Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 047

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Б*******” ХХК

Хариуцагч: АМГТГ т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу манай компанийн гаргасан үйл ажиллагаа үргэлжлүүлэх хүсэлтийг зөвшөөрөх эсхүл зөвшөөрөхгүйгээр “БУ” *****X дугаар тусгай зөвшөөрлийг цуцлах шийвэрийн аль нэгийг гаргах замаар хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу хууль бус болохыг тогтоолгох, “БУ” *****X дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулахыг “Б*******” ХХК-д хуулийн дагуу зөвшөөрөх эсхүл “БУ” *****X дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг холбогдох хуульд заасан журмын дагуу цуцлах шийдвэрийн аль нэгийг зохих ёсоор гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2012 онд “Б*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “БУ” нэртэй газарт орших 4547,26 га талбайд ашигт малтмалын хайгуулын ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн *****X дугаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хайгуулын ажлын зардалд ойролцоогоор 2 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд жил бүр төлсөөр ирсэн. 

2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаж, уг хуулийн үйлчлэлд хамаарах талбайн хил заагийг тодорхойлсон Засгийн газрын тогтоолууд 2011, 2012, 2015 онуудад гарснаас хойш “БУ” *****X дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дахь үйл ажиллагаа зогссон. 

Бид хайгуулын ажлын талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг Ашигт малтмалын газарт /хуучин нэрээр/ болон Уул уурхайн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газарт удаа дараа хандаж байсан боловч бидэнд одоо хүртэл тодорхой хариу өгөөгүй. 

Бидний хувьд “БУ” *****X дугаар тусгай зөвшөөрлийн талбайг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарсан талбайгаас хасуулах эсхүл манай тусгай зөвшөөрлийн талбайтай ижил төстэй, ижил шинж чанар, нөөцтэй хайгуулын тусгай зөвшөөрлөөр солих арга замын аль нэгээр өөрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа ба энэ тухайгаа холбогдох төрийн байгууллагуудад маш тодорхой илэрхийлж байсан.

Практик дээр зарим нэг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүсэлтийн дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон талбайн хил заагийг тогтоосон Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, тэдэнд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжийг олгосон тохиолдлууд байна. 

Ийм учраас бид өнөөдрийг хүртэл хугацаанд төрийн холбогдох байгууллагуудад “үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах” хүсэлтийг удаа дараа гаргаж, нааштайгаар шийдвэрлэхийг хүлээсэн боловч ямар нэгэн тодорхой хариу авсангүй. Хэрэв манай хүсэлтийг зөвшөөрч шийдвэрлэх боломжгүй бол “БУ” *****X дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах боломжтой боловч энэ шийдвэрийг ч мөн гаргахгүйгээр өнөөдрийг хүрлээ. 

Манай компанийн “БУ” *****X дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл одоог хүртэл хүчинтэй байгаа бөгөөд АМГТГ  нь хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр хүлээн авч, баталгаажуулалт хийдэг ба хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг төлөв” гэсэн баталгаажуулалт хийсэн. Мөн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 143 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан болно. 

Ийнхүү манай хүсэлтийг хүлээн авсан АМГТГ  ямар нэгэн байдлаар шийдвэр гаргахгүй удааширч байгаагийн улмаас бид компанийнхаа үйл ажиллагааг явуулж чадахгүй алдагдалд орох, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалтаа буцааж нөхөн авч чадахгүй байх, гадаадын хөрөнгө оруулагч нарынхаа итгэлийг алдаж компанийн үнэ цэнэ буурах зэргээр бидний хууль ёсны эрх, ашиг сонирхол хохирсоор байна. 

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-д заасан хил заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж заасны дагуу манай компани нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг АМГТГ т хандаж, уг хуульд заасан 3 сарын дотор, тодруулбал, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15/13 тоот албан бичгээр гаргасан. 

Түүнээс хойш энэ хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний хэлтэст хандаж 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 15/23 тоот албан бичгээр, Уул уурхайн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16/8 болон 16/9 тоот албан бичгүүдээр, Монгол Улсын Ерөнхий сайд У.Х болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.З-т хандаж 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичгээр, АМГТГ т хандаж 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2 тоот албан бичгүүдээр дахин давтан гаргаж байсан боловч ямар нэгэн албан ёсны хариу аваагүй. 

Хариуцагч АМГТГ  нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх бидний хүсэлтийг хуулийн дагуу зөвшөөрөх эсхүл эс зөвшөөрч хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах талаар тодорхой шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь дээр дурдсан хуулийн заалтыг зөрчиж байна. 

Бид энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт хүртэл хандсан бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ХЭГ/1041 тоот албан бичгээр “манай хүсэлтийг судалж, холбогдох арга хэмжээ авах”-ыг АМГТГ т үүрэг болгосон боловч түүнийг биелүүлээгүй. 

Ийм учраас манай компани 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 7 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан бөгөөд “...хүсэлтээ Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй...” гэж хариу ирүүлсэн байна. Уг хариу нь хууль зүйн үндэслэлгүй учир бид шүүхэд хандаж байна. 

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад хандана” гэж заасан нь ямар нэгэн захиргааны акт гарч, түүнийг бидэнд зохих ёсоор мэдэгдсэнээс хойш гомдол гаргах эрхийг хэрэгжүүлэх хугацааг тоолоход хэрэглэгдэнэ. Гэтэл хариуцагч АМГТГ  нь бидний хүсэлтэд ямар нэгэн хариу өгсөн захиргааны акт гаргаагүй, бидэнд зохих ёсоор мэдэгдээгүй байхад энэ хуульд заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Харин бид хүсэлтээ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд гаргасан бөгөөд уг хүсэлтээ шийдвэрлүүлэхээр төрийн холбогдох байгууллагуудад гаргах, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох ажилтнуудтай уулзах, Засгийн газарт хандах зэргээр тасралтгүй явж байна. Гэтэл бидний хүсэлтийг ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ХЭГ/1041 тоот албан бичгээр өгсөн “…хүсэлтийг судалж, холбогдох арга хэмжээ авч” шийдвэрлэх үүргийг биелүүлээгүй мөртлөө гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж байгаа нь хууль зөрчиж байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ээс шүүхэд бичгээр ирүүлсэн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа: ““Б*******” ХХК-ийн “БУ” *****X дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг нөхөх олговортойгоор цуцлахгүй байгаа үндэслэл нь хууль бус болохыг тогтоож, “Б*******” ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч, “БУ” *****X дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу нөхөх олговортойгоор цуцлах шийдвэрийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах” гэжээ. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших “БУ” нэртэй 4547,26 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын *****X тоот тусгай зөвшөөрлийг анх Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 201 дүгээр шийдвэрээр “М*******” ХХК-д олгосон байна. 

“М*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 014753X тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдөл гаргасныг ТR-008187 дугаарт бүртгэж хянаад Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 228 дугаар шийдвэрээр “Б*******” ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэл хийсэн байна. Энэхүү шийдвэрийг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 6-1944 тоот албан бичгээр “Б*******” ХХК-д хүргүүлж мэдэгдсэн байна. 

2009 онд Улсын Их Хурлаас баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн бөгөөд дээр солбицлуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд тус компанийн тусгай зөвшөөрлийн талбай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байсан. 

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-д заасны дагуу төрөөс тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговор авах тухай хүсэлтийг тус журмаар тогтоосон хугацаанд тус компани Ашигт малтмалын газарт /хуучин нэрээр/ гаргаагүй байна. 

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын дагуу 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө ирүүлэх тухай зарыг өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн. Нөхөх олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй бөгөөд улмаар Ашигт малтмалын газарт ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт “… хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй...” болохыг дурдсан байна. 

Улсын Их Хурлаас 2015 оны 02 дугаар сард Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан бөгөөд улмаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах, мөн Засгийн газрын 2011 оны 174, 2014 оны 194 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хил заагийн солбицолд өөрчлөлт оруулсан. 

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-д заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж заасан хугацаанд мөн дээрх өргөдлийг тус компани нь Ашигт малтмалын газарт /хуучин нэрээр/ гаргаагүй байна. 

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас “Б*******” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг уламжилсны дагуу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох газрын хилийн заагийг Засгийн газар тогтоохоор хуульд заасан тул ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг энэ хуулийн хилийн заагаас гаргах асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж Засгийн газраар шийдвэрлүүлэх боломжтой тухай саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/4269 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн. 

Мөн тус компаниас манай газарт ирүүлсэн дээрх хүсэлтэд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдахаас өмнө хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан тохиолдолд Усны тухай, Ойн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж хуульчилсан тул холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/5641 тоот албан бичгээр тус компанид хүргүүлсэн байна. 

Өөрөөр хэлбэл, АМГТГ  нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болохын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажилладаг бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын нэгж болох Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “…Төрийн захиргааны байгууллагын Кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ...” гэж заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг тул нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан хуулиар эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргах боломжгүй юм. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б*******” ХХК нь анх тус шүүхэд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу манай компанийн гаргасан “үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлт”-ийг зөвшөөрөх эсхүл зөвшөөрөхгүйгээр “БУ” *****X дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийн аль нэгийг гаргах замаар хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу хууль бус болохыг тогтоолгох, мөн “БУ” *****X дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахыг “Б*******” ХХК-д хуулийн дагуу зөвшөөрөх эсхүл “БУ” *****X дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг холбогдох хуульд заасан журмын дагуу цуцлах шийдвэрийн аль нэгийг зохих ёсоор гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу даалгах”–ыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад “Б*******” ХХК-ийн “БУ” *****X дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг нөхөх олговортойгоор цуцлахгүй байгаа үндэслэл нь хууль бус болохыг тогтоож, “Б*******” ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч, “БУ” *****X дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу нөхөх олговортойгоор цуцлах шийдвэрийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардагаа тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анх Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших “БУ” нэртэй 4547.26 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын *****X тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 201 дүгээр шийдвэрээр “М*******” ХХК-д олгосон байна.

Улмаар Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 228 дугаар шийдвэрээр “М*******”        ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын *****X тоот тусгай зөвшөөрлийг “Б*******” ХХК-д шилжүүлжээ.  

2009 онд Улсын Их Хурлаас батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн бөгөөд дээрх солбицлуудыг бүртгэсний дараа тус компанийн тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай болох нь тогтоогдсон байх бөгөөд талууд энэ тал дээр маргаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан үндэслэлдээ “...үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг зөвшөөрөх боломжгүй, хуулиар хориглосон талбайн хилийн заагаас гаргах асуудлыг АМГТГ  шийдвэрлэх боломжгүй гэх хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгчийн зүгээс маргахгүй” гэснийг дурдах нь зүйтэй байна. 

Харин хариуцагч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрөх боломжгүй бол хайгуулын тусгай зөвшөөрлийг нөхөх олговортойгоор цуцлах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй, хайгуулын тусгай зөвшөөрлийг нөхөх олговортойгоор цуцлах шийдвэр гаргахгүй байгаа үндэслэлээ “журамд заасан хугацаанд нөхөх олговор авах хүсэлтээ гаргаагүй” гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчаас шүүх хуралдаан дээр  “...АМГТГ  нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болохын хувьд Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажилладаг бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын нэгж болох Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ...” гэж заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг тул нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан, хуулиар эрх олгогдоогүй асуудлаар хариуцагч шийдвэр гаргах боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна.

 Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг зааж өгсөн хэдий ч аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг мөн хуулиар нарийвчлан зохицуулжээ. 

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “Хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилснаас бус тусгай зөвшөөрлийг нөхөн олговортойгоор цуцлах эрхийг төрийн захиргааны байгууллагад хуулиар олгоогүй байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно”, Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын Хавсралт 1-ээр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 4.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараах бичиг баримтыг хавсаргана. 4.1.1. жил бүрийн хайгуулын, эсхүл уулын ажлын тайлан, хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар аудит хийлгэсэн санхүүгийн жилийн тайлан, 4.1.2. энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан татвар, зардлыг нэр төрлөөр нь гаргаж холбогдох төрийн захиргааны байгууллагуудаар баталгаажуулсан нотлох баримт, 4.1.3. аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний хуулбар...”, 4.2-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ”, 4.4-т “Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 4.2-т заасан тодорхойлолтыг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан хянаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг баталгаажуулна, 4.6-д “...санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн хүсэлт гаргасан этгээдийн харилцах дансанд нөхөх олговрыг шилжүүлнэ” гэж заажээ.

Дээрхээс дүгнэвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговор авах хүсэлтийн дагуу уг хүсэлтэд хавсаргасан баримтуудыг Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, нөхөх олговрын хэмжээг баталгаажуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосны дараа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлээр төрийн захиргааны байгууллага уг тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй болох юм.  

Хэрэгт авагдсан баримтуудаас харвал, нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн “БУ” *****X дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч компани нөхөх олговор авах хүсэлтийг дээрх журамд заасны дагуу гаргах эрхтэй боловч хуулиар эрх олгогдоогүй асуудлаар буюу тусгай зөвшөөрлийг нөхөх олговортойгоор цуцалсан шийдвэр гаргахыг хариуцагчаас шаардах боломжгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн ““БУ” *****X дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг нөхөх олговортойгоор цуцлахгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, “Б*******” ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч, “БУ” *****X дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу нөхөх олговортойгоор цуцлах шийдвэрийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         О.ОЮУНГЭРЭЛ