Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 29 өдөр

Дугаар 1065

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б*******ийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нэээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.М*******, И.А*******, А.Г*******

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын алба 

Нэхэмжлэлийн шаардлага: “Кадастрын мэдээллийн санд буруу орсон зургийг зөвтгөсөн шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд тус тус даалгуулах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.А*******, А.Г*******, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдэн төлөөлөгч Ч.А*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч А.М*******, А.Г*******, И.А******* нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Иргэн А.М******* миний бие 2011 онд иргэн Г.Жтай газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гтын Бийн тоот хашаа бүхий 700 м.кв газрыг дотор засал нь дусаагүй барилгын хамт шилжүүлэх тухай хүсэлтийг гаргахдаа мэргэжлийн байгууллагаар кадастрын зургийг хийлгэж өгсөн бөгөөд тус кадастрын зургийг хийсэн компани нь бодит байдал дээр очиж хэмжилт хийж зургийг хийгээгүйгээс А.Г*******, И.А*******, А.М******* нарын эрх ашиг хөндөгдөн, давхцал үүссэн байна. Миний газарт иргэн Г.Ж нь бетонон хашаа барьсан. Хүчээр дайрч хашаагаа барьсан. Урдаасаа 80 сантиметр, хойноосоо 2 метр орсон. Мэдээллийн сангийн зурагтай харьцуулж харахад давхцалтай харагдаж байна. Иргэн А.М******* гэдэг хүнд газар олгохдоо зүүн талд хашаалуулсан. А.М*******т 1, 2 жилийн дараа Г.Ж гэдэг хүн гараж барья, 80 см-аар хашаагаа татах гэсэн юм гэхэд А.М******* зөвшөөрсөн. Тэгээд 80 см-аар хашаагаа барьсан. Одоо бодит байдал дээр хашаа хатгасан байна. Зураг дээр харахад ямар ч асуудал байхгүй харагддаг. Бодит байдал дээр харьцуулаад харахад зөрүүтэй байна. Иргэн Г.Жгийн мэдээллийн сангийн зураг нь бодит байдлын зургаас байшин болон хашаа нь бүгд хойшоо байна. Координат цэгийг иргэн хүн мэдэхгүй. Бодит байдал дээр 4 метрээс урагшаа байна. Иймд Кадастрын мэдээллийн санд буруу орсон зургийг зөвтгөсөн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хоёр. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөөгч Ч.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч А.М******* нь Эрчим хүчний хуульд заасны дагуу өндөр хүчдэлийн шугамаас айл өрхийг холдуулж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах шаардлагын үүднээс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Нийслэлийн Засаг даргын хамтарсан үйл ажиллагааны дагуу тухайн Баянзүрх дүүргийн албанаас урагшаа 4 метр болгох шаардлагын хүрээнд хашааг барьсан. Энэ хашааг бариад газрын албанд хүсэлтээ өгсөн. Шинээр кадастрын мэдээллийн санд орж байгаа 2 цэг дээр өөрчлөлт хийхгүй, хуучин мэдээллийн санд байсан мэдээллийн дагуу шилжүүлэлт хийж бүртгэснээс А.М*******, И.А******* нарын эрх ашиг зөрчигдсөн. Эрчим хүчний тухай хуулийн дагуу Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани, Нийслэлийн Засаг даргаас энэ ажлыг яагаад зохион байгуулсан гэвэл үүний цаана бусдын эд хөрөнгө, амь нас, аюулгүй байдал байгаа. Хуулийн зорилт нь иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг эрчим хүчний нөлөөллөөс хамгаалах зорилгоор нүүлгэх арга хэмжээг захиргааны байгууллагууд авч байсан. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу урагшаа тодорхой хэмжээнд зааж өгсний дагуу газар олголтыг хийсэн. Дүүргийн Засаг даргаас 4 метр урагшлуулах захирамж нь гарсан байна. Өмнөх шүүх хуралдаанаар зохион байгуулсан гэдгээ газрын албаныхан хүлээн зөвшөөрсөн. Урагшаа 4 метр сунгасан ажиллагааг зохион байгуулаад зураг хийгээд аваад очихоор хуучин мэдээллийн санг хянан шалгахгүйгээр мэдээллийн санд орлуулсан асуудал нь газрын албаны тодорхой албан тушаалтнууд үүргээ биелүүлээгүйгээс энэхүү маргааны эх үүсвэр болсон учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Геологи, зураг зүйн албаны тушаалаар газрын албаны ажилтнууд яаж ажиллах талаар удиртгал заалтуудыг тодорхой тавьж өгсөн. Газар эзэмших, өмчлөх гэрчилгээ олгохдоо хээрийн болон суурин судалгаа хийх ёстой. Гэтэл газрын албаныхан хээрийн болон суурин судалгааг хийгээгүй. Газрын албаны тайлбарыг үзэхэд А.М*******ын хүсэлтийн дагуу газрын зураг хийсэн гэж бултах арга хэрэглэж байна. Энэ нь хуулийг хэрэгжүүлж буй бодит шалтгаан нь биш юм. А.М*******ын кадастрын зураг хийлгүүлэх хүсэлтийг хараад хэмжилт хийхгүйгээр мэдээллийн санд өөрчлөлт хийж, тоо тавиулсны төлөө  А.М*******ыг хамаатуулж болохгүй. Мэргэжлийн байгууллагууд хэмжилт хийх эрхийг төрийн захиргааны байгууллагаас авч байгаа. Энэ эрхийнхээ дагуу тэд хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Тус хашаа урагшаа 4 метр сунгагдаж баригдсан, Г.Ж худалдаж авсан гэдэг нь хавтаст хэргээс тодорхой харагдаж байна. Энэ хашааг худалдаж авсан гэдэгтэй гуравдагч этгээд Г.Ж маргадаггүй, хүлээн зөвшөөрч байгаа. Тэр хүний хүсэл сонирхол нь анхнаасаа хойшоо биш урагшаа хашааны хэмжээнд авсан. Мэдээллийн сангаас дахин 300 м.кв талбай нэмэгдэж ирэх боломжтой боломжийг харсан хүсэл сонирхол харагдаж байна. Гэхдээ үүний цаана тэр хүний сонирхол нь хашааг л худалдаж авсан. Гуравдагч этгээдийн хувьд 700 м.кв авсан. Энэ хүний эрх ашиг хөндөгдөөгүй. Хувийн сонирхол харагдаад байна. Газрын албанаас Г.Жд энэ зөрчлөө арилга гэж шаардах хуудас 2, 3 удаа өгсөн байна. Үүн дээр таны газар эзэмших эрх зөрчилтэй байна гэж бичиж байсан. Хуулийн дагуу нүүлгэх ажиллагаа хийлгээгүй газрын албанаас энэ албан бичгүүдийг өгч эхэлсэн. Нэгэнт өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон учраас шүүхээр шийдүүлнэ үү гэсэн албан бичгийг А.М*******, И.А******* нарт өгсөн. Газрын албанаас хууль тогтоомжийн дагуу биелүүлэх ёстой үүргээ биелүүлээгүй. Газрын албаны үүрэг нь тодорхой байна. Засаг даргын 4 метр болго гэсэн захирамж нь байхад энэ хойшоо мэдээллийн сан өгсөн учраас бид нар үүний дагуу бүртгэх ёстой гэж тайлбарлаж байгаа нь өөрсдийнхөө явуулсан үйл ажиллагааг үгүйсгэж байгаа зөрчилтэй тайлбар өгч байна. И.А******* гэдэг хүн урагшаа 4 метр сунгуулах гэхээр хойшоо давхцал үүссэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй Г.Ж гэдэг хүн байгаад байгаа учраас энэ бүртгэл хүчингүй байна. И.А******* гэдэг хүн Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар амьд явах эрхтэй. Захиргааны байгууллагын тодорхой буруутай үйл ажиллагааны улмаас эрх ашиг нь хөндөгдсөн. Бүх хүнд хууль тэгш үйлчлэх ёстой. А.М*******ынх ч урагшлах ёстой. И.Алтанцэцгийнх мөн адил урагшлах ёстой. Ингэснээр хэн хэний эрх ашиг нь зөрчигдөхгүй. Төрийн захиргааны байгууллага тус үйл ажиллагааг хангаснаар бүх хүний эрх ашиг хангагдана. Г.Жгийн эрх ашиг хөндөгдөхгүй. Тэр 700 м.кв газартайгаа үлдэнэ. Насаараа мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс байр сууриа зөв илэрхийлж, мэтгэлцээнд оролцоод энэ асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсч байна” гэв.

Гурав. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Газрын алба нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар газар өмчлөлийн бүсэд орсон иргэн өөрийнхөө хүсэлтээр ямар нэгэн маргаангүй хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг удаагийн газар өмчлүүлж байгаа. Үүний дагуу нэхэмжилж байгаа иргэн аж ахуй нэгжид газрыг нь өгсөн. Нэхэмжилж байгаа иргэн А.М*******, И.А*******, А.Г******* нар нь тухайн үед өмчилж авахдаа 0.7 га газраар өмчилж авсан гэдэгтэй маргадаггүй. Хавтаст хэрэгт цугларсан материалаар А.Г*******гийн хувьд манай газар руу орсон байна гэж сая ярьсан. Кадастрын мэдээллийн санд нэгж, талбар үүсдэг. Үүний дагуу давхцлууд байхгүй. Хавтаст хэрэгт 4 иргэний хувийн хэрэг нь байгаа. Хэргийн материалтай танилцаж үзэхэд ямар нэгэн давхцал байхгүй байна. Дүүргээс өмчлүүлсэн газрын Кадастрын мэдээллийн санд өөрчлөлт орох боломжгүй. Шууд Нийслэл дур мэдэн аваад мэдээллийн санд өөрчлөлт оруулна гэсэн ойлголт байхгүй. Нэхэмжлэгч маань хэнийг ч хариуцагчаар татах эрхтэй байх. Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр Нийслэлийн Засаг дарга нь энэ хэрэг маргаанд хамааралгүй юм. 

Газар өмчлөлийн тухай хуульд зааснаар иргэнд 0,7 га хүртэл газар олгодог. Иргэд хоорондын харилцааны үндсэн дээрээс газрыг нь баталгаажуулаад өгсөн. Хамгаалалтын зурваст орлоо гэхэд би өнөөдөр 700 м.кв газраа эзэмшиж чадахгүй болчихлоо. Манайхаас хасалт хийхээр болчихлоо тэр хэмжээгээр урагшлуул гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй. Нэгдсэн байдлаар урагшлуулъя гэдэг асуудал байхгүй. Энэ асуудлууд нь ямар нэгэн байдлаар давхцалгүй байдаг. Кадастрын зургаараа бүгд 0,7 га газар байна. Зурган дээрээс харахад давхцал байхгүй байна. Хэрвээ давхцал үүссэн тохиолдолд өмчлүүлэх шийдвэр гарахгүй. Дүүрэг дээрээ давхцалаа арилгаад ямар нэгэн маргаангүй байвал өмчлөөд авдаг. Заавал 0.7 га газраар өмчлүүлнэ гэсэн ойлголт биш юм. Хуулиараа 0.7 га хүртэл гэж заасан байгаа. Тэр иргэн нь төр захиргааны өгсөн шаардлагын дагуу талбайгаа засаад явна. Урд талынхаа иргэний талбайгаас хасуулаад авах ёстой гэдэг байдлаар хандаад байвал бүдүүлэг юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Дөрөв. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П*******  2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2011 онд Г.Ж нь А.М*******тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж эрх шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар “газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжаар 700 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар Г.Жд холбогдох хэсэг нь холбогдох хууль журам зөрчөөгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн болох нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Тав. Хариуцагч Баянзүрх дүүргийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...Нэхэмжлэгчдийн хэлж буйгаар газрын хээрийн болон суурин судалгаа хийгээгүй гэж тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл, Геодези, зураг зүйн газрын 83 дугаар тушаалд эрх шилжүүлэхэд хээрийн судалгаа хийнэ гэсэн зүйл, заалт байхгүй байна. Эдгээр иргэд маань газар эзэмших эрхээ шилжүүлээд шилжүүлэх явцдаа Кадастрын зургийн маргаан гарлаа гэдэг асуудал яригдаж байна” гэв.  

Зургаа. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н******* 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Нийслэлийн Засаг даргын төлөөлөгч тодорхой хэллээ. А.Г******* гэдэг хүн урагшаа 80 см давхцсан гэж байна. Мэдээллийн санд огт давхцалгүй байгаа. И.А*******ийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад хэмжээний хувьд хэвээрээ байна. Заавал би ингэж авах ёстой гэдэг байдлаар гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөх нь хир зүйтэй юм бол” гэв.

Долоо. Гуравдагч этгээд Г.Ж 2016 оны 04 дүгээр сарын 4-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Б тоот А*******ийн нэр дээр эзэмшлийн кадастртай 4 хүний нэр дээр эзэмшлийн гэрчилгээ авсан газраас А.М*******ын дутуу барьсан барилга түүнд хамрагдах 0,07 га /700м2/ газрыг 45000000 төгрөгөөр худалдан авсан.  Худалдан авахдаа А.М*******ын эзэмшлийн 0.07 га-д кадастрын зураг хийлгэн Баянзүрх дүүргийн Газрын албаар баталгаажуулан гарчилгээ авсан.  Газрыг өмчлөх үед Баянзүрх дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Ж.Мөнх-Эрдэнэ газар дээр очин хэмжилт хийн А.М*******ын хашааг 4,5 метр урагш татсан байна. Үүнийг хойшлуулж баталгаажсан кадастрын дагуу хашааг байрлуулна шүү гэсэн. Үүний дагуу зохих кадастрын цэгийг тогтоолгон өөрт оногдох 700 м.кв талбайд хашаа барьсан” гэжээ.

Найм. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр газраа урагшлуулсантай холбоотой тайлбар хэлье. Иргэн Г.Ж, А.М******* газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Талуудын гаргасан хүсэлтийг үндэслээд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын  19-ний өдрийн захирамжаар А.М*******аас Г.Жд 700 м.кв газрыг эзэмших эрх шилжүүлсэн. А.М******* нь газар эзэмших эрх шилжүүлэхдээ кадастрын зураг хавсаргаж өгсөн. Энэ кадастрын зурагт заасан цэгүүдээр баталгаажуулж, мэдээллийн санд бүртгэсэн. Мэдээллийн санд бүртгэсэн бүртгэл нь хүчин төгөлдөр, өөрчлөгдөөгүй байна. Хоорондоо ямар нэгэн давхцалгүй байгаа. Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийн дагуу хуулиа биелүүлж, урагш нь газраа шилжүүлсэн гэж яриад байна. Үүнтэй холбоотой баримтуудыг шүүхийн журмаар гаргуулсан, өөрсдөө ч гаргаж өгсөн. Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар тогтоолоор “Дулааны эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах” дүрэм баталсан. Дүрмийн 4.15.3-д зааснаар “... хамгаалалтын зурвасыг тогтоох тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга гаргана” гэж заасан. Энэ дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 764 дүгээр захирамжаар хамгаалалтын зурвасыг баталгаажуулжээ. Эрх бүхий байгууллагын тушаал шийдвэр гарсан гэж үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт өндөр хүчдэлийн шугамтай холбоотой хэд, хэдэн баримт авагдсан байдаг. Тус баримтуудад урагш шилжүүлэхтэй холбоотой тушаал, шийдвэрүүд байдаггүй. Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд Гт тосгоны захирагчаас ирүүлсэн албан бичигт өндөр хүчдэлийн шугамаас хэт ойрхон газар буусантай холбогдуулан 2006 онд газар зохион байгуулагчийн шийдвэрээр иргэн И.А*******, А.Г******* нарын эзэмшиж байсан 700 м.кв газраас тус бүр 5 метр газрыг хассан гэсэн албан бичиг байна. Энэ хүмүүсийн газраас хассан болохоос биш нийтэд нь урагш шилжүүлнэ гэсэн ойлголт байхгүй. 

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. А.М******* нь Г.Жд газраа 2011 онд шилжүүлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан актыг хууль бус гэж үзсэн тохиолдолд үүнтэй холбоотой гомдлыг дээд шатны байгууллагад 30 хоногийн дотор, гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана. Нэхэмжлэгч нар нь хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн байна гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нарын гаргасан шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Захиргааны байгууллагын гаргасан ямар актын улмаас иргэн А.Г*******, И.А*******, А.М******* нарын эрх ашиг хөндөгдөөд байгаа юм. Ямар хохирол учирсан эсэх асуудал нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн гаргасан шаардлага нь захиргааны шүүхийн хэргийн харьяаллын маргаан биш гэж үзэж байна. Мэдээллийн санд буруу орсон мэдээллийг зөвтгөсөн шийдвэр гаргахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. А.Г*******гийн хувьд манай газар руу орсон гэдэг. Газартай холбоотой асуудал захиргааны хэргийн маргаан биш. Иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх асуудал гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нар “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын  2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дугаартай захирамжийн Г.Жд  холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, кадастрын мэдээллийн санд буруу орсон зургийг зөвтгөж оруулахыг хариуцагч нарт даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаад кадастрын мэдээллийн санд буруу орсон зургийг зөвтгөж оруулахыг хариуцагч нар даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нар болон хариуцагч, гуравдагч этгээдүүд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бийн 24 дүгээр гудамжны 17А-д байршилтай 0,7 га газрыг 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-р иргэн А.М******* Г.Жд шилжүүлсэн үйл баримт дээр маргадаггүй, харин А.М*******ын Г.Жд шилжүүлсэн газрын хойд талын хилийн эргэлтийн цэгүүдийг гудамжны байршлыг бүхэлд нь урагш шилжүүлсэн хэмжээгээр өөрчилж мэдээллийн санд бүртгээгүй гэдэг дээр маргадаг.

Иргэн А.М******* нь Г.Жд газар дээрх байшингаа худалдаж, газар эзэмших эрхээ шилжүүлэхдээ мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг хавсарган өгч, энэ зургийн дагуу эзэмшил газраа тодорхойлон зургийн дагуу шилжүүлэх хүсэлтийг 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргажээ. Баянзүрх дүүргийн Газрын алба А.М*******ын хүсэлт гаргасан зургийн дагуу нэгж талбарын хил хязгаарыг мэдээллийн санд оруулан бүртгэж, газар эзэмших эрхийг Г.Жд шилжүүлсэн бөгөөд уг газрын бүртгэлд өнөөдрийн байдлаар ямар нэгэн өөрчлөлт ороогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэвч хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад А.М*******ын эрх бүхий мэргэжлийн байгууллага болох “Т*******” ХХК-иар  хийлгэж газрын албанд хүргүүлсэн нэгж талбарын зурагт Г.Жд худалдсан гэх газар дээрх байшин нь бодит байдал дээр зөрүүтэй мэдээллийн санд бүртгэгдсэн  болох нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна. Мөн иргэний шүүхээр маргах явцад шүүхийн шинжээчээр томилогдсон Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэгийн 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Гт тосгоны  захирагчийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 157 тоот албан бичиг зэргээр Бийн 24 дүгээр гудамжийг өндөр хүчдэлийн шугамын хамгаалалтын бүсээс зайлуулж, бүхэлд нь урагш шилжүүлж газар дээр нь өөрчлөлт оруулсан байхад тухайн үед кадастрын зураг үйлдсэн мэргэжлийн байгууллага газар дээр нь хэмжилт хийгээгүйгээс гудамжны байршлыг бүхэлд нь урагш шилжүүлсэн хэмжээгээр өөрчлөөгүй байдлаас маргаан үүсчээ. 

2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий эзэмшил газрын кадастрын зураг анх 2005 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр газрын мэдээллийн санд 2797 м.кв талбайтайгаар бүртгэгдэж, 2007 онд А.М*******, И.А*******, А.Гандиймаа, А.Г******* нарын 4 иргэнд тус бүр 700 м.кв хуваагдан бүргэгджээ. 2011 онд А.М******* өөрийн эзэмшлийн 700 м.кв талбайтай газраа иргэн Г.Жгийн эзэмшилд шилжүүлэн өгсөн байна. Үүнээс хойш кадастрын мэдээллийн санд бүргэгдсэн зурагт өөрчлөлт ороогүй боловч бүртгэгдсэн зураг нь бодит байдалтайгаа таарахгүй байгаа нь он оны сансарын зурагнаас харагдаж байна. 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хяналтын хэмжилтээр иргэн Г.Ж 803.2 м.кв талбай бүхий газарт хашаа байшин барьж тохижилт хийсэн нь иргэн И.А*******, А.Г******* нарын эзэмшил газар луу 26.9 м.кв хэмжээгээр хэтрүүлэн орж, мөн хашааны урьд хэсгийн газар нь 171.4 м.кв хэмжээгээр сунгасан болохыг тогтоосноос дүгнэхэд Баянзүрх дүүргийн Газрын алба нь 2007 онд тухайн газрыг хуваахдаа тусгай зөвшөөрөлтэй компанийн хийсэн кадастрын зургийг шалгаж, судалгаа хийлгүйгээр газрын мэдээллийн санд бүртгэж, албан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч нарын хашаа нь өндөр хүчдэлийн шонгоос 4 метр зайтай байх бөгөөд энэ хэмжээгээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Б, 24 дүгээр гудамжийг урагш татаж өндөр хүчдэлийн шугамаас зайлуулсан нь тогтоогдсон бөгөөд энэ үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хяналтын хороонд 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Цахилгаан түгээх сүлжээний Баянзүрх салбараас явуулсан 168 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Гт тосгоны захирагчийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд явуулсан 157 тоот албан бичиг, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “хамгаалалтын зурвас баталгаажуулах тухай” 2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлсэн хүсэлтүүд, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Цахилгаан шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох тухай” 364 дүгээр захирамж зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Иргэн Г.Ж А.М*******аас үл хөдлөх эд хөрөнгийг 700 м.кв газартай нь хамт худалдан авсан гэдгээ зөвшөөрдөг бөгөөд одоо худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй талаар маргаж байгаа бол иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба ... эрхлэнэ”, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д “эзэмшил ашиглалтанд олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-д “газрын мэдээллийн санг эрхлэх” гэж зааснаар газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулж бүртгэх эрх хэмжээ, чиг үүрэг нь дүүргийн газрын албанд олгогджээ. 

Нэхэмжлэгч нар гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзаж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан бөгөөд гуравдагч этгээд өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан болно. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан А.М*******, И.А*******, А.Г******* нарын нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасанаар нэхэмжлэгч А.М*******, И.А*******, А.Г******* болон гуравдагч этгээд Г.Жгийн өмчлөлийн газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахыг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ