Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01050

 

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01050

 

 

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102Ш2021/00865 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч СКХХК-д холбогдох

Ажлын доголдол арилгахтай холбоотой гарсан зардал 19 515 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 22А /Энхжин хаус 13/ тоот хаягт байрлах барилгад барилгын өргөтгөл, засварын ажил хийлгэхээр болсон. Ингээд Бүгд Найрамдах Солонгос улсын хөрөнгө СКХХК, захирал Ким ён бүктэй 2018 оны 7 дугаар сарын сүүлээр танилаараа дамжуулан танилцан харилцан тохиролцсоны үндсэн дээр ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан. Ингээд гэрээгээр тохирсон барилгын ажлыг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хийлгэсэн ба бид төлбөр 224 539 000 төгрөгийг хариуцагчид дансаар болон бэлнээр шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай барилгын материал, тоног, төхөөрөмж болон ажилчдын хоолны зардал зэрэг барилгын ажлын хөлсөнд нийт 314 032 453 төгрөг зарцуулсан болно. Гэвч хариуцагч СКХХК нь гэрээгээр хүлээсэн барилгын ажлыг чанартай хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас барилга болон өргөтгөлийн ажлын 220 м.кв талбайд болон барилгын засвар, заслын 300 м.кв талбайд дараах доголдол, дутагдал үүссэн. Үүнд: Өргөтгөлийн ажлын 220 м.кв талбайн тухайд: барилгын бүх давхар болон шатнаас ус алдаж барилгын 3 давхраас 2 давхар руу, 2 давхраас 1 давхар руу, 1 давхраас машины гарааш руу ус гоожсон, үүдний довжоо, гарааш, 2 давхрын тагт зэргээс дотогшоо ус урсаж орж ирнэ. шинээр суурилуулсан цонх цан татах болон цас бороо орсон үед гаднаас ус урсаж орж ирэхийн зэрэгцээ цонхонд цууралт үүссэн, дулааны сан техникийн хоолой задарч, ус ихээр алдсан, барилгын 1, 2, 3 давхрын ариун цэврийн өрөө болон шүршүүрийн өрөөний сан техникийн хоолой зэвэрч, ус алддаг зэргээс шалтгаалан барилгын үндсэн бүтээц, чанарт илтэд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн, барилгын засвар болон дотор заслын ажлын 300 м.кв талбайн гол чанарын доголдлын тухайд: барилгын 1, 2, 3 давхрын болон өргөтгөлийн хэсгийн тааз болон цонхонд хийсэн модон интерьерийн ажлын чанарын гологдол буюу модон хийцэд ан цав гарсан, эвдэрсэн, унасан, барилгын 1 давхрын том өрөө болон 2 давхар руу гарах шатны ханын обой ус алдсаны улмаас хууларч унасан, барилгын 1, 2, 3 давхрын хана талын өнгөлгөөний эмульс нь хагарсан, унасан, барилгын 1, 2, 3 давхрын өргөтгөлийн хэсгийн цонхны амалгааны ажлыг дутуу гүйцэтгэсэн, 2, 3 дугаар давхрын модон дээврийн ажил чанаргүй муу хийгдсэний улмаас ан цав гарч унасан зэрэг болно. Дээрх байдлаар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн нь чанарын шаардлага хангахгүй байна. Манай компанийн хувьд барилгын ажлыг бүрэн хүлээн аваагүй учраас дээрх доголдлыг мэдэх буюу илрүүлэх боломжгүй байсан. Барилгын тухай хуульд заасан барилгын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд дээрх доголдлууд илэрсэн ба манай компаниас барилгын ажлын доголдлыг засаж сайжруулахыг 2018 оны 10 сараас хойш өнөөдрийг хүртэл удаа дараа хариуцагчаас шаардсан боловч хариуцагч СКХХК-ийн захирал Ким ён бок /KIM YONG BOK/ нь 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр манай компанийг дахин 100 000 000 төгрөг нэмж төлсөн тохиолдолд барилгын ажлын доголдлыг хийж гүйцэтгэх тухай хариуг гар утасны зурвас илгээх хэлбэрээр ирүүлсэн. Гэвч энэ нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7нийцэхгүй, үндэслэлгүй байна. Бид барилгын ажлын дээрх доголдол, дутагдлыг дахин засаж сайжруулан хэвийн байдалд оруулах зардлыг хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хөндлөнгийн байгууллагаар буюу Итгэлт эстимэйт ХХК-иар 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хийлгүүлэхэд ...барилгын ажлын доголдлыг бусдаар гүйцэтгүүлэх ажлын хөлс болон барилгын материалын зардалд нийт 18 515 700 төгрөг дахин зарцуулагдахаар байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Хохирлын үнэлгээний ажлын хөлсөнд 1 000 000 төгрөг төлсөн болно. Иймд гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 18 515 700 төгрөг, хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 1 000 000 төгрөг, нийт 19 515 700 төгрөгийг СКХХК-иас гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч СКХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нэхэмжлэгчтэй амаар болон бичгээр ямар ч гэрээ, тэр дундаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, гэрээний харилцаанд ороогүй. Хан-Уул дүүрэгт байрлалтай ямар ч орон сууцанд засвар үйлчилгээ хийгээгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал манай компаниар ажил гүйцэтгүүлсэн, төлбөр төлсөн талаарх ямар ч баримт гаргаж өгөөгүй, зөвхөн хөрөнгийн үнэлгээний баримтыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ биднээр гүйцэтгүүлсэн, хийлгэсэн гэх ажлын алдаа, доголдлыг дурьдсан байсан. Барилгын бүх давхар болон шатнаас ус алдаж, барилгын 3 давхраас 1 давхарт байрлах автомашины зогсоол руу ус гоожиж ордог, хонгил, гарааш, 2 давхрын тагт зэрэгт эсрэг талаас ус урсаж орж ирдэг, шинээр суурилуулсан цонх цана татах болон цас бороо орсон үед гаднаас ус урсаж орохоос гадна цонхонд цууралт үүссэн, дулааны сан техникийн хоолой задарч, ус ихээр алддаг, барилгын 1,2,3 давхрын ариун цэврийн өрөө болон шүршүүрийн өрөөний сан техникийн хоолой зэвэрч, ус алддаг зэргээс шалтгаалан барилгын үндсэн бүтээц, чанарт илтэд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн гэсэн. Гэтэл энэ нь сантехниктэй холбоотой асуудал гэж үзэж байгаа. Манайх ямар ч сантехникийн ажил хийдэггүй. Мөн гарааш 2 давхрын шат зэрэг нийт 10 гаруй ажлын чанарын байдлыг дурдсан байдаг. СКХХК-иар барилгын өргөтгөлийн ажлыг хийлгүүлсэн юм бол ямар талбайд, ямар ажил хийлгүүлсэн нь тодорхойгүй байна. СКХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээнээс нь харахад барилга угсралтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй компани байгаа юм. Нэхэмжлэгч талын дурдаад байгаа доголдлын 80-90 хувь нь сантехниктэй холбоотой асуудал харагдаж байна. Сантехникийн тусгай зөвшөөрөлтэй компани уг ажлыг хийх үүрэгтэй. Үүний дагуу Д.Оюунбилиг гэх хүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ хүн өөрөө сантехник угсралтын компанитай, Солонгос улсын иргэн Ким Ёон Бук гэх хүнээр дамжуулж, сантехникийн ажлыг хийсэн гэх гэрчийн мэдүүлэг өгдөг К ХХК бэлнээр болон дансаар 224 539 000 төгрөг шилжүүлсэн байна. Уг мөнгийг шилжүүлсэн гэх дансны хуулга нь байхгүй байна. Ажил гүйцэтгэхэд шаардагдах барилгын тоног, төхөөрөмж, ажилчдын хоолны зардал зэрэг барилгын ажлын хөлсөнд 314 032 453 төгрөгийг зарцуулсан гэх боловч баримт огт байдаггүй. К ХХК Монгол улсад хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг компани юм бол санхүүгийн тайландаа яагаад тусгаж, хэрэгт хавсаргаж өгөөгүй юм. Ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан талаар баримт байхгүй байна. Хэрэгт ямар нэгэн байдлаар СКХХК-ийг ажил хийж гүйцэтгэсэн талаар нотлох баримт хэрэгтэй. Ц.Отгонлхагва гэх хүний гэрчийн мэдүүлэгт захирлуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байх үед хамт байсан уу гэж асуухад байгаагүй гэдэг хариу өгсөн. Энэ хүн К ХХК-д ажил эрхэлдэг тул ашиг сонирхлын зөрчилтэй болж байна. Барилгын тухай хуульд зааснаар барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх гэж барилга байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн үндсэн бүтээц болон инженерийн шугам сүлжээг өөрчлөх, өргөтгөл, шинэчлэлт хийх үйл ажиллагааг хэлнэ гэж заасан. Тухайн барилга, байгууламжийг өргөтгөх ажлыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж хийх үйл ажиллагаа байгаа юм. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч СКХХК-аас 19 515 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СКХХК-аас 255 529 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь хариуцагчаар "Сэжүнконсол" ХХК-ийг татсан байдаг. Харин хариуцагч гэгдэх "Сэжүнконсол" XXК нь нэхэмжлэгчтэй амаар болон бичгийн аливаа нэгэн байдлаар "ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж байгаагүй ба ажил гүйцэтгэж байгаагуй тухай маргадаг. Хэрэгт нэхэмжлэлд дурдсан ажлыг хариуцагч "Сэжунконсол" ХХК хийж гүйцэтгэсэн гэх баримт авагдаагүй байхад шүүх СКХХК-иас худалдан авалт хийсний улмаас төлсөн НӨАТ-ын 70 000 000 төгрөгийн баримтыг үндэслэн нэхэмжпэлийг бүхэлд нь хангаж шийдсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...СКХХК-ийн захирал Ким Юүн Буг нь хувь иргэний хувьд нэхэмжлэлд дурдсан ажлын тодорхой хэсгийг хийн гүйцэтгэсэн" гэж тайлбар өгдөг ба үүнийг гэрч Д.Оюунбилэг гэрчилсэн байдаг. Мөн "СКХХК-ийг тэрхүү ажлыг хийж гүйцэтгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар гэрч Ц.Отгонлхагвын мэдүүлгээр няцаагддаг. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байсан. Хаанаас 314 032 453 төгрөг гэх тоо гарсан нь тодорхойгүй. Юуг үндэслэж 19 515 700 төгрөгийг төл гэж байгаа нь мөн тодорхойгүй. Гэтэл шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах ёстой байтал энэ зарчмыг зөрчсөн. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан доголдол дутагдал үүсээд байгаа ажлуудыг харахад /өргөтгөл барих, сантехникийн холболт хийх, дулааны холболт хийх гэх мэт/ энэ нь энгийн иргэн ч эсхүл аж ахуйн нэгж хийх ажил биш бөгөөд Барилгын тухай хуульд заасан барилгын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн хийж гүйцэтгэх ажил байдаг. Манай компанийн зүгээс нэгэнт эдгээр ажлыг хийх тусгай зөвшөөрөлгүй, тусгай мэргэжлийн ажиллах боловсон хүчин ч байхгуй тул эдгээр ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй нь тодорхой байснаас гадна манай компани энэ хэрэгт хариуцагч биш гэх байр суурийг илэрхийлэн, нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан. Нэгэнт хариуцагч биш тул бид тэрхүү ажлуудын чанар байдал болон мөнгөн дүнг нэхэмжлэгчийг нотлохыг шаардаагүй болно. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч СКХХК-д холбогдуулан ажлын доголдол арилгахтай холбоотой зардал 19 515 700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь СКХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагч нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороон, Зайсан гудамжны 22а тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийн өргөтгөлийн хэсэгт хийсэн ажлыг чанаргүй, доголдолтой хийснээс хохирол учирсан гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэхэд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 02/782 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн бичмэл баримтад ...Борлуулагч нэр: Сэжүнконсол, РД: 5115248, Үнийн дүн: 70 000 000, ...НӨАТ: 6 363 636 гэсэн мэдээлэл тусгагдсан /хх-ийн 142, 143/,

гэрч Ц.Отгонлхагвын ...би 2018 оны 7 дугаар сараас эхлэн тус СКХХК-д барилгын туслах ажилчнаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаанд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 22а, Энхжин хаус хотхонд өргөтгөл засварын ажил хийж байсан гэсэн мэдүүлэг /хх 151-153/, түүний 5749572787 дугаартай Хаан банкин дахь дансанд ...СКХХК-ийн захирал Ким Юүн Бугийн дансаас мөнгө шилжүүлж байсан дансны хуулга /хх-ийн 132, 162-180 хуудас/,

гэрч Д.Оюунбилэгийн ...Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Энхжин хаус хотхонд байрлах 22а байрны 14 тоотод өргөтгөл, засварын ажил хийсэн, ...Ким захирал намайг таньдаг байсан учраас сантехникийн ажил хийж өгөөч гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 196 / зэргээс үзэхэд хариуцагч талын ...нэхэмжлэгч К ХХК-тай ямар нэг гэрээний харилцаанд ороогүй гэсэн тайлбар няцаагдаж хариуцагчаар ажил гүйцэтгүүлсэн гэх нэхэмжлэгч талын тайлбар нотлогдсон гэж үзэхээр байна.

 

Хариуцагч тал дээрх нотлох баримтуудыг үгүйсгэж, няцаасан баримт гаргаагүй байгааг дээрх гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, бичмэл нотлох баримт зэргийг харьцуулж үзээд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн гэж үзлээ.

 

Талуудын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний үр дүн нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 22А /Энхжин хаус 13/ тоот хаягт байрлах барилгын өргөтгөл, засварын ажил доголдолтой байсан бөгөөд Итгэлт эстимэйт ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №12/08 тоот Хөрөнгө үнэлгээний тайлан-гаар уг доголдлыг арилгах зардлын үнэлгээг 18 515 700 төгрөг болохыг үнэлгээний тайланд тусгагдсан, үнэлгээний ажлын хөлс 1 000 000 төгрөг төлөгдсөн баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 16-31 хуудас/

 

Хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ким ён бүк /Kim Yong Bok/ бөгөөд уг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд барилгын засвар хийх үйл ажиллагаа эрхэлдэг, 1 гишүүнтэй талаар тусгагдсан байна. /хх-ийн 34/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...СКХХК-ийн захирал Ким ён бүк нь хувиараа К ХХК-ийн захиралтай тохиролцсон, тодорхой хэсэг ажил хийж гүйцэтгэсэн, иргэний хувьд эрх зүйн харилцаанд оролцсон... гэсэн тайлбарыг гаргасан ба давж заалдах гомдолд ч энэ талаар дурдсан нь дээрх баримтаар няцаагдсан байна. /хх-ийн 195, 2хх-ийн 13/

 

Нэхэмжлэгч тал доголдлыг арилгах зардлаа нотлох зорилгоор гаргаж өгсөн Итгэлт эстимэйт ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №12/08 тоот хөрөнгө үнэлгээний тайланд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамжны 22а тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай барилга, барилгын өргөтгөлийн хэсэгт үүссэн материаллаг хохирлыг арилгах зардлын хэмжээг 18 515 700 төгрөгөөр тогтоосон ба хариуцагч тал уг баримтыг үнэлэгдэх боломжгүй гэсэн тайлбар гаргасан боловч шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна. /хх-ийн 194/

 

Иймд анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээнд тусгагдсан 18 515 700 төгрөг, үнэлгээ хийлгэхэд зарцуулсан 1 000 000 төгрөг, нийт 19 515 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 350 дугаар зүйлийн 350.1.7 нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102Ш2021/00865 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ