Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01049

 

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01049

 

 

 

ШТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 181Ш2021/00992 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ШТ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч МТ ХХК-д холбогдох

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүссэн алданги 1 106 083 117,30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МТ ХХК нь манай компанитай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах, буцаан нийлүүлэх Т/0014 39/20, Т/0015 40/20, Т/24 41/20, Т/26 38/20 тоот гэрээнүүдийг 2020 оны 1 дүгээр сарын 16, 21, 23-ны өдрүүдэд байгуулан 2020 оны 1 дүгээр сард багтаан зээлээр авсан шатахууныг 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр буцаан өгөхөөр тохирсон. ШТ ХХК нь Т/0014 39/20 тоот гэрээний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 986 772 кг АИ-92 авто бензин, Т/0015 40/20 тоот гэрээний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 16-аас 18-ны өдрүүдэд 989 527 кг өвлийн дизель түлш, Т/24 41/20 тоот гэрээний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 658 536 кг АИ-92 автобензин, Т/26 38/20 тоот гэрээний дагуу 2020 оны 1 дүгээр сарын 27-оос 29-ний өдрүүдэд 962 533 кг өвлийн дизель түлш буюу 4 гэрээгээр нийт 3 577,46 тонн 8 354 502 208,49 төгрөгийн үнэ бүхий шатахууныг МТ ХХК-д шилжүүлэн өгсөн. 4 гэрээнд заасан хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр байсан боловч нэхэмжлэл гаргах өдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар хариуцагч талаас Т/0014 39/20 тоот гэрээний дагуу 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 174 339 кг, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 118 777 кг, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 81 152 кг, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 67 824 кг, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 12 117 кг, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 84 083 кг, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 25 944 кг буюу бүгд 564 236 кг АИ-92 автобензин, Т/0015 40/20 тоот гэрээний дагуу 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 246 164 кг, 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 227 050 кг, 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 488 739 кг буюу бүгд 961 953 кг өвлийн дизель түлш, Т/26 38/20 тоот гэрээний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 50 238 кг өвлийн дизель түлш буцаан шилжүүлсэн бол 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Т/24 41/20 тоот гэрээний дагуу буцаан шилжүүлсэн шатахуун байхгүй.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хариуцагч нь зээлээр авсан шатахууныг манайд бүрэн хэмжээгээр буцаан өгсөн ба талууд харилцан тооцоо нийлсэн акт үйлдэж, гэрээний үндсэн үүргийг дуусгавар болгосон байгаа. Бидний харилцан тохиролцож байгуулсан 4 гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т заасан тул хожим үүргийг бүрэн биелүүлсэн эсэхээс үл хамааран манай компани 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар тооцогдсон алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй. МТ ХХК-ийн хувьд цар тахлаас үүссэн нөхцөл байдлын улмаас зээлээр авсан шатахууныг борлуулах боломжгүй байсан бол манайд буцаагаад усаар нь өгөх боломжтой байсан, мөн талууд анхнаасаа бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүнээр харилцан шилжүүлэх гэрээг байгуулсан, цар тахлын улмаас шатахууны импортод хязгаарлалт тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ хариуцагч хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй явдалд Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн төрийн шийдвэр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй. Хэрэв давагдашгүй хүчин зүйлийн улмаас хариуцагч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нь үнэн бол энэ тухай манайд ажлын 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэх ёстой байсан. Иймд алданги төлөх үүргээс чөлөөлөгдөх учиргүй.

Тооцогдсон алдангийн тухайд Т/0014 39/20 тоот гэрээний дагуу 208 943 537,18 төгрөг, Т/0015 40/20 тоот гэрээний дагуу 283 171 484,88 төгрөг, Т/24 41/20 тоот гэрээний дагуу 199 249 353,85 төгрөг, Т/26 38/20 тоот гэрээний дагуу 414 718 741,40 төгрөг буюу бүгд 1 106 083 117,30 төгрөг гарсан байгаа. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан шаардлагаа тооцогдсон алданги 1 106 083 117,30 төгрөг гаргуулах гэж багасгаж байна. МТ ХХК нь шатахуун нийлүүлэх тухайн үеийн зээлдүүлэгч талын шатахууны бөөний нэгж үнийг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тооцоолохоор тохирсон гэрээний 6.3 дахь заалтын дагуу гэрээ байгуулах үедээ ч тэр, нэхэмжлэгчийг алданги тооцсоны дараа ч тэр маргах эрх нь байсан. Ер нь шатахууны бөөний үнэ зохигч компаниудын хувьд 5-7 төгрөгийн л зөрүүтэй болохоос өөр илүү зөрүү байхгүй учир гэрээний 6.3 дахь заалтыг талууд маргаангүйгээр тохирсон. Хариуцагчийн хувьд АИ-92 автобензиний хил үнэ 630 ам.доллар, дизель түлшний хил үнэ 646 ам.доллар байх үед манайхаас зээлээр шатахуун аваад АИ-92 автобензиний хил үнэ 202 ам.доллар, дизель түлшний хил үнэ 249 ам.доллар болж буурсан үед нь буцаан өгсөн. Үүнээс үзвэл хариуцагч нь хил үнийн зөрүүгээс маш их ашиг олсон болох нь илэрхий харагдаж байхад гэрээгээр тохирсон алданги төлөхгүй гэж өнөөдөр маргаж байгаа нь шударга бус юм. Иймд МТ ХХК-аас алданги 1 106 083 117,30 төгрөгийг гаргуулж манай компанид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ШТ ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах, буцаан нийлүүлэх Т/0014 39/20, Т/0015 40/20, Т/24 41/20, Т/26 38/20 тоот гэрээнүүдийг тус тус байгуулан хамтран ажилласан бөгөөд дээрх гэрээний дагуу авсан шатахууныг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар буцаан нийлүүлсэн болно. Талууд Т/0014 39/20 тоот гэрээний дагуу авч өгөлцсөн зүйлээ харилцан тооцоо нийлэхэд 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн актаар нэхэмжлэгч нь 9 380 кг АИ-92 автобензиний өглөгтэй, Т/0015 40/20 тоот гэрээний дагуу авч өгөлцсөн зүйлээ харилцан тооцоо нийлэхэд 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн актаар манайх 34 339 кг дизель түлшний өглөгтэй, Т/24 41/20 тоот гэрээний дагуу авч өгөлцсөн зүйлээ харилцан тооцоо нийлэхэд 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн актаар манайх 9 617 кг АИ-92 автобензиний өглөгтэй, Т/26 38/20 2020 тоот гэрээний дагуу авч өгөлцсөн зүйлээ харилцан тооцоо нийлэхэд 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн актаар нэхэмжлэгч нь 36 890 кг дизель түлшний өглөгтэй гарсан. Үүнээс үзвэл бид авсан шатахуунаа илүү хэмжээгээр буцаан өгсөн болох нь нотлогдоно.

4 гэрээний дагуу шатахуун авсан нь үнэн боловч яг ямар үнийн дүнг бүхий шатахуун авсан нь мэдэгдэхгүй, гэрээ болон тооцоо нийлсэн актад тэр талаар огт тусгагдаагүй байдаг. Шатахууныг усаар авч, усаар өгөх байсан тул хариуцагч шилжүүлсэн авсан нийт шатахууны үнийг мэдэхгүй. Хариуцагчийн хувьд Ковид-19 цар тахлын улмаас буюу давагдашгүй хүчин зүйл нөлөөлсний улмаас үүргээ гэрээнд заасан хугацаа хожимдуулж гүйцэтгэсэн нь үнэн. Шатахууны импорт тасалдаагүй ч ОХУ-аас хийсэн захиалга нь захиалсан хэмжээндээ хүрэхгүйгээр ирсэн тул уг шатахууныг нэхэмжлэгчид шилжүүлбэл шатахууны хомстол үүсэх эрсдэл байсан болохоор өгч чадаагүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон бол ажлын 3 хоногийн дотор нөгөө талдаа мэдэгдэхээр гэрээнд заасны дагуу бид нэхэмжлэгч компанийн удирдлагуудад утсаар болон хурал цуглаанд таарах үедээ биечлэн амаар мэдэгдэж байсан. Бичгээр мэдэгдээгүй нь үнэн. Бидний зүгээс тооцоо нийлье гэж удаа дараа хэлсэн боловч тооцоо нийлдэггүй байсан. Хэрэв алданги тооцох байсан бол 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлсэн өдрөөс хойш тооцож шаардах байсан. Бидний хувьд Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр олгосон Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн 02/344 тоот гэрчилгээгээр нотлохоос өөрөөр юугаар нотлох ёстой гэж үзээд байгааг ойлгохгүй байна. ШТ ХХК-ийн шатахууны бөөний үнийг эднийхээс өөр хэн ч мэдэхгүй. Манай бөөний үнэ 7 хоног бүр өөрчлөгддөг. Өмнөх шүүх хуралдаанаас өмнө л бөөний үнэ ийм байдаг гээд үнэ гаргаад ирсэн. Хаанаас гаргасан үнэ болохыг мэдэхгүй. Бидний хувьд 2020 оны 6 дугаар сард тооцоо нийлэхдээ зөвхөн усаар л тооцоо нийлсэн болохоос мөнгөөр дүн гаргаагүй. Иймд алданги шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан МТ ХХК-аас алданги 986 017 385,96 төгрөгийг гаргуулан ШТ ХХК-д олгож, ШТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 120 065 731,34 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.259 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 863 110 төгрөгөөс 28 863 107,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 2.5 төгрөгийг, хариуцагчаас 5 088 036,93 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талууд газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах, буцаан нийлүүлэх гэрээний 2.5-д "...2020 оны 3 дугаар сарын 02-ны дотор харилцан хүлээн авсан шатахууныг тооцоо нийлж баримт үйлдэн автоцистернийн хэмжээнд хүрэхгүй зөрүүг зээлдүүлэгчийн бөөний үнээр тооцон нэхэмжлэн, нэхэмжлэх хүлээн авсан тал нь 5 хоногийн дотор төлнө..." гэж тохиролцсон. Өөрөөр хэлбэл, талууд харилцан хүлээн авсан шатахууны тооцоог нийлээд баримт үйлдэнэ, энэхүү нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш төлбөрийг төлөх буюу буцаан шилжүүлэх үүрэг үүсэх, энэ үүргээ зөрчсөн тохиолдолд алданги тооцох талаар гэрээнд заасан бөгөөд энэхүү баримтыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн магадлалаар тогтоосон боловч анхан шатны шүүхээс үнэлээгүй. Түүнчлэн, гэрээний 6.3-д энэхүү гэрээний 6.1 болон 6.2-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тооцохдоо шатахуун нийлүүлэх тухайн үеийн зээлдүүлэгч талын шатахууны бөөний нэгж үнийг үндэслэн нийт дүнг тооцоолно гэсэн байгаа боловч "Шунхлайтрейдинг" ХХК нь тухайн үеийн шатахууны бөөний үнээ манай компанид огт мэдэгдээгүй, бидний зүгээс мэдэх боломжгүй бөгөөд энэ талаар 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өгсөн тайлбартаа "бөөний үнийг хүн бүр шууд мэдэх боломжгүй энэнь компанийн нууц байдаг..." талаар хэлсэн. Мөн манай 2 компани харилцан өгсөн шатахууны тооцоо нийлсэн акт үйлдэхдээ шатахууны тоо хэмжээг тусгасанаас биш нэгж үнэ болон бөөний үнэ огт тусгаагүй байгаа нь алдангийг мөнгөн дүнгээр тодорхойлох боломжгүй болохыг харуулж байна. Мөн анхан шатны шүүхээс "Шунхлайтрейдинг" ХХК-ийн шатахууны бөөний үнийг "МТ" ХХК нь ижил үйл ажиллагаа явуулдгийн хувьд мэдэх ёстой мэтээр тайлбарлаж байгаа нь хуульд нийцээгүй байна. "Шунхлайтрейдинг" ХХК болон "МТ" ХХК-ийн шатахууны бөөний үнэ нь үйл ажиллагааны болон бусад зардлаас шалтгаалан харилцан адилгүй байдгаас бөөний үнийг мэдэх ямар ч боломжгүй юм. Дэлхий нийтэд дэгдээд буй Ковид-19 цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас улсын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн арга хэмжээ нь "МТ" ХХК-аас "Шунхлайтрейдинг" ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас тогтоосон боловч энэхүү үйл баримтыг огт үнэлэлгүй гэрээний хариуцлага тооцсон нь хууль зөрчсөн буюу хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчөөд байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт өгч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгч "Шунхлайтрейдинг" ХХК нь хариуцагч МТ ХХК холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний үнэд 5 741 031 512,92 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ 4 634 948 395,62 төгрөгөөр багасгаж, алданги 1 106 083 117,30 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Т/0014 39/20 тоот, Т/0015 40/20 тоот, 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Т/24 41/20 тоот, 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Т/26 38/20 тоот газрын тосны бүтээгдэхүүн бүтээгдэхүүн зээлээр авах, буцаан нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээнүүдээр 1000 (+/-10%) тонн АИ-92 автобензин, Т/0015 40/20 тоот гэрээгээр 1000 (+/-10%) тонн өвлийн дизель түлш, Т/24 41/20 тоот гэрээгээр 700 (+/-10%) тонн АИ-92 автобензин, Т/26 38/20 тоот гэрээгээр 1000 (+/-10%) тонн өвлийн дизель түлшийг тус тус 2020 оны 1 дүгээр сард багтаан хариуцагч компанид нийлүүлэх, хариуцагч нь нийлүүлсэн өдрөөс шатахууныг 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дотор хүлээн авсан тоо хэмжээний дагуу буцаан нийлүүлэх, хэрэв гэрээнд заасан хугацаанд бүрэн буцаан нийлүүлээгүй, эсхүл шатахууныг тогтоосон хугацаанд хүлээн авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг шатахуун нийлүүлэх тухайн үеийн нэхэмжлэгч компаний шатахууны бөөний нэгж үнийг үндэслэн тогтоосон үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. /хх-ийн 8-23 /

 

Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлэн өгсөн, гэрээний 2.5-д тооцоо нийлэх хугацааг тохиролцсон боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь газрын тосны бүтээгдэхүүний үнийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Газрын тосны бүтээгдэхүүн бүтээгдэхүүн зээлээр авах, буцаан нийлүүлэх гэрээний дагуу "Шунхлайтрейдинг" ХХК нь МТ ХХК2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 4 гэрээгээр нийт 1 645 258 кг АИ-92 автобензин, 1 952 060 кг өвлийн дизель түлшийг нийлүүлж, МТ ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 гэрээгээр нийт 1 645 021 кг АИ-92 автобензин, 1 954 611 кг өвлийн дизель түлшийг тус тус хэсэгчлэн буцаан шилжүүлсэн боловч хугацаа хэтрүүлсэн болох нь тооцоо нийлсэн баримт, зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хх-ийн 42-43, 62-63, 111-112, 2хх-ийн 64-66 /

 

Хариуцагч зээлээр худалдан авсан шатахууныг 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дотор шилжүүлэх үүргийг нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн байх бөгөөд гэрээний 5.1-д заасан үндэслэлээр давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаа тасалдаж гэрээгээр хүлээсэн 3 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн талаар хариуцагч нотолж чадаагүй байна. Хариуцагч талын хуульд заасан энэ эрхээ хэрэгжүүлээгүй явдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх гэрээний 6.1-6.3-т заасан алдангийн тохиролцоо, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсгийг үндэслэн алдангийн хэмжээг тодорхойлохдоо мөн хуулийн 232.8 дахь хэсгийн заалтыг хэрэглээгүй нь учир дутагдалтай болжээ.

 

Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэхээр талууд тохиролцоогүй, гэрээний 6.3-т хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг нэхэмжлэгчийн бөөний нэгж үнэ буюу нэг талын хүсэл зоригт үндэслэхээр тохиролцсон, ковид-19 цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол улсад хөл хорио тогтоосон зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг хэрэглэж, нэхэмжлэгчийн шаардсан алдангийн хэмжээг 50 хувиар бууруулан тооцож алдангид 493 008 692 төгрөг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч МТ ХХК-д холбогдох шаардлагыг шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйг залруулан Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт тус тус зааснаар гүйцэтгээгүй үүргийн алданги 493 008 692 төгрөгийг хариуцагч МТ ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 181Ш2021/00992 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч МТ ХХК-аас 493 008 692 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 613 074 425 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 5 088 036,93 гэснийг 2 622 994 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 5 088 037 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ