Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0166

 

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0166

Улаанбаатар хот

А.М, И.А, А.Г нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, А.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1065 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.М, И.А, А.Г нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1065 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан А.М, И.А, А.Г нарын нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргаснаар нэхэмжлэгч А.М, И.А, А.Г болон гуравдагч этгээд Г.Ж-ийн өмчлөлийн газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахыг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1065 дугаартай шийдвэрийг гаргахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчиж, хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх нягтлан үзээгүй, шүүх шууд нотлогдоогүй үйл баримтыг хийсвэрлэн дүгнэсэн, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд хамааралгүй асуудлыг хэрэг шийдвэрлэхэд үндэслэл болгосон, шийдвэрийн үндэслэх хэсгийн зарим дүгнэлт хоорондоо зөрчилтэй болсны дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдаа гаргасан гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэн А.М нь Г.Ж-тай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Эрх шилжүүлэх хүсэлт гаргаснаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамжаар А.М-аас Г.Ж-д 700 мкв газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч А.М Эрх шилжүүлэх гэрээ болон Засаг даргын 2011 оны 553 дугаар захирамжид гомдол гаргаагүй учир хүчин төгөлдөр байна.

Дээрх гэрээ, захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжаар иргэн Г.Ж-д Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 700 мкв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

А.М дээрх асуудал болон нэгж талбарын асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй учир гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүйн дээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар гаргасан хүсэлт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/84 тоот албан бичгээр иргэн И.А-т, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11/411 тоот албан бичгээр иргэн А.Г-д, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11/564 дүгээр албан бичгээр иргэн А.М-т маргаан бүхий газрын эзэмшил, өмчлөлийн газрын хил хязгаарын талаар хариуг өгчээ.

Харин 2016 оноос өмнө иргэн И.А, А.М, А.Г нар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргаагүй байна. Иймд захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр А.М гуравдагч этгээд Г.Ж нарын хооронд 2011 онд газар эзэмших эрх шилжүүлснээс хойш эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл 3 жилийн хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан.

Нэхэмжлэгч нар 2016 оны 2 сард буюу 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан хөөн хэлэлцэх хугацааны талаар гуравдагч этгээд тайлбар гаргаж, мэтгэлцсэн хэдий ч шүүх уг асуудалд эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан болно.

Иймд шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүх шууд нотлогдоогүй үйл баримтыг хийсвэрлэн дүгнэсэн, талуудын маргааны утга агуулгыг зөв ойлгоогүй.

Шүүх Баянзүрх дүүргийн газрын алба А.М-ын хүсэлт гаргасан зургийн дагуу нэгж талбарын хил хязгаарыг мэдээллийн санд оруулан бүртгэж өнөөдрийн байдлаар ямар нэгэн өөрчлөлт ороогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа Т ХХК-аар хийлгэж газрын албанд хүргүүлсэн нэгж талбарын зурагт Г.Ж-д худалдсан гэх газар дээрх байшин нь бодит байдал дээр зөрүүтэй мэдээллийн санд бүртгэгдсэн болох нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна гэж дүгнэсэн нь утга агуулгын хувьд хоорондоо огт хамааралгүй асуудлыг хамаатуулсан байна.

Учир нь талууд байшингийн суурь хаана байршсан талаар маргаагүй, газрын нэгж талбарын талаар маргасан. Гэтэл шүүх нэгж талбарт өөрчлөлт ороогүйг тогтоосон нөхцөлд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл нь болж байна. Гэтэл шүүх байшингийн суурийн байршил хил хязгаарт хамаатай юм шиг дүгнэлт хийснээрээ шүүгч өөрөө маргааны үйл баримтыг ойлгоогүйтэй холбон үзэхээр байна.

Маргаан бүхий газарт үзлэг хийлгэх хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд үзлэгийн товыг зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, түүний өмгөөлөгч А.М нарт мэдэгдэж, үзлэгт оршин суух албан ёсны хаяг, овог, нэр нь тодорхойгүй хоёр иргэнийг байлцуулсан байдлаар бичигдсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтыг зөрчжээ.

Шүүхийн үзлэгийн тэмдэглэлд гуравдагч этгээдийн хашааг газар эзэмшигч, өмчлөгч биш этгээд болох А.М-ын газар руу түрж орсон байдалтай байна гэж тусгасан нь мөн л маргааны үйл баримт нь хэнд хамааралтай газарт үзлэг хийж байгаа нь ойлгомжгүй болжээ.

Үзлэгийг ямар багаж хэрэгслээр хэрхэн хийсэн нь тодорхойгүй, үзлэгийн тэмдэглэл шүүгчийн гарын үсгээр баталгаажаагүй байна.

Газар эзэмших эрх шилжүүлэн авснаас хойш кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн зурагт өөрчлөлт ороогүй боловч бүртгэгдсэн зураг бодит байдалтайгаа таарахгүй байгаа нь он оны сансрын зурагнаас харагдаж байна гэж шүүх мэргэжлийн бус дүгнэлт хийжээ.

Энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байгаа Байгаль орчин, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б-ийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд кадастрын зураг, сансрын зургууд тухайн зургийн масштаб, зориулалтаас хамаарч нарийвчлал нь өөр байдаг. Иймд газрын кадастрын мэдээллийн санд кадастрын зургийг бүртгэдэг гэж тайлбарласнаар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл сансрын зураг бол арилжааны шинж чанартай бөгөөд газрыг нарийвчлалтайгаар харуулдаггүй.

Маргаан бүхий эзэмшил газрын кадастрын зураг анх 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр газрын мэдээллийн санд 2797 мкв талбайтайгаар бүртгэгдэж, 2007 онд А.М, И.А, А.Г, А.Г нарын 4 иргэнд тус бүрэлдэхүүн 700 мкв хуваагдан бүртгэгдсэн байна.

Нөхцөл байдал дээрх байдлаар нотлогдож байхад шүүх Г.Ж-д худалдсан гэх газар дээр байшин нь бодит байдал дээр зөрүүтэй мэдээллийн санд бүртгэгдсэн болох нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна гэж албажаагүй үзлэгээр хийсвэр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Баянзүрх дүүрэг, дугаар хороо,  гудамжийг бүхэлд нь урагш шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Гэтэл шүүх Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б-ийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, тосгоны захирагчийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 157 тоот албан бичгээр  гудамжийг бүхэлд нь урагш шилжүүлж газар дээр нь өөрчлөлт оруулсан байхад тухайн үед кадастрын зураг үйлдсэн мэргэжлийн байгууллага газар дээр нь хэмжилт хийгээгүйгээс гудамжны байршлыг бүхэлд нь урагш шилжүүлсэн хэмжээгээр өөрчлөөгүй байдлаас маргаан үүссэн гэж дүгнэсэн нь буруу байна. Тухайлбал, Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн С.Б-ийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт маргаан бүхий газарт хамаарах гудамжийг бүхэлд нь урагш шилжүүлснийг нотолсон баримт биш.

Баянзүрх дүүргийн тосгоны захирагчийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргасан 157 дугаар албан бичигт Өндөр хүчдэлийн шугамтай хэт ойрхон газар авч, буусантай холбогдуулан 2006 онд газар зохион байгуулагчийн шийдвэрээр иргэн И.А, А.Г, А.Г нарын иргэний ахуйн зориулалтаар эзэмшиж байсан 700 мкв газрыг хасаж өөрчлөлт оруулсан нь үнэн болно гэж тодорхойлжээ.

Дээрх албан бичгээс үзэхэд гудамжийг бүхэлд нь урагш шилжүүлэх биш, зөвхөн нэхэмжлэгч нарын газраас тус бүрэлдэхүүн 5 м газрыг хассан байхад урд байрлаж байгаа хашаануудад хамааруулан бүхэлд нь урагш шилжүүлсэн гэсэн өрөөсгөл дүгнэлтийг шүүх хийсэн.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэн төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй байна.

Гэтэл А.М нар өөрсдийнх нь газраас тус бүрэлдэхүүн 5 м газар хассан байхад 700 мкв газар л эзэмших ёстой гэсэн байдлаар шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд шүүх хэрэгт авагдсан өндөр хүчдэлийн хамгаалалтын зурвастай холбоотой баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэлт хийж чадаагүй алдаа гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч А.М тухайн үед бусдад худалдаж байгаа газрын цэгээ өөрөө хүлээн зөвшөөрч, ямар нэг эрхийн доголдолгүй газрыг 45 сая төгрөгөөр Г.Ж-д худалдахдаа хүлээлгэн өгсөн цэгээр нь нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн учир А.М-ын эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзнэ. Үүнд: Г.Ж-ийн зүгээс ямарваа буруутай үйлдэл хийгээгүй учир А.М-ын өмнө хариуцлага хүлээх хууль эрх зүйн үндэслэлгүй юм.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд иргэн И.А нэгж талбарын 00000 дугаар бүхий 700 мкв талбайг, А.Г нэгж талбарын 00000 дугаар бүхий 700 мкв талбай бүхий газрыг тус тус эзэмшиж байгаа бөгөөд 2015 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар уг маргаантай газарт хэмжилт хийж, бодит байдал дээр И.А, А.Г, А.Г нарын эзэмшлийн талбайг 2287 мкв нэгж талбар гэж тодорхойлжээ.

Мөн Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээллээс үзэхэд 00000 дугаар бүхий иргэн И.А-ийн эзэмшлийн 700 мкв талбайтай нэгж талбар, 00000 дугаар бүхий А.Г-ийн эзэмшлийн 700 мкв талбайтай нэгж талбар, 00000 дугаар бүхий А.Г-ийн эзэмшлийн 700 мкв талбайтай нэгж талбар, 00000 дугаар бүхий Г.Ж-ийн эзэмшлийн 700 мкв талбайтай нэгж талбарууд хоорондоо давхцалгүй байна.

Иймд Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэх шууд нотлох баримт байхгүй байна.

2011 оны 09 дүгээр сарын 05-нд иргэн А.М-аас Баянзүрх дүүргийн  хороо, тоот, 700 мкв талбай бүхий газрыг баригдаж дуусаагүй байшинг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр худалдан авсан.

А.М нь Г.Ж-д ямар нэгэн эрхийн зөрчилгүй, доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан боловч газраа хууль бусаар 200 орчим метрээр нийтийн эзэмшлийн талбай руу сунгаж худалдсан болох нь Баянзүрх дүүргийн газрын алба болон эрх бүхий кадастрын байгууллагуудын хэмжилтээр тогтоогдсон.

Иймд Г.Ж нь кадастрын зургийн дагуу хашаагаа хойш сунгаж барьсан. Энэ нь Кадастрын зураглал ба Газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т зааснаар Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан ... хилтэй тохирч байна гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Гэтэл шүүх анх ямар хашаа худалдсан тэр хашааг л авах ёстой гэж шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарласан нь ойлгомжгүй. Хэрвээ зөвшөөрөлгүйгээр хаана ч хамаагүй хашаа бариад зарж болдог юм бол Газрын асуудал эрхэлсэн байгууллага байх шаардлагагүй болов уу.

Шүүхийн үзсэнээр бол гуравдагч этгээд Г.Ж А.М-ын хууль бусаар урагш шилжүүлсэн газрыг өмчлөх эрхтэй бөгөөд Газрын албаны өмнөөс шүүх нийтийн эзэмшлийн газрыг бусдад олгосон гэж ойлгохоор байна.

Г.Ж нь А.М-ын эзэмшлийн 700 мкв газрыг худалдаж авсан болохоос газар эзэмших зөвшөөрөлгүй, эрхийн гэрчилгээгүй газрыг худалдаж аваагүй болно. Шүүх бусдын зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй байгууллага болохоос газар олгох эрх хэмжээ шүүгчид олгогдоогүй гэж үзэж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1065 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй учир шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэгч А.М-ын эрх зөрчигдсөн талаар шалгаагүй, нэхэмжлэгч тус бүрийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч А.М, И.А, А.Г нар Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газрын албанд холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын иргэн А.М-ын хүсэлт, түүнд хавсаргасан кадастрын зургийн дагуу координатын цэгийг тодорхойлж шилжүүлэлгүйгээр буруу тодорхойлон газрын кадастрын мэдээллийн санд оруулан иргэн Г.Ж-ийн нэр дээр шилжүүлэн эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн иргэн Г.Ж-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Кадастрын мэдээллийн санд буруу орсон зургийг зөвтгөсөн шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд тус тус даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Кадастрын мэдээллийн санд буруу орсон зургийг зөвтгөсөн шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд тус тус даалгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.М нь 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Г.Ж-тай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан, Баянзүрх дүүргийн дугаар хороо, тоот хаягт байрлах 700 мкв талбай бүхий газрыг шилжүүлсэн, үүний үндсэн дээр Баянзүрх дүүргийн газрын албанд хандаж, тус газрыг Г.Ж-ийн нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан байна.

            Баянзүрх дүүргийн Газрын алба А.М-ын хүсэлт гаргасан зургийн дагуу нэгж талбарын хил хязгаарыг мэдээллийн санд оруулан бүртгэж, газар эзэмших эрхийг Г.Ж-д шилжүүлсэн бөгөөд уг газрын бүртгэлд өнөөдрийн байдлаар ямар нэгэн өөрчлөлт ороогүй болох нь тогтоогдож байгаа талаар шүүх дүгнэсэн боловч газар эзэмших эрх нь дуусгавар болсон А.М-ын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа талаар дүгнээгүй нь буруу, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг шалгах байжээ.

            Г.Ж-ийн өмчлөлийн газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөн оруулахыг даалгасан шийдвэр гаргуулснаар нэхэмжлэгч И.А, А.Г нарын газар эзэмших эрх хэрхэн сэргэх талаар хүн тус бүрийн эрх зүйн байдалд дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр тус маргаанд дүгнэлт өгөх, нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр биелэгдэх боломж зэргийг хангасан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй.

Түүнчлэн хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нараас кадастрын зургийг зөвтгөсөн ямар шийдвэр гаргах нь ойлгомжгүй, маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай баримтууд дутуу, хэрэгт авагдсан нэхэмжлэгч И.А, а.Г, гуравдагч этгээд Г.Ж нарын эзэмшлийн газрын нэгж талбарууд хоорондоо давхцалгүй талаар кадастрын зураг нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээс зөрүүтэй байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийн хүрээнд тодруулахгүйгээр зөрүүтэй нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлын улмаас энэхүү захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ