Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2016/01366

 

Дашваанжил ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан  даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04663 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1683 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : Дашваанжил ХХК,

Хариуцагч : Дэл оюу дөл ХХК,

Үндсэн нэхэмжлэл : 17.160.000 төгрөг гаргуулах үндсэн,

Сөрөг нэхэмжлэл : 2015.8.31-ний гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд : Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани автомашин хийгээр цэнэглэх станцын цахилгааныг Дэл оюу дөл ХХК-ийнт дэд станцаас хангуулахаар тохиролцон 2015.7.31-ний өдөр 11 сая төгрөг бэлнээр өгсөн боловч гэрээ цуцлагдсан.  Дэл оюу дөл ХХК нь авсан 11 сая төгрөгөө  өгөх боломжгүй байсан тул 2015.10.01-ний дотор сарын 9 хувийн хүүгийн хамт эргүүлэн төлөхөөр тохиролцож 2015.8.24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний 4-т заасны дагуу бид 2015.9.10-ны өдөр акт үйлдэн цахилгааны эх үүсвэрээ салгасан. Гэтэл Дэл оюу дөл ХХК нь өнөөдрийг хүртэл 11 сая төгрөгийг буцааж өгөөгүй. Иймд үндсэн зээл 11 сая төгрөг, 9 хувийн хүү 660.000 төгрөг /1 хоногийн хүү 33.000 төгрөг х 20хоног/, 150 хоногийн алданги 5.500.000 төгрөг, нийт 17.160.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бид нэхэмжлэгч компанитай 2015.8.24-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан нь үнэн боловч энэ нэхэмжлээд буй мөнгийг манай тал уг гэрээний дагуу огт аваагүй. Иргэний хуулийн 282.4-т мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцно гэж маш тодорхой заасан. Мөнгө аваагүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй, иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 281, 282, 283 дугаар зүйлд гэрээний шаардлагыг тодорхой заасан байдаг бөгөөд мөн хуулийн 282.4, нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт авагдсан нотлох баримт болох орлого зарлагын баримтаас харахад гэрээ хуулийн шаардлага хангагдахгүй байна. Мөн байгуулсан гэх зээлийн гэрээний хууль зүйн үндэслэлийг харахаар зээлийн гэрээ байгуулж байгаа атал Эрчим хүчний тухай хуулийг үндэслэн байгуулсан нь тус гэрээ болон гэрээнээс үүссэн хүү, алданги зэргийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй болох нь тодорхой харагдаж байгаа юм. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн, мөн хуулийн 56.1.3-т зааснаар 2015.7.31-ний өдөр хийсэн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ тул Дашваанжил ХХК болон Дэл оюу дөл ХХК-ийн хооронд 2015.8.24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед Дэл оюу дөл ХХК-ийн захирлын хүсэлтээр мөнгийг зээлж тус дэм болж байсан. Гэтэл хариуцагч тал ийм байдал гаргаж байгаад нь гомдолтой байна. Хуульд зээлийн гэрээг зээлийн гэрээнд хүү тооцох бол гэрээг бичгээр байгуулна гэж заасан шаардлагын дагуу 2016.9.24-ний өдөр зээлийн гэрээг бичгээр хийсэн байгаа. Өмнө нь шилжүүлсэн 11 сая төгрөгийг үндэслэж хийгдсэн гэрээ юм. Хариуцагч тал өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурж тамга дарсан, тэд ямар нэг байдлаар төөрөгдөөгүй, өөр гэрээг халхавчлаагүй, насанд хүрсэн хүмүүс юун дээр гарын үсгээ зурснаа мэдэж байгаа. Тэгээд ч хариуцагч тал гэрээг байгуулахад гадны нөлөө ороогүй, хэн нэгэн дарамтлаагүй гэдгийг шүүх хуралдаан дээр хэллээ. Иймд гэрээ хүчин төгөлдөр юм. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04663 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Дэл оюу дөл ХХК-иас 17.160.000 төгрөг гаргуулан Дашваанжил ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй 2015.8.24-ний өдрийн  гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай Дэл оюу дөл ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн  243.750 төгрөг, хариуцагчаас төлсөн 190.951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 243.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 ооны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1683 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04663 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч тал 2015.7.31-ний өдөр хариуцагчид 11 сая төгрөг өгсөн бөгөөд дэд станцыг хамтран эзэмшихээр тохиролцсон дүн дээр зээлийн гэрээг нэхэмжлэгч талтай 2015.8.24-ний өдөр байгуулсан. №15/107 дугаартай зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй тул Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээг байгуулсанд тооцохгүй. Иргэний хуулийн 56.1.1 "хууль зөрчсөн..." нь анхнаасаа гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн  282.4 дэх заалтыг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Гэрээний талууд 2015.7.31-ний өдрийн дэд станцыг хамтран эзэмших аман гэрээг халхавчлах зорилгоор тус зээлийн гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56.1.3-т зааснаар зээлийн гэрээг анхнаасаа цахилгаан эрчим хүчээр хангахаар харилцан тохиролцож хийсэн халхавч хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Дашваанжил ХХК нь Дэл оюу дөл ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11 сая төгрөг, хүү 660.000 төгрөг, алданги 5.500.000 төгрөг нийт 17.160.000 гаргуулахыг хүссэн байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дашваанжил ХХК нь цахилгаанаар хангуулах зорилгоор 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Дэл оюу дөл ХХК–д 11 сая төгрөг өгсөн боловч гэрээ цуцлагдсан, хариуцагч  авсан 11 сая төгрөгийг буцааж өгөх үүргээ биелүүлээгүй тул зохигчид харилцан тохиролцож уг мөнгийг тодорхой хугацаанд зээлүүлэхээр 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй байна.

2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний дагуу авсан 11 сая төгрөгийг буцааж өгөх үүргийг талууд зээл болгож солихоор тохиролцсон нь тогтоогдсон, нэхэмжлэлийн талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 281 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээний 4, 5 дахь заалтад зээлийг хүүтэй олгох, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон тул хариуцагчаас үндсэн зээлийг хүү, алдангийн хамт гаргуулсан нь Иргэний хуулийн 232, 282 дугаар зүйлд нийцжээ.

Дашваанжил ХХК, Дэл оюу дөл ХХК-ийн хооронд  2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хучин төгөлдөр бусад тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн  гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04663 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1683 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 113.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                                              Б.УНДРАХ