Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01108

 

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01108

 

 

Ц.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01137 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д холбогдох,

 

Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, /13321/ 41 дүгээр байрны 69 тоот хаягт байршилтай 68.7 м.кв орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъян, хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Э- болон Т ХХК-ийн захирал О.Батбилэг нар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн гудамж, 53 дугаар сургуулийн баруун хойно байрлах, 8 давхар 68.7 м.кв орон сууцны барилгыг 1 м.кв талбайг 1 455 600 төгрөгөөр тооцож нийт 99 999 720 төгрөгөөр бариулахаар тохиролцож, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ОС/14 тоот орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулсан. Дээрх 68,7 м.кв орон сууцны төлбөрт Сүхбаатар дүүрэгт байрлах өөрийн өмчлөлийн 450 м.кв талбайтай Лагуна рестораныг өгөхөөр болсон юм. Гэрээний дагуу Т ХХК-д 2015 онд Лагуна рестораныг тоног төхөөрөмж, бусад эд зүйлийн хамт шилжүүлж өгсөн. Хариуцагч компани газраа өөрсдөө олоод, уг газарт Ц.Э- нь рестораныг барьж өгөх тохиролцоо хийсэн. Хариуцагч газраа олж өгөөгүй. Шүүх хуралдаанд газрын гэрчилгээ гаргаж өгсөн. Өмнө рестораныг бариулах газрын талаар нэхэмжлэгчид хэлж байгаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч газраа олоод өгсөн тохиолдолд Мизо хаус ХХК-аар барилцахаар харилцан тохиролцсон байсан. Өөрөөр хэлбэл, рестораныг газраа олоод бариулах талаар хариуцагч санаачлагатай байгаагүй. Харин Ц.Э- 2 өрөө орон сууцаа авъя гэхэд хариу өгөөгүй. Ц.Э- нь Улсын Их Хурлын гишүүн асан талийгаач М.Батчимэгийн нөхөр юм. Эхнэр нь 2017 онд тархины хавдар гэж оношлогдон, гадаад улсад нэлээн удаан хугацаагаар эмчлүүлсэн. Ц.Э- өөрөө бол ирэн очин байхдаа орон сууцаа шаардсан. 2014 оноос хойш рестораны тоног төхөөрөмж хариуцагч компанийн хашаанд байгаа. 2014 онд хүлээлгэж өгсөн Лагуна ресторан бол тухайн үедээ гайгүй зэрэглэлийн үнэ цэнтэй хөрөнгө байсан. Тухайн орон сууц өөр хүний өмчлөлд шилжсэн бол заавал тэрийг авахгүйгээр адил төрлийн чанарыг нь муутгахгүй орон сууц санал болговол авч болно. Ц.Э-т мэдэгдэл хүргүүлсэн гэдэг нь худал юм. Сүхбаатар дүүрэгт байршилтай нэхэмжлэгчийн байшинд нь одоо ч охин нь үйл ажиллагаа явуулж байгаа. Хэрэгт авагдсан баримтууд гэрчийн мэдүүлгээс харахад 2014 оны 12 дугаар сард гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргээ хариуцагч компани биелүүлээгүй. Хариуцагчийн хувьд гэрээнээс татгалзсан гэх боловч Ц.Э-т гэрээнээс татгалзаж байгаа тухай мэдэгдэл ирээгүй. Иймд Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, /13321/ 41 дүгээр байрны 69 тоот хаягт байршилтай 68.7 м.кв орон сууцыг Ц.Э-ын өмчлөлд шилжүүлэхийг даалгах өгнө үү гэжээ.\

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талууд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №ОС-38/14 дугаар орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулж тус гэрээний төлбөрт Ц.Э- өөрийн өмчлөлийн бүрэн тавилга, тоног төхөөрөмжтэй 450 м.кв канад модон барилга Лагуна ресторан болон холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөх, мөн угсралт, суурилуулалтыг бүрэн хийж гүйцэтгэн рестораныг ашиглахаар бэлэн болгож өгсний дараа тус гэрээнд заасан орон сууцыг өмчлөх эрх үүсэхээр тохиролцсон. Тухайн үед Лагуна ресторан нь өөр хүний өмчлөлийн газарт байсан бөгөөд тус газрыг яаралтай чөлөөлөх шаардлага үүсч, буулгаж хураах талбайгүй тул эхний ээлжинд манай компанийн хашаанд түр хугацаагаар буулгаж хураан, дараа нь манай заасан байршилд рестораныг буцаан барьж, угсран ашиглахад бэлэн болгох ажлыг Ц.Э- хариуцаж ажиллахаар талууд тохиролцож, үүний дагуу гэрээг байгуулсан. Багшийн дээдээс манай компанийн Асфальт бетон зуурмагийн үйлдвэр буюу ТЭЦ-4-ийн урд хүртэл тээвэрлэх, буулгаж хураах зардлыг Ц.Э- бүрэн хариуцахаар болсон. Ингэж тээвэрлэж, буулгаж, хураахдаа манай компанитай эд хөрөнгө хүлээлгэж өгсөн тухай акт үйлдэж тооцоо нийлээгүй. Бидний хувьд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/345 дугаар захирамжаар олгогдсон өөрийн эзэмшлийн Баруун шохойн адаг гэх газарт Аялал жуулчлал, бааз чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй газарт рестораныг ажиллуулах зорилготойгоор тус гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь гэрээний 1.4-т заасан үүргээ биелүүлээгүй. 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ц.Э-ыг хайж мэдэгдэл явуулсан. Гэвч оршин суугаа хаягаа сольсон бөгөөд худалдан борлуулсан байсан. Нэхэмжлэгч Ц.Э-т удаа дараа тус газарт рестораныг буцаан барьж, угсран өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүрсэн. Гэтэл Ц.Э- нэхэмжлэлдээ биднээс орон сууцыг хүлээлгэн өгөхийг нэг ч удаа шаардаагүй атлаа удаа дараа шаардсан мэтээр тайлбарласан байна. 2014 оны 12 сараас өнөөдрийг хүртэл бид өөрийн өмчлөлийн газрыг ашиглуулж, тус рестораныг элдэв халдлагаас хамгаалж ирсэн ч үүний төлбөрийг Ц.Э-аас нэхээгүй, хэрэв нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бол бидний зүгээс гэрээний үүргээ биелүүлэхэд татгалзах зүйл байгаагүй. Рестораны барилгын материал, тоног төхөөрөмж нь чанарын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй болсон. Барилга нь баригдсан ч зориулалтын дагуу ашиглах боломжгүй учраас Иргэний хуулийн 225 дугаар зүйл 225.3 дахь хэсэгт заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №ОС-38/14 дугаар орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байна. Мөн хуулийн 205 дугаар зүйл 250.4.3-т үүрэг гүйцэтгэгч гэрээний зүйлийг зохих ёсоор хадгалж арчилж, хамгаалсаар байхад тэр нь муудсан, гэмтсэн, устсан. Энэ тохиолдолд гэрээний зүйлээс үлдсэнийг нь үүрэг гүйцэтгүүлэгчид буцааж өгнө гэж заасны дагуу манай компанид барилгыг хүлээлгэн өгч, угсарч суурилуулах, талаар удаа дараа сануулж, мэдэгдсээр байтал ямар ч арга хэмжээ аваагүй, нэг ч удаа манай үйлдвэр дээр ирж өөрийн хөрөнгө эргэж тойроогүй, анхаарал тавиагүй бидний зүгээс маргаан бүхий рестораныг буцаан өгөх саналтай байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э-ын хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, /13321/ 41 дүгээр байрны 69 тоот хаягт байршилтай 68.7 м.кв талбайтай орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий биш, нэг талыг барьсан, шүүх эрх зүйн харилцааг буруу тодорхойлж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Миний бие өөрийн өмчлөлийн ажиллаж байсан рестораныг бүх тавилга, гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж, иж бүрэн хэрэгсэл, бусад эд зүйл болон материалын хамт Т ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, Т ХХК нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, /1331/41 дүгээр байрны 69 тоот хаягт байршилтай 68.7 м.кв талбайтай орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож арилжааны гэрээг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж буруу тодорхойлж дүгнэсэн. Гэрээний зорилго, талууд юу тохиролцсон, гэрээний гол нөхцөл, талуудын хүсэл зориг гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинж нь болдог. Үүнээс үүдэн шүүх гэрээний төрлийг зөв тодорхойлох нь хууль хэрэглэх эхний алхам болно. Нэхэмжлэгч тал арилжааны гэрээний үндсэн дээр хариуцагчийн барьсан орон сууцнаас давхар, өрөөний тоо, талбайн хэмжээ маш тодорхой нэрлэн заасан орон сууцыг, хариуд нь хариуцагч нэхэмжлэгчээс бэлэн ресторан, тоног төхөөрөмжийн хамтаар авахаар тус тус тохиролцсон байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт Арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан зохицуулалтуудыг хэрэглэх ёстой. Мөн миний бие өөрийн өмчлөлийн рестораныг буулган, тавилга, эд зүйл болон материалыг Т ХХК-д хүлээлгэн өгсөн боловч Т ХХК нь надад мэдэгдэлгүйгээр нуун далдалж Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, /1331/41 дүгээр байрны 69 тоот хаягт байршилтай 68.7 м.кв талбайтай орон сууцыг 2019 онд бусдын өмчлөлд шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим бопон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж, мөн зүйлийн 247.2 дах хэсэгт Худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн хүсэлтээр гэрээнд зааснаас өөр газар хүргүүлэхээр илгээсэн бол тухайн эд хөрөнгийг тээвэрлэгчид, эсхүл эрх бүхий этгээдэд шилжүүлсэн үеэс худалдан авагчид үр шим, эрсдэл нь шилжинэ гэж тус тус заасан. Арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт хэрэглэгддэг тул миний бие Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1. дэх хэсэг, 243 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг болон бидний хооронд байгуулсан ОС-38/14 тоот гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол,/1331/41 дүгээр байрны 69 тоот хаягт 68.7 м.кв талбайтай орон сууцыг хариуцагчаас шаардах эрхтэй тул нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх гэрээний харилцааг буруу тодорхойлсны улмаас дээрх орон сууцны байрны өмчлөлийг шилжүүлэхийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв боловч зохигчдын хоорондох маргаантай эрх зүйн харилцааны төрлийг буруу тодорхойлсон тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Э- нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, /13321/ 41 дүгээр байрны 69 тоот хаягт байршилтай 68,7 м.кв талбайтай орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ц.Э- нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн гудамж, 53 дугаар сургуулийн баруун хойд талд "Тэгштплант" ХХК-ийн барьж байгаа барилгын 8 давхрын 69 тоот, 68,7 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1 455 600 төгрөгөөр тооцож, нийт 99 999 720 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг захиалж, уг орон сууцны төлбөрт өөрийн өмчлөлийн бүрэн тавилга, тоног төхөөрөмж бүхий 450 м.кв талбайтай канад модоор баригдсан Лагуна /LAGUNA/ рестораныг өгч, уг рестораныг тухайн үеийнх нь байршил буюу Багшийн дээдээс хариуцагч талын Асфальтын үйлдвэрт тээвэрлэн буулгаж, хариуцагчийн заасан байршилд буцаан барьж өгөхөөр талууд харилцан тохиролцсон гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 5-7/

 

Нэхэмжлэгч Ц.Э- нь өөрийн өмчлөлийн Лагуна /LAGUNA/ рестораныг буулган, тавилга, эд зүйл болон материалыг хариуцагч Т ХХК-ийн Асфальтын үйлдвэрт хүлээлгэн өгсөн болох нь гэрч Э.Одгэрэлийн мэдүүлэг, рестораны эд зүйлийг хүлээлцсэн баримт зэргээр тогтоогдсон байх тул дээрх арилжааны гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ. /хх-ийн 120-125/

 

Хариуцагч Т ХХК-ийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 267 тоот албан бичгийг Ц.Э-ын хаягаар хүргүүлсэн гэх байдал, рестораныг барих газрыг нэхэмжлэгчид зааж өгсөн гэх байдал тус тус хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна./хх-ийн 131/

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2015/822 дугаартай актаар Т ХХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 16 автомашины дулаан зогсоолтой, 81 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулахаар зөвшөөрсөн байх бөгөөд энэ хэргийн зохигчдын хооронд байгуулагдсан арилжааны гэрээний зүйл болох 41 дүгээр байрны 69 тоотод байрлах, 68,7 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ш.Баатар, Ж.Даариймаа нар бүртгэгдсэн байна. /хх-ийн 101-108/

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл болох орон сууцыг шаардсан боловч уг орон сууц нь бусдын өмчлөлд шилжсэн байх тул үүргийг бодитоор гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Энэ тохиолдолд бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах байдлаар нэхэмжлэлийг хангах нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тул Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, /13321/ 41 дүгээр байрны 69 тоот хаягт байршилтай 68,7 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчаас шаардсан нэхэмжлэгч Ц.Э-ын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Э-ын хариуцагч "Тэгштплант" ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, /13321/ 41 дүгээр байрны 69 тоот хаягт байршилтай 68,7 м.кв талбайтай орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээнээс хариуцагч "Тэгштплант" ХХК татгалзсантай холбоотойгоор өөрт учирсан хохирлыг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж үзсэн нь буруу байна.

 

Талуудын аль аль нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд зүйлийн талаар буюу нэг тал нь ирээдүйд баригдах орон сууцыг, нөгөө тал нь канад модоор баригдсан рестораны зориулалттай байшинг солилцохоор тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 274.1-т заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Ирээдүйд бий болох хөрөнгө нь худалдах худалдан авах болон арилжааны гэрээний зүйл байж болох бөгөөд тухайн үед баригдаагүй байсан ч ямар байрны хэдэн давхарт хэдий хэмжээний талбайтай байх зэрэг нэг бүрийн шинжээр нь тодорхойлж гэрээнд зааж өгсөн гэж үзэхээр байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01137 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ