Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2016/01349

 

Капитрон банкны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03351 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1514 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч : Капитрон банк,

Хариуцагч : Ө.Урангэрэл,

Нэхэмжлэлийн шаардлага: 61.738.325 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн даргад Т.Жавхлантөгс  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ө.Урангэрэл нь тус банктай 2014.4.07-ны өдөр 3004-2014/71 тоот зээл, барьцааны гэрээ тус тус байгуулан 52 сая төгрөгийг 60 сарын хугацаатай, зээлийн жилийн 28.8 хувийн хүүтэй авсан. Зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд Ө.Урангэрэлийн өмчлөлийн Ү-2205030535 дугаар улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж 25/1 дүгээр байрны 909 тоот, 48.77 м.кв талбай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Манай банк хуульд заасны дагуу 2015.9.24-нөөс 2015.11.30-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүнд 2.604.862 төгрөг, 2015.11.30-наас 2016.02.25-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүүнд 3.354.427 төгрөг, 2016.02.25-наас 2016.3.25-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүнд 1.123.952 төгрөгийг тус тус нэмж нэхэмжилж байна.  Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,үндсэн зээл 47.643.482 төгрөг, хүү 13.869.754 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225.000 төгрөг, нийт 61.738.325 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Урангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Капитрон банк ХХК-иас 2014.4.07-нд зээлийн гэрээ байгуулан 52 сая төгрөгийн зээл авсан. Тухайн үед бизнес сайн явж Улаан-Үд хотод салбараа нээж ажиллуулсан. Гэвч хямрал эхэлж сайн явж байсан бизнес маань зогсонги байдалд орсон. Гэтэл банк 60 сарын хугацаатай авсан зээлийн гэрээг цуцлан  барьцаа хөрөнгийг зарж борлуулахаа урьтал болгож тэр тухайгаа нэхэмжлэлдээ дурдаж шүүхэд өргөдөл гаргасан байна.  Миний хувьд гэрээгээ цуцлалгүй тодорхой хугацааны дотор зөрчлөө арилгаж зээлээ хэвийн хэмжээнд оруулан цаашид зээлээ төлж явах хүсэлтэй байна. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03351 дүгээр шийдвэр гаргаж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Ө.Урангэрэлээс 61.738.325 төгрөг гаргуулж Капитрон банк ХХК-д олгож,  шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж, 25/1 дүгээр байрны 909 тоот 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс  төлсөн 587.999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 587.999 төгрөг гаргуулж Капитрон банк ХХК-д олгожээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1514 дүгээр магадлал гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03351 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажилгааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1... гэснийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 3004-2014/71 тоот зээлийн гэрээг цуцалж...гэж, ...61 738 325... гэснийг ...54.655.084... гэж, "Капитрон банк ХХК-д олгосгугай гэснийг "Капитрон банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.083.241 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг ....587.999... гэснийг ...431.225... гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн  төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тус банк нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлдэгч Ө.Урангэрэлтэй байгуулсан №3004-2014/71 тоот "Зээлийн гэрээ"-г цуцлахаас өмнө бодогдсон үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үндэслэлээр нэхэмжилсэн бол шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи буюу гэрээг цуцласнаас хойш бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасны дагуу хохирол хэмээн үзэж нэхэмжилсэн юм. Өөрөөр хэлбэл, шүүхэд нэхэмжлэл гаргасан 2015.9.24-ний өдрөөс 2016.3.25-ны өдрийг хүртэлх хугацаанд тус банк нэхэмжлэлийн шаардлагаа 7.083.241 төгрөгөөр нэмэгдүүлсэн байх бөгөөд уг нэмэгдүүлсэн   нэхэмжлэлийн   шаардлагыг  гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол буюу олох ёстой орлого хэмээн үзэж нэхэмжилсэн болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Капитрон  банк нь Ө.Урангэрэлээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 47.643.482 төгрөг, зээлийн хүү 14.035.943 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58.900 төгрөг нийт 61.738.325 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргасан байна.  /хх 1-2, 49,  51, 55, 40/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж, хариуцагчаас 61.738.325 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэгчээс үндсэн зээл 47.643.482 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү 6.952.702 төгрөг, нэмэгдүлсэн хүү 58.900 төгрөг нийт 54.655.084 төгрөг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэж,  нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Капитрон банк шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 3004-2014/71 дугаар  гэрээг үндэслэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь 52.000.000 төгрөгийг 5 жилийн /60 сар/ хугацаатай жилийн 28.8 хувийн хүүтэй зээлүүлэх, Ө.Урангэрэл уг мөнгийг хүлээн авч гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүрэг тус тус хүлээсэн байх бөгөөд гэрээний хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дуусахаар байна.

 Нэг тал нь гэрээний үүргээ зөрчсөн гэж үзвэл нөгөө тал нь хуульд заасан журам, үндэслэлээр гэрээг цуцлах эрхтэй тул Капитрон банк шүүхэд нэхэмжлэл гаргаж Ө.Урангэрэрлээс зээлийн төлбөрийг шаардсан нь Иргэний хуулийг зөрчөөгүй байна.

 2.  Нэхэмжлэгч нь  Ө.Урангэрэлээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 47.643.482 төгрөг, зээлийн хүү 6.952.702 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58.900 төгрөг нийт 54.655.084 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргажээ.

Капитрон банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж байгаа талаараа тодорхой дурдсан /хх 1/ бөгөөд гэрээг цуцалсан гэх үйл баримт тогтоогдсон тул зохигчдын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан 3004-2015/71 тоот гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр цуцлагдсан /шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр/ гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь   Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчөөгүй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр Капитрон банк нь Ө.Урангэрэлтэй  2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 3004-2015/71 тоот гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр цуцалсан гэж үзнэ.

Зээлдэгч зээлийн гэрээг цуцалсан учир 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацааны хүүг хариуцагчаас шаардах эрхтэй, энэ тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуульд нийцсэн байна.

3. Капитрон банк шүүхэд 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаас үндсэн зээл  47.643.483 төгрөг, хүү 6.952.702 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58.900 төгрөг шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад 2015 оны 11 дүгээр сарын 27, 2016 оны 02 дугаар сарын 23, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж хариуцагчаас зээлийн хүү нийт 14.035.943 төгрөг шаардсан байна. /хх 1-2, 49,  51, 55/

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа 7.083.241 төгрөгийг зээлийн хүү гэж шаардсан тул уг мөнгийг хохирол гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.  

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1514 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 128.282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ