Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 185

 

“Б А И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал,

газрын тосны газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Л.Атарцэцэг

                                                  Б.Мөнхтуяа

                                                   Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

            Нэхэмжлэлийн шаардлага: “ “Б А И” ХХК-ийн ”Б у” .....Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг нөхөх олговортойгоор цуцлахгүй байгаа үндэслэл нь хууль бус болохыг тогтоож, ”Б А И” ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч, ”Б у” .....Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу нөхөх олговортойгоор цуцлах шийдвэрийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах”, 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0047 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0179 дүгээр магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг, Г.Дөлгөөн нарыг оролцуулж,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайваны гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0047 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ”Б А И” ХХК-ийн  Бэрх уул .....Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг нөхөх олговортойгоор цуцлахгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, “Б А И” ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч, Бэрх уул.....Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу нөхөх олговортойгоор цуцлах шийдвэрийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0179 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0047 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалт болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан холбогдох журмыг буруу тайлбарлаж хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн болохыг дараах үндэслэлүүдээр тодорхойлж байна.

4. Үүнд: шүүхийн магадлалын хянавал хэсэгт “... Засгийн газрын 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаас үзвэл хариуцагч нь тус журамд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн шаардлага хангасан /нөхөх олговрын зардлыг тооцсон/ хүсэлтийг үндэслэн нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолт гаргах эрх хэмжээтэй байна. ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5. Хариуцагч хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу өдөр тутмын сонингуудад нийтэд мэдээлж, өөрийн www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн. Нөхөх олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй бөгөөд улмаар тус газарт ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт “... хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй...” болох тухай чиглэл өгч байсан.

6. Тусгай зөвшөөрлийн хориглосон талбайтай давхацсан хэсэгт нөхөх олговор авах хүсэлт гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлт зоригийн асуудал бөгөөд давхцаагүй хэсэгтээ үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй бол Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хэсэгчлэн давхцсан талбайн хэсгээ буцааж өгөх тухай өргөдөл гаргах мөн талбайн солбицолд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан төдийгүй хориглосон талбайтай давхцсан хэсэгээ хасалт хийлгүүлж, давхцаагүй хэсэгтээ үйл ажиллагаа явуулах сонгох боломж болон эрх нь зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчид байсан байна.

7. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт “... дээрх журмын 4.1-д заасан баримтуудыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

8. Тусгай зөвшөөрөл, эзэмшигчид олгох нөхөх олговрыг авах тухай хүсэлтийг тус журмаар тогтоосон хугацаанд, хавсралтаар баталсан маягтын хүрээнд дэлгэрэнгүй нарийвчилсан байдлаар нөхөх олговрын тооцоонд хамаарах зардлын төрлүүдийг тусгаж тус компани тухайн үеийн Ашигт малтмалын газарт /хуучин нэрээр/ огт гаргаж өгөөгүй бөгөөд одоог хүртэлх хугацаанд мөн ямар нэгэн байдлаар гаргаж өгөөгүй, энэ ч үүднээсээ хариуцагч нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хориглосон талбайтай давхацсан хэсэгт нөхөх олговор авах зардлуудыг тооцож төрийн захиргааны байгууллага санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад зардлын тооцооны тодорхойлолтыг хүргүүлэх ямар нэгэн ажиллагаа хийгдээгүйг хариуцагч тайлбар болон холбогдох баримтуудаар нотолсон нь тус тус хэргийн материалд авагдсан тул дээрх үндэслэл нь үндэслэлгүй юм.

9. Нөгөө талаас Ашигт малтмал, газрын тосны газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болохынхоо хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг харин Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 “Төрийн захиргааны байгууллагын кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж заасан чиг үүргийнхээ хүрээнд шийдвэр гаргадаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нөхөх олговортойгоор цуцлах дээрх хуулиар эрх олгогдоогүй, хууль зүйн хувьд ч биелэгдэх боломжгүй юм.

10. Иймд, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 179 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 47 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            11. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            12. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 201 дүгээр шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших “Б у” нэртэй газарт 4547.26 га талбайд ашигт малтмал хайх эрхийн .....Х дугаар тусгай зөвшөөрлийг анх “М М” ХХК-д олгож, мөн даргын 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 228 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг  “Б А И” ХХК-нд шилжүүлснийг бүртгэжээ.

            13. Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухай хууль баталж, уг хууль батлагдсантай холбогдуулан “... тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох харилцааг зохицуулах” зорилгоор “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталжээ.

            14. Анх “М М” ХХК-д .....Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон “Б у” нэртэй 4547.26 га талбай нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт, “ойн сан бүхий” газарт байршилтай, үүний улмаас дээрх хуулийн үйлчлэлд хамаарагдаж, тусгай зөвшөөрөлтэй талбайд нэхэмжлэгч “Б А И” ХХК хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон үйл баримттай талууд маргаагүй байна.

            15. Нэхэмжлэгч “Б А И” ХХК-иас гаргасан “... “Б у” .....Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг нөхөх олговортойгоор цуцлахгүй байгаа үндэслэл нь хууль бус болохыг тогтоож, ”Б А И” ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч, ”Б у” .....Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу нөхөх олговортойгоор цуцлах шийдвэрийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            16. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 4.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд хүсэлтдээ /уг журмын 4.1.1-д заасан 8 төрлийн баримтуудыг хавсаргах/”-аар, 4.2-т “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх”-ээр, 4.4-т “санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 4.2-т заасан тодорхойлолтыг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан хянаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг баталгаажуулах”-аар, 4.8-д “санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нөхөх олговрыг улсын төсвөөс тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэг удаа бүрэн олгох”-оор тус тус заасан, түүнчлэн, мөн журмын 5.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар тусгайлан зохицуулжээ.

            17. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай (2009) хууль болон “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам” (2010) батлагдах үед уг тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан “М М” ХХК нь журмын дагуу олгогдох нөхөн олговортой холбоотой асуудлаар маргаагүй, “М М” ХХК болон уг тусгай зөвшөөрлийг 2012 онд шилжүүлэн авсан нэхэмжлэгч “Б А И” ХХК-иас дээрх журмын 4.1-д зааснаар холбогдох баримтуудыг хавсаргасан хүсэлтийг  геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргаж байгаагүй, улмаар  санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг баталгаажуулаагүй болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид уг үйл баримтуудтай маргаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “... хайгуулын ... талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн ... /бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах/”-аар заасан байх тул хариуцагч Ашигт малтмал газрын тосны газар “хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж буруутгах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            18. Давж заалдах шатны шүүхээс “... нэхэмжлэгч “Б А И” ХХК-иас төрийн захиргааны байгууллагад хандаж байсан эсэх нь тодорхойгүй, ... нэхэмжлэгчээс дээрх журамд заасан шаардлагыг хангасан нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж байсан эсэх, нөхөх олговрын тооцоонд хамаарах зардлын төрлүүдийг нотолсон дээрх журмын 4.1-д заасан баримтуудыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу” гэх үндэслэлгүй дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тусгай зөвшөөрөл, эзэмшигчид олгох нөхөх олговрыг авах тухай хүсэлтийг тус журмаар тогтоосон хугацаанд, хавсралтаар баталсан маягтын хүрээнд дэлгэрэнгүй нарийвчилсан байдлаар нөхөх олговрын тооцоонд хамаарах зардлын төрлүүдийг тусгаж тус компани тухайн үеийн Ашигт малтмалын газарт /хуучин нэрээр/ огт гаргаж өгөөгүй бөгөөд одоог хүртэлх хугацаанд мөн ямар нэгэн байдлаар гаргаж өгөөгүй, энэ ч үүднээсээ ... нөхөх олговор авах зардлуудыг тооцож төрийн захиргааны байгууллага санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ... тодорхойлолт хүргүүлэх ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй нь ... /нотлох баримтаар тогтоогдсон/ байхад ... давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн” гэх гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

            19. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох”-оор, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”-оор тус тус заасан, тухайн тохиолдолд, нэхэмжлэгчээс нөхөн олговор авах тухай хүсэлтээ, холбогдох баримтуудын хамт, хууль болон журмаар тогтоосон хугацаанд эрх бүхий этгээдэд гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул “... нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн аваагүй” гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “... нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн ... /бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах/”-аар заасан, тусгай зөвшөөрөл эзэмшигч дээрх байдлаар нөхөх олговор авах болон тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байхад, “тусгай зөвшөөрлийг  цуцлахгүй байгаа” хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй, аливаа тусгай зөвшөөрлийг “нөхөх олговортойгоор цуцлах” эрхийг хариуцагч төрийн захиргааны байгууллагад хуулиар олгоогүй байх тул “... нөхөх олговортойгоор цуцлах шийдвэрийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            20. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0179 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                             ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА