Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/18

 

 

 

 

     2023           12            27                                       2024/ДШМ/18

 

Д.Хад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Баяр-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т, түүний өмгөөлөгч С.С,

шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Г.Н,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, ерөнхий шүүгч Б.Байгалмаа, шүүгч А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Хын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2304000000020 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

т овгийн Д.Х, 2003 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ............. ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ....................../;  

Д.Х нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 03 цаг 20 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........” шөнийн цэнгээний газрын гадна пивоны шил хагалж, тухайн пивоны шилний хагархайгаар иргэн Д.Эий баруун гуяны дотор хэсэгт 1 удаа хатгаж гэмтээсний улмаас амь хохирогч Д.Э Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 86 тоотод цус алдаж нас барсан буюу хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Д.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Хыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Хад оногдуулсан 11 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Хын цагдан хоригдсон нийт 251 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5.200.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн болохыг дурдаж, талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалд нэхэмжилсэн 14.873.034 төгрөгнөөс төлөгдөөгүй 9.673.034 төгрөг, нас барагчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 132.000.000 төгрөг, нийт 141.673.034 төгрөгийг шүүгдэгч Д.Хаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тд олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн шүүгдэгч Д.Хын өмсөж явсан хар өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон биеийн тамирын өмд, цоохор футболк, улбар шар, хар оруулгатай ардаа “nike” гэсэн бичиглэлтэй, ногоон үдээстэй цагаан ултай цус мэт зүйлээр бохирлогдсон хос пүүз, амь хохирогч Д.Эий өмссөн байсан шар хүрэн өнгийн юүдэнтэй малгайтай ноосон цамц, хар өнгийн ноосон өмд, хар өнгийн даавуун турсик, бүдэг цэнхэр өнгийн жинсэн өмд, бор хүрэн өнгийн тэлээ, цайвар өнгийн оймс 1 хос, тод ногоон өнгийн оймс 1 хос, шар өнгийн богино түрийтэй зүүн хөлийн гутал 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан шар өнгийн хагас түрийтэй өрөөсөн гутал, Сэнгүр нэртэй пивоны хүзүү хэсгийн хагархай шил, пивоны шилний хагархай хэсгүүд зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “М” баарны 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн баарны дотор хэсгийн үйл явдлыг харуулсан 1, гадна хэрэгт үйл явдлыг харуулсан 3, нийт 4 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, хэргийн газрын үзлэгээр хураан авсан “Iphone” маркийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тд олгохыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Хын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өөрийн тэрхэн зуурын уур, үл ойлголцлоос болж найзынхаа амь насанд хүрсэн алдаа, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би тухайн үед уурлаж бухимдах бус, найзуудтайгаа үг хэлээр ойлголцсон бол найз маань одоо амьд сэрүүн, би ч эхнэр, хүүхэдтэйгээ хамт бүх зүйл сайхан байх байлаа. Энэ үйлдэлдээ гүнээ их харамсаж байна. Хоригдох хугацаандаа их зүйл бодож тунгааж байна. Амьдралд алдах, эндэх нь нүд эрмэх зуур болдог гэдгийг өөрийн биеэр мэдэж авсан. Энэ өргөдлөөрөө дамжуулж найзынхаа гэр бүл, ээжээс нь “намайг үнэхээр уучлаарай” гэж гуймаар байна. Би болоод манай гэр бүл оршуулгын зардлыг цаг тухайд нь боломжоороо төлөх гэж хичээсэн боловч миний санаснаар болсонгүй. Өөрийнхөө үйлдлийн улмаас найзынхаа гэр бүлд учирсан хохирол, зардлыг бүрэн гүйцэд төлөх гэсэн боловч чадсангүй, намайг уучлаарай. Би мөн манай гэр бүл талийгаач найзын минь гэр бүлд учирсан хохирол оршуулгын зардлын үлдэгдэл 9.673.034 төгрөг, гэм хорын нэхэмжлэл 132.000.000 төгрөг, нийт 141.673.034 төгрөгийг цаашид төлж барагдуулна гэдгээ илэрхийлье. Эрхэм шүүгч нараас анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялын хугацааг багасгаж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэж гуйж байна. Өөрийн хөдөлмөрөөр шүүхээс гаргуулахаар заасан хохирлыг төлж, найзын минь ар гэрт учирсан хохирлыг төлөх боломж олгоно уу. ...” гэв.

Шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Шүүгдэгч Д.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Д.Х нь хохирол, төлбөрөөс 1.000.000 төгрөг төлсөн. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Хад оногдуулсан ялыг багасгаж, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Д.Х “ял шийтгэлийг багасгаж өгнө үү” гэж гомдол гаргасанд би гомдолтой байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тгийн өмгөөлөгч С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Д.Х нь анхан шатны шүүх хуралдаанаас хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан боловч хохирол, төлбөрийг төлөөгүй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан. ...” гэв.

Прокурор С.Баяр-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Хыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг харгалзсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Хад оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг болон шударга ёсны зарчимд нийцсэн. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Д.Х нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 03 цаг 20 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.......” шөнийн цэнгээний газрын гадна пивоны шил хагалж, тухайн пивоны шилний хагархайгаар иргэн Д.Эий баруун гуяны дотор хэсэгт 1 удаа хатгаж гэмтээсний улмаас амь хохирогч Д.Э Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 86 тоотод цус алдаж нас барсан буюу хүнийг санаатай алсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тгийн: “... 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 02 цаг 00 гэж байхад хүү Д.Этэй нөхөр Даваадорж “хаачих гэж байгаа юм бэ” гэж ярьж байгаад манай хүү гараад явсан. Сүүлд би нөхөр Даваадоржоос тухайн шөнө хүүг гарах гэж байхад түүнтэй юу гэж ярилцсан талаар тодруулахад тэр надад хэлэхдээ хүүг “хаачих гэж байгаа юм бэ” гэж асуутал “манай нэг найзын эхнэр нь машинд дайруулсан гэж байна, гарчихаад ирье” гэж хэлээд гараад явсан гэж хэлж байсан. Гэтэл өглөө цагдаагаас хүн ярьж “Цагдаагийн хэлтэс дээр ирж уулз” гэхээр нь ирж уулзтал манай хүү Д.Эийг нас барсан гэж хэлсэн. Баримтаар нийт 14.000.000 төгрөгийн хохирол учирсан, цаашид сэтгэлзүйн хохирлыг нэхэмжилнэ. ...” /1хх 110/,

гэрч М.М-гийн: “...Би .... тоотод эхнэр Ү болон хүүхдийн хамтаар хадам ээж Х-ны төрсөн дүү Х-ийн байранд 2023 оны 01 дүгээр сараас эхлэн амьдарч байгаа юм. Тухайн байр нь 2 өрөөтэй тул ханиндаа гээд найз Д.Х болон түүний эхнэр, хүүхдийг сул нэг өрөөндөө амьдруулж байгаа юм. Ингээд намайг гэртээ гэр бүлийнхээ хүмүүстэй хамт байж байхад өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед хажуу өрөөнд Д.Х эхнэр Г-тайгаа маргалдаад байсан. Тэр хоёр яг ямар шалтгаанаас болж маргалдсаныг нь мэдээгүй. Тэд хоорондоо маргаад удаагүй 3-4 минут болсон байх, Д.Х гэрээсээ гараад яваад өгсөн. Удалгүй түүний араас эхнэр Г нь хүүхдээ аваад гараад явчихсан. Би хэсэг байж байгаад санаа зовоод шөнө 01-02 цагийн үед Д.Х руу удаа дараа залгахад тэрээр утсаа салгаад байсан. Би түүнийг утсаа авахгүй байхаар нь түүний фейсбүүк чат руу хаана байгаа талаар асууж чат бичихэд тэрээр өөрийнхөө хаана байгаа газраа хэлэхгүй, “Миний эхнэр хүүхдийг сайн харж байгаарай, би хойд энгэр лүү явлаа” гэж учир битүүлэг зүйл хэлээд байсан. Ингээд 02 цаг өнгөрч байхад Д.Х “Би Соронз дээр байна, нөгөө хэдтэйгээ уулзаад хүрээд ир” гэж чат бичсэн. Тэгэхээр нь гэрээсээ гараад Ирвэсийн зогсоол дээрээс такси бариад Соронз дэлгүүрийн гадна яваад очиход найз Д.Э, Т, Ө нартай таарсан. Д.Х тэд нартай утсаар яриад дуудсан юм байна лээ. Бид нарыг уулзахад Т над руу “Хангай яачихсан юм, Д.Э бид хоёрыг ална гээд байна” гэж хэлсэн. Бид нар Д.Хыг хайгаад “М” бааранд ороход тэр харагдахгүй байсан. Би буцаж Соронз дээр очоод Д.Хтай холбогдоход бааранд наад талын буланд байна гэхээр нь эргээд “М” бааранд ороход Д.Х ганцаараа 0,5 литрийн Боргио нэртэй пиво 3 шилийг авчихсан, 1 шил пивоо уугаад дуусгачихсан, нэг шил пивоо талд нь хүртэл уучихсан сууж байсан. Бид нарыг бааранд ороход баарны хамгаалагч Д.Эийг 21 нас хүрээгүй байна гэж хэлээд гарахыг шаардсан. Ингээд бид нар Д.Хын хамтаар баарнаас гарахад Д.Х ширээн дээр байсан бүтэн шил пивоо өвөртлөөд, тал шил пивоо гартаа бариад гарсан. Баарны үүдэнд Д.Х Д.Э рүү хандаж “чи хөгшөөн манийгаа ойлгохгүй л байна даа” гэхэд Д.Э “би яачихсан юм бэ” гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгтэл Д.Х яг баарны гадна үүдэнд байдаг жижиг төмөр хашаанд баруун гартаа барьж байсан шилтэй пивоо цохиж хагалаад, хагархай шил барьсан гараараа Д.Э рүү далайсан. Тэгэхээр нь Ө бид хоёр Д.Хын гар болон цээж хэсгээс тэврэхэд Д.Х “намайг тавь, ойртсон хүнийг чинь ална шүү” гэж хэлэхэд нь би айгаад түүнийг тавьсан. Тэгтэл Д.Э куртикнийхээ энгэрийг хоёр гараараа яраад Д.Х руу хандаж “шаалдаа” гэсэн. Тэгтэл Д.Х гартаа байсан шилний хагархайгаар Д.Эий хэвлий хэсгээс нилээн доор хэсэгт нь 1 удаа хатгаж дүрсэн. Тэр үед Ө бид хоёр Д.Хыг барьж аваад Д.Эээс холдуулаад явсан бөгөөд Д.Э цавь хэсгээ гараараа дарж үзсэнээ газар унаад өгсөн. Тухайн үеийн цаг хугацаа нь шөнийн 02 цаг 30 минут болж байсан байх гэж бодож байна. Ө намайг “такси бариад ир" гэхээр нь би урьд нь Ирвэсийн зогсоол дээрээс барьсан таксины дугаар луу залгахад утсаа авахгүй байсан. Тэр үед баарны хашааны гадна 29-07 БРА гэсэн улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Тоёота Приус 20” маркийн автомашин зогсож байсан ба тэр машины жолооч ахаас “таксинд явж байна уу” гэхэд “явж байна” гэсэн. Тэр машиныг хөлсөлж явахаар болсон бөгөөд Д.Х жолоочтой юм яриад үлдсэн. Би эргээд баарны хашаа руу ороход Д.Эийг Ө, Т нар дамнаад ирж байсан бөгөөд би очиж Д.Эий цээжин хэсгээс нь өргөж өгөөд машины арын суудал дээр хэвтүүлээд арын суудал дээр Т суугаад, харин урд суудал дээр нь Д.Х суугаад машин хөдлөнгүүтээ зогссон. Тэр үед машин дотроос Д.Х бууж ирээд Ө бид хоёрыг “Машинд суу, цуг явна” гэхээр нь би “Эмнэлэг ойрхон юм чинь алхаад явъя” гэхэд Д.Х “Машинд суу, хамт явна” гэж хэлээд бид хоёрыг машинд суулгасан. Машинд суухад Д.Эий хоолой хэржигнэж дуугараад байсан бөгөөд Д.Х түүнийг сонсоод “зүгээрээ, амьсгалтай" гэж хэлсэн. Машин хөдлөнгүүт жолоочид “эмнэлэг, ахаа” гэхэд Д.Х миний үгийг тасдаад “шууд 22 дугаар байр” гэж хэлээд 22 дугаар байрны 7 дугаар орцны гадна хүргүүлээд бид нар Д.Эийг дамнаж өргөөд орцны үүдэнд сандал дээр суулгасан. Тухайн үед Д.Э ухаантай ч юм шиг ухаангүй юм шиг хоолой нь нэг сонин дуугараад байсан. Тэр үед Д.Х жолоочид төлбөрөө өгчихөөд ирээд Д.Э рүү “жаахан цус алдчихаад юун сүртэй юм бэ” гээд хацар луу нь хэд хэдэн удаа алгадаад, хөл рүү нь өшиглөөд “би 6 cap суугаад ирсэн хүн шүү” гэж хэлж байсан. Мөн бид нарт “би яаж эмчлэхээ мэдэж байна” гэж байсан. Би Д.Хад “хөгшөөн би нөгөө хоёроо гэртээ үлдээчихсэн, ороод гараад ирье, айж магадгүй” гэхэд Д.Х намайг “хурдлаарай" гэсэн. Би шууд гэр лүүгээ ороод эхнэр Үүрцайхад болсон асуудлаа хэлэхэд манай эхнэр “гэрт оруулж болохгүй, 103 дууд” гэсэн. Би гэрээс эргэж гараад орцны үүдэнд гарч ирээд Д.Хад эхнэрийн ярьсан зүйлийг хэлэх гэтэл 22, 23 дугаар байрны голоор хэсэг согтуу ах нар гараад ирсэн. Түүнийг Д.Х хараад Ө, Т нарт “Д.Эийг орц руу аваад ор" гэж хэлээд өөрөө орцны хаалгыг онгойлгож өгсөн бөгөөд тэр хоёр Д.Эийг өргөөд орц руу орсон. Улмаар Д.Х над руу “андаа надтай юу ярих гээд байгаа юм бэ” гэхээр нь түүнд хандаж “андаа одоо эхнэр, хүүхэд айчихна, Д.Эийг 103 аваад явах уу” гэхэд бид нарыг хүргэж өгсөн таксины хүн орцны үүдэнд ирж зогсоод Д.Хад хандаж “ахын дүү нар миний машины арын суудал арай л их цус болчихсон юм биш үү” гэхэд Д.Х “өө ахаа харин дүү нь найз нартайгаа муудалцаад пивоны шилээр толгойг нь цохиод хагалчихсан юм. Би танд бүтэн угаалгын мөнгө өгье” гэж хэлээд данс руу нь 20.000 төгрөг шилжүүлсэн. Таксины жолооч ах явахдаа “ахын дүү нь янз бүрийн зүйл болсон юм биш биз дээ” гэхэд Д.Х “ахаа янз бүрийн зүйл байхгүй” гэж хэлээд явуулсан. Ингээд Д.Х бид хоёр орц руу ороход Ө, Т нар Д.Эийг өргөөд 4 давхрын шатан дээр сууж байсан ба би гэрийн хаалгаа онгойлгосон бөгөөд Ө, Т нар Д.Эийг дамнаад гэрт жижиг өрөөнд оруулж газар хэвтүүлсэн. Ө, Т хоёр алчуур авч орцны шалан дээрх цусыг арчиж орж ирээд Д.Эий өмдийг тайлж үзэхэд баруун талын цавь хэсэгт шархтай, хавдсан, цус гарч байсан бөгөөд Ө алчуураар шархтай хэсгийг нь дарж байсан. Д.Х ирж Д.Эий гүрээний судсан дээр нь гараараа хэсэг дарж үзээд “энэ хүн өнгөрчихжээ” гэж хэлээд “цагдаа дууд” гэж хэлснээ “үгүй ээ, түргэн дууд”  гэж хэлсэн. Тэгээд би том өрөөнд орж эхнэрийн утсаар 103т дуудлага өгсөн. Би эхнэртээ “хадам ээжийг дуудчих, мөн Д.Хийн эхнэрийг дуудчих” гэж хэлсэн. Удалгүй 5-­10 минутын дараа түргэн тусламжийн эмч ирж Д.Эийг үзээд “энэ хүн нас барсан байна” гэж хэлэхэд Ө, Т, Д.Х нар уйлсан. Тэр үед манай хадам ээж Хишигсайхан ирсэн бөгөөд би түүний машинаар Д.Хын эхнэрийг авахаар явсан хойгуур цагдаа нар ирсэн байсан. Би тухайн үед Д.Хаас ер нь айгаад байсан. Бид нарыг загнаж харьцаад ингэ, тэг гээд байсан. Би яг ямар шалтгаанаас болж Д.Х Д.Эд гэмтэл учруулсаныг мэдэхгүй байна. Урьд өмнө нь л ямар нэгэн маргаан байсан юм шиг байна лээ. Баарнаас гарч ирээд Д.Х барьж байсан пивоны шилээ төмөр хашаанд цохиж хагалаад Д.Эий баруун талын цавь хэсэгт нь 1 удаа хатгаж дүрсэн. Ер нь бид нар нөхөрлөөд 2-3 жил болж байна. Бид бүгд хоорондоо найзууд. Д.Х бага зэргийн халамцуу байсан, согтсон зүйл байгаагүй. Д.Э, Ө, Т бид нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.” /1хх 120-121/,

гэрч О.Өын: “... би Улаанбаатар хотоос 21 цагийн үед Багануурт ирээд Д.Х руу чат бичээд “уулзах уу” гэхэд тэрээр гэртээ хүүхдээ хараад сууж байсан. Тэгэхээр нь би Д.Хтай “маргааш уулзъя" гэж хэлээд заал авч тоглож байгаад гэртээ харьсан. Ингээд 2023 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад Д.Х над руу “Андаа мань нь амьдралгүй болчихлоо” гэж чат бичихээр нь “За за андаа уулзах уу даа” гэсэн. Д.Х тухайн үед эхнэртэйгээ муудалцсан байсан юм байна лээ. Мөн амь хохирогч над руу “Д.Х над руу ингэж чат бичээд байна” гэж над руу чат бичээд байсан. Ингээд шөнийн 02 цагийн үед Т, Д.Э хоёр манай гэрт ирээд бид нар Д.Хтай уулзахаар Соронз дэлгүүрийн гадна очиход М Д.Хыг хайж байна гэсэн. Ингээд бид нар нийлээд Д.Хыг хайж байгаад “М” баарнаас түүнийг олоход тэр ганцаараа пиво уучихсан сууж байсан. Тэгтэл баарны эзэн ирээд “та нар насанд хүрээгүй хүмүүс байна, гар” гэж хэлсэн. Ингээд бид баарнаас гараад Д.Э тамхи асаах гэж байхад Д.Х түүнд “нэгнийхээ амьдралыг сүйрүүлэхэд тийм гоё байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгтэл хохирогч нэг үг хэлэх шиг болсон. Яг юу гэж хэлснийг нь би сонсоогүй. Тэр үед Д.Х гартаа барьж байсан пивоны шилээ баарны үүдний төмөр хашаан дээр цохиж хагалаад хохирогч руу дайрсан. Ингээд би Тгээс билүү гал авч тамхи асаах хооронд Д.Х амь хохирогч руу ухас хийж нэг удаа хатгах шиг болоод “нэгнийхээ амьдралыг ойлгохгүй байна уу” гэж хэлээд Т рүү дайрсан. Тэгэхээр нь М бид хоёр Д.Хыг болиулах гээд араас нь явахад ард амь хохирогч Д.Э газарт унасан. Би Мг “такси олоод ир” гэж хэлээд явуулахад удалгүй тэрээр “такси олдохгүй байна” гээд эргээд ирсэн. Тэгтэл баарны хашааны гадна “Приус 20” маркийн машин зогсож байсан бөгөөд тэр машиныг хөлсөлж авахаар болсон. Д.Х таксины урд сууж Т, М бид гурав хохирогчийг өргөж машины арын суудал дээр суулгаад таксины жолоочид хандан “эмнэлэг яваарай" гэж хэлээд Д.Хад “М бид хоёр эмнэлэг рүү араас нь алхаад явчихъя” гэж хэлээд явах гэтэл Д.Х “андаа машинд суу” гэж хэлээд машинаасаа буугаад ирсэн. Тэгээд бид хоёрт машины хаалга онгойлгож өгөөд машинд суулгасан. Машинд ороод Д.Х “22 дугаар байр луу” гэж таксины жолоочид хэлсэн. Машинд хохирогчийг оруулахаас өмнө хохирогч баарны хашаан дотор ухаан алдсан юм шиг хариу үйлдэл үзүүлэхгүй, цээжин дээр нь дарж үзэхэд амьсгалж байгаа байдалтай байсан. Харин түүнийг машинд оруулсны дараа өмссөн өмд нь цус болсон байгааг мэдсэн. Би түүнийг бөөрөндөө шилээр зүсүүлчихсэн байх гэж бодоод цамцыг нь сөхөж үзэхэд ямар нэгэн шарх байгаагүй учраас гуяндаа шарх авсан байна гэж бодсон. Ингээд бид 22 дугаар байрны гадна буусан. Амь хохирогчийг Т бид хоёр өргөөд орцны үүдний сандал дээр суулгасан бөгөөд хохирогч ухаан орохгүй байсан ба би бие засах гээд 22, 23 дугаар байрны голоор орж бие засаад ирэхэд М гэр лүүгээ ороод 2-3 минутын дараа буцаж гарч ирээд Д.Хад “андаа 103 дуудъя, эхнэр зөвшөөрөхгүй байна” гэхэд Д.Х “мань нь өөрөө эмчилчихнэ” гэж хэлсэн. Тэгтэл 22, 23 дугаар байрны голоор хүмүүсийн дуу гарахад Т бид хоёр хохирогчийг дамнаж өргөөд Мгийн орцны 4 давхарт гаргасан. Араас Д.Х, М нар ирсэн бөгөөд бид хохирогчийг Д.Хын амьдардаг өрөөнд оруулсан. Т бид хоёр алчуур авч эргэж гараад 5, 4 дүгээр давхарт дуссан цусыг цэвэрлэсэн бөгөөд эргэж орж ирээд би хохирогчийн биений яг аль хэсгээс цус гарч байгааг харахаар өмдийг нь тайлахад баруун талын цавь хэсэгт хатгагдсан шархтай, цус нэлээн их хэмжээгээр гарсан байхаар нь би “угаасаа оёдол тавихаар байна, эмнэлэг дуудья” гэхэд Т “за” гэж хэлсэн. Ингээд Д.Х хохирогчийн гүрээний судсан дээр гараа тавьж үзээд “угаасаа нас барчихсан байна, эмнэлгээ дууд” гэж хэлсэн. Удалгүй эмч ирээд Д.Эийг “өөд болсон байна” гэж хэлсэн. М бид хоёр анх эмнэлэг явья гэж хэлэхэд Д.Х “машин суу” гэж хэлээд шууд 22 дугаар байрны гадна ирсэн. Яг ямар шалтгаанаас муудсаныг мэдэхгүй байна. Ер нь тэр хоёр хааяа нэг нэгэндээ гомдоод тунирхаад байдаг юм. Өчигдөр орой 22 цагийн үед Т, амь хохирогч Д.Э бид гурав заал авч сагсан бөмбөг тоглосон юм. Тоглож дуусаад явж байхад Д.Э “өнөөдөр Д.Х ирж тоглоно гэж байгаад хүүхдээ харж байна гээд ирсэнгүй” гэж хэлж байсан. Д.Хад амь хохирогч “хэлсэндээ байсангүй” гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэр үед Д.Х хүүхдээ хараад очиж чадаагүйгээс болж хоорондоо муудалцсан байж магадгүй юм. Түүнээс биш Д.Х, амь хохирогч хоёр хоорондоо маргаж муудалцаад байх өс хонзон байхгүй. Миний бодлоор Д.Х эхнэртэйгээ маргаад, эхнэр нь яваад сэтгэл санаа нь тавгүй байсан шалтгаанаас болж амь хохирогчтой маргаж ийм асуудал болсон байх. Д.Х баарны үүдэнд гартаа барьсан пивоны шилээ хагалж, хагалсан шилээр нь Д.Эий баруун цавь хэсэгт нь нэг удаа хатгаж биед нь гэмтэл учруулсан. Би Т, Д.Х нартай 5-6 жил найзалж байна. Мг багаасаа мэддэг байсан, сүүлд найзууд болсон. Д.Х бага зэргийн согтуу байсан. Д.Э согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Д.Х, Д.Э нар хоорондоо найзууд. Амь хохирогч Д.Хийн биед халдаагүй...” /1хх 123-124/,

гэрч М.Тгийн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ кино үзээд сууж байтал найз Д.Хаас фэйсбүүкээр “Ирж надтай уулзаадах, миний найз юм бол” гээд уурласан өнгө аястай чат ирэхээр нь би “Хар шөнө яах гээд байгаа юм бэ” гэхэд “Зүгээр хүрээд ир, чи миний найз юм бол” гэхээр нь найзууд болох Ө, Д.Э нар луу чат бичээд “Д.Х та нар луу юм бичсэн үү, над руу чат бичсэн” гээд чатны утгыг хэлсэн. Тэгээд Д.Хтай уулзахаар болоод 02 цаг өнгөрч байхад гэрээсээ хувцсаа өмсөөд гарсан. Гараад явж байхдаа талийгаач Д.Этэй таарсан. Талийгаач руу бас тийм өнгө аястай чат бичсэн байсан тул Д.Хыг Соронз дэлгүүрийн тэнд байна гэхээр нь тийшээгээ явсан. Замдаа найз Өыг дуудаад хамт гурвуулаа алхаад явсан. Соронз дэлгүүрийн тэнд очоод бид гурвыг байж байхад араас такси бариад найз М ирсэн. М нь Д.Хтай цуг байр түрээсэлж Багануурт амьдардаг юм. Соронз дэлгүүрийн гадаа очоод Д.Х руу чат бичээд хаана байгааг нь асуухад “М” бааранд байна гэхээр нь “М” баар луу бид дөрөв очсон. “М” бааранд очиход Д.Х бааранд ганцаараа нэг ширээн дээр пиво уучихсан сууж байхаар нь очих гэхэд баарны эзэн нь бид нарыг насанд хүрээгүй байна гээд баар луу оруулаагүй үүднээс нь буцаасан. Д.Х бид нарыг дагаад гарч ирээд баарны гадаа Д.Э бид хоёр луу гомдоллож эхэлсэн. Бид хоёрт хандаж “Та хоёрыг хэцүү байхад хажууд чинь байнга байх ёстой юм уу” гэж асуусан. Д.Э нь амьдралд болохгүй бүтэхгүй юм болох болгонд Д.Х руу ярьж, асууж яахуу ийхүү гэж ярилцдаг байсан юм. Тэгээд асуусан асуултаа бид хоёроос давтан асуугаад уурлах өнгө аяс гаргаад эхэлсэн. Би Д.Хыг тайтгаруулаад “би ойлгож байна” гэхэд над руу юм ярихаа болихоор нь би тэд нараас жаахан зайдуу холдоод зайгаа бариад зогссон. Учир нь юу ч болох юм билээ гээд жоохон айсан. Тэр үед Д.Эээс өмнө асуусан асуултаа Д.Х асуухад Д.Э юм дуугарахгүй байсан. Тэгтэл Д.Х нь уурлаад бааранд байхдаа ууж байсан пивоо аваад гарч ирсэн байсангаа уугаад, асгаад байсан. Тэгээд гартаа байсан пивоны шилээ хагалах шиг болсон, би тэр үед жоохон анхаарлаа өөр тийш нь хандуулаад эргээд харахад Ө Д.Э, Д.Х нарын дундуур ороод гараараа хоёр тийш нь түлхээд хоёуланг нь холдуулж байгаа харагдсан. Д.Х гартаа пивоны хагарсан шил барьчихсан Ө хойш нь түлхэж байгаа харагдсан. Би Д.Хыг аль гартаа шил барьсан байсныг сайн хараагүй. Тэгээд Д.Х над руу хагарсан пивоны шилээ барьчихсан дөхөөд “Би та нарыг хэцүү байх болгонд хажууд чинь байдаг, би ингэх ёстой юмуу, та нар ч гэсэн миний хажууд байх ёстой биздээ” гээд орилоод байсан, би айгаад хойшоо ухраад “Болъё оо андаа, хэл амаар учраа ол, би чамайг ойлгож байна” гээд тайтгаруулах гээд нэлээн ухраад холдсон. Тэгж байхдаа Өт хандаж “одоо больцгооё” гэхэд Д.Х “чи зүгээр нааш ир, би чамайг яах ч үгүй, надтай юм яриадах” гэхээр нь би “за тэгье” гээд ярилцсан. Би тайтгаруулж, тайвшруулах гэж нэлээн оролдсон боловч уур нь гарахгүй, Д.Х талийгаач Д.Эийг хараад л уурлаад байсан. Д.Хтай ярилцах явцдаа би ухраад “М” баарны үүднээс төмөр хашаа хүртэл ухарсан байсан, тэр үед талийгаач Д.Э рүү хальт харахад “М” баарны үүдэнд газар дээшээ хараад хэвтчихсэн, М, Ө хоёр босгох гээд дийлэхгүй байгаа бололтой, талийгаачийн өмсөж явсан өмд, гутал хэсэг нь нил цус болчихсон байхаар нь очоод “яасан бэ, юу болсон бэ” гэхэд талийгаач юм дуугараагүй. Тэгэхээр нь Мг “такси олоод ир” гэж хэлсэн, М тэндээс такси олж ирэхээр явсан. Би Өтай талийгаачийг босгох гээд оролдож байх явцад 5-10 минут орчмын дараа М такси аваад ирсэн тул би Өтай хамжилцаад талийгаачийг үүрээд таксины арын суудал дээр оруулаад суулгасан. Тэгээд Ө “шууд эмнэлэг явъя" гэхэд Д.Х тухайн үед машины урд суудал дээр сууж байснаа “22 дугаар байр руу явъя” гэж таксины жолоочид хэлээд М, Д.Х нарын түрээсэлдэг 22 дугаар байранд ирсэн. 22 дугаар байрны гадаа ирээд Д.Х таксины мөнгө өгөөд талийгаачийг буулгаад, бүгдээрээ 22 дугаар байр руу ороод 5 давхарт Д.Хийн гэр рүү М түрүүлээд араас нь Д.Х орсон, Ө бид хоёр талийгаачийг үүрээд оруулсан. Гэрт оруулаад цусыг нь тогтоохоор эмч дуудахаар болоод талийгаачийн хаанаас цус гарч байгааг шалгах гээд өмдийг нь тайлахад баруун талын гуяны урд хэсэгт, цавьны орчимд зүсэгдсэн жижиг шарх үүсээд хавдчихсан, шархнаас нь цус гарч байсан тул алчуураар дарж цусыг нь тогтоох гэж оролдсон, цус бага зэргийн тогтсон. Тэр үед талийгаач юм яриагүй, хаяа нэг авиа гаргаад байснаа чимээгүй болчихсон тул М түргэн рүү залгаад дуудлага өгсөн, эмч удалгүй ирээд талийгаачийг үзээд “өнгөрчихсөн байна, шууд эмнэлэг дээр ирэхгүй яасан юм бэ” гэж хэлээд ирсэн эмч нь цагдаа дуудсан юм.

Тухайн үед Ө, Д.Х, М, Мгийн эхнэр нь байсан. Сүүлд Д.Х эхнэр рүүгээ залгаад болсон асуудлыг хэлээд, эхнэр нь ирсэн. Өөр хүн байгаагүй. Д.Х пиво уусан байсан, хэр зэргийн согтолттойг мэдэхгүй байна. Өмнө нь юу уусныг нь мэдэхгүй. Бид нарыг очиход ямар ч байсан пиво уучихсан сууж байсан. Бусад нь бүгд эрүүл байсан. Би Д.Эийг яаж гэмтсэнийг хараагүй, сүүлд Өын хэлснээр ““М” баарны гадаа Д.Х нь гартаа барьсан пивоны шилээрээ Д.Э рүү зангахад нь би гарыг нь бариад болиулсан” гэж хэлсэн. Бид нар хоорондоо найзуудын холбоотой хүмүүс, би энэ хүмүүстэй найзлаад 1 жил гаран болж байна. Талийгаач Д.Э, Д.Х нар хоорондоо маргалдаж, муудалцаж байсныг мэдэхгүй, хоорондоо ямар асуудалтай байсныг мэдэхгүй. Талийгаачтай найзалж эхэлснээс хойш болж бүтэхгүй ямар ч зүйл гарсан найзууд руугаа л ярьж хэлдэг байсан, бид нар тэр занг нь мэддэг учраас аргадаж, тайтгаруулж, зөвлөдөг байсан. Анх би Д.Этэй уулзаад асуухад Д.Э “Хүн зүв зүгээр байж байхад сонин сонин юм бичээд байхаар нь би өөдөөс нь Д.Х руу уурласан” гэж хэлсэн. Баарны гадаа бол Д.Х нь талийгаач бид хоёр луу гомдоллоод “Та нарыг хэцүү байх болгонд би байнга хажууд чинь байх ёстой юмуу, та нар ч гэсэн миний хажууд байх ёстой” гээд л уурлаад, тэр асуултаа давтаад хэлээд асуугаад байсан. Д.Э гэмтсэнийхээ дараа болон өмнө юм дуугараагүй, Д.Эийг гэмтсэний дараа Д.Х юм хэлээгүй тамхи татаад зогсоод л байсан. Д.Эийг яагаад газар унасан талаар хараагүй, нэг харахад газар хэвтчихсэн байсан. М такси дуудахаар явсны дараа Д.Э, бид хоёр руу Д.Х нь гомдоллосон үгээ хэлээд л байсан. Тухайн үед Д.Эийг хаанаа, яагаад гэмтсэнийг харанхуй байсан тул мэдээгүй, тухайн орчинд баарны үүдний бүдэг гэрлээс өөр тод гэрэл байгаагүй, ямар ч байсан өмсөж явсан өмд нь нил цус болчихсон, бид нар өргөх гээд дийлэхгүй ноцолдож байхад бид нарын өмсөж явсан хувцсанд цус наалдаж байгааг анзаарсан тул тэндээс яаралтай авч явах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Талийгаачийг газар уначихсан байхад Мг такси авчруулахаар явуулахад такси 5-10 минутын дараа ирсэн. Тэгээд таксинд суусны дараа таксины жолоочид “эмнэлэг явъя” гэхэд Д.Х нь таксины урд талд сууж байхдаа “22 дугаар байр луу шууд явна” гэж хэлсэн. Байранд оруулаад шууд шархыг нь үзчихээд Мгээр түргэн дуудуулсан. Тэр хооронд цусыг нь тогтоох гээд оролдож байхад эмч ирсэн. Эмч яг хэдэн минутын дараа ирснийг анзаараагүй. Бид нар ер нь хоорондоо маргалдаж муудалцаад байдаггүй, өчигдрийн хувьд Д.Х нэг л сонин болчихсон байсан. Болж бүтэхгүй асуудал гарвал хоорондоо найзуудаараа сууж байгаад ярилцаад шийдчихдэг байснаас биш ийм асуудал огт үүсэж байгаагүй.” /1хх 115-116/,

гэрч М.З-ын: “...Би Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгай хэсгийн 3 дугаар гудамжны 26 тоотод “М” нэртэй баарыг ажиллуулдаг юм. Тэгээд шөнө 01 цагийн үед манай баарны баруун талын тасалгаанд 1 эрэгтэй хүн ганцаараа сууж байсан. Тэгээд байж байтал гаднаас 20 орчим насны 4 залуу орж ирээд баруун талын заал руу яваад орчихсон. Тэгэхээр нь очоод тухайн залуучуудтай уулзаад “та нар насанд хүрээгүй хүмүүс байх шиг байх юм” гэхэд тухайн залуучууд “ах аа үйлчлүүлэхгүй ээ, одоо гарлаа ахаа” гэсэн. Тэгтэл анх сууж байсан залуу надад “эд нар манай дүү нар байгаа юм аа, намайг авах гэж ирсэн юм, одоо гарлаа” гэсэн. Тэгэхээр нь би тухайн хүмүүсийг дагуулаад шууд баарнаас гаргасан. Тэгээд би буцаж баар руугаа орсон. Тухайн залуучуудтай би анх очиж уулзахад ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинж ажиглагдаагүй. Манай бааранд сууж байсан залуу л пиво уугаад сууж байсан. Тухайн хүмүүсийн хооронд ямар нэг муудалцаж маргалдсан зүйл байгаагүй. Манай баарнаас гараад юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Тухайн залуучууд нь намайг гаргаснаас хойш буцаж орж ирээгүй.” /1хх 118/,

гэрч А.Б-ын: “...Би 2023 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгай хэсэгт амьдардаг найз Э.И-ыг очиж аваад түүнтэй цуг өөрийн 29-07 БРА улсын дугаартай, “Тоёота приус 20” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй Багануур дүүргийн дотор таксинд явсан. Явж байгаад “М” бааранд орчихоод хашааны гадна байх машиндаа очиж эхнэртэйгээ утсаар ярихаар баарнаас гараад иртэл баарны үүдэнд хэсэг залуучууд нэг газарт унасан залууг тойроод зогссон байхад хажуугаар нь гараад баарны хашааны гадна байх машиндаа суугаад эхнэр А-ай утсаар яриад байж байхад хар куртиктэй 2 залуу ирээд “Таксинд явах уу” гэж надаас асуусан. Би “явна” гэж хэлтэл тэр 2 залуу буцаж яваад бас 2 залуутай цуг нөгөө газарт хэвтэж байсан залуугаа дамжилж ирээд машины хойно суулгаад, түүний хажууд 1 залуу суугаад машины урд суудалд хар куртиктай, хар ноосон малгайтай залуу суугаад, шар үстэй залуу нэг залуугийн хамт машинд суулгүй “Бид хоёр багтахгүйн байна алхаад очъё” гэж хэлээд төв зам руу алхсан. Тэгээд би машинтайгаа хөдлөөд “Хаашаа явах уу” гэж асуухад машины хойноос нэг залуу эмнэлэг явъя гэж хэлэхэд миний машины урд суусан байсан хар куртиктэй залуу “үгүй ээ, 22 дугаар байр луу явна” гэж хэлэхэд би машинтайгаа хөдлөөд нөгөө алхаж явсан 2 залуугийн хажууд машинтай очих үед урд сууж байсан залуу намайг “Зогсож бай” гэхээр нь би машинтайгаа зогстол тэр залуу нөгөө алхаж байсан 2 залууд хандаж “Машинд суу, бөөндөө явъя” гэж хэлэхэд нөгөө хоёр залуу түүнд хандаж “Багтахгүй юм биш үү, бид хоёр алхаад явъя” гэтэл “Багтана аа, бөөнөөрөө явъя" гэтэл тэр хоёр суусан. Тэгээд би 22 дугаар байр луу хөдлөөд явж байх замд урд сууж байсан танихгүй залуу машинд сууж явсан 2 хүний нэрийг хэлээд, тэд нарт хандаж “Ийм найзууд байдаггүй шүү, хүнийг мөнгөтэй, мөнгөгүй байхыг ойлгодоггүй дандаа үг хаядаг" гэсэн утга бүхий юм ярьсан. Тэгээд тэр залуу надад хандаж “Ахаа ийм найзууд байдаг юм уу” гэж асуухаар нь би “мэдэхгүй” гэж хариулсан. Тэр залуу согтуу байх шиг байсан. Тэгээд 22 дугаар байрны гадна ирээд тэд нарыг буулгачихаад “М” бааранд үлдсэн байсан найз И-ыг авахаар очоод, ард олон хүмүүс суусан болохоор арын суудлын бүтээлгээ янзлах гэтэл машины арын суудлын бүрээс цус болсон байсан. Тэгээд би найзынхаа хамт “М” баарнаас “М клуб” баар луу хүргэхээр 3 хүн авч суулгаад явах замдаа өмнө нь 22 дугаар байрны гадна буулгасан орцныхоо гадаа очтол миний машины урд сууж явсан залуу, өөр нэг залуугийн хамт орцны гадна тамхи татаад зогсож байхаар нь би тэдэнд хандаад “Энэ юун цус болсон юм бэ” гэж асуухад машины урд сууж байсан хар куртиктэй залуу “Манай найзын толгой хагарсан юмаа, та дансаа өгчих, машин угаалгах мөнгө шилжүүлье" гэж хэлээд миний данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн 2 залуугаас “янз бүрийн юм болоогүй биздээ” гэж асуухад миний машины урд сууж хүргүүлсэн залуу “Үгүй ээ ах, санаа зоволтгүй, тийм юм байхгүй” гэж надад хэлэхээр нь би яваад өгсөн. Машины хойно суусан байсан нэг хүн “эмнэлэг явъя” гэж хэлэх шиг болсон, би яг хэн нь хэлснийг хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед хүн гэмтэж бэртсэн талаар сайн мэдээгүй ээ. Тухайн үедээ архи хэтрүүлээд тасарсан юм болов уу гэж бодсон. Харин сүүлд машин цус болсныг хараад гэмтсэн юм байна гэж бодоод буцаж очиж асуусан. Миний машины хойно сууж байсан хүмүүсээс ямар нэгэн өвдөж ёолох чимээ огт гараагүй. ...” /1хх 126-127/,

гэрч Х.Ү-ын: “...Би нөхөр М болон 7 сартай хүү Н нарын хамтаар Багануур дүүргийн 1-р хороо .... тоотод байр түрээслэн амьдардаг юм. Бид нартай хамт жижиг өрөөг нь түрээслэн нөхрийн найз Д.Х нь эхнэр Г, охин У нарын хамтаар амьдардаг юм. 2023 оны 02 дугаар сарын 17-ны орой 23 цагийн үед Д.Х эхнэр Г-гаа маргалдсан. Учир нь тухайн үед манай ээж над руу утсаар ярьж байхдаа “Танай өрөөний хажуугийн өрөөнд байдаг хүний дүү нь дүүг чинь дээрэлхэдэг гэж байна, миний охин нэг хэлчихээрэй” гэж ярьсан. Тэр үед нь би утсаа чанга яригч дээр тавьчихсан байсан, тэр яриаг Г, Д.Х нар нь сонссон. Тэгээд өрөөндөө ороод хамт байсан дүүгээ сэрээгээд “Харь, би чамайг харж чадахгүй, гэр лүүгээ яв” гэж хэлсэн, тэгтэл Д.Х “хар шөнөөр хүүхэд сэрээж явуулах гэлээ” гээд тэрнээс болж өрөөндөө маргалдаад байх шиг байсан. Тэгж байгаад Г нь хүүхдээ, 2 дүүтэйгээ аваад “Ээжийнх рүүгээ явлаа” гээд хувцаслаж байхтай зэрэгцээд Д.Х нь түрүүлээд хажуугаар нь гараад явчихсан. Гарахдаа эхнэртээ хандаж “би өөрийнхөө амийг хорлоно” гэсэн утгатай зүйл яриад гараад явсан. Араас нь Г охиноо, 2 дүүгийн хамт аваад гараад явсан. Би нөхөр М, хүү Н нарын хамт үлдсэн. Манай нөхөр унтахаасаа өмнө Д.Х руу чат бичээд хаана байгааг нь асуугаад хайсан, тэгэхэд Д.Х хаана байгаагаа хэлэхгүй “Би гадаа юм ууж байна, миний амьдралд гай болсон хүмүүсийг ална” гэсэн утгатай зүйл чатаар бичээд байсан юм билээ. Тэгээд бид гурав өрөөндөө унтаж байтал нөхөр М рүү Д.Х чат бичсэн байсан. Би хальт харахад “Чи хүрээд ир, чи миний жинхэнэ анд байж чадах уу, би Бэк, Мука хоёрыг дуудчихсан, би амьдралаа алдчихлаа, миний амьдралд гай болсон хүмүүсийг ална” гэсэн утгатай чат байсан. Тэгээд М “Д.Хыг аваад ирье” гээд 02 цаг өнгөрөөд 03 цаг болж байхад гэрээсээ гараад явсан, удалгүй 1 цаг орчмын дараа хаалга түлхүүрээр онгойлгоод хүн орж ирсэн. Тэр үед сэрээд харахад нөхөр М сандарчихсан байдалтай, араас нь Д.Х гартаа шилтэй пиво барьчихсан орж ирээд тэрийгээ уугаад байгаа харагдсан. Араас нь Ө, Т /Мука/ нь Д.Эийг хоёр талаас нь сугадчихсан, Д.Э нь чирэгдсэн байдалтай, ухаангүй юм шиг орж ирээд Ө, Т, Д.Э нар нь жижиг өрөөнд орсон. Тэр үед би өөрийнхөө өрөөнд сэрүүн байж байхад нөхөр М өрөөнд орж ирэхээр нь би “яасан, юу болсон юм бэ” гэхэд “Д.Х Д.Эийг дүрчихлээ” гэж М хэлээд “түргэн дууд” гэж хэлсэн. Тэгтэл үүнийг Д.Х сонсоод орж ирснээ “түргэн дуудахгүй шүү, наадах чинь зүгээр зүгээр” гээд байсан. Нөхөр М нь “миний хайр цаанаа чимээгүй эхнэр рүү нь хэлчихээ” гэж хэлсэн учир би Д.Хийн эхнэр Г руу залгасан, тэгээд утсаа авахаар нь “Д.Х Д.Эийг дүрчихлээ гэж байна, чи хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Тэр үед М өрөөнд орж ирээд “Түргэн дууд” гэхээр нь би түргэн дуудах гэж байтал нөхөр М утсаа аваад өөрөө түргэн рүү залгаад дуудлага өгсөн. Энэ үед Ө, Д.Х, Т нар нь тэрүүгээр холхиод, сандраад яваад байсан. М нь миний хажуугаас холдоогүй хажууд байгаад байсан. Д.Х нь өрөөнүүдээр орж гараад яваад байсан. Ө, Т нар нь жижиг өрөөнд л байгаад байсан, би юу хийж байгааг хараагүй. Удалгүй гаднаас эмч орж ирж үзээд “Д.Эийг нас барчихсан байна” гээд цагдаа руу дуудлага өгч байсан. Д.Х л ганцаараа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэрт байхдаа гаднаас авчирсан пивоо уугаад байсан. Бусад хүмүүс нь бүгд эрүүл байсан. Талийгаачийг анх гэрт оруулж ирэхэд ухаангүй бололтой Ө, Т хоёр сугадаад, чирэгдсэн байдалтай орж ирсэн тэр үед харахад өмсөж явсан өмд нь нилэнхүйдээ цус болчихсон харагдсан. Хаанаа яаж гэмтсэнийг хараагүй, шууд Д.Хын амьдардаг өрөөнд оруулсан, өрөөнд оруулснаас хойш очиж огт хараагүй. Надад манай нөхөр М нь хэлэхдээ “Д.Х Д.Эийг шил хагалаад дүрчихлээ" гэж хэлсэн. Хаанаа яаж гэмтсэн талаар мэдээгүй, эдгээр хүмүүсийн яриагаар баруун цавь, гуяны дээд хэсэгт дүрчихсэн байна цус алдаад байна гэж ярьж байсан. Би Ө, Т, Д.Э нартай огт яриа өрнүүлээгүй, надтай юм яриагүй. Д.Х нь өрөөнд орж ирээд анх бол “битгий дуудлага өг, зүгээр зүгээр” гээд байсан. Дараа нь надтай “Нөхрийнхөө найзуудыг сайн харж байгаарай, нөхрөө ойлгож байгаарай, гарч оруулж байгаарай, би амьдралаа алдчихлаа, Мука /Т/, Бек /Д.Э/ нар миний амьдралд гай болчихлоо, энэ хоёроос болж өнөөдөр муудлаа, хүний амьдралд эхнэр нөхөр хоёрын маргаан гэж байгаа, би эхнэрээ өвдөглөөд түлхсэн, энэ хэрүүл энэ хоёроос боллоо, Бек /Д.Э/ зүгээрээ, би удахгүй хадан гэр лүүгээ явчихна” гээд уйлаад яриад байсан. ...Анх гэрт орж ирэхэд Д.Э хоёр найздаа чирүүлээд, сугадуулаад, ухаангүй бололтой харагдсан, жижиг өрөөнд оруулснаас хойш би хараагүй, гэхдээ би болон тэнд байсан найзууд нь бүгд нас барсан гэж мэдээгүй, эмч ирээд нас барчихлаа гэж хэлэхэд л бүгд мэдсэн. Бид бодохдоо амьд л байна гэж бодоод байсан юм. Тэгээд нас барсанг мэдсэнээс хойш бүгдээрээ юу ч яриагүй, Д.Х нь эхнэр рүүгээ залгаж “би хүн алчихлаа, миний хүүхдийг аваад ир" гээд уйлаад байсан, тэгж байхдаа “миний эхнэр, хүүхдийг сайн харж байгаарай” гээд уйлаад л байсан өөр зүйл яриагүй юм...” /1хх 112-113/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 2-17/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 18-20/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 55-71/, Фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 36-52/,

камерийн бичлэгт үзлэг хийсэн 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн: “... “М” баарны дотор талын сэжигтэн Д.Хын сууж байсан хэсгийг харуулсан камерын бичлэгт үзлэг хийв. Д.Хыг сууж байхад түүн дээр 03:18:52 секундээс М, Ө, Т нар орж ирж байгаа харагдаж байна. Баарны хамгаалагч 03:20:35 секундээс ирээд буцахад түүнтэй амь хохирогч Д.Э зөрж тэдэн дээр очиж байгаа нь харагдаж байна. Бичлэгийн 03:21:10 секундээс Д.Э, Д.Х хоёр хоорондоо юм ярьж байгаад Д.Х суудлаасаа босоход түүнийг Ө хориглож Д.Хын гарнаас пивоны шилийг булааж авч байна. Энэ үйл явдлын араас баарны хамгаалагч болон захирал Золбаяр нар ирж тэд баарнаас гарч байгаа нь харагдаж байна. Үзлэг хийхээр хураан авсан бичлэг нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “М” баарнаас гадагш гардаг хаалгыг чиглэсэн, дуу чимээ бичдэг, он cap өдөр цагийг тааруулаагүй 03 минут 02 секундийг эх хувиар нь хуулбарлан авсан хяналтын камерийн бичлэг байлаа. Бичлэг эхлэхэд “М” баарнаас Т, амь хохирогч Д.Э нар гарч ирж байгаа харагдаж байна. Бичлэгийн 32 дахь секундэд тэдний араас Ө, сэжигтэн Д.Х, М нар гарч ирж Т, Д.Э нартай нийлж байгаа нь харагдаж байна. Сэжигтэн Д.Х нь бичлэгийн 02 минут 02 секундээс хойш эргэж алхаад энгэрээсээ пивоны шил гаргаж ирж баарны хажуу талын төмөр хашлага дээр пивоны шилээ хагалж байгаа нь харагдаж, сонсогдож байна. Бичлэгийн 02 минут 11 секундээс сэжигтэн Д.Х нь гартаа хагалсан пивоны шилээ барьсан байхдаа амь хохирогч Д.Э, Т хоёрт хандаж “үнэн ээ хэл дээ” гэж байгаа нь тод сонсогдож байна. Бичлэгийн үргэлжлэлд Д.Х нь “хөөе үнэн юм уу” гэж байгаа нь сонсогдож байна. Бичлэгийн 02 минут 15 секунтээс амь хохирогч Д.Э нь гадуур хувцасныхаа энгэрийг хоёр гараараа дэлгэж байгаа нь харагдаж байна. Түүнийг Ө, М хоёр хориглож байх бөгөөд М Д.Хын баруун гараас зуурсан байхад тэр баруун гарт байсан пивоны хагархай шилээ зүүн гартаа шилжүүлж “хөөе” гэж чанга хашгираад бичлэгийн 02 минут 20 секундэд зүүн гарт байх шилээрээ Д.Эий баруун цавь хэсэгт хатгахад чимээ сонсогдож байна. Д.Х түүний дараа Д.Эд хандаж “би чамайг шаана шүү гөлөг минь, би чиний найз мөн юм уу, биш юм уу гөлөг минь” гэж хашгирах бөгөөд гарт нь шилний хагархай байсаар М, Ө нар доош тонгойж Д.Хын шилээр дүрсэн газар луу харж байна. 02 минут 40 секундээс Д.Х бичлэгт харагдахгүй байгаа ч “өвдөөд байна уу” гэж хашгирч байгаа нь сонсогдож байна. Мөн Т рүү хандаж “зүгээр чи наанаа зогс, пизда минь би чамайг яах ч үгүй" гэж байгаа нь сонсогдоод бичлэг дуусаж байна. Дээрхи үйл явдлаас үргэлжилж “М” баарны автомашин гардаг хаалганы дээрээс харсан камерт үзлэгийг үргэлжлүүлэв. Уг камерийн он cap өдөр, цаг, минут таарч байх бөгөөд 03:26:35 секундэд М хашаанаас гүйн гарч ирж байгаа нь харагдаж байна. Тэр утсаар залгаж нааш, цааш сандарсан байдалтай холхиж байгаад төв зам руу явж байгаа нь харагдаж байна. 03:28:40 секунтээс камерт харагдаж байгаа 29-07 БРА улсын дугаартай саарал өнгийн “”Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч машин руу очиж сууж байгаа харагдаж байна. Бичлэгийн 03:29:30-42 секундийн хооронд сэжигтэн Д.Х баарны хашаанаас гарч ирж, М төв замаас буцан ирж 29-07 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочтой уулзаад М баарны хашаа руу орж байна. Удалгүй Д.Х баарны хашаа руу ороход түүнтэй зөрж М, Ө, Т нар амь хохирогч Д.Эийг дамжлан өргөж 29-07 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард суулгаж, Д.Х урд сууж байгаа нь 03:30:24-03:31:30 секундийн хооронд харагдаж байна. М, Ө хоёр тэднийг суулгаад цааш алхах бөгөөд машин хөдөлж тэдний хажууд зогсож Д.Х машинаас бууж ирээд тэр хоёр машинд сууж, Д.Х буцаж урдаа суун цааш хөдөлж байхад камерийн цаг 03:32:10 секунд болсон байгаа нь харагдав” гэсэн тэмдэглэл /1хх 22-24/,

2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн цогцост үзлэг хийсэн: “... баруун гуяны урд дээд хэсэгт баруун ташаан товгороос доош 15 см зайд хөндлөн байрлалтай, зах ирмэг тэгш 0,7 см хэмжээтэй улаан ягаан өнгийн шархтай, уг шарханд далд хийж шалгахад урдаас хойш чиглэлтэй 4 см гүн орж байв, шархны эргэн тойрон хаван хавдартай” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 128-132/,

Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Биологийн шинжилгээний шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1132 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Д.Хын өмсөж байсан гэх өмд гутал, дээр цус илэрсэн, футболка дээр цус илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Д.Хын өмсөж байсан гэх өмд, гутал дээр илэрсэн цус нь 0(1) бүлгийн харьяалалтай байна.” /1хх 143-145/,

Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Биологийн шинжилгээний шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1131 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогчийн өмсөж байсан гэх хувцаснууд дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогчийн өмсөж байсан гэх хувцаснууд дээр илэрсэн цус нь 0(1) бүлгийн харьяалалтай байна.” /1хх 157-159/,

Шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн мөр судлалын шинжилгээний лабораторын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1288 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотуур өмдний 18 мм хэмжээтэй гэмтэл нь гогдож татах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин гогдолт, цэнхэр өнгийн жинсэн өмдний 5х4мм хэмжээтэй, хар хөх өнгийн дотоожны Зх4мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ цооролтууд байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснууд гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн Сэнгүр гэсэн бичиглэлтэй шилний хэсгээр үүссэн эсэхийг материал судпалын шинжилгээгээр тогтооно.” /1хх 162-167/,

Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Биологийн шинжилгээний шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1130 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг хөвөн бамбар дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн хөвөн бамбар дээр илэрсэн цус нь 0(1) бүлгийн харьяалалтай байна." /1хх 172-173/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай: “1. Талийгаач Д.Эий биед баруун гуяны дээд хэсэгт баруун гуяны артерийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх баруун гуяны артерийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээд уруулын зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг баруун гуяны артерийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээд уруулын зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. 4. Дээрх баруун гуяны артерийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. 5. Д.Эий биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаач Д.Э нь нас барах үедээ спиртийн төрлийн зүйл хэрэглээгүй байжээ. 7. Д.Э нь О (I) нэгдүгээр бүлгийн цустай байна. 8. Талийгаач нь баруун гуяны артерийг гэмтээсний улмаас цочмог цус алдаж нас баржээ. 9. Талийгаач Д.Э нь эмнэлгийн яаралтай тусламж авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсан байна.” /1хх 135-138/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Д.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Хыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Д.Хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Хад оногдуулсан 11 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5.200.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн болохыг дурдаж, талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалд нэхэмжилсэн 14.873.034 төгрөгнөөс төлөгдөөгүй 9.673.034 төгрөг, нас барагчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 132.000.000 төгрөг, нийт 141.673.034 төгрөгийг шүүгдэгч Д.Хаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Хаас “...анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялын хугацааг багасгаж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг учиртай.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Д.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж барагдуулж байгаа, цаашид хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа хэдий ч түүний үйлдсэн хүнийг алсан буюу хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг тэрээр үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон  байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын хугацаатай ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Хад 11 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Хын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Хын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 61 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Хын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хын цагдан хоригдсон 61 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ

 

                       ШҮҮГЧ                                        Т.ШИНЭБАЯР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ