Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2025/0268

 

 

 

 

 

 

 

 

 

2025         04           16                                     128/ШШ2025/0268                     

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Гангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: “О******* *******” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А******* /РД:Ж*******/,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ц,

Гуравдагч этгээд: “Г*******” ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Т /Иргэний бүртгэлийн дугаар:1*******8/,

Нэхэмжлэлийн шаардлага: “О******* *******” ХХК-д газар эзэмших эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлт гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын Т******* а******* 5000 м.кв газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалын “О******* *******” ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

          1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар албан бичгээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчихөөр байгаа тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 161 дүгээр албан бичгээр ирүүлсэн санал болон “О******* *******” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн.

          1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11, Ерөнхий шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13/459 дүгээр байгаль орчны нарийвчилсан ерөнхий үнэлгээний дүгнэлт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2050 тоот саналыг тус тус үндэслэн Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Т******* амны хязгаарлалтын бүсэд “Г*******" ХХК-ийн хүсэлтийн дагуу 12,737 м.кв газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгожээ.

          1.3. “О******* *******” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-нд холбогдуулан гаргасан ““О******* *******” ХХК-д газар эзэмших эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлт гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын Т******* а******* 5000 м.кв газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалын “О******* *******” ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХТ2024/0107 дугаар тогтоолоор хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Хэрэг шилжүүлэх тухай” 128/ЗТ2024/1615 дугаар тогтоолоор сугалагдан ирсний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

        Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

        2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Манай компанийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Т******* а******* 5,000 м.кв талбайг ашиглах хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар дамжуулан гаргасан. Ингэхдээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас санал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 13/2029 дугаар албан бичгээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэсэн. Гэвч хүсэлтийг шийдвэрлээгүй удсан бөгөөд биечлэн очиж хүсэлтээ хэзээ шийдвэрлэгдэх тухай лавлахад яамны мэргэжилтнүүд сайд, дарга нар солигдсон удахгүй шийдвэрлэнэ гэж хойшлуулсаар байсан.

        Улмаар 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт албан бичгээр хандаж, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 09/5429 дугаар албан бичгээр ...хүсэлт бүртгэлд бүртгэгдсэн ...иргэн ААН байгууллагын цуцлагдсан газар дээр давхцалтай тул хаасан гэж цахим системд тэмдэглэсэн гэх хариуг өгсөн. Тухайн хариуг эс зөвшөөрч Байгаль орчин аялал жуулчлалын сайдад гомдол гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаартай албан бичгээр хүсэлтэд дурдсан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчихөөр байна. гэж мэдэгдсэн.

        Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 02 дугаар зүйлийн 15-ны өдрийн 160 дугаар албан бичигт ашиглахыг хүссэн газрын солбицлыг заан тухайн талбай нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй бөгөөд олгоход татгалзах зүйлгүй болно гэж тодорхой заасан. Мөн Газар ашиглах эрхтэй холбоотой өргөдлийн дотоод хяналтын хуудаст Кадастрын мэдээллийн санд давхцалыг шалгах хэсэгт давхцалгүй гэж тэмдэглэсэн.

          Иймд хуулийн дагуу холбогдох баримтуудыг бүрдүүлэн хүсэлтээ гаргасан байхад газар ашиглуулах шийдвэр гаргахаас татгалзсан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчиж байна.” гэжээ.

          2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...“О******* *******” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Т******* а******* 5,000 м.кв талбайг ашиглах хүсэлт гаргасан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ өгч үүнийхээ дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамд өгсөн байгаа. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хүсэлтийг илгээхдээ саналаа мөн явуулсан байдаг. Энэ санал дээр нь тухайн газрыг олгоход татгалзах зүйл байхгүй. Давхцал байхгүй байна гэсэн зүйлийг бичсэн байдаг. Мөн үүнийх нь дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 онд албан бичгээр байгаль орчин нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэсэн гэдгээ илэрхийлж өгсөн байгаа. Энэ хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхийг хүлээж байсан боловч тухайн үед яамны мэргэжилтэн нар солигдож, ковид 19 гарсны үндсэн дээр ямар нэгэн хариу өгөөгүй. Мэргэжилтэн нартай очиж уулзахад тэгж байгаад бичгээр хариу өгнө гэсэн байдалтай явуулж байсан. 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дахин хандсан. Манай хүсэлтийг шийдвэрлэсэн үү?, бичгээр хариу өгнө үү гэх гомдол гаргасан байгаа. Түүнийх нь хариуд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр танай хүсэлт бүртгэгдсэн байна. Гэвч иргэн аж ахуй нэгж байгууллагын цуцлагдсан газартай давхцалтай байсан тул хаасан байна гэсэн систем дээр тэмдэглэсэн байгаа тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн. Үүний дагуу шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргаад явсан. Гол үндэслэл болгож байгаа хуулийн заалт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй байна гэсэн заалтыг баримталж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр А/144 гэх тушаалыг гаргаж нэхэмжлэгч компанийн хүсэлт гаргаж байсан газартай давхцуулж газар ашиглах эрх олгосон байдаг. Иймд үүнийг нь давхцалтай хэсгээр нь хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Энэ хоёр компанийг авч үзэхээр “О******* *******” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан. Үүн дээр ямар нэгэн давхцал байхгүй байна гэсэн хариу өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүсэлт гаргасан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамд хандаж байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэж нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэсэн гэж өргөдлийн дарааллын дагуу ажиллагаа хийгээд явж байсан нь харагддаг. Харин “Г*******” ХХК нь 2019 оны 12 дугаар сард Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд санал авч, хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн. Цаг хугацааны хувьд тухайн газар дээр ашиглах эрхийг хамгийн түрүүнд нэхэмжлэгчид өгсөн гэдэг нь нотлох баримтаар харагдаж байгаа. Мөн анх хариуцагч талаас татгалзсан хариу өгөхдөө өмнө нь эзэмшиж байсан этгээд нь хүчингүй болгосонтой холбогдуулж захиргааны хэргийн шүүхэд маргаад явж байна. Энэ нь н.Э******* гэх хүн ашиглах эрхтэй байгаад энэ нь хүчингүй болж маргаантай байгаа юм байна гэх хариу өгсөн. Шүүхээс ажиллагааны явцад энэ талаар лавлагаа гаргуулахад н.Э******* нь ямар нэгэн байдлаар хүчингүй болсон шийдвэртэйгээ маргаагүй байсан болох нь харагддаг. Анхнаасаа хариуцагч талаас гаргаж өгсөн татгалзал нь үндэслэлгүй байсан. Ингэж явсан хэр нь гуравдагч этгээдэд цаг хугацааны хувьд 1 жилийн дараа хүсэлт гаргасан этгээдэд олгож байгаа нь хууль бус болсон гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Энэ хэрэг нь анхан шатны шүүхээр болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж хяналтын шатны шүүхээс тухайн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа үндэслэл нь юу байсан бэ гэхээр маргааны нотлох баримт болон үйл баримтыг буруу дүгнэсэн байна гэсэн дүгнэлтийг дээд шүүхээс өгөөгүй. Зөвхөн нэхэмжлэлийн шаардлагыг дутуу шийдвэрлэсэн байна. Үүнийг нь дээд шатны шүүхээс залруулах боломжгүй байна. Зөвхөн А/144 дүгээр тушаалтай холбогдуулж дүгнэлт хийсэн байна. Бусад асуудал дээр нь дүгнэлт хийгээгүй байна. Хэрэгт баримт авагдсан. Үүн дээр хэн нь хэзээ анх ашиглах эрх хүссэн талаар нотлох баримт нь хангалттай байхад дахин шинэ акт гаргахаар түдгэлзүүлсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болон шийдэл хоёр нь зөрүүтэй байна гэж үзсэн байгаа. Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

        Гурав.Хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

        3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “...“О******* *******” ХХК-ийн газар ашиглах хүсэлт гаргасан газрыг “Г*******” ХХК ашигладаг бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйл Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа явуулж болно; гэж тус тус заасантай нийцэхгүй. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар албан бичиг нь үндэслэлтэй байна. Мөн маргаан бүхий газар ашиглах эрхийг одоо “Г*******” ХХК ашиглаж байгаа тул нэхэмжлэгчийн газар ашигласан эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах шаардлага нь гуравдагч этгээдийг эрх ашгийг хөндөхөөр байна.

        “Г*******” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Т******* а******* 1,2 га газар ашиглах эрх олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д заасан зориулалт, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д заасан нөхцөл, 36 дугаар 36 дугаар зүйлийн 1-д заасан газар ашиглах эрх олгох сайдын эрх хэмжээнд /тухайн үеийн хүчин төгөлдөр хуулиар/ хамаарах хуулийн зохицуулалтад нийцсэн тушаал байна.

        Тус маргаан бүхий газрыг иргэн Ж.Э******* 2008 оноос эхлэн ашиглаж байсан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Газар ашиглагчийн хүсэлтээр газар ашиглах эрх дуусгавар болгохоос бусад тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдэд захиргааны актад гомдол гаргах, маргах боломжийг олгох зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ хүрээнд эрх хүссэн газрыг кадастрын мэдээллийн санд шалган үзэхэд цуцлагдсан газартай давхцалтай хэмээн абле системд хаасан тухай тэмдэглэсэн байна.

        Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн /2023 оны нэмэлт, өөрчлөлтөөс өмнө/ 11 дүгээр зүйл, 36 дугаар зүйлд тус тус зааснаар дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох боломжгүй бөгөөд хүн түр буудаллах отоглох зориулалтаар газар ашиглуулах боломжтой юм. “О******* *******” ХХК нь дархан цаазат газарт аялал жуулчлалын бааз байгуулах зориулалтаар газар ашиглах эрх хүссэн нь хуульд нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад яг ямар үндэслэлээр “О******* *******” ХХК-ийн газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахыг шаардаж буй үндэслэл нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, газар ашиглах эрхийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох ба ямар хуулийг зөрчиж газар ашиглах эрх олгосон гэдэг нь тодорхойгүй байна.

        Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байна.

        2023 оны 01 дүгээр сарын 31-нд хариу өгөхдөө Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөж байгаатай холбогдуулаад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах асуудлыг дуудлага худалдаа эсвэл сонгон шалгаруулалтаар шийдвэрлэхээр тусгагдсан. Тус хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тусгай хамгаалалттай газруудад газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийж батлах төлөвлөгөөнд иргэн аж ахуйн нэгж байгууллагад шинээр ашиглуулах газруудын байршлыг тусгаж дуудлага худалдаа сонгон шалгаруулалтаар шийдвэрлэх талаар тухай бүр мэдээллийн хэрэгслээр зарлахаар төлөвлөж байна. 2023 онд нийслэлд газар олголт байхгүй байгаа учраас шинээр батлагдсан хуулийн дагуу тухайн дурдсан ажлууд байна. Газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтэд хавсаргах баримт буюу Газрын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний байдлын тухай хууль зэрэгт заасан материал гэрээ дүгнэсэн акт газрын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн тайлан кадастрын зураг гэх мэтчилэн дутуу баримт байдаг тул хамгаалалтын захиргаанаас албан бичгийг хүргүүлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

        3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...“О******* *******” ХХК нь 2019 оны 4 сард газар ашиглах хүсэлтээ Байгаль орчин аялал жуулчлалын яамд гаргасан байдаг. Тухайн хүсэлтийг хариуцагч байгууллагаас хариу өгөөгүй цуцлагдсан газартай давхцалтай байх боломжгүй гэж хэлсэн байдаг. 2019 оноос хойш 2023 оныг хүртэл нэхэмжлэгч компанийн гаргасан хүсэлтийг захиргааны байгууллага хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар огт хандаагүй. Эс үйлдэхүйтэй холбоотой маргаагүй байдаг. 2020 онд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33, 36 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд “Г*******” ХХК-д газар ашиглах эрхийг олгож шийдвэрлэсэн байдаг. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33, 36 дугаар зүйлд зааснаар нийцсэн шийдвэр гэж үзэж байгаа. Гуравдагч этгээдэд олгосон шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч талд олгохтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй. Нэгэнт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөгдөж төсөл сонгон шалгаруулсны үндсэн дээр газрыг ашиглах эрх үүсэж байгаа. Нэгэнт шууд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч компанийг Тусгай хамгаалалттай газар тухай тухай хууль /хуучин/  33 дугаар зүйлд заасан төрийн захиргааны төв байгууллага газар ашиглах эрх олгон гэх ерөнхий зохицуулалтыг барьж гуравдагч этгээдэд олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Шинэ батлагдсан хуулиар төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр олгох тул тус нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй гэж үзэж байгаа. Мөн гуравдагч этгээд нь 2020 оны 3 сараас хойш өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд газар дээрээ зарлага гаргаж зориулалтын дагуу ашиглаж явж байсан нь газрын төлбөр төлсөн баримтаа гаргаж өгч байна. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн энэ нөхцөлд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй.

          Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

  Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, түүний үндэслэл:

4.1. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “...“Г*******” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20/107 дугаартай албан бичгээр аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрх хүссэн хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт гаргасан бөгөөд хууль, журмын дагуу шаардлагатай бүхий л баримтуудыг хавсаргаж өгсөн. Улмаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2050 тоот саналыг тус тус үндэслэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс нутаг, Т******* а******* байрлах 12737 м.кв талбай бүхий газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгосон бөгөөд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 0201415 дугаартай гэрчилгээ авсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн байх боловч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасан яг ямар үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь тодорхойгүй, маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болсон эсэх нь ойлгомжгүй, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “О******* *******” ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын яамд бусад төрийн эрх бүхий байгууллагад хүсэлт өгөхдөө тодорхой хэмжээний газруудыг өөрийн эрх ашигт нийцүүлж авах хүсэлтээ гаргасан байдаг. Гэтэл манайд олгогдсон буюу 2020 онд олгогдож байгаа А/144 дугаартай 12,737 м.кв газраас хэмжээгээр өөр хүсэлт гаргадаг. Манайд олгогдсон газар нь 12,737 м.кв байгаа. Нэхэмжлэгчийн хүсэж байгаа газар нь арай өөр хэмжээтэй байдаг. Гэтэл гуравдагч этгээдэд олгож байгаа газар дээр үйл ажиллагаа явуулах хүсэлтийг он, цаг, дарааллын хувьд түрүүлж өгсөн гэх байр суурь илэрхийлснээрээ энэ үйл баримт зөв тогтоогдохгүй байна. Учир нь манай авах гэж байгаа хэмжээтэй газрыг нэхэмжлэгч авах хүсэлт гаргаж байсан бол арай өөр асуудал яригдах болно. Манай авто зам, манайд олгогдож байгаа газар дээр давхардуулж олгож байгаа нь хууль зөрчиж байна. Энэ нь өөрөө манайх он цагийн хувьд түрүүлж гаргасан газар дээр гуравдагч этгээдэд газар олгосон байгаа асуудал нь бидний эрх ашгийг хөндөж байна гэх зүйл ярьж байгаа нь хоорондын шалтгаант холбооны хувьд болохгүй байна. Өөрөөр хэлбэл бид олгогдсон газар дээр 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж өнөөдрийг хүртэл тогтвор суурьшилтай ашиглаж байгаа. Мөн сая газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй. Гэтэл 2019 онд гаргаж байгаа хүсэлтээ нэхэмжлэгч тал араас нь тодруулж асуугаагүй байдлаас бий болж манайд хуулийн дагуу газар олгож байгаа байдал нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй. Өөрсдөө хүсэлт гаргасан байна. Хүсэлтийг хүлээж аваагүй байна. Үүнтэй холбоотой төрийн байгууллагаас хариу өгөөгүй дээр нэхэмжлэгч өөрөө тодруулж явах ёстой байсан. Энэ эрхээ өөрөө алдсан байна. Иймд дээрх зүйлийг анхаарч үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас Улсын дээд шүүхээр хянагдсантай холбоотой анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд дүгнэлт хийхдээ дутуу, нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн байна. Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтээ гэх байр суурь хэлээд байна. Улсын дээд шүүхийн тогтоолоор чиглэл өгсөн, анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах агуулгатай тогтоол огт гараагүй. Зөвхөн нотлох баримт болон үйл баримтыг цаг хугацаагаар тодруулж зөв дүгнэлт хийх, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой 3 шаардлага дээр нь тодорхой хэмжээний дүгнэлт гаргах ёстой гэсэн агуулгаар Анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаасан болохоос биш нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж гэж чиглэл өгсөн зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна.

Иймд гуравдагч этгээдийн эрх ашиг ноцтой хөндөгдөх гэж байгаа гэдгийг шүүх дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          5. Нэхэмжлэгч “О******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

          6. Нэхэмжлэгч “О******* *******” ХХК-д хамаарах үйл баримтын тухайд.

          6.1. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 160 дугаар албан бичгээр “Богдхан уулын дархан цаазат газрын Т******* амны хязгаарлалтын бүсэд байрлалтай, 5000 м.кв газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй бөгөөд олгоход татгалзах зүйлгүй” гэх,

6.2. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 161 дүгээр албан бичгээр “төсөл хэрэгжүүлэх 5000 м.кв газрын кадастрын зурагт тусгагдсан солбицол давхцаагүй, О******* салюшн ХХК-ийн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах төсөлдөө байгаль орчин нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн” гэх саналуудыг тус тус Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа газар, хэлтэст хүргүүлсэн.

6.3. Нэхэмжлэгч “О******* *******” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар ашиглах хүсэлт гаргах тухай” 01/01 дугаар албан бичгээр “Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Т******* а******* “ЭКО” аялал жуулчлалын бааз байгуулах зориулалтаар 5000 м2 талбайд газар ашиглах эрхийг олгох тухай хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт гаргасан.

6.4. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/5429 дугаар албан бичгээр “...Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Т******* а******* аялал жуулчлалын зориулалтаар шинээр газар ашиглах талаар ирүүлсэн хүсэлтийн талаар Кадастрын хэлтсээс давхцалтай эсэхийг шалгуулахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын цуцлагдсан газар дээр давхцалтай тул хаасан гэж цахим системд тэмдэглэсэн байна” хэмээн “О******* *******” ХХК-д хаяглан хүргүүлснээр,

6.5. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс дээрх албан бичгийг эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 003 дугаар албан бичгээр “хуулийн зөрчилгүй газар ашиглах хүсэлтээ шийдвэрлүүлэх”-ээр Байгаль орчин, аялал жуулчлал сайдад хандсан ба,

6.6. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6586 дугаар албан бичгээр “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчихөөр байгаа тул ...хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” хэмээн мэдэгджээ.

7. Гуравдагч этгээд “Г*******” ХХК-д хамаарах үйл баримтын тухайд.

7.1. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 2050 дугаар албан бичгээр “Аялагч буудаллах, отоглох зориулалтаар ашиглах газрын байршил нь Богдхан уулын дархан цаазат газрын Т******* амны хязгаарлалтын бүсэд байрлалтай, солбицол бүхий 12736.7 м.кв бүхий газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй бөгөөд олгоход татгалзах зүйлгүй болно” гэх,

7.2. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 2051 дугаар албан бичгээр “Г*******” ХХК Богдхан уулын дархан цаазат газрын Т******* амны хязгаарлалтын бүсэд аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах төсөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлэхээр ирүүлсэн хүсэлттэй танилцаж, төсөл хэрэгжүүлэх газрын кадастрын зурагт тусгагдсан солбицлын цэг нь давхцаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн” гэх саналуудыг тус тус Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа газар, хэлтэст хүргүүлсэн.

7.3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 548 дугаар албан бичгээр “...газар ашиглагч Г******* ХХК нь өөрийн ашиглалтын 12737 м.кв газартаа ... байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж тайланг Хамгаалалтын захиргаанд ирүүлсэн... тайланг хурлаар хэлэлцүүлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

7.4. Дээрх албан бичгүүдийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/144 дүгээр тушаалаар  “Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Т******* амны хязгаарлалтын бүсэд 6482333 регистрийн дугаартай “Г*******” ХХК-ийн хүсэлтийн дагуу 12737 м2 газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаагаар ашиглах” эрхийг олгож, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0201415 дугаар гэрчилгээг олгожээ.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хуулийн этгээд нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан “О******* *******” ХХК-д газар эзэмших эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлт гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын Т******* а******* 5000 м.кв газрын ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалын “О******* *******” ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулахаар “...цаг хугацааны хувьд маргаан бүхий газар дээр газар ашиглах эрхийг хамгийн түрүүнд хүссэн..., хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхийг хүлээж байсан боловч тухайн үед яамны мэргэжилтэн нар солигдож, ковид 19 гарсны үндсэн дээр ямар нэгэн хариу өгөөгүй, мэргэжилтэн нартай очиж уулзахад тэгж байгаад бичгээр хариу өгнө гэсэн байдалтай явуулж байсан..., нэг жилийн дараа хүсэлт гаргасан гуравдагч этгээдэд олгож байгаа нь хууль бус болсон” зэргээр болон Тодорхойлох хэсгийн 2-т заасан үндэслэлээр маргаж байна.

9. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд,

9.1. Энэхүү хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж буй албан бичгийн гарах болсон шалтгаан нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүйтэй, эсхүл өөрийн газар ашиглахыг хүссэн хүсэлтэд татгалзсан хариу авсантай шууд холбогдож,

9.2. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах нутаг дэвсгэрээс газар ашиглах талаарх нэхэмжлэгч хуулийн этгээдээс хүсэлт /хүсэл зориг/-ээ эрх бүхий байгууллагад гаргаснаас хойш даруй 3 жил 7 сар өнгөрсний дараах үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагатай болж байна.

10. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн анх хүсэлт гаргасан цаг хугацаанд буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиас өмнө тухайн үед хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээгээр ашиглуулж болно”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1-д “төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц болон дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, 36 дугаар зүйлийн 2-т “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ” зэргээр зохицуулсан байжээ.

11. Хуулийн энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01/01 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг яамны бичиг хэргийн ирсэн бичгийн бүртгэлийн 2019-4778 дугаарт бүртгэн авсан, энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 08/2469 дугаар албан бичгээр холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн нь хэрэгт авагдсан.

12. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/5429 дугаар албан бичгээр “Танай компаниас Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Т******* а******* аялал жуулчлалын зориулалтаар шинээр газар ашиглах талаар ирүүлсэн хүсэлт 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус яамны бичиг хэргийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Тус хүсэлтэд 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Кадастрын хэлтсээс давхцалтай эсэхийг шалгуулахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын цуцлагдсан газар дээр давхцалтай тул хаасан гэж цахим системд тэмдэглэсэн байна” гэж нэхэмжлэгч “О******* *******” ХХК-д хаяглан хүргүүлснээр шүүхэд хандсан байдаг.

13. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн Байгаль орчин аялал жуулчлалын яа******* гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүйгээс үүсэх үр дагавраар нэхэмжлэлийг шууд хангахад учир дутагдалтай байна.

14. Учир нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл. “Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулна”, 4 дүгээр зүйлийн 1/ “өргөдөл гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг”, 4 дүгээр зүйлийн 5/ “өргөдөл, гомдлыг шийдвэрлэх гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг”, 7 дугаар зүйлийн 3/ “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх”, 16 дугаар зүйлийн 1/ “өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан ба энэ хууль нь иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлт /өргөдөл/-ийг шийдвэрлэх ерөнхий харилцааг зохицуулсан, аливаа хандсан өргөдөл, гомдол гаргагчийн асуудалд энэ хуульд зааснаар 30 хоногийн дотор, тэрчлэн уг хугацааг удирдах албан тушаалтнаас сунгасан бол нийтдээ 60 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөхөөр хуульчлагдсан ба,

15. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д заасны дагуу “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас аж ахуй нэгжид тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор ... гэрээний үндсэн дээр ашиглуулж болох” заалт нь газар ашиглах харилцааны материаллаг зохицуулалт бөгөөд хэдий хугацаанд газар ашиглуулах талаар шийдвэр гаргах буюу захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаарх журамласан зохицуулалт байхгүй энэ тохиолдолд дээрх Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг ашиглан эрхээ хамгаалуулах боломжоо эдлэх эрх бүрэн нээлттэй байсан байна.

16. Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох”-оор заасан ба хуульд заасан энэхүү хугацаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа байна. Ингэж байж захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах зохицуулалттай уялдахаар байна.

17. Гэвч маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох талаар маргаагүй, харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар албан бичгээр өмнө нь өгсөн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/5429 дугаар албан бичгийг шуудангаар хүлээн авч хариу өргөдөл гаргасан, түүнд өгсөн хариуг нь хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байгаа.

18. Шүүх бүрэлдэхүүн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхийг хүлээж байсан боловч тухайн үед яамны мэргэжилтэн нар солигдож, ковид 19 гарсны үндсэн дээр ямар нэгэн хариу өгөөгүй, мэргэжилтэн нартай очиж уулзахад тэгж байгаад бичгээр хариу өгнө гэсэн байдалтай явуулж байсан...” гэх тайлбараар 3 жил 7 сар өнгөрсний дараах үйл баримтад дүгнэлт өгч тэр дундаа гуравдагч этгээдээс өмнө хүсэлтээ гаргасан, Хамгаалалтын захиргаанаас санал авсан байсан гэх нөхцөлүүдээр Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах талаарх хүсэлтээ шийдвэрлүүлэх үндэслэлтэй, энэ талаар хариуцагчид шийдвэр гаргахыг даалгах үндэслэлтэй гэж үзсэнгүй.

19. Яагаад гэвэл, хуулийн зөрчилгүй газар ашиглах тухай хүсэлтээ цаг тухайн үед нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааны дотор шийдвэрлүүлээгүй, гаргасан хүсэлтээ шийдвэрлүүлж чадахгүй байгаа талаар буюу Захиргааны ерөнхий хуулийн 37.3-д заасан үндэслэлээр хариуцагчийн эс үйлдэхүйтэй маргаагүй хэрнэ өөрийнх нь хүсэлтээс хойш 10 сарын дараа гаргасан хүсэлт бүхий гуравдагч этгээдийн газар ашиглах эрхийг хөндөх хууль зүйн боломжгүй.

20. Энэ тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т зааснаар “тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргасан” гэж үзэх боломжгүй, цаг хугацааны хувьд нэхэмжлэгч “О******* *******” ХХК нь Хамгаалалтын захиргааны 2019 оны 02 дугаар сарын 15-ны 161 дүгээр албан бичгээр, гуравдагч этгээд “Г*******” ХХК нь мөн Хамгаалалтын захиргааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2050 албан бичгээр тус тус Байгаль орчин аялал жуулчлалын яа******* хүргүүлсэн байгаа нь ойролцоо, зэрэг цаг хугацаа биш байна.

Газар ашиглах талаар төрийн захиргааны байгууллага сонголт хийх эрх, боломж нь нэгийг нөгөөтэй нь жиших буюу газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзах тухайн нөхцөлүүд нэгэн зэрэг бий болсон байх юм.

21. Тиймээс хариуцагчийг тухайн үед хуулийн хүчин төгөлдөр байсан дээрх зохицуулалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

22. Хүсэлт гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын Т******* а******* 5000 м.кв газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах шаардлагын тухайд.

22.1. Хууль тогтоогчоос 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа тухайлбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36  дугаар зүйлийн 1. “Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана” гэж заасан.

22.2. Энэ утгаараа хариуцагчийн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд дээрх хуулийг зөрчиж даалгах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй, үүнээс гадна нэхэмжлэгчийн үндсэн шаардлага буюу даалгах шаардлагын урьдач нөхцөл болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн, мөн энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

23. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.

23.1. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11, Ерөнхий шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13/459 дүгээр байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2050 тоот саналыг тус тус үндэслэн Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Т******* амны хязгаарлалтын бүсийн 12737 м2 газарт 6482333 регистрийн дугаартай “Г*******” ХХК-д 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг олгосон.

23.2. Ийнхүү гуравдагч этгээдэд газар ашиглуулах тухай хариуцагчийн шийдвэр гаргах цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д “төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц болон дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, 36 дугаар зүйлийн 2-т “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ”,  36 дугаар зүйлийн 3-т “аялал жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүрсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ” гэж заасан байсан.

23.3. Энэ зохицуулалт нь иргэн, хуулийн этгээдээс газар ашиглах хүсэлт гаргасныг 30 хоногийн дотор, эсхүл удирдах албан тушаалтны шийдвэрээр сунгаснаар 60 хоногийн дотор шийдвэрлэх явцад гуравдагч этгээд болох өөр иргэн, хуулийн этгээдээс давхцуулан газар ашиглах хүсэлт гаргаагүй бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д зааснаар, харин дээрх дурдсан хугацаанд өөр хэн нэгэн иргэн, хуулийн этгээдээс уг газарт давхцуулан газар ашиглах хүсэлт гаргавал мөн хуулийн 36 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар сонголт хийж, ингэхдээ аль ч тохиолдолд хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн газар ашиглуулах эсэх талаар шийдвэр гаргахаар байсан гэж үзэхээр байна.

24. Тэгвэл нэхэмжлэгчийн түрүүлж үүссэн газар ашиглах тухай хүсэлт бүхий эрх, түүнийг үүссэнээс хойш 10 сарын дараа гаргаж буй гуравдагч этгээдийн газар ашиглах тухай хүсэлт бүхий эрхийн давхацсан хугацааг ойролцоо, нэгэн зэрэг байжээ гэж шүүх үзээгүй бөгөөд хариуцагчийг хуульд заасан дурдсан нөхцөлүүдийг харгалзан сонголт хийх эрхээ хэрэгжүүлээгүй, ийнхүү сонголт хийх эрх үүссэнийг харгалзаагүй гэж үзэх нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан гаргасан хүсэлтийнхээ хариуг хугацаанд нь авах, эсхүл төрийн байгууллага албан тушаалтнаас хуульд заасан хугацааны дотор хариу өгөх тэр цаг хугацааг зөвтгөх, эсхүл цаг хугацааны боломжийг буруутгах, заавал хэн нэгэн дахин хүсэлт гаргахыг хүлээх үүргийг бий болгосон гэх ойлголтыг тайлбарлахаар байна. Түүнчлэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх заалтыг зөрчих байгааг тайлбарласан, хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлтэй, бодит байдал дээр хуулийн уг заалт зөрчигдөхөөр байна.

25. Иймд маргаан бүхий актын давхацсан хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, уг актын улмаас нэхэмжлэгчид зөрчигдсөн эрх байхгүй гэж үзэв.

26. Нэгтгэн дүгнэвэл, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу газар ашиглах эрхтэй бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд гэсэн хоёр хуулийн этгээдийг нэгэн зэрэг, тэр дундаа дараалан газар ашиглах тухай хүсэлт гаргасан, энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан хугацааны дотор эхэлж гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байхад, шийдвэрлэх хугацаа дуусаагүй дараагийн хүсэлт гаргасан /давхацсан агуулга/ ийм үйл баримт тогтоогдоогүй, үүгээрээ нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй,

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн “хүсэлтийг шийдвэрлээгүй удсан бөгөөд биечлэн очиж хүсэлтээ хэзээ шийдвэрлэгдэх тухай лавлахад яамны мэргэжилтнүүд, сайд дарга нар солигдсон удахгүй шийдвэрлэнэ гэж хойшлуулсаар байсан”, “газар ашиглах эрх олгохоос татгалзсан болохыг 09/5429 дугаар шийдвэрээс мэдсэн, түүнээс өөрөөр шийдвэр гарсан эсэхийг нэхэмжлэгчийн зүгээс мэдэх боломжгүй” зэрэг нэхэмжлэлийн үндэслэл нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олж авдаг, тийм хуулийн заалттай болохыг мэдэж хүсэлтээ гаргаснаас хойш 3 жил 7 сарын дараа “шийдвэрлэхийг хүлээсэн, мэдэх боломжгүй байсан” гэж байгаа нь үндэслэлгүй, хэрэв тухайн албан тушаалтан энэхүү үүргээ биелүүлэхгүй бол газар ашиглах хүсэлт гаргагчийн зүгээс хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхийн тулд газар ашиглах талаар шийдвэр гаргах үүргээ биелүүлэхийг холбогдох албан тушаалтнаас шаардах, шаардлагатай бол буруутай албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйтэй нь холбогдуулан дээд шатны захиргааны байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой буюу уг эрх нь захиргааны шийдвэр гаргах үүргээр хязгаарлагдахгүй байх энэ тохиолдолд хариуцагчийг буруутгахгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна.

27. Шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нараас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д зааснаар иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах талаар санал гаргаагүй, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй талаар тодорхой илэрхийлсэн тул шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул тухайлан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд өгөх хууль зүйн дүгнэлт байхгүй болохыг тэмдэглэж байна.

28. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулийн өөрчлөлтөөс өмнөх/-ийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О******* *******” ХХК-аас, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан ““О******* *******” ХХК-д газар эзэмших эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлт гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын Т******* а******* 5000 м.кв газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалын “О******* *******” ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН

                               ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                               ШҮҮГЧ                                    Т.ГАНГЭРЭЛ