Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/01079

 

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/01079

 

 

Ж.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02389 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Х-т холбогдох

 

Гэрээний үүргээ гүйцэтгэлд 86 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Х.Х-, түүний өмгөөлөгч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Х-ын саналын дагуу 34800 кг барилгын арматурыг 1 тонныг нь 1 350 000 төгрөгөөр тооцож нийт 47 000 000 төгрөгийн арматурыг гэрээнд заасан хугацаанд буюу 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцож 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж барилгын арматур буюу дан туйван авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад 47 000 000 төгрөгийг эхлээд 20 000 000 төгрөгийг дансаар шилжүүлээд, гэрч байлцуулж 27 000 000 төгрөгийг бэлнээр тухайн өдрөө өглөө болон үдийн үед 2 хувааж хүлээлгэн өгсөн. Гэрээнд зааснаар арматурыг нийлүүлэх хугацаа болчихоод байхад удахгүй нийлүүлнэ гэж шалтаг хэлж явсаар 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүрсэн. Х.Х- арматурыг хугацаандаа нийлүүлээгүйгээс болж төлөвлөсөн ажлаа хугацаандаа эхлүүлж чадаагүй. Мөн мөнгөө авч чадахгүй байснаас тухайн үеийн арматурын үнэ өссөн. Миний бие Итгэлт бизнес ББСБ-аас хүүтэй мөнгө зээлж авсан. Х.Х- гэрээний үүргээ биелүүлээгүй учраас 47 000 000 төгрөг, гэрээний 3.6-д заасны дагуу алданги 28 720 000 төгрөг, мөн мөнгө хүлээн авахдаа гэрээ биелүүлээгүй тохиолдолд ган туйвангийн үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар авч нийлүүлнэ гэж баталгаа бичиж өгч байсан тул гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас цаг алдаж, өөр арматур худалдаж авсан зөрүү болох 10 440 000 төгрөг, нийт 86 160 000 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй. Депозит дансны хуулгуудаас харахад Ц.Алтан-Утас, н.Ууганбат гэж хүний нэр орж ирж байна. Энэ нь энэ хэрэгт хамааралгүй, тусдаа асуудал. Өөр асуудалтай холбож мөнгө өгөхгүй гэсэн санааг агуулж байна. Тухайн үед энэ асуудлаар цагдаагийн байгууллагаар явсан. Цагдаагийн байгууллага иргэний хэрэг байна шүүхэд ханд гэсний дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандсан гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ж.Г-тай барилгын арматур буюу ган туйван худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу худалдагч талд 47 000 000 төгрөгийн үнэ бүхий 34 800 кг барилгын арматурыг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр худалдан авагчид шилжүүлэн өгөх, худалдан авагч тал үнийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр урьдчилан төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Ж.Г- 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөгийг миний Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөн 7 000 000 төгрөг, гэрээний үнийн үлдэгдэл 20 000 000 төгрөгт тооцож 2007 онд үйлдвэрлэгдсэн форд транзит 15 хүний суудалтай, 3882 УНП улсын дугаартай микробус тээврийн хэрэгсэл шилжүүлэн өгөхөөр тохиролцсон боловч Ж.Г- шилжүүлэн өгөхгүй байсан тул гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэхийг шаардсан боловч тээврийн хэрэгслээ шилжүүлж өгөөгүй. Гэтэл Ж.Г- Гандан хавьд байрлалтай газар дээр барилгын ажил хийлгэх санал тавьж, бид зөвхөн ажилчдын цалингаа тооцож 1000 м.кв талбайтай зоорийн давхартайгаа 5 давхар барилгын ажил 40 000 000 төгрөгөөр хийхээр амаар тохиролцон ажлыг нь хийж дуусган 2019 оны 7 дугаар сарын эхээр хүлээлгэн өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу авсан 27 000 000 төгрөгийг суутган тооцоод нэмж 13 000 000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан. Ж.Г- худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй, тэр үнийн дүнгээ ажлын хөлсний үнэд шилжүүлэни тооцоо дууссан хирнээ одоо үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна. Тухайн үед компаниар ажил гүйцэтгэх гэрээ хийе гэхэд барилгын ажил эхлэх зөвшөөрөл гараагүй байгаа тиймээс амаар тохироод барилгын ажлаа хийлгэе гэсний дагуу би тэдний барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ж.Г- ажил эхлэхэд 5 000 000 төгрөг, хүлээлгэн өгөхөд үлдэгдэл 8 000 000 төгрөгийг манай инженер н.Ууганбатад өгсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 232 дугаар зүйлийн 232.4. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Х-аас 70 500 000 гаргуулж нэхэмжлэгч Ж.Г-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 15 660 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588 750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 510 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гэрээний дагуу Ж.Г- нь надад 47 000 000 төгрөг өгөх үүргийн хувьд миний дансаар 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 7 000 000 төгрөг тус тус орж ирсэн бөгөөд үлдсэн 20 000 000 төгрөгт тооцоод 2007 онд үйлдвэрлэгдсэн форд транзит маркийн 3882 УНП улсын дугаартай микробус авто машиныг шилжүүлэн өгөхөөр тохирсон боловч шилжүүлж өгөөгүй. Худалдах, худалдан авах гэрээ хийгдэж нотариат ороход бэлнээр мөнгө өгөөгүй, үүнийг нотариатч мэдэж байгаа. Хэрэв мөнгөө бэлнээр өгсөн бол гэрээндээ оруулах байсан. Ж.Г- өөрөө 47 000 000 төгрөг бэлнээр өгсөн гэж сүүлд бичсэн. Ж.Г- бид хоёрын хооронд бичгээр хийгдээгүй боловч амаар ажил гүйцэтгэх гэрээ хийгдэж Ж.Г-ын Алтан-Утас ХХК, Х.Х- миний Сварасолюшн ХХК-иудын хооронд Ц.Алтан-Утасын өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 3 дугаар гудамжны 23 тоот газар дээр барилгын цутгалтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон. Манай компанийн гүйцэтгэсэн ажлын хувьд дөрвөн давхар барилгын суурийн давхрын цутгалтын ажлын хөлс материал орсон нийт 80 000 000 төгрөгөөр төлбөр болон ажлын тооцоо дууссан. 1-4 давхрын карказын цутгалтыг 1 давхрыг 10 000 000 төгрөгөөр /материал ороогүй/ тохирч нийт 40 000 000 төгрөгөөр манай Сварасолюшн ХХК гүйцэтгэлийн ажлаа хийж дуусгаад хүлээлгэж өгсөн. Энэ 40 000 000 төгрөгийг Ж.Г- надтай тохирохдоо 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 27 000 000 төгрөгийг суутгаж, арматур төмөр авахааргүй болсон тул үлдсэн 13 000 000 төгрөгийг надад өгөхөөр тохиролцсон. Тус 13 000 000 төгрөг нь Ж.Г-ын Хаан банкны 5014152678 тоот дансаас Х.Х- миний дансанд барилга гэсэн утгатай, н.Ууганбатын дансаар Ж.Г-аас 8 000 000 төгрөг тус тус орж ирсэн. / 40 000 000 ажлын хөлс = 27 000 000 + 8 000 000 +5 000 000 / ийм байдлаар бидний төлбөр тооцоо дуусаж, барилгын ажил хийж гүйцэтгэсэн төлбөрийн баримтыг үйлдсэн. Шүүх хуралд гэрчээр оролцсон Ц.Алтан-Утасыг танихгүй, хамт ажиллаж байгаагүй. Гэрч асуулгах тухай мэдээгүй. Шүүхэд өгсөн өөрийн хаяг, утсаа өөрчилсөн зүйл байхгүй. Шүүхээс надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр буюу шүүх хурал болсон өдрийн 12 цагт надад өнөөдөр үдээс хойш шүүх хуралтай гэж шүүгчийн туслах хэлсэн би тухайн өдөр Хэнтий аймагт явж байсан. Ийм байдлаар надад анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй атлаа хаягаа өөрчилсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан 47 000 000 төгрөг 49 000 000 төгрөгийн алийг нь нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Г- нь хариуцагч Х.Х-т холбогдуулж, худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 47 000 000 төгрөг, гэрээний 3.6-д заасан алданги 28 720 000 төгрөг, өөр арматур худалдаж авсан зөрүү үнэ 10 440 000 төгрөг, нийт 86 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Х.Х- 34 800 кг барилгын арматур буюу ган туйванг 1 тонныг нь 1 350 000 төгрөгөөр тооцож, нийт 47 000 000 төгрөгийн арматурыг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Ж.Г-т шилжүүлэх, Ж.Г- нь уг барилгын арматурын үнэ 47 000 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр урьдчилан төлөхөөр тохиролцсоноос үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. /хх-ийн 4 /

 

Мөн нэхэмжлэгч Ж.Г- нь хариуцагч Х.Х-т 47 000 000 төгрөгийг хүлээлгэж өгсөн болох нь гэрээний ар тал дах дөчин долоон сая төгрөг хүлээн авав гэж хариуцагчийн гарын үсэг зурсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байхаас гадна 40 сая төгрөг шилжүүлсэн ХААН банк ХХК-ийн депозит дансны хуулга хэрэгт авагдсан байна. /хх-ийн 4, 22-26/ Хариуцагч Х.Х- уг бичмэл баримтад гарын үсэг зурсан талаар маргаагүй тул нэхэмжлэгч гэрээнд заасан үнийг төлөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Хариуцагч Х.Х- гэрээнд заасан барилгын арматур нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Ж.Г- худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж гэрээний дагуу шилжүүлсэн 47 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардах эрхтэй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хариуцагч гэрээний зүйл болох барилгын арматур нийлүүлэх үүргээ биелүүлээгүй болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан боловч 47 000 000 төгрөгийн 20 000 000 төгрөгт тооцож 2007 онд үйлдвэрлэгдсэн форд транзит 15 хүний суудалтай, 3882 УНЛ улсын дугаартай микробус тээврийн хэрэгсэл шилжүүлэн өгөөгүй, өгсөн 27 000 000 төгрөгт тооцож барилгын ажил гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа боловч түүний тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч тал баригдаж буй барилгын гэрэл зураг, автомашины болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний зургийг ирүүлсэн байх боловч хаана баригдаж байгаа ямар барилгын зураг болох нь тодорхойгүй тухайн маргаанд автомашины болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний зураг хамааралтай гэж үзэх боломжгүй юм. /хэргийн 27-29/

Нэхэмжлэгч талаас гаргасан 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн барилгын цутгалтын ажил хийж гүйцэтгэсэн төлбөрийн баримт, гэрч Ц.Алтан-Утасын ...Би Сварасолюшн гэж компанид барилгын ажил дууссаны дараа хөлс мөнгөний тооцоо хийж, ажил гүйцэтгэсэн гэсэн бичиг хийсэн. ... Гандангийн барилга дээр Хулганбаатар гэдэг хүн ажилласан тухай сонсоогүй, Х.Х- гэдэг хүнтэй гэрээ, хэлцэл хийгээгүй... гэсэн мэдүүлгээр хариуцагчийн тайлбар няцаагдсан байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй тул талуудын хооронд хийгдсэн барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ биелэгдээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж 47 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрээ цуцлагдсантай холбоотой хохирол 10 440 000 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин гэрээнээс татгалзсанаар гэрээний үүрэг дуусгавар болж байгаа тул Талуудын хоорондын гэрээний 3.6-д заасан алдангийн тохиролцоо нь гэрээгээр хүлээсэн үндсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилготой нэмэлт үүрэг бөгөөд гэрээнээс татгалзсанаар гэрээ дуусгавар болж буй тохиолдолд үндсэн болон нэмэлт үүрэг нэгэн адил дуусгавар болж, алданги шаардах эрх дуусгавар болсон байхад анхан шатны шүүх гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцон 23 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Х.Х-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн талаар тайлбарлан танилцуулж,, нэхэмжлэлийн хувийг гардуулахад тэрээр Сүхбаатар дүүргийн 10-р хороо 43б байрны 3 тоотод оршин суудаг гэж, улмаар түүний хүсэлтээр хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, шүүх хуралдааны товыг хариуцагчид түүний хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч шуудангаас гардуулагдсан эсэх баримтыг ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн гэж үзэх боломжгүй гэх зэргээр хуралдаан удаа дараа хойшлогдож байсан тул Сүхбаатар дүүргийн 10-р хорооны засаг даргад хариуцагчид хүргүүлэх шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг гардуулан өгч, улмаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6, 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт тус тус нийцсэн байна. Түүнчлэн, шүүхийн ажилтан хариуцагчийн утсанд холбогдоход утасаа аваагүй, дахин залгахад утасаа тасалж байсан талаар тэмдэглэгдсэн байна. /хх-ийн 57, 59/

Мөн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс өөрөө лавлах үүрэгтэй болно.

Иймд анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлийг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдын зарим хэсгийг хангаж, хариуцагч Х.Хулганабаатараас 47 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Г-т олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39 160 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02389 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Х-аас 47 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Г-т олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39 160 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ...510 450 төгрөг гэснийг ...392 950 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 510 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Н.БАТЗОРИГ