Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/05

 

2024/ДШМ/05

 

 

        

С.Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч В.Ц, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: А.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У

            Шүүгдэгч: С.Д                      

            Нарийн бичгийн дарга  Б.Д нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж, ерөнхий шүүгч Р.А, шүүгч З.Н нарын бүрэлдэхүүнтэй  шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/293 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч В.Уын давж заалдах гомдлыг үндэслэн С.Дт холбогдох 2312000000192 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Дгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Монгол улсын иргэн, 1000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Ө аймгийн Х суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл ганцаараа А аймаг Х сумын Н баг, С гэх газар тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Н овогт С Д/РД:0000000000000/

 

Шүүгдэгч С.Д нь 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр А аймгийн Х сумын Н багийн нутаг дэвсгэр С гэх газарт өөрийн төрсөн хүү Д.Чг “Унтуулж, амраасангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хутга буюу зэвсэг ашиглан цээжин тус газарт нь хутгалсны улмаас цээжний хөдий рүү нэвт хатгагдсан шарх нь эгэм доорх артери, тараагуур судасны бүрэн тасрал, суганы артери, эгэм доорх артерийн салааны тасрал, орчны булчин, зөөлөн эдэд цус хуралт гэмтлийн улмаас цочмог цус алдалт үүсгэн амь насыг хохироосон буюу хүнийг алсан гэх гэмт хэрэг холбогджээ /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.Дт А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/293 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Н овогт С Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дийг 8/найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дт оногдуулсан 8/найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 29/хорин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хутга 1/нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгч В.У миний бие 2312000000192 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагч С.Дт хууль зүйн туслалцаа үзүүлэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Тус 2312000000192 дугаартай хэргийн зүйлчлэл нь яллагдагчийн гэм буруугийн хэлбэр, санаа сэдэлд тохирохгүй байна. Яллагдагч С.Дийг “... унтуулж амраасангүй гэж маргаан үүсгэж, ширээн дээр байсан хутгыг авч хөнгөн зэргийн согтуурсан өөрийн төрсөн хүү Д.Ч рүү чиглэсэн хууль бус халдлагыг эхлүүлж, түүний биед олон тооны шарх гэмтэл үүсгэсэн болох нь шинжээчийн дүгнэлт, насанд хүрээгүй гэрч О.Бийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна...” гэх дүгнэлт хийсэн байна. Гэвч энэхүү хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, маргааны үүслийн талаар дурдвал архидан согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсны улмаас гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдал бий болсныг дурдах нь зүйтэй байна. Шөнийн цаг бол хүн унтаж амрах ёстой цаг бөгөөд энэ нь хүний биологийн хэрэгцээ мөн. Тиймдээ ч Монгол улс төдийгүй гадаадын орнуудад шөнийн цагаар дуу чимээ гаргах зэрэг бусдын амгалан тайван байдалд хууль бусаар халдсан үйлдэлд хариуцлага тооцдог эрх зүйн тодорхой тогтолцоотой байдаг. Насанд хүрээгүй гэрч О.Б мэдүүлэгтээ “...Ч ах хувцсаа тайлаад орондоо орсон боловч үглээд байсан юм. Тэр үед манай өвөө Ч ахад хандаж миний хүү одоо унтаж амар гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч үгэнд нь орохгүй чамд ямар хамаатай юм босож ирээд гэрт байсан төмпөнг өшиглөсөн. Тэр үед өвөө уурлаад чи харанхуй шөнө хүн амраахгүй юм би ядраад байна гээд маргалдаж эхэлсэн...” гэж мэдүүлснээс маргааны үүсэл тодорхой харагдаж байна. С.Дийг Д.Ч рүү чиглэсэн хууль бус халдлагыг эхлүүлж, түүний биед олон тооны шарх гэмтэл үүсгэсэн болох нь шинжээчийн дүгнэлт, насанд хүрээгүй гэрч О.Бийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэх дүгнэлтэд санал нийлэхгүй байна. Учир нь: С.Д нь хөл муу таяг тулдаг, 2016 онд хүнд зодуулж гарын савхан ясаа хугалж байсан. С.Д нь хохирогчтой эрүүл мэнд, бие бялдрын хувьд хохирогчтой хэт зөрүүтэй бөгөөд идэвхтэй үйлдлээр түүний амь насыг нь хохироож болох эсэх нь эргэлзээтэй байна. С.Д нь тухайн хутгыг авахдаа гэмт хэрэг үйлдэх бус учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор авсан хэдий ч түүний хүсэл зоригоос үл шалтгаалж хохирогчийн хүчинд автан ноцолдож байгаад хамт газар унасан байдаг. Энэ нь С.Дийн 2023.07.20-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Ч ширээн дээр байсан төмпөнтэй махан дотор байсан хутгыг хараад наад хутгаараа намайг алчих гээд орилоод байсан. Тэгэхээр нь би тухайн хутгыг далд хийх санаатай тухайн хутгийг автал талийгаач Ч миний өөдөөс хүрч ирээд хутгатай гарыг маань барьж аваад өөр рүүгээ татаад нүүрнийхээ урдуур хоёр тийш нь савчаад өөрийгөө хатгачих гээд байсан... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Бийн “...Тэр үед талийгаач Ч ах өвөөд хандаж чи тэгтэл наад ширээн дээр байгаа хутгаараа намайг алчихгүй юу гээд орилоод байсан...Ч ах өвөө рүү дайраад хутга барьсан гарыг нь барьж аваад ноцолдоод гараа хоёр тийш нь савчаад байсан/уг үйлдэл хийх үедээ түүний биед өөрийн гар хүрэх түвшинд гэмтэл учруулсан/. Ингэж байгаад хамт газар унацгаасан...”гэх мэдүүлэг, шинжээч Б.Б 2023.08.02-ны 61 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 7-д “өөрийн гар хүрэх түвшинд үүссэн гэмтэл байна” гэх дүгнэлт гаргасан байдаг. Үүнээс дүгнэн үзвэл хохирогч өөрийн зүй бус үйлдлийн улмаас өөртөө олон тооны шарх гэмтэл үүсгэсэн гэж дүгнэж болохоор байна. С.Д нь Д.Ч рүү чиглэсэн хууль бус халдлагыг эхлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. С.Д хутгыг хойш тавих гэж авсан үйлдлээс өөр ямар ч үйлдэл хийгээгүй, амь хохирогч руу чиглэсэн хутгаа далайсан, алхсан, хутгалах гэж хутгатай гараа далайсан зэрэг үйлдэл огт хийгээгүй. Иймд С.Дт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.

гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/293 дугаартай шийтгэх тогтоол хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагад тохирсон учраас хэвээр үлдээж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байх гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Уын шүүх хуралдаанд гаргасан саналдаа: С.Дийн гаргасан үйлдлийн улмаас түүний хүү Ч нас барсан үйл баримт тогтоогдсон. Үүнд бид маргахгүй. С.Д гуай гэм буруу дээрээ маргадаггүй, хүүхдийнхээ амь насыг хохироосон хэлэх зүйл байхгүй гэж хэргийн зүйлчлэлээ хүлээн зөвшөөрч байгаа. Талийгаачийн амь насанд гэмтэл учруулах идэвхтэй үйлдэл хийгээгүй. Харин санаатай алсан гэдгийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой байхад хүндрүүлж санаатай алсан гэдэг зүйлчлэлээр оруулж байгааг хэргийн бодит нөхцөлтэй тохирохгүй гэж үзэж маргаж байгаа юм. Хэргийн газарт насанд хүрээгүй гэрч Б, амь хохирогч Ч, С.Д байгаа. Мөн насанд хүрээгүй нэг гэрч бий, гэхдээ унтаж байсан юу болсныг хараагүй гэдэг. Хэргийн гол гэрч Б байдаг. Тэгэхээр гэрч Б, С.Дийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг яг тохирч байгаа. Тухайн үед хутгийг аваад ямар үйлдэл хийсэн гэхээр хойш нь авч тавих зорилготой авсан. Талийгаач өөрөө согтуу орж ирээд наад хутгаараа намайг алчих гэж дайрсан. Шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн биед өөрийнх нь гар хүрч болох хэмжээний зүсэгдсэн шарх үүссэн. Давхралдаж унаснаас талийгаачийн биед хутга орсон нөхцөл гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтээр харагдана. Давхарлалдаж унаад босоод ирэхэд цус гарч хутгалсан байсан. Учрах эрсдэлийг зайлуулах зорилгоор хутгыг авсан.. Анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэдэг санал тавихаар анхан шатны шүүх юу гэж үзсэн гэхээр шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаж байгаа учраас хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн. Шүүгдэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Давж заалдах шатны шүүхээс болгоомжгүй төрлийн гэмт хэрэг биш санаатай гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзвэл хувийн байдлыг харж үзнэ үү. Өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Гэр бүлийн хүн нь нас барснаас хойш хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг хардаг. Зуны цагт талийгаач хүүхэдтэйгээ хамт амьдарч аяга хоолыг нь бэлдээд өгдөг байсан. Ямар нэгэн байдлаар хэрэгт төвөгт холбогдож байгаагүй. Хүүхдүүдээ хүн болгож амьдрахын төлөө явж байгаа. Шүүхээс тал бүрийг харж түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү гэв.  

 

Шүүгдэгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөө гэрийн хорионд байхаар гаргаж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өндөр настай аавыг минь ялаас хөнгөлж өгнө үү. Ширээн дээр байсан хутгыг авч холдуулах гэсэн юм шиг байгаа юм. Талийгаач ах минь хань ижлээсээ салж сэтгэл санаа нь тогтворгүй байсан. Аав минь биднийг зодох байтугай ширүүн үг ч хэлж байгаагүй. Хүүхдүүдтэй тэтгэвэр, тэтгэмж болон бусад боломжтой зүйлээрээ л тусалдаг. Ах минь хань ижилгүй болсноосоо хойш зан авир нь өөрчлөгдөж бидэнд том гарз боллоо. Миний аав хөгшин хонины насгүй болсон. Ахыг өнгөрснөөс хойш аав минь унтахаа байсан, бурхныхаа урдаас холдохоо байсан, эмнэлэг явж эмчид үзүүлэхээ байсан. Энэ явдлаас хойш бидэнтэй үг дугарахаа байсан, тэр тусмаа надтай юм ярихаа байсан. Аль болох өршөөж хөнгөрүүлнэ үү гэж гуймаар байна. Хүн бүр эцэгтэй байдаг байх, бидний үр хүүхдүүдийг харж талийгаачид хоол цайг нь хийж өгч байсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй,  мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил гаргаагүй байна.

 

А аймгийн Прокурорын газар шүүгдэгч С.Дийг  2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр А аймгийн Х сумын Н багийн нутаг дэвсгэр С гэх газарт өөрийн төрсөн хүү Д.Чг “Унтуулж, амраасангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хутга буюу зэвсэг ашиглан цээжин тус газарт нь хутгалсны улмаас цээжний хөдий рүү нэвт хатгагдсан шарх нь эгэм доорх артери, тараагуур судасны бүрэн тасрал, суганы артери, эгэм доорх артерийн салааны тасрал, орчны булчин, зөөлөн эдэд цус хуралт гэмтлийн улмаас цочмог цус алдалт үүсгэн амь насыг хохироосон буюу хүнийг алсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,  яллах дүгнэлт үйлдэн, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Дийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дт оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон байна.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч В.У “...Шүүгдэгч С.Дт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэж, шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэж байгаа ч шүүгдэгч С.Дийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага  хүлээлгэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг  харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр эрх зүйн ухамсарт тулгуурлан үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоох шаардлагатай бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд нь ямар нэгэн эргэлзээ үүсгэхгүй,  үйл баримтыг бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ. 

Хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч О.Бийн ...Би 2023 оны 07 сарын 15-ны өдөр...нутгийн айл болох Б гэх айлын найранд очсон юм. Намайг очоод байж байтал манай талийгаач ах Ч, миний төрсөн дүү Гын хамт Б гэх айлд ирсэн... Ч ах нэлээн согтоод ...шөнө хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна, гадаа харанхуй байсан. Би талийгаач ах Ч,, өөрийн дүү Г нарыг мотоциклдоо сундалдаж суулгаад гэртээ ирсэн бөгөөд... талийгаач  Ч ах хувцсаа тайлаад орондоо орсон боловч унтахгүй үглээд байсан. Тэр үед манай өвөө Ч ахад хандаж миний хүү одоо унтаж амар гээд хэд хэдэн удаа хэлсэн боловч үгэнд нь орохгүй чамд ямар хамаатай юм гээд босож ирээд гэрт байсан төмпөнг өшиглөсөн. Тэр үед өвөө уурлаад чи харанхуй шөнө хүн амраахгүй юм, би ядраад байна гээд маргалдаж эхэлсэн. Тэр үед талийгаач,Ч ах өвөөд хандаж, чи тэгвэл наад ширээн дээр байгаа хутгаараа намайг алчихгүй юу гээд орилоод байсан. Гэтэл манай өвөө Д ширээн дээр байсан модон иштэй, ишийг нь төмөр утсаар ороосон хутгийг ирийг нь дээш нь харуулаад барьчихсан зогсож байсан. Энэ үед талийгаач Ч ах өвөө рүү дайраад хутга барьсан гарыг нь барьж аваад ноцолдоод гараа хоёр тийшээ савчаад байсан. Ингэж байгаад газар хамт унацгаасан. Газар унаад өвөө түрүүлээд босоод ирсэн. Талийгаач Ч ах газар унаад босож ирэхдээ цээжний зүүн тал хавиас нь гарыг дагаад цус урсаж байсан. Би цус харахаар аймаар айдаг учир шууд гарч гүйгээд мотоциклээ асаагаад ойрхон байдаг айлын хүнээс тусламж гуйх гэтэл тэр айлын хүн байхгүй байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78/, А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 сарын 02-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “…шинжээчид тавигдсан асуудлууд хэсгийн 7.Амь хохирогч хутгаар өөрөө өөрийнхөө амь насыг егүүтгэсэн байх боломжтой эсэх гэсэн асуултад 7.Амьд үед үүсгэгдсэн ба дарааллыг тогтоох боломжгүй, өөрийн гар хүрэх түвшинд үүссэн гэмтэл байна…” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 105-106/, А аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 10 дугаар дүгнэлтийн Комиссын хамтарсан үзлэг хэсэгт яллагдагч С.Д “...Өдөр найз нартайгаа архи уусан байсан. Ирээд агсам тавиад намайг алаад өг гээд хутга булаацалдаж байгаад миний хутгатай гараар өөрийгөө хутгалаад амиа егүүтгэсэн гэж бодож байна. Би их харамсаж байна. Юу гээд төрсөн хүүхдээ алья гэж бодохов дээ. Би хөл муутай, явж чадахгүй...“ гэж хариулсан талаар бичигдсэн 1-р хх-ийн 146/, яллагдагч С.Дийн “...Тухайн шөнө нойр хүрэхгүй сэрвэлзээд байсан. Учир нь манай хүү найзтайгаа архи уусан. Тэгээд дараагаар нь айлын найр руу явсан болохоор би согтоод энд тэнд уначихгүй байгаа гээд сэтгэл зовоод хүлээгээд байсан. Гэтэл шөнө 04 цагийн үед талийгаач хүү Ч маань манай зээ хүү болох Б, Г нарын хамт ирсэн. Унтах гээд орондоо орцгоосон. Гэтэл талийгаач Ч орондоо орчхоод унтахгүй үглээд байхаар нь миний хүү одоо унтаж амар гэтэл талийгаач надад хандаж таниар заалгахгүй, таньд ямар хамаатай юм бэ гэсэн. Би чамд хэлэхгүй хэн хэлэх юм бэ гэхэд талийгаач орноосоо босоод ирчихсэн юм өшиглөөд түжигнүүлээд байсан. Тэр үед би орон дээрээ сууж байсан. Талийгаач Ч ширээн дээр байсан төмпөнтэй махан дотор байсан хутгыг хараад наад хутгаараа намайг алчих гээд орилоод байсан. Тэгэхээр нь би тухайн хутгыг далд хийх санаатай автал талийгаач Ч миний өөдөөс хүрч ирээд хутгатай гарыг маань барьж аваад өөр рүүгээ татаад нүүрнийхээ урдуур хоёр тийш нь савчаад өөрийгөө хатгуулчих гээд байсан. Би салах гээд хойшоо зүтгэсэн боловч хөл муу учир талийгаачтай хамт газарт унасан. Босож ирээд хартал талийгаачийн цээж хэсгээс цус гарч байсан. Ингээд би сандраад яг юу болсныг санахгүй байна. Тухайн үед би айсан. Нэг мэдэхэд эмнэлэг, цагдаа ирчихсэн байсан. Миний хамгийн том хүү, хэдэн дүү нараа зохицуулж, айл гэр болгож, одоо намайг болон гэр орон, мал ахуйгаа авч явсан хайртай том хүүгийнхээ амь насыг хохироочихсондоо маш их харамсаж байна. Хааяа архи уусан үедээ агсам тавиад байдаг болохоос өөр ямар нэгэн муу зан авиргүй хүн байсан. Би өөрийн төрсөн хүүгээ яалаа гэж алах санаа зорилго байх билээ...” гэсэн  мэдүүлэг /1-р хх-ийн 161/ зэрэг нотлох баримтуудаар 2023 оны 07 сарын 16-ны үүрээр 04 цагийн үед хохирогч Д.Ч А аймгийн Х сумын Н багийн нутаг дэвсгэр С гэх газарт байх өөрийн гэрт согтуугаар зохисгүй авирлан, 74 настай, хөл муутай, таяг тулдаг эцэг С.Дтэй маргалдан, ширээн дээр төмпөн дотор байсан хутгыг хараад наад хутгаараа намайг алчих гэж орилоход нь эцэг С.Д нь тухайн хутгыг далд хийх санаа зорилгоор авсан байхад түүн рүү ирж хутгатай гараас нь барьж савчиж байгаад хоёул газар унасан, босож ирэхэд хохирогч Д.Чгийн цээж хэсгээс цус гарч байсан үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Д нь хохирогч Д.Чг хутгалсан гэх үйл баримт бүрэн дүүрэн,  хангалттай тогтоогдохгүй, шүүгдэгч С.Дийн үйлдлийн улмаас хохирогч Д.Ч хутгалагдсан гэж дүгнэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч С.Дт хохирогч Д.Чг алах субьектив санаа зорилго байгаагүй, санаатай болон болгоомжгүй хэлбэрээр, эсхүл санаа сэтгэл нь цочрон давчидсаны улмаас хохирогч Д.Чг хутгалсан гэх үйл баримт  тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч В.Уын “… Хохирогч өөрийн зүй бус үйлдлийн улмаас өөртөө олон тооны шарх гэмтэл үүсгэсэн гэж дүгнэхээр байна. С.Д нь Д.Ч рүү чиглэсэн хууль бус халдлагыг эхлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.  С.Д хутгыг хойш тавих гэж авсан үйлдлээс өөр ямар ч үйлдэл хийгээгүй, амь хохирогч руу чиглэсэн хутгаа далайсан, алхсан, хутгалах гэж хутгатай гараа далайсан зэрэг үйлдэл огт хийгээгүй…” гэсэн  давж заалдах гомдлын агуулга үндэслэлтэй ч зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч В.Уын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул цагдан хоригдож байгаа шүүгдэгч С.Дийг шүүх хуралдааны танхимаас суллаж, түүний давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх хүртэл 54 хоног цагдан хоригдсон болохыг  магадлалд дурдах нь зүйтэй.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/293 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Дт холбогдох эрүүгийн 2312000000192 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч С.Дийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

3. Шүүгдэгч С.Д шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш хэрэг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх хүртэл 54 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.Д

 

                      ШҮҮГЧИД                                             В.Ц

 

                                                                                                Н.Э