Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0171

 

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0171

Улаанбаатар хот

Э Э Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 856 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Э Э Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 856 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.2, 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтад заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Э Э Э ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 541 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 541 дүгээр шийдвэрийн Э Э Э ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 19.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газарт Э Э Э ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг 833.29 гектар талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн эхэнд бүртгүүлсэн болохыг тогтоолгох, Ашигт малтмалын газрын хууль бус үйлдлийн улмаас компанид учирсан хохирол болох нэг сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Э Э Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 541 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 856 шийдвэрийн дээр дурдсан хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд заасан журмын дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 19 дүгээр 19.2, 19.2.2, 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Э Э Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 541 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хангаж хүчингүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай 511 дүгээр тогтоолын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шийдвэрлэж байна.

Э Э Э ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг мандал нэртэй 833,29 гектар талбайд өргөдөл гаргасан байдаг.

Нэхэмжлэгчийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18 дугаар зүйлийн 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.

Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 6/2619 тоот албан бичгээр мэдэгдлийг Завхан аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Засаг дарга дэмжээгүй саналыг 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/426 тоотоор ирүүлсэн. Саналын үндэслэлд тус талбай нь Их Өлзийт, Бага Өлзийт, Талын хар, Гозгор улаан, Үртэсийн гозгор, Боовой уул орчимд Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д заасан нэр бүхий 10 иргэний өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшлээр олгосон, мөн байгалийн үзэсгэлэнт газар, худаг уст цэг бүхий газрыг хамарсан талбайтай давхцалтай тул дэмжихгүй гэсэн байдаг. Мөн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авч манай байгууллагад ирүүлсэн.

Иймд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 541 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтыг үндэслэн NE-00000 дугаартай өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хасч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 541 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 856 шийдвэрийн дээр дурдсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Э Э Э ХХК-аас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт орших Мандал нэртэй газарт 833.29 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байх ба 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс өргөдлийг хүлээн авч NE-00000 дугаарт бүртгэж, өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолт гаргаж өгсөн байна.

            Улмаар хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу Завхан аймгийн Засаг даргад 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 6/2619 дүгээр албан бичгээр ... Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NE-00000 дугаарт бүртгэгдсэн Э Э Э ХХК-аас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг дараах солбицлуудаар Кадастрын хэлтсийн зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийж үзэхэд хүсэлт гаргасан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой ... талаар дурдаж, мэдэгдэл хүргүүлжээ.

            Завхан аймгийн Засаг даргаас 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/426 дугаар албан бичгээр ...Мандал нэртэй 833.29 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Э Э Э ХХК-ийн өргөдлийг дэмжих боломжгүй, уг газарт тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй үндэслэлээ Их өлзийт, Бага өлзийт, Талын хар, Гозгор улаан, Үртэсийн гозгор, Боовой уул орчимд Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д заасны дагуу өвөлжөө, хаваржааны доорх газрыг 10 гаруй айл өрхөд эзэмшүүлсэн, байгалийн үзэсгэлэнт газар, худаг уст цэг бүхий газрыг хамарсан талбайтай давхцаж байгаа ... хэмээн тайлбар, санал ирүүлсэн байна.

Харин хариуцагч Кадастрын хэлтсийн дарга Завхан аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 6/5624 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг мэдэгдэхдээ ... NE-00000 дугаартай өргөдлийн талбайг бүхэлд нь Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 32 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тул ... дээрх өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан гэх үндэслэл заасан нь дараах байдлаар үндэслэлгүй болжээ.

            Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана, 19.3-д Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана, 19.4-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ, 19.5-д Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэж тус тус заажээ.

            Хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар хариуцагчийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан мэдэгдэлд дурдсан Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоол нь Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн санал хүргүүлэх албан бичгээс цаг хугацааны хувьд хойно гарсан, Завхан аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичиг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчийн ирсэн бичгийн картад бүртгэгдэж хэрэгт авагдсан байхад хариуцагч 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан гэж хугацааг зөрүүтэй тэмдэглэсэн, Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй болох нь тогтоогдсон, тэрээр хүсэлтэд дурдсан талбай нь Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан талбайтай давхцалтай талаар дурдаж, энэ үндэслэлээр дэмжихгүй гэсэн санал ирүүлээгүй, мөн NE-00000 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсанд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасны дагуу хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгөөгүй, үндэслэлгүйгээр татгалзсан гэсэн тэмдэглэгээ хийгдсэн тогтоогдсон зэргээс дүгнэхэд Э Э Э ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

            Хариуцагчаас маргаан бүхий 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 541 дүгээр шийдвэрийг гаргахдаа дээрх байдлаар хууль зөрчиж, Завхан аймгийн Засаг даргын саналд дурдаагүй үндэслэл болох цаг хугацааны хувьд хойно гарсан Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолыг үндэслэсэн нь төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

            Эдгээр болон бусад үндэслэлүүдээр ... Засаг дарга дэмжээгүй саналыг 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/426 тоотоор ирүүлсэн. ... Мөн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авч манай байгууллагад ирүүлсэн... гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 856 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ