажил хийхэд шаардлагатай шатыг нийлүүлж өгнө гээд 2-3 хоносон. Үүний дараа 1 орцны гоёл хийхэд л хүрэлцэх шат авчирч өгсөн. “Лагуна нүхт” ХХК-ийн инженер гэх цагаан машинтай ах бидэнтэй харьцаж ажилласан. Нэмэлт ажил 304 м.квадрат гоёлын саравч хийх байсан. Батмөнх бүх ажлыг хийж дуусгавал үлдэгдэл төлбөрийг төлнө гэсэн. Бүх ажил 2014 оны 9 сарын 3-ны өдөр дууссаныг “Юу би системс” ХХК-ийн ерөнхий инженер Баянмөнхөд хүлээлгэж өгсөн. Ажил дууссан ирж хүлээж авах талаар “Лагуна нүхт” ХХК-ийн захирал Батмөнхөд мэдэгдсэн боловч завгүй байна гээд ирээгүй, тэгээд конкорвал хавтангийн угсралтын талаар Баянмөнхөд хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл ажлын хөлсний үлдсэн төлбөрийг аваагүй байгаа. Батмөнх захирал руу утсаар ярихад миний утсыг авдаггүй. “Юу би системс” ХХК-ийн захирал Цогтсайхан, Баянмөнх нараар Батмөнх рүү олон удаа яриулсан. Төлбөрийг төлөөч гэхэд за гэдэг ч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Миний бие 2015 оны 7 дугаар сард шүүхэд хандсан. Миний бие барилгын бригад ахалдаг тул ажилчдыхаа цалинг өгч чадахгүйд хүрч хүүтэй мөнгө зээлж, унаж явсан машинаа зарсан. Бид барилгын ханыг конкорвал хавтангаар угсарч 2 талыг торофет бетоноор шүрших ажлыг стандартын дагуу хийж өгсөн. Батмөнх гуай тухайн үедээ ажил доголдолтой болсон, чанарын шаардлага хангахгүй гэж юу ч яриагүй, мөнгөө өгнө л гэдэг байсан байж одоо ингэж ярьж байгааг зөвшөөрөхгүй байна.

Би “Юу би системс” ХХК-ийн туслан гүйцэтгэгч биш, энэ компанийн ажилтан ч биш. “Юу би системс” ХХК-ийн зүгээс ажил санал болгосон тул Нүхтэд байрлах 5 айлын таун хаусын ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Ажлын хөлсний үлдэгдлийг удаа дараа Батмөнхөөс нэхэж байсан, эхний төлбөрийг Батмөнх гуай өөрөө бидэнд төлсөн. Тухайн үедээ хийх ажлыг 1 м.кв-ыг 36 000 төгрөгөөр тохироод үндсэн ажил, бас мөнгийг нь өгнө гээд нэмэлт ажил бүгдийг хийж гүйцэтгүүлсэн байж ажлын хөлсөө өгөхгүй байгаад гомдолтой байна гэв.

Хариуцагч Д.Батмөнх шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.Батхүүтэй аман гэрээгээр “Лагуна Нүхт” ХХК-ийн орон сууцны барилгын гадна фасадны конкорвал хана хавтанг суулган, бетон шаварын ажлыг 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр тохиролцсон болно. Ажлын хөлсийг 36 000 000 төгрөгөөр тохирсон.

Д.Батхүү нь 8-10 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлыг гүйцэтгэсэн боловч тохирсон хугацаандаа ажлыг дуусгаж чадаагүй болно.

Хана хавтангийн цутгалтыг жигд биш овон товон, арзгар гадаргуу ихтэй, барилгын ханын өнцөг, булан тохой зэрэг ажиллагаатай хэсгийн бетон шаварыг хийгээгүй, зөвхөн тэгш хана, ажиллагаа багатай талбай хөөсөн байдлаар хийсэн. Ажлын гүйцэтгэл дутуу, чанаргүй хийгдсэн болно.

Тохирсон ёсоор ажлаа гүйцэтгээгүй ба ямар ч хэл сураггүй ажлаа дутуу орхиод явсан. Ажил гүйцэтгэсэн хугацаанд нь 3 удаа бүгд 16 000 000 төгрөг олгосон. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Г.Гэрэлцогттой гэрээ байгуулан дутуу ажлуудыг гүйцэтгэхэд 12 000 000 төгрөгөөр хийлгэсэн. Д.Батхүү нь ажлаа удаашруулснаар шатны түрээсийн тооцоо 6 000 000 төгрөгөөр нэмэгдсэн. Д.Батхүү нь энэ нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд дээрхи ажлын талаар нэг ч удаа харилцан ярилцаж байгаагүй болно.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Барилгын ханыг конкорвал хавтангаар угсрах ажлыг “Юу би системс” ХХК-тай тохирсон. Ажлыг хэнээр хийлгэх гэж байгаа вэ гэхэд энэ хүнээр гээд Батхүүг зааж өгсөн. Надад Батхүүтэй ажлын гүйцэтгэлийн талаар шууд харилцах шаардлага байгаагүй. Учир нь “Юу би системс ХХК бидний өмнө үүрэг хүлээсэн. 2014 оны 9 сард Батхүү ажлыг дутуу хаяад явсан. Ажлыг гүйцээж хүлээлгэж өгөхийг “Юу би системс” ХХК-ийн инженер Баянмөнхөөс удаа дараа шаардсан. Дутуу орхисон ажлыг гүйцээхэд зардал их гарсан. Конкорвал хавтан угсрах ажил чанар муутай хийгдсэн тул түүнийг гүйцээхэд механик ажил маш ихтэй байсан. Ажлыг гүйцээж хийсэн дараагийн гүйцэтгэгч ажил хийхэд хэцүү байна гэж хэлсэн. Гэрэлцогттой ажил гүйцэтгэх гэрээг 27 000 000 төгрөгөөр тохирч үлдэгдэл ажлыг хийлгэсэн. Барилга ашиглалтад ороход хугацаа маш их алдсан тул захиалагч нарын зүгээс бидэнд ирэх дарамт ихэссэн. Конкорвал хавтан угсралтын ажил чанар муутай болсон тул шинэ компани 2014 оны 11 дүгээр сард ажлыг дуусгасан. Хугацаа алдах тусам биднээс гарах зардал ихэссэн бөгөөд Батхүү ажлыг сайн гүйцэтгэсэн бол хугацаа болоод зардал бага гарах байсан. Би энэ талаар Цогтсайхан захирал, Баянмөнх нарт хэлсэн. Батхүүг холбоо барихгүй, сураггүй болсон гэж Баянмөнх надад хэлсэн. Гэтэл одоо гүйцэтгэсэн ажлын хөлс гэж нэхээд байгааг ойлгохгүй байна.

Батхүүд нэхэмжлэл гаргах эрх байхгүй, би “Юу би системс” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэтэл тухайн ажлын туслан гүйцэтгэгч нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Нэхэмжлэгч хэн байх ёстойг тогтоож байж шүүх хурал хийгдэх ёстой байх гэж бодож байна. Гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан учраас бид үлдэгдэл мөнгийг өгөөгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Батхүү нь хариуцагч “Лагуна Нүхт” ХХК болон түүний захирал Д.Батмөнх нарт холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 27 308 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.  

Нэхэмжлэгч нь хариуцагч “Лагуна нүхт” ХХК-ийн захирал Д.Батмөнхтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах 3 давхар барилгын гадна ханын хавтангийн 899.04 м.кв талбайд конкорвал хавтан угсрах болон  нэмэлт ажлыг 1м.кв үнийг 36 000 төгрөгөөр тохирч хийсэн тул гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 27 308 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Батхүүтэй 1 м.кв үнийг 36 000 төгрөгөөр тохироогүй, нийт ажлын хөлсийг 36 000 000 төгрөгөөр тохирсон, гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй тул үлдэгдэл хөлсийг төлөхгүй, мөн ажил гүйцэтгэх гэрээг “Юу би системс” ХХК-тай тохиролцсон тул нэхэмжлэгч нь нэхэмжлэх эрхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Д.Батхүү нь хариуцагч “Лагуна нүхт” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах 3 давхар барилгын гадна хавтангийн угсралтын 899,04 м.кв ажил болон нэмэлт 304 м.кв ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн болох нь “Юу би системс” ХХК-ийн тодорхойлолт, хэрэгт авагдсан фото зургийн үзүүлэлт, гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн акт зэрэг нотлох баримтууд болон зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 3, 6-12, 50-58, 59-65-р хуудас/

Хариуцагч нь Д.Батхүүг барилгын гадна хавтангийн угсралтын 899,04 м.кв болон нэмэлт 304 м.кв ажлыг тус тус хийсэн талаар маргаагүй боловч барилгын ажил гүйцэтгэх гэрээг Д.Батхүүтэй байгуулаагүй, “Юу би системс” ХХК-тай харилцан тохиролцож байгуулсан, барилгын ажлын үр дүнг “Юу би системс” ХХК нь хүлээн авсан тул нэхэмжлэгч нь шаардах эрхгүй, туслан гүйцэтгэгч гэж маргасан.

Нэхэмжлэгч нь “Юу би системс” ХХК-иас ажил санал болгосны дагуу хариуцагчийн ажлыг хийж гүйцэтгэсэн, ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах талаар удаа дараа шаардсан, гүйцэтгэсэн ажлын үр дүнг “Юу би системс” ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу хяналт тавьж, хүлээн авсан гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Бэлтгэн нийлүүлэх №54 тоот гэрээгээр хариуцагч “Лагуна нүхт” ХХК, түүний гүйцэтгэх захирал Д.Батмөнх нь “Юу би системс” ХХК-иас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 6-18-д байрлах 3 давхар барилгын 899,04 м.кв гадна ханын хавтанг /конкорвал/ хүлээн авч, бараа материалын үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хэргийн 129-р хуудас/

Хариуцагч нь Д.Батхүүг нэхэмжлэх эрхгүй, “Юу би системс” ХХК-ийн туслах гүйцэтгэгч, уг бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу гадна ханын хавтан буюу конкорвал хавтанг угсрах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон гэж маргасан боловч Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд туслан гүйцэтгэгчийг оролцуулж болно” гэж зааснаар хэрэгт авагдсан бэлтгэн нийлүүлэх гэрээгээр гадна хавтан угсралтын ажлыг “Юу би системс” ХХК-иар хийлгэхээр харилцан тохиролцсон болох нь нотлогдохгүй байна гэж үзэв.

Мөн хариуцагч нь ажлын үр дүнг Д.Батхүүг хүлээлгэн өгөөгүй, ажлын үр дүнг “Юу би системс” ХХК хүлээн авсан болох нь гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн актаар нотлогдоно гэж мэтгэлцсэн боловч гэрч Т.Баянмөнхийн мэдүүлэг болон Бэлтгэн нийлүүлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т “бэлтгэн нийлүүлэгч нь барилгын гадна ханын дүүргэлтийн ажлын гүйцэтгэлийг хянан шалгаж, удирдаж ажиллана” гэж зааснаар гадна хана  буюу конкорвал хавтанг угсрах ажлын гүйцэтгэлд хяналт тавьж байсан болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь 899,04 м.кв гадна хана буюу конкорвал хавтанг угсарч, 304 м.кв нэмэлт ажил болох саравчийн ажлыг хийж  хариуцагчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Лагуна нүхт” ХХК-ийн орон сууцны конкорвал хавтангийн дутуу хийгдсэн ажил, түүнийг засаж гүйцээсэн ажлын зураг, Барилгын Төсөвчдийн холбооны шинжээчийн дүгнэлт, гэрч Т.Баянмөнх, Э.Болор-Эрдэнэ нарын мэдүүлэгээр тогтоогдож байх бөгөөд гүйцэтгэсэн ажлын хөлс 16 000 000 төгрөгийг хариуцагч “Лагуна нүхт” ХХК-ийн захирал Д.Батмөнх нь нэхэмжлэгч Д.Батхүүд хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан, энэ талаар талууд маргаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Батхүү болон “Лагуна нүхт” ХХК, түүний захирал Д.Баянмөнх нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасан байх боловч нэхэмжлэгч ажлын хөлсийг 1м.кв үнийг 36 000 төгрөгөөр тохирсон гэж, хариуцагч нь 1м.кв-ыг 36 000 төгрөгөөр тохироогүй, нийт ажлыг 36 000 000 төгрөгөөр тохирсон, ажил чанарын шаардлага хангаагүй тул хөлс төлөхгүй, доголдлыг арилгахад болон ажлыг удаашруулснаас шатны түрээс төлж хохирол учирсан гэж маргасан.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх”, 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүргээ биелүүлээгүй тул хариуцагч гэрээнээс татгалзаж, хөлс төлөх үүрэггүй гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар “ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ талаар гомдлын шаардлага гаргах” эрхээ хэрэгжүүлээгүй, ажлын доголдлын талаар хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэх шаардлагагүй, харин “Юу би системс” ХХК-нд байнга мэдэгдэж байсан гэсэн боловч энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй.

Мөн хариуцагч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг доголдолтой, доголдлыг арилгахад 12 357 300 төгрөгний зардал, шатны түрээс 6 000 000 төгрөгний хохирол учирсан гэж маргасан боловч энэ талаараа сөрөг нэхэмжлэл гаргаагүй, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардлага гаргаагүй болно.

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар “гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” үүрэгтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь ажлын хөлсийг 1 м.кв үнийг 36 000 төгрөгөөр тохирсон болохыг гэрчийн мэдүүлгээр нотлоно гэж тайлбарласан боловч гэрч Т.Баянмөнхөөс 1 м.кв ажлыг 36 000 төгрөгөөр гэж, гэрч Э.Болор-Эрдэнэ бүх ажлыг 36 000 000 төгрөгөөр тохирсон гэж зөрүүтэй мэдүүлж байх тул гэрчийн мэдүүлгээр ажлын хөлсийг 1м.кв-ыг 36 000 төгрөгөөр тохирсон гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь ажлын хөлсийг 1 м.кв-ыг 36 000 төгрөгөөр тохирсон гэдгийг баримтаар нотлоогүй учир ажлын хөлсийг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд буюу 36 000 000 төгрөгөөр тооцох нь үндэслэлтэй байна гэж үзэж, хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 16 000 000 төгрөгийг хасч, үлдэх 20 000 000 төгрөгийг /36 000 000-16 000 000=20 000 000/ гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 308 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нь ажлын хөлс болох 675 000 төгрөгний баримтыг /хэргийн 160-р хуудас/ шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “...шинжээчийн ажлын хөлсийг зохигчоор нөхөн төлүүлэх”-ээр, 56 дугаар зүйлийн  56.1-д “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас шинжээчийн ажлын хөлсөнд 337 500 төгрөгийг тус тус гаргуулан Барилгын төсөвчдын холбоонд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

  ТОГТООХ НЬ:

   1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч “Лагуна Нүхт” ХХК, Д.Батмөнх нараас 20 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Батхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 308 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 257 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, зохигч талуудаас шинжээчийн зардалд 337 500 төгрөгийг гаргуулж, Барилгын төсөвчдийн холбоонд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХУЛАН