Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00986

 

Б.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/00760 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Хын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одбаатар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1465 дугаар захирамжаар Б.Хаас 37 048 057 төгрөгийг гаргуулж Х Б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Б.Х миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 7 дугаар гудамж, 17 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038974 дугаарт бүртгэлтэй 62 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18635311644950 дугаарт бүртгэлтэй 371 м.кв талбайтай газрын үнэлгээг 36 041 000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн объектыг манай аав, ээж нар 2006 онд өөрсдийн хөрөнгөөр барьж, 2010 онд нэр лүү шилжиж ирсэн. Газар нь төв зам дагуу, нийслэлийн дахин төлөвлөлтөд орсон учраас 70 000 000 төгрөг орчмоор үнэлэгдэх газар юм. Б.Х миний бие хашаандаа дэлгүүр барих гээд 6 000 000 төгрөгөөр карказ зангидсан байгаа. Шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг тус тус зөрчсөн. Учир нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн харьцуулах арга, өртгийн арга, онолын арга гэх 3 аргыг хослуулж гаргана гэж заасан. Үнэлгээчин тухайн гурван аргын нэг аргыг буюу зах зээлийн харьцуулах аргаар үнэлж, бусад аргаар үнэлгээ тогтоогоогүй. Энэ талаар шинжээчийг гэрчээр дуудан асуухад үнэлгээчин нь өөрөө сонгож гаргана гэж хэлсэн.. Шууд нэг аргаар гаргаж байгаа нь хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн. Иймд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 7 гудамж, 17 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038974 дугаарт бүртгэлтэй 62 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18635311644950 дугаарт бүртгэлтэй 371 м.кв талбайтай газрын үнэлгээг 36 041 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1465 дугаар захирамжаар Б.Хаас 36 928 057 төгрөгийг гаргуулж, Х БХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Хд шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хувийн сууц, эзэмшлийн газрыг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 19271450/04 тоот тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 19271450/08 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Б.Хд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож үнийн санал өгөх тухай 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4-130/30516 тоот мэдэгдлийг гардуулан өгөхөд талууд харилцан тохиролцоогүй, төлбөр авагч хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дэх хэсэгт заасныг үндэслэн Файн Эстимейт ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038974 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 7 гудамж 17 тоотод байрлах 62 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 18635311644950 дугаарт бүртгэлтэй 371 м.кв талбайтай эзэмшлийн газрын хамт 36 041 000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон. Төлбөр төлөгч Б.Хд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4-130/33016 тоот албан бичгээр мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцуулан гарын үсэг зуруулан тэмдэглэлээр баталгаажуулж авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Б.Хын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Х Б ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 1465 дугаар захирамжаар Б.Хаас зээлийн гэрээний үүрэгт 36 928 057 төгрөгийг гаргуулж, шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол зээлийн барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 7-р гудамж, 17 тоот хаягт байлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038974 дугаарт бүртгэлтэй 62 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18635311644950 дугаарт бүртгэлтэй 371 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй шүүгчийн захирамжийг гүйцэтгүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд хөндлөнгийн шинжээч нь дээрх хөрөнгүүдийг 36 041 000 төгрөгөөр үнэлсэн ба Х Б ХХК нь барьцаа хөрөнгийг үнэлсэн тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа болно. Төлбөр төлөгч Б.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрийн эзэмшлийн хөрөнгийг 70 000 000 төгрөгөөр үнэлэгдэнэ гэсэн боловч уг хөрөнгийг тухайн үнэлгээгээр үнэлсэн гэх үнэлгээний тайлан, гэрээ хэлцэл, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд төлбөр төлөгч Б.Хын тус шүүхэд гаргасан хөрөнгийг үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэж үзэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Хын гаргасан хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо, Баянголын 7 дугаар гудамж, 17 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038974 дугаарт бүртгэг 62 м.кв талбайтай хувийн сууц,болон тус хаягт байрлах нэгж талбарын 18635311644950 дуга бүртгэлтэй 371 м.кв талбайтай газрын үнэлгээг 36 041 000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний “Фэйн эстимэйт” ХХК үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 9/142 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Фэйн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дах хэсэгт тус тус заасны дагуу үнэлгээг гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч НШШГГт холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/01465 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч Б.Хаас зээлийн гэрээний үүрэгт 36 722 319 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х Б ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. эргийн 21,22 дугаар тал/

            Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 184/ГХ2019/0880 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй байна. Үүний улмаас барьцааны үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 19271450/04 тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 19271450/08 тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 25, 29 дүгээр тал/

            Талуудаас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн санал авахад төлбөр төлөгч нь улсын бүртгэлийн Ү-2201038974 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 5 хороо, баянгол 7 дугаар гудамж, 17 тоот хаягт байрлах эрхийн 62 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18635311644950 дугаарт бүртгэлтэй 371 м.кв талбайтай газрыг 70 000 000 төгрөгөөр үнэлэх санал ирүүлснийг төлбөр авагч “Х Б” ХХК эс зөвшөөрч 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шинжээч томилуулах хүсэлт ирүүлжээ. /хэргийн 33,34 дүгээр тал/ Хариуцагч байгууллагаас уг хүсэлтийн дагуу 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 9/412 дугаартай тогтоолоор “Файн эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 35 дугаар тал/

            Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагаанд маргаагүй, зөвхөн шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн эсэхэд маргаж байна.

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

            Шинжээч “Файн эстимэйт” ХХК-аас Б.Хын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201038974 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 5 хороо, баянгол 7 дугаар гудамж, 17 тоот хаягт байрлах эрхийн 62 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18635311644950 дугаарт бүртгэлтэй 371 м.кв талбайтай газрыг 36 041 000 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх үнэлгээг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын аргыг ашигласан байх бөгөөд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ. /хэргийн 38-58 дугаар тал/

            Түүнчлэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д үнэлгээчийн нь хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох эрхтэй байхаар заасан. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. 

            Нэхэмжлэгчээс шинжээч “Файн эстимэйт” ХХК нь хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

            Иймд төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул дээрх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/00760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                    С.ЭНХТӨР