Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 199

 

“С Д Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин,

аялал жуулчлалын сайдад

 холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Л.Атарцэцэг

                                                       Г.Банзрагч

                                                       Б.Мөнхтуяа

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын ”С Д Э” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”,

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0046 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0221 дүгээр магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0046 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.3.2, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “С Д Э” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын  “С Д Э” ХХК-нд холбогдох хэсгийг  хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0221 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШЗ2019/0046 дугаар  шийдвэрийг хүчингүй болгон  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 2, 33 дугаар зүйлийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “С Д Э” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “С Д Э” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны А/113 дугаар тушаалаар “... усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх уул нурааж тухайн орчны төлөв байдал байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Бид нэхэмжлэлийн шаардлагаа уг маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлтэй маргаж “хууль зөрчсөн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, захиргааны акт бодит нөхцөлд нийцээгүй” гэсэн. Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж “нэхэмжлэгч тухайн газрыг гэрчилгээ гэрээний дагуу аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж, үйл ажиллагаа явуулах тул...” гэж дүгнэж маргаан бүхнй актын үндэслэлийг зөвтгөсөн. Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийж ямар нэг хориглосон үйл ажиллагаа явуулаагүй талаар баримтыг хэрэгт авсан. Нэхэмжлэгч дархан цаазат газрын нийтлэг мөрдөх ямар горимыг хэрхэн зөрчиж байгаа талаарх баримт нотолгоогүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасантай нийцээгүй байна.

4. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дуусгавар болох үндэслэлийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан. Маргаан бүхий актыг үндэслэлд уг зүйл, хэсгийн 2 дахь заалтад “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон, хуулийн заалтаас үзэхэд, газар ашиглагч нь тусгай хамгаалалттай тухайн нутаг дэвсгэрийн хамгаалалтын горимыг зөрчсөн /бодитойгоор/-ий зэрэгцээ уг зөрчлийг удаа дараа гаргасан, эсхүл ноцтой хэлбэрээр зөрчсөн байх агуулгатай байна.

5. Анхан шатны шүүх маргаан бүхий газарт үзлэг хийж, нэхэмжлэгч нь уг газрыг бодитойгоор ашиглаагүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг тогтоосон байтал давж заалдах шатны шүүхээс цаашид хариуцагчаас ирүүлсэн ирээдүйд эрсдэл бий болно гэсэн тайлбарыг хүлээн авч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг зөрчсөн.

6. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрхтэй байсан нь анхнаасаа аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгогдох боломжгүй...” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн байна. Маргаан бүхий захиргааны акт нь анх газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчсөн гэж гараагүй байдаг. Бид нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий актын хүрээнд гаргасан байхад давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий актад огт дурдагдаагүй хууль зүйн үндэслэл гаргаж ирж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн хариуцагчийг зөвтгөсөн.

7. Магадлалын үндэслэлд дурдсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Усны сан бүхий газар, усны эс үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журамд зааснаар газар ашиглах эрхгүй байна гэдэг. Гэтэл нэхэмжлэгч 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар газар ашиглах эрхтэй болсон бөгөөд сүүлд гарсан журмыг зөрчсөн гэж үзэж байгаа нь учир дутагдалтай. Хариуцагчаас тус журмыг гараагүй байхад газар ашиглах эрх олгосон. Өөрөөр хэлбэл тухайн үед нэхэмжлэгчид хууль ёсны эрх ашиг сонирхол үүссэн байдаг. Нэхэмжлэгчээс тус газар ашиглах эрхийг олж авахын тулд газрын төлбөр тэмдэгтийн хураамж гэж нилээдгүй хэмжээний зардал гаргасан бөгөөд сүүлд гарсан журам зөрчсөн гэж үзэж байгаа бол цаг хугацааны хувьд хууль ёсны дагуу өмнө нь эрх ашиг сонирхол нь үүссэн этгээдийн эрх ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах талаар тодорхой шийдвэр гаргасан байх ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хуулийн дагуу олж авсан хууль ёсны эрх ашиг сонирхлыг харгалзан хариуцагчаас дахин шинэ акт гаргах боломжтой. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бөгөөд хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

8. Шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үндэслэлтэй эсэх, хууль ёсны эсэх, тэрхүү шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хянаж шийдвэр гаргах үүрэгтэй болохоос бус захиргааны шийдвэрт дурдаагүй үндэслэлийг шалгаж, тогтоох түүнийгээ шийдвэрийн үндэслэл болгох, түүнчлэн тухайн асуудлаар дахин шалгаж шийдвэр гаргахыг зааварлах хууль зүйн үүрэггүй.

9. Захиргааны байгууллага, албан тушаалтнаас газар ашиглах эрхийг дуусгавар болгосон захиргааны акт гаргахдаа зайлшгүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тогтоосон газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл тогтоогдсон байх, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах хуулийн шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл маргаан бүхий актыг гаргахдаа зөрчил удаа дараа гаргасан гэсэн заалтыг баримталсан боловч зөрчлийг шалгаж тогтоогоогүй, (газар дээр ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, зөрчил гаргаж, хориглосон үйл ажиллагаа явуулаагүй гэдэгтэй хариуцагч маргадаггүй), бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмыг хэрэгжүүлээгүй байхад давж заалдах шатны шүүхээс энэ талаарх хариуцагчийн зөрчил бодитой учирсан байх шаардлагагүй гэсэн тайлбарыг хүлээн авч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

10. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.

            12. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд (тухайн үеийн нэрээр)-ын 2015 оны 05 дугаар 29-ний өдөр А-222 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн “Зүүн богино” нэртэй газарт 0.12 га газрыг “С Д Э” ХХК-нд “аялал жуулчлалын” зориулалтаар ашиглах эрх анх олгосон, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар тус компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон, хариуцагч уг тушаалын үндэслэлээ “...... усны нөөцийг бохирдож, хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчихөөс сэргийлэх зорилгоор ... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 431 тоот саналыг тус тус үндэслэсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь ... хууль зөрчөөгүй” гэж, нэхэмжлэгчээс “... тухайн газарт ямар нэг хориглосон үйл ажиллагаа явуулаагүй байхад ирээдүйд явуулах мэтээр дүгнэж газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь ... хууль бус” гэж тус тус маргажээ.

            13. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-222 дугаар тушаалаар  нэхэмжлэгч “С Д Э” ХХК-нд ашиглах эрх олгогдсон маргаан бүхий 0.12 га газар нь  Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн бүсэд, Туул голын эргээс 92 метр – 115 метрийн зайд байрлалтай, орчин тойрондоо бургас, бут модтой болох нь тогтоогдсон, талууд уг үйл баримттай маргаагүй байна.    

            14. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ”, 12 дугаар зүйлийн 1-д “... /дархан цаазат газарт/ газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ... элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх ... /-ийг хориглох/”-оор, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтоох”-оор, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, ... зэгс, шагшуурга, мод огтлох ... /-ыг/  хориглох”-оор, 22.3-т “усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтоох”-оор тус тус заажээ.

15. Түүнчлэн, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг  байгаль орчны болон газрын харилцааны  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтоох”-оор заасны дагуу  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг баталсан, уг журмын 2.3.4-т “хот суурин газрын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 100 метрээс доошгүй ... зайд /онцгой хамгаалалтын бүс тогтоох/”-оор, 2.5-д “... онцгой хамгаалалтын бүсэд ... /журамд/ зааснаас бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг болон зуслан, суурьшлийн бүс байгуулахыг хориглох”-оор, 2.6.2-т “... нийслэл.../-ийн/ нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд /энгийн хамгаалалтын бүс тогтоох/”-оор нарийвчлан зохицуулсан байна.

16. Нэхэмжлэгч “С Д Э” ХХК-нд ашиглах эрх олгогдсон маргаан бүхий газар нь дээрх хууль болон журмаар тодорхойлсон усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн газар нутагтай давхцалтай, “С Д Э” ХХК-нд  уг газар дээрээ аялал жуулчлалын зориулалтаар “цогцолбор барилга барихаар төлөвлөсөн” нь “... “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” MNS 6426:2013 стандартын 5.1.2-т “эдэлбэр газрын байршлийг сонгохдоо гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсээс гадагш ... сонгоно” гэж заасантай нийцээгүй, ... Туул голын байгалийн унаган төрхийг алдагдуулах, байгаль орчинд шууд болон шууд бус хохирол учруулах, голын эрэг орчмын амьдрах чадвартай бургас, бут модыг сүйтгэх эрсдэлтэй” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй,  “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасанчлан тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой /зөрчөөгүй/” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл, дүгнэлт буруу байна.

17. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “С Д Э” ХХК нь 2015 онд газар ашиглах эрх авснаас хойш, өнөөг хүртэлх хугацаанд маргаан бүхий газар дээр барилга байгууламж бариагүй, ямар нэг байдлаар  Туул голын байгалийн унаган төрхийг алдагдуулаагүй, байгаль орчинд шууд болон шууд бус хохирол учруулаагүй, голын эрэг орчмын амьдрах чадвартай бургас, бут модыг сүйтгээгүй болох нь тогтоогдож байгаа хэдий ч, уг газрыг зориулалтын дагуу ашиглаж эхлэх үед дээрх хууль болон журам, стандартад заасан хориглолт, хязгаарлалт зөрчигдөхөөр байх тул, нэхэмжлэгч “С Д Э” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын холбогдох хэсэг дээрх хуулийн заалтуудад нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

18. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... давж заалдах шатны шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн”, “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг ... /болон/ ... “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

19. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... өөрийн буруутай үйл ажиллагаа байхгүй байхад ... газар ашиглах эрх дуусгавар болгож ... тус газар ашиглах эрхийг олж авахын тулд газрын төлбөр, тэмдэгтийн хураамж гэж нилээдгүй хэмжээний зардал гаргаж хохироосон” гэх гомдолд хяналтын шатны шүүх дүгнэлт хийхгүй, уг асуудлаар харьяалах шүүхэд хандах, хохирол, төлбөрийн асуудлаар маргах, маргаанаа шийдвэрлүүлэхэд энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0221 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С Д Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С Д Э” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                  Д.МӨНХТУЯА