Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 112/2017/0008/з |
Дугаар | 193 |
Огноо | 2019-06-03 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 193
Т.У-ын нэхэмжлэлтэй,
Говь-Алтай аймгийн Засаг дарга,
Говь-Алтай аймгийн Засаг даргын
Тамгын газрын даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Г.Банзрагч
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Т.У намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/37 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох 7048-1111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилохыг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах, Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, түүнтэй холбоотой эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд нийт 2,970,500 төгрөг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас гаргуулах”,
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121/ШШ2018/0021 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0187 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын өмгөөлөгч Ч.Ө нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын өмгөөлөгч Ч.Ө нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121/ШШ2018/0021 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 33.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.У-ын гаргасан нэхэмжлэлийн Т.У намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаал бaолох 7048-1111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ажилд томилж, ажил хариуцуулах тухай Б/37 дугаар захирамжийн Ц.А-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж, уг захирамжийн Т.Э-нд холбогдох хэсгийг 2 /хоёр/ сарын хугацаагаартүдгэлзүүлж, энэ хэсэгт холбогдох асуудлаар шинээр дахин акт гаргахыг Говь-Алтай аймгийн Засаг даргад даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шинэ акт гаргах боломж олгосон 2 сарын хугацаанд багтаан хариуцагч Засаг даргаас сонгон шалгаруулалт явуулж Т.У, Т.Э нарын хэн илүү шаардлага хангаж буйг нь сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр томилох шийдвэрийг гаргаагүй бол Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ажилд томилж, ажил хариуцуулах тухай Б/37 дугаар захирамжийн Т.Э-дхолбогдох хэсэг хуулийн дагуу шууд хүчингүй болж, нэхэмжлэгч Т.У-ыг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтнээр ажиллуулахыг тайлбарлаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.У-ын ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 6 сар 10 хоногийн цалин болох 3.229.670 /гурван сая хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун дал/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулан нэхэмжлэгч Т.У-д олгож, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойшхи хугацааны цалин гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар нэхэмжлэгч Т.У-ын ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 6 сар 10 хоногийннийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Т.У-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойшхи хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн Учирсан хохиролд 2.970.500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0187 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121/ШШ2018/0021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... нэхэмжлэгч Т.У Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан.
4. Уг заалтын агуулгаас дүгнэвэл уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагч нараас сонгон шалгаруулж авах тухай зохицуулалт бөгөөд гуравдагч этгээд Ц.Эрдэнэсүрэн уг албан тушаалд өмнө ажиллаж байгаагүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад гуравдагч этгээд Ц.Э, нэхэмжлэгч Т.У нараас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж томилох хууль зүйн үндэслэлгүй.
5. Харин гуравдагч этгээд Ц.Э-гийн одоо гүйцэтгэж буй чиг үүргийг нэхэмжлэгч Т.У гүйцэтгэж байсан болох нь Т.У-ын ажлын байрны тодорхойлолт болон Ц.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилд томилох тушаал зэргээр нотлогдож байна.
6. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
7. Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын тушаал нь нэхэмжлэгч Т.У-ын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар олгосон нэмэгдэл баталгааг хангаагүй хууль бус захиргааны акт байх тул түүнийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 70481111 утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох эрх чөлөө, шударга ёс, хууль дээдлэх зарчимд нийцнэ гэж үзэж байна.
8. Иймд Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121/ШШ2018/0021 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0187 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
9. Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын өмгөөлөгч Ч.Ө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан түшаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан түшаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, /мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, түршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон түсгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан түшаалтан нь шалгаруулж авна” гэж Төрийн албан хаагчийн нэмэлт баталгааг хуульчилсан.
10. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т.У нь урьд эрхэлж байсан албан түшаал нь түүнээс үл хамаарах шалтгаанаар Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын хүүль зүйн хэлтсийн орон тооноос хасагдсан ч түүний энэхүү албан түшаалд ажиллаж байх үед гүйцэтгэж байсан 70481111 дугаарын утсыг хариуцан ажиллуулах чиг үүрэг нь төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтний ажлын чиг үүрэгт шилжин ирсэн нөхцөл байдал тодорхой байдаг.
11. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Т.У, н.Эрдэнэсүрэн нарын хооронд сонгон шалгаруулалт явуулж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарынн 24-ний өдрийн А/37 дугаар захирамжийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргах нь хэргийг шударга шийдвэрлэх шийдэл гэж үзсэнийг өмгөөлөгчийн хувьд зөв гэж үзэж хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт тайлбарлан өгч анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн болно.
12. Өөрөөр хэлбэл шүүх Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхийг хангах үүднээс хуулийг уян хатан байдлаар хэрэглэж, нэхэмжлэгч Т.У-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг үндэслэл бүхий гэж үзэж байгаа юм.
13. Харин анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 3, 4 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн З6.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан түшаалд нь эгүүлэн тогтоосон түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Т.У-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хувь хэмжээгээр ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.
14. Хөдөлмөрийн түхай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж заасан байхад Т.У-ыг урьд эрхэлж байсан албан түшаалд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуүлийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.
15. Мөн нэхэмжлэгч Т.У-ын ажилгүй байсан хугацааг тогтоохдоо 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцсон нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.
16. Монгол Улсын Үндсэн хүулийн 16 дугаар зүйлийн 14-т “шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэж заасан. Шударга шүүхээр шүүлгэх эрхийн нэг баталгаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн хэргийг шийдвэрлэх хууль эрх зүйн боломжоор хангах явдал байдаг.
17. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх түхай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих бөгөөд өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, нотлох баримтыг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох байдлаар илэрдэг.
18. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-д “... хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно” гэж заасан Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг тодорхойлж өгсөн.
19. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
20. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
21. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар “... Тамгын газрын бүтэц, хэлтсүүдийн ажлын байрны нэр, чиг үүрэг, албан хаагчдын орон тоог шинэчлэн баталсан” үндэслэлээр тус Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Т.У-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, нэхэмжлэгчээс “... миний урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 7048-1111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан ажилтаны ажлын байранд шилжсэн байхад намайг уг албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус” гэж, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас “... Т.У-ын эрхэлж байсан албан тушаалын орон тоо тус Тамгын газарт байхгүй болсон, орон тоо хасагдсан тул ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, ... албан тушаалын чиг үүрэг нь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд шилжсэн боловч уг төвийн албан хаагчдыг аймгийн Засаг дарга томилж чөлөөлдөг ...” гэж, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргаас “... бүрэн эрхийнхээ хүрээнд /гуравдагч этгээд Т.Э/... -г Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 7048-1111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан ажилтнаар томилсон нь хууль болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.
22. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Т.У-ын эрхэлж байсан ажил албан тушаал, ажлын байрны чиг үүрэгт “... иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авах, 7048-1111 нээлттэй утсыг ажиллуулах” үйл ажиллагаа багтаж байсан, уг чиг үүрэг нь Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн “7048-1111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн”-ийн ажлын байранд шилжсэн, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/37 дугаар захирамжаар уг албан тушаалд гуравдагч этгээд Т.Э-г томилсон, ингэхдээ уг албан тушаалын чиг үүргийг өмнө хэрэгжүүлж байсан Т.У-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзээгүй, төрийн албан тушаалд ажиллах тэгш боломжоор хангаагүй нь тогтоогдсон, энэ нь Төрийн албаны тухай (2002) хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцээгүй талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.
23. Төрийн албаны тухай (2002) хуулийн 27.2.3-т “...төрийн байгууллага ... /-ын/ зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, 27.2.4-т “...өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж ялгамжтай зохицуулсан, тухайн тохиолдолд, Т.У-ын ажлын байрны чиг үүрэг Засаг даргын Тамгын газрын бүтцээс хасагдаж, Засаг дарга томилдог албан тушаал болж өөрчлөгдсөн нь тухайн орон тоо, албан тушаалын чиг үүрэг бүрмөсөн хасагдсан гэж үзэх үндэслэл болохгүй, анхан шатны шүүхээс “... хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга Төрийн албаны тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу ... уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох үүрэгтэй” гэж дүгнэн, “... сонгон шалгаруулалт явуулахыг даалгаж” шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй байна.
24. Нэхэмжлэгч Т.У-ын өмнө эрхэлж байсан Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын “өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн”-ий төрийн жинхэнэ албаны албан тушаалын орон тоо нь Засаг даргын тамгын газрын бүтцээс хасагдсан, нэхэмжлэгчийн нэрлэн зааж, томилуулахаар маргаж буй Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн “7048-1111 нээлттэй утас, иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн”-ийн албан тушаал нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр эрхлэх төрийн үйлчилгээний албан тушаал бөгөөд, аймгийн Засаг дарга шууд томилж, чөлөөлөх эрхийг хэрэгжүүлнэ, талууд уг үйл баримттай маргаагүй тул нэхэмжлэгч Т.У-ыг уг албан тушаалд шууд томилохыг Говь-Алтай аймгийн Засаг даргад даалгах боломжгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... шалгаруулж томилох хууль зүйн үндэслэлгүй, ... анхан болон давж заалдах шатны шүүх нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээж авахгүй.
25. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “аймаг ...-ийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх”-аар заасан байх тул Говь-Алтай аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газар нь төрийн байгууллагын “өөр өөр бүтэц” гэж шүүх дүгнэх боломжгүй, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлээгүй, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/37 дугаар захирамжаар маргаан бүхий албан тушаалд гуравдагч этгээд Т.Э-г томилсон нь нэхэмжлэгч Т.У-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрх”-ийн хүрээнд өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байх тул түүнд “2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 6 сар 10 хоногийн цалинтай тэнцэх 3.229.670 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Т.У-д олгох”-оор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хариуцагчийн өмгөөлөгчийн “анхан болон давж заалдах шатны шүүх ... хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй гэж үзлээ.
26. Түүнчлэн, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121/ШШ2018/0021 дүгээр шийдвэрт хариуцагч нар давж заалдах журмаар гомдол гаргаагүй, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргасан, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд хэргийг хянасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах...”-аар заасантай нийцсэн, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ө-ын “...давж заалдах шатны шүүх/ мэтгэлцэх зарчим...ыг хэрэгжүүлээгүй, ... өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, нотлох баримтыг шинжлэн судлахад тэгш эрхтэй /оролцуулаагүй/” гэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.
27. Эдгээр үндэслэлээр, хариуцагчийн өмгөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “... шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хангах үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121/ШШ2018/0021 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0187 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ө нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан Т.У-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА