Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2025/0325

 

 

 

 

 

 

 

2025        05            07                                   128/ШШ2025/0325                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: “Э*******” ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Б******* /Иргэний бүртгэлийн дугаар /,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н /РД:/,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ц /Иргэний бүртгэлийн дугаар / нарын хоорондын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, иргэдийн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны А/339 дүгээр тушаалаар Э******* ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Нүхтийн аманд 1.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг 2014/59 дугаартай гэрчилгээгээр олгосон.

            1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/288 дугаар тушаалаар ашиглаж буй газраас нь хэсэгчлэн цуцалсан ба, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 570 дугаар шийдвэрээр хариуцагчийн цуцалсан тушаалыг хүчингүй болгосон.

            1.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/309 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг сэргээж, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/280 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацааг сунгасан.

            1.4. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 461 дугаар албан бичгээр гаргасан саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/250 дугаар тушаалаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг цуцалсан.  

            1.5. “Э*******” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/250 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2024/0034 дүгээр тогтоолоор хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

            2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Манай компани Хан-Уул дүүрэг Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2014/59 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан. Газраа зориулалтын дагуу ашиглаж байтал 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр наадмаар хөдөө яваад 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр иртэл Д.Э гэх хүн манай хашааг буулгаад гэр барьж манай компанийн ажилчдыг оруулахгүй дарамталсан улмаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг маргаан явсаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 697 дугаартай магадлал гарч эцэслэн шийдвэрлэгдсэн. Ингээд манай компани хууль ёсны дагуу тус газар дээр үйл ажиллагаа явуулах гэхэд Д.Э гэх хүн саад болж газар чөлөөлж өгөхгүй байсан тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд эдгээр хүмүүсийг нүүлгэж өгөх хүсэлтийг удаа дараа тавьсан боловч 2023 оны 06 дугаар сард та нар өөрсдөө нүүлгэж хашаагаа барь гэдэг хариултыг хуулийн мэргэжилтэн нь амаар өгсөн. Ингээд бид дахин шинээр хашаа захиалж, хашаагаа барихаар 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр газартаа очиход Д.Э гэх эмэгтэй хэсэг бүлэг согтуу хүмүүстэй нийлж элдвээр доромжилж танай газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн A/250 дугаартай тушаалаар цуцалсан гээд тушаалыг үзүүлсэн. Тушаал гарсан өдрөөс хойш 47 хоногийн дараа манай компанид хамааралгүй Д.Э гэх эмэгтэйгээс өөрийн газар ашиглах эрх цуцлагдсаныг мэдсэн. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 461 дугаартай саналыг үндэслэн тухайн газар ашиглах эрхийг цуцалсан байсан тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр очиж уулзаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн A/250 дугаар газар ашиглах эрх цуцалсан тушаалыг хүлээн авч улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

          Байгаль орчны сайдын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 250 дугаар тушаалаар газрын эрхийг цуцалсан үндэслэл нь 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 461 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын саналыг үндэслэсэн байсан. “Э*******” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж үзэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасныг үндэслэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар хүчингүй болгосон нь манай компанийн эрх ашгийг зөрчсөн. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т дотоодын хөрөнгө оруулагч гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн байна гэж заасны дагуу Э******* ХХК нь дотоодын хөрөнгө оруулалттай компани юм. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт “Э*******” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж үзэх үндэслэлгүй тухай албан бичгийг хүргүүлсэн байтал хууль зөрчсөн санаатай үйлдлийг гаргасан.

          Манай компанийн газрыг зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй гэсэн нь үндэслэлгүй. 2016 оноос хойш Д.Э гэх хүнтэй цагдаагийн байгууллага болон захиргааны хэргийн шүүх дээр маргаантай байсан бөгөөд 2022 оны 08 сарын 26-ны өдөр 697 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор маргаантай асуудал эцэслэн шийдвэрлэгдэж, шийдвэр магадлалыг хүлээн авснаар газар ашиглах эрх маань олгогдсон юм.

          Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 250 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э******* ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 201459 дугаар бүхий газар эзэмших эрхийг сэргээж хүчинтэйд тооцож өгнө үү...“ гэжээ.

          2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Гадаадын иргэн эзэмшиж байна гэдэг үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар өгч байна. Тухайн газрыг гадаадын иргэн эзэмшээгүй, ашиглаагүй. Энэ нь дотоодын хөрөнгө оруулалттай “Э*******” ХХК эзэмшиж, ашиглах хууль ёсны шийдвэртэй юм. Гадаад улсын иргэн эзэмшээгүй гэдэг нь хавтаст хэрэг дотор байгаа баримтуудаар хангалттай нотлогдож. W******* хүний нэр дээр ямар ч сайдын тусгай хамгаалалттай газар нутгийг эзэмшүүлэх шийдвэр байхгүй. Дотоодын хөрөнгө оруулалттай компани мөн эсэх тухайд хөрөнгө оруулагч гэдэг нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.2-т Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаад дотоодын хөрөнгө оруулагч байхаар заасан. Ямар тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагч байх, ямар тохиолдолд дотоодын хөрөнгө оруулагч байх гэдгийг бол ялгамжтайгаар 3.1.3 болон 3.1.4-т заасан. W******* гэх хувьцаа эзэмшигч нь Монгол Улсад байнга оршин суудаг ЮД дугаартай мөн татварын албанд бүртгэгдсэн татвар төлөгч, байнга оршин суугч иргэн учраас улсын бүртгэлийн алба дотоодын хөрөнгө оруулалттай компани байна гэж бүртгэж авсан. Энэ нь хуульд нийцсэн мөн улсын бүртгэлийг үнэн зөв бүртгэл гэж Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар үздэг. Энэ бүртгэлтэй маргаагүй учраас шинжлэн судалсан нотлох баримт болон миний гаргаж байгаа тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

          Гурав.Хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

          3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн "Газар ашиглах эрхийг цуцлах тухай" А/250 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.2, Газрын тухай хуулийн 40 дугаар 40.1.4, 40.1.6 дахь заалт бол, газар ашиглах эрх цуцлах болсон үндэслэл нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 461 дугаартай албан бичгээр ирүүлсэн санал. Тусгай хамгаалалттай, газар нутгийн тухай хуулийн 33 дугаар үйлийн 33.2 дахь хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутаг гадаад улсын хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байсан. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу эрхийн гэрчилгээ эзэмшиж, газрын хууль тогтоомж зөрчсөний дагуу “Э*******” ХХК-д олгосон газар ашиглах эрхийг цуцлах саналыг уламжилж байна гэсэн. Тус саналыг үндэслэж маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/250 дугаартай тушаал гарсан.

          Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5 дахь хэсэгт заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/280 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

          Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6.“хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгч “Э*******” ХХК нь 2016 оноос эхлэн Д.Э гэх хүнтэй цагдаагийн байгууллага болон захиргааны хэргийн шүүхийн маргаантай байсан гэж тайлбарладаг. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолд газрыг зориулалтын дагуу 2 жилээс дээш ашиглаагүй гэдэгт газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарладаг. Шүүхийн маргаантай байсан гэх үндэслэлээр газраа 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй байна...” гэжээ.

          3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Маргаан бүхий 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 250 дугаар тушаалыг Газрын тухай хуулийн 40.1.1 болон 40.1.6-т заасныг үндэслэж гаргасан. Эхний үндэслэлийн тухайд Газрын тухай хуулийн 40.1.1-т зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших эрхийн гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр гаргасан. Энэ нөхцөл байдлыг тогтоохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2-т тусгай хамгаалалттай газар нутагт гадаадын иргэн харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн буюу тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хориглох заалтыг нэхэмжлэгч компанийн хувьд зөрчсөн гэж үзсэн. Учир нь нэхэмжлэгч компани нь 2014 оны 07 сарын 17-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2014 оны 10 дугаар сард газар ашиглах эрхийн гэрчилгээг авсан. 12 дугаар сард гуравласан гэрээ байгуулж, 2015 онд W******* гэж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн тус компанийн 70 хувийн хувьцааг эзэмшихээр тухайн компанийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан байдаг. Тухайн компанийн хувьцаа эзэмшигч нарын бүртгэл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад W******* Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн бөгөөд Монгол Улсад бол оршин суудаг гэдэг нь тогтоогдсон. Үүнээс харахад Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.1-т зааснаар гадаадын иргэн гэж Монгол Улсын иргэний харьяалалгүй бөгөөд гадаад улсын иргэний харьяалалтай хүнийг хэлнэ, мөн хуулийн 5.1.8-т цагаач гэж Монгол Улсын эрх бүхий байгууллагаас цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн харьяалалгүй хүнийг хэлнэ гэж заасан байдаг.

          Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь тусгай хамгаалалттай газар нутгийг Монгол Улсын иргэн ашиглах тухай тэрнээс Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн ашиглахгүй гэдэг үзэл санаагаар хориглогддог заалт байна. Гэтэл нэхэмжлэгч компани нь дотоодын хөрөнгө оруулалт гэж бүртгүүлээд Хятад улсын иргэнд 70 хувийн давуу эрхтэй хувьцаа эзэмшигчээр бүртгээд тухайн газрыг ашиглаж байгаа нь тогтоогддог.

          Өөрөөр хэлбэл, Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчиж байна. Мөн Газрын тухай хуулийн 40.1.6 заасан үндэслэлээр буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг үндэслэл болгосон. Нэхэмжлэгч тайлбарлахдаа тасралтгүй шүүхийн маргаантай гэж байсан гэж тайлбарладаг. Гэтэл Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т хүндэтгэн үзэх шалтгаангүй гэдгийг тайлбарлахдаа гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон эсхүл бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчдээс хамаарах шалтгаан байхгүй нөхцөлийг бол ойлгоно гэж тайлбарласан. Гэтэл тухайн маргаан 2018 оноос 2021 оныг хүртэл үргэлжилсэн шүүхийн маргаан дээр “Э*******” ХХК-ийн газар ашиглах эрх түдгэлзээгүй өөрөөр хэлбэл хүчинтэй хэвээр байсан. Энэ нөхцөлд тухайн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломж бүрэн байсан гэтэл бид нар шүүхийн маргаантай байсан гээд тухайн газар дээр ямар ч үйл ажиллагаа огт хэрэгжүүлээгүй байдаг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

          Ийм учраас тухайн маргаан бүхий тушаал нь бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр тул хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

          Дөрөв. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:

          4. Иргэдийн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний ойлгосноор Монгол Улсад оршин суудаг гадаадын иргэн ихэнх хувьцааг нь эзэмшдэг юм байна. Тухайн авсан газарт ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, зураг төсөл ч байхгүй юм байна. Сайдын шийдвэр зөв гэж үзэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

5. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

6. Маргаан бүхий, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцлах тухай” А/250 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхтэй байсан нэхэмжлэгч хуулийн этгээдийн 1,4 га газрын ашиглах эрхийг  Хамгаалалтын захиргааны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 461 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Газрын тухай хууль зөрчсөн, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй хэмээн нэхэмжлэгч хуулийн этгээдийн 1,4 га газрын ашиглах эрхийг цуцалжээ.

7. Тушаалын үндэслэлийг тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: “эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана”, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэг. “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд болон олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно”, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт. “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, ...40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж хуульчилсныг үндэслэсэн ба үүнээс тухайлан газар ашиглах эрхийг гадаадын иргэнд ашиглуулах боломжгүй, энэ талаарх хуульд заасан бүрэн эрхээ хариуцагчаас хэрэгжүүлж, маргаан бүхий тушаал гарсан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчөөс тайлбарласан.

8. Түүнчлэн маргаан бүхий тушаалын үндэслэлийн нэг болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 461 дүгээр албан бичгээр “Э*******” ХХК-д Сайдын 2014 оны А/339 дүгээр тушаалаар газар ашиглах эрх олгож, улмаар 2020 оны А/280 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг нь сунгасан болохыг дурдаад, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэг. “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд болон олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” хуулийн заалтыг зөрчиж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу хамгаалалтын захиргаанаас тус хуулийн этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг албан бичгээр хүргүүлж хариу тайлбарыг авсан. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зохицуулсны дагуу “Э*******” ХХК-д олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг уламжилжээ.

9. Үйл баримтын тухайд,

9.1. Нэхэмжлэгч хуулийн этгээдэд анх Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/339 дүгээр тушаалыг үндэслэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 1,4 га газрын ашиглах эрхийг 2014/59 дугаартай гэрчилгээгээр олгосон.

9.2. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс уг газраа зориулалтын дагуу ашиглах явцад 2017 онд ашиглах эрхтэй газраас нь хэсэгчлэн цуцалсан А/288 дугаар тушаал гарснаар шүүхэд маргаан үүсгэж, шүүхийн 2018 оны 570 дугаар шийдвэрээр газар ашиглах эрхийг нь сэргээснээр эрх бүхий сайдын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/280 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

10. Энэ тохиолдолд нэхэмжлэгч тал нь “шүүхийн маргаанаас шалтгаалаад газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан, дараа нь Д.Э нарын нэр бүхий хүмүүс газар чөлөөлөхгүй, согтуугаар дайрч доромжилж саад болж байсан, газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад маргаан бүхий тушаалаар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, тухайн газрыг гадаадын иргэн эзэмшээгүй, ашиглаагүй, мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж биш бөгөөд энэ талаарх албан бичгийг холбогдох байгууллагаас хүргүүлсэн байхад хууль зөрчсөн шийдвэр гаргасан” гэж маргаж байгаа.

10. Улсын бүртгэлийн байгууллага дахь мэдээллээс үзвэл,

10.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 4/3576 дугаар албан бичигт “Э*******” ХХК-ийг анх 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэсэн байх бөгөөд тус компанийн 70 хувийн хувьцааг БНХАУ-ын иргэн W /*******/-д “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлснийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “дотоодын хөрөнгө оруулагч гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг” гэж заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн” гэжээ.

10.2. “Э*******” ХХК /РД:*******/ нь 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн мэдээлэлд идэвхтэй төлөвтэйгөөр МУ-ын иргэн, регистрийн ******* дугаартай Б.Б******* нь компанийн нийт хувьцааны 30% гэж, БНХАУ-ын иргэн, регистрийн ******* дугаартай В******* /W/ нь компанийн нийт хувьцааны 70% гэж 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн байх ба одоо уг бүртгэлд өөрчлөлт ороогүй байна. Мөн эцсийн өмчлөгчийн мэдээлэлд идэвхтэй төлөвтэйгөөр дээрх хоёр иргэний нэр бичигдсэн байна.

11. Гадаадын иргэн, харьяатын газарт буй мэдээллээс үзвэл,

11.1. Гадаадын иргэн, харьяатын газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03/263 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад “...Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W******* нь 1979 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, паспортын дугаар Е*******, “G” /цагаач/ төрлөөр 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл оршин суух зөвшөөрөл олгосон” гэжээ.

11.2. Гадаадын иргэн, харьяатын газрын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03/504 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад “... Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-д зарим гадаадын иргэдэд регистрийн дугаар олгох зохицуулалт тусгагдсан бөгөөд Монгол Улсын иргэнээс ялгах зорилгоор “ЮД” регистрийн дугаар олгож эхэлсэн. Засгийн газрын 2021 оны 194 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын 4.6 дахь хэсэгт “Энэ журмын 4.1.4.1, 4.1.4.3, 4.1.4.5, 4.1.4.6-д заасан байнга оршин суугч гадаадын иргэнд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага регистрийн дугаар олгож, 4.1.4.1, 4.1.4.3, 4.1.4.5, 4.1.4.6-д заасан гадаадын иргэнд хувийн хэрэг хөтөлнө” гэж заасан.

11.3. Гадаадын иргэнд регистрийн дугаар олгох явц нь дараах эрх зүйн актаас үүдэлтэй байна. Хууль зүйн сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1998 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 70/а/79 тоот хамтарсан тушаалаар “Гадаадын иргэдэд регистрийн дугаар олгох тухай шийдвэр” гарч байсан бөгөөд зорилго нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Хууль зүйн сайдын 1997 оны 116 дугаар тушаалыг үндэслэн Монгол Улсад хувийн хэргээр оршин суугч цагаач, байнга удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татвар төлөлт, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулахад чиглэгдэж байсан юм. Өөрөөр хэлбэл, регистрийн дугаар олгосноор тус улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийн тоо, бүтэц, гэр бүлийн байдал, хөдөлмөр эрхлэлт, нас, хүйс зэргийг нарийн тогтоож, бүртгэл хяналтын арга хэлбэрийг цаашид хэрхэх тухай бодлого боловсруулахад чиглэгдэж байсан. Тус регистрийн дугаарыг үндэслэн бусад төрийн байгууллагууд хууль тогтоомжид заасан байнга оршин суугч иргэдэд зориулсан үйлчилгээг үзүүлж ирсэн” гэжээ.

11.4. Түүнчлэн дээрх албан бичигт “Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй иргэнээс төрсөн хүүхдэд цагаачлан оршин суух зөвшөөрөл олгож ирсэн бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн W******* нь Монгол Улсад оршин суугч цагаач иргэнээс төрсөн тул тус оршин суух зөвшөөрлийг олгосон” гэжээ.

12. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д гадаадын иргэн гэж Монгол Улсын иргэний харьяалалгүй бөгөөд гадаад улсын иргэний харьяалалтай хүнийг, 5.1.8-д цагаач гэж Монгол Улсын эрх бүхий байгууллагаас цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тус тус ойлгохоор нэр томьёоны хувьд хуульчилсан бол, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.“Монгол Улсад цагаачлах эрх авах тухай гадаадын иргэний хүсэлт, улс орны дотоод нөхцөл байдал, эдийн засгийн чадамж, цагаачлах хүсэлтэй хүний боловсрол, мэргэжлийг харгалзан гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрлийг энэ хуулийн 27.1-д заасан хугацаагаар олгоно”, 30 дугаар зүйлийн 30.1.“Хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилгоор Монгол Улсад ирсэн гадаадын иргэнд хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тэдгээрийн эрх олгосон байгууллагын хүсэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага оршин суух зөвшөөрөл олгоно” гэж зохицуулжээ. Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 192 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-д заасан визний ангиллаар “G” ангиллын визийг цагаачид, “В” ангиллын визийг хөрөнгө оруулагчид олгож байхаар журамласан байна.

13. Дээрх хууль, журмын зохицуулалт болон Гадаадын иргэн, харьяатын газраас ирүүлсэн баримтаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэг хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн W******* нь 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2. “Гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг дараах хэлбэрээр олгоно”, 27.2.2. “цагаачлах” гэж зааснаар “G” /цагаач/ төрлөөр Монгол Улсад оршин сууж байгаа бөгөөд харин мөн хууль, зүйлийн 27.2.4. “хөрөнгө оруулах” хэлбэрээр хөрөнгө оруулагчид олгох “В” ангиллын визгүй болох нь тогтоогдож байна.

14. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.“Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна”, 59.2.“Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ” гэж заасан ба нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн 70 хувийн хувьцааг эзэмшиж буй БНХАУ-ын иргэн W******* нь хувьцааны дийлэнх хувьцааг эзэмшиж буйгаараа хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах гэх мэт шийдвэр гаргах илүү эрхтэй гэж үзэхээр, визний журамд заасан ёсоор цагаач ангиллын “G” визний эрх хэрэгжүүлж байгаа нь хөрөнгө оруулагчид олгохоор журамласан “В” ангиллын визгүй гэж үзэхээр байна.

15. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “... “хөрөнгө оруулалт” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг”, 3.1.3. “... “гадаадын хөрөнгө оруулагч” гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг”, 3.1.4. “... “дотоодын хөрөнгө оруулагч” гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг”, 3.1.5. “... “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” тус тус ойлгохоор заасан.

16. Энэ хуулийн зохицуулалтаас үзэхэд, “Э*******” ХХК-ийн  70 хувийн хувьцааг БНХАУ-ын иргэн W******* /*******/-д “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлснийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлээр шууд дотоодын аж ахуйн нэгжийн нэгэн адил ойлгох боломжгүй юм.

16.1. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн хөрөнгө оруулалт хийж байгаа авч тэр нь угтаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 70 хувийг эзэмшиж байгаа нь  хуулийн этгээдийн бүртгэлд байгаа хөрөнгө оруулагч болон эцсийн өмчлөгчийн идэвхтэй төлөвтэй мэдээллээр нотлогдож байна.

16.2. Иймээс дээрх хуулийн “...25 буюу түүнээс дээш хувийг хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд...” гэсэн ойлголтыг шууд агуулж байх бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчаар бүртгүүлээгүй байсан нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй юм.

17. Нэгтгэн дүгнэвэл, Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуульд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байх, газар төрийн хяналт, хамгаалалтад байх, Улсын хилийн доторх бүх газар нь өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран газрын нэгдмэл сантай байх, гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаа, түрээс, гэрээгээр ашиглуулах эрх зөвхөн Улсын Их Хуралд байхаар тодорхой туссан болохыг дурдаад, маргаан бүхий харилцаанд хэрэглэгдэх нарийвчилсан хууль болох Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд болон олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэсэн нь хатуу зохицуулалт болохыг тэмдэглэж байна. Үүгээрээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгосон хариуцагчийн маргаан бүхий тушаал нь тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах талаарх Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан, мөн дээрх хуулиудын агуулга, үзэл санаанд нийцсэн, хууль зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

18. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “дотоодын хөрөнгө оруулагчаар бүртгэгдсэн, Монгол Улсын ердийн аж ахуйн нэгжийн нэгэн адил улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй аж ахуйн нэгжийг гадаадын иргэн гэж үзэх үндэслэлгүй” зэрэг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл, түүнд хамаарах үйл баримт, уг үйл баримтын хүндэтгэн үзэх шалтгааны талаар шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй, маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

19. Ердийн ухамсрын түвшинд хууль хэрэглээний биш агуулгаар дүгнэлтээ гаргасан иргэдийн төлөөлөгчийн “тухайн газар дээр үйл ажиллагаа явуулаагүй, Монгол Улсад оршин суудаг гадаадын иргэн ихэнх хувьцааг нь эзэмшдэг” гэх дүгнэлтийг шүүхийн шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 30 дугаар зүйлийн 30.1, хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э*******” ХХК-аас, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцлах тухай” А/250 дугаар тушаалыг хүчингүй болгуулахнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                         Ц.МӨНХЗУЛ

                                    ШҮҮГЧ                                         Б.МӨНХ-ЭРДЭНЭ