Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01018

 

 

“Э Ж Э А Э Э И М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/00636 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э Ж Э А Э Э И М” ХХК-ийн хариуцагч “М Д” ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр 43 593 319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1801/23 тоот Эд хөрөнгийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, 2 957 974 146.47 төгрөгийн үнэлгээ бүхий Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойргийн 101 тоот хаягт байрлах лаборатори, тавилга эд хогшил, компьютерын тоног төхөөрөмжийг даатгуулсан. Нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын болон уул уурхайн лабораторийн шинжилгээ үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн орчим даатгалын гэрээний зүйл болох лабораторийн задаргааны өрөөнд гал гарсны улмаас Lab tech компанид үйлдвэрлэсэн лабораторийн тусгай зориулалтын төхөөрөмж ажиллагаагүй болж, задаргааны өрөөнд суурилагдсан 4 ширхэг сорох шүүгээ болон хоолойнууд бүрэн эвдэрсэн. Ийнхүү даатгалын тохиолдол бий болсон тул даатгалын гэрээний дагуу даатгагчид энэ талаар цаг тухайд нь бүрэн мэдэгдэж, гэрээнд заасан холбогдох бүх материалуудыг бүрдүүлэн өгсөн боловч 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Нөхөн төлбөрийн тухай 03/12-319 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохгүй тохиолдолд хамааруулж татгалзсан тул манай компани Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 9/1892 дугаар албан бичгээр М Д ХХК-ийг нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна. Дээрх тохиолдол нь даатгалын гэрээний нэмэлт эрсдлийн 4.1.2.3-т заасан эрсдэл байх тул нөхөн төлбөрийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор олгохыг даалгаж, уг шийдвэрийг эс зөвшөөрвөл иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.М Д ХХК нь Даатгалын гэрээний 9.1.12-т заасан журам зөрчсөн хэмээн дүгнэж, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Даатгалын гэрээний 4.1.1.1, 4.1.2, 4.1.2.3-т даатгалын эрсдэлд хамаарахыг тодорхойлсон. Цахилгааны осол, гэмтлийн эрсдлийн улмаас даатгагдсан эд хөрөнгө бүрэн сүйрч, цаашид ашиглах боломжгүй болсон. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн галын шинжээч, ахмад Б.Дамдингийн 32/2542 тоот шинжээчийн дүгнэлтэд хэргийн газрын үзлэг, хэргийн материал, фото зураг, иргэний өгсөн мэдүүлэг зэрэг материалуудаас үзэхэд гал түймэр нь сорох шүүгээнд байрлах химийн задаргааны плитканы цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас богино холболт болж гал түймэр гарсан байна гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж хуульчилсан байх тул гэрээний 4.1.2.3-т заасан цахилгааны осол, гэмтлээс үүдэлтэй гал түймэр, дэлбэрэлтийн улмаас тус компанид даатгалын тохиолдол бий болсон нь тогтоогдсон. Даатгуулагч компани даатгалын тохиолдлын талаар даатгагчид мэдэгдсэн бөгөөд дээрх журамд заасны дагуу М Д ХХК нь хохирол үнэлгээчинг томилоогүй ба хохирол үнэлгээний тайланг даатгуулагчаас анх нөхөн төлбөрийн материал өгөхөд шаардаагүй буюу даатгалын гэрээнд заасан хохирол үнэлгээчинг томилох үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй. Үүнээс үзэхэд М Д ХХК нь даатгалын хохирлын үнэлгээний тайлангаар 43 593 319 төгрөгийн хохирол учирсныг мэдсэн бөгөөд хохирлын үнэлгээтэй холбоотой ямар нэг маргаантай асуудал байсан бол Санхүүгийн зохицуулах хорооны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхэд хандаж уг асуудлын талаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Хариуцагч байгууллагаас даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсонд маргаагүй, өөрөөр хэлбэл гэрээний 4.1.1, 4.1.2.3 а, б-д заасан тохиолдол бий болсон талаар маргаагүй. Энэ талаар нөхөн төлбөр олгох тухай нэхэмжлэгчийн хүсэлтэд гаргасан тайлбар болон шүүхэд бичгээр гаргасан тайлбар зэргээс маргаагүй нь харагддаг.М Д ХХК нь гэрээний 9 дүгээр зүйлд заасан Даатгалын хасалт буюу мөн зүйлийн 9.1.12-т заасан аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримталж ажилладаг. Дээрх осол нь ажил эхлэхэд бус ажлын дундуур гарсан бөгөөд ажилтан Д.Өлзийбуян, Б.Хэрлэнцог нарын тухайн үед гал гэнэт гарсны улмаас биеийн зарим хэсгээр түлэгдсэн гэх тайлбар, мэдүүлэг, мөн галын шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн-ний улмаас гал түймэр гараагүй болохыг нотолж байгаа. Даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.10-т заасан үүргээ даатгагч хэрэгжүүлээгүй. Бид эвдэрсэн тоног төхөөрөмжийн асуудлаар Монголд үнэлгээг гаргах боломжгүй учраас Бээжин дэх лабораториос үнэлгээний санал авсан. Иймд үнэлгээний саналын дагуу даатгагч компанид хандсан. Үнэлгээний саналд тээврийн зардал, гааль татварын үнэ ороогүй. Бид ганцхан тухайн эд хөрөнгийн үнэлгээ, үнийн саналын дагуу 111 395 юань буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож,                  43 593 319 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 43 593 319 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг М Д ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаний хувьд нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа 43 593 319 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрийн сангаас олгох боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу нөхөн төлбөр олгох нөхцөл, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл зэрэг гэрээний бүх нөхцлийг тусгасан, хоёр тал харилцан тохиролцсон гэрээ байдаг. Энэ хүрээнд нэхэмжлэгч компаний ажилчид аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс хохирол гарсан, мөн тухайн тохиолдол нь даатгалын зүйлийн ердийн элэгдэл, хорогдлоос үүссэн хохирол тул гэрээнд заасан эрсдэл биш гэж үзэж, даатгалын гэрээний 9.1.12, 9.1.6, 9.1.9-д заасан татгалзах нөхцөл үүссэн. Иймд Даатгалын гэрээ болон Даатгалын тухай хуулийн 8.5.1-д заасан үндэслэлээр бид нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн хувьд 10 хоногт тухайн шийдвэрийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан ч гаргаагүй нь шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биш. Нэхэмжлэгч тал Санхүүгийн зохицуулах хороонд хандаж тайлбар авсан байдаг. Тайлбарын хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос гадагш чиглэсэн акт биш учир нөхөн төлбөр шийдвэрлэсэн албан бичгийн хувьд захиргааны хэргийн шүүхэд хандах үндэслэлгүй, харин талууд иргэний журмаар шийдвэрлэх ёстой. Санхүүгийн зохицуулах хорооноос танай татгалзсан шийдвэр үндэслэлгүй байна гэсэн албан бичгийн хариуд бид гэрээний дагуу үндэслэлтэй шийдвэр гаргасан, шийдвэрээ өөрчлөх боломжгүй гэсэн хариуг тус хороонд хүргүүлсэн. Даатгуулагч тал хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам, зааврыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн галын шинжээч, ахмад н.Дамдингийн гаргасан 32/2542 шинжээчийн дүгнэлтэд Хэргийн газрын үзлэг, хэргийн материал, фото зураг, иргэний өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаас үзэхэд сорох шүүгээнд байрлах химийн задаргааны плитканы цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас богино холболт болж гал түймэр гарсан гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтээс харахад тухайн гал нь цахилгааны гэнэт хэлбэлзэх, их ачаалал ирснээс тухайн үед гэнэтийн нөхцөл байдлын улмаас үүссэн хохирол биш байна. Учир нь цахилгааны осол гэмтэл дамжуулах утсанд гэмтэл гарах нөхцөл нь гэнэт утасны гадна тал нь шатахгүй, цахилгааны утас гэмтэлгүй, хэвийн байсан бол гал гарах боломжгүй. Яагаад гэвэл тухайн лабораторийн тоног төхөөрөмжийг 2015 онд Хятадаас авчирч суурилуулсан. Энэ дүгнэлтээс үзэхэд цахилгаан дамжуулах утсыг ажил эхлэхээс өмнө шалгаагүй, тухайн лабораторийн тоног төхөөрөмж нь 280 хэм хүртэл халдаг болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Өндөр хүчдэлтэй хэм авч халдаг байдал нь цахилгааны утсанд гэмтэл үүсч явсаар урьдаас гал гарах нөхцөл үүссэн үзэж байна. Гэрээгээр даатгагдсан эрсдлийг аваад үзвэл үндсэн эрсдэлд гал түймэр, дэлбэрэлт, байгалийн эрсдэл, сантехникийн эрсдэл, дулаан дамжуулах хоолойн эрсдэл, ус хангамжийг хаах, шилжүүлэх, хоолой халуун ус эсвэл уураар халаах төхөөрөмжөөс ус алдах зэрэг эрсдэл хамаарна. Үүнээс үзвэл дээрх эрсдлүүд бүгд гадны хүчин зүйлээс нөлөөлж үүсэж байна. Бид даатгалын гэрээгээр тухайн тоног төхөөрөмжөөс бий болох эрсдэл биш гэнэтийн нөхцөл байдлын улмаас гаднаас ирэх эрсдэлийг даатгасан. Тухайн сорох шүүгээний өөрөөс нь шалтгаалсан эрсдэлийг даатгаагүй учраас гэрээний ерөнхий утга, агуулгыг ойлгох хэрэгтэй. Гэрч Д.Өлзийбуян Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар тухайн ажилтны эрүүл мэндтэй холбоотой зааварчилгааг өгдөг, харин тухайн лабораторийн тоног төхөөрөмжтэй яаж харьцах талаар зааварчилгаа өгдөггүй, анх ажилд ороход тоног төхөөрөмжийг яаж ажиллуулах талаар заавар өгч байсан, түүнээс хойш өгч байгаагүй гэсэн мэдүүлэг өгсөн. Мөн шалгах ажиллагааг та өөрөө хийдэг үү гэхэд би шалгах ажлыг хийдэггүй гэж мэдүүлсэн. Даатгалын гэрээний 7.3.4-д заасны дагуу даатгуулагч нь даатгалын зүйлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүлээх үүргээ биелүүлээгүй буюу даатгагдсан тоног төхөөрөмжийн галын цахилгааны утасны аюулгүй байдлыг шалгах ажиллагааг хийгээгүйгээс үүдэж гал түймэр гарсан гэж үзсэн. Дээрх нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл болон гэрээний заалтуудаас гадна нэхэмжлэгч тал нь шүүхэд нөхөн төлбөр нэхэмжлэх үедээ гаргаж өгч байсан Лабораторийн тоног төхөөрөмжтэй харьцах аюулгүй ажиллагааны журам зааварчилгааны Татах шүүгээний цахилгааны ерөнхий удирдлага болон цахилгаан болон плитканы утаснуудыг шалгана. Хэрэв цахилгааны утас гэмтсэн бол нэн даруй цахилгаанчинд мэдэгдэнэ гэх заалт, Плитканы утаснууд шалбарч гэмтсэн эсэх, аюулгүй ажиллах нөхцөлтэй эсэхийг шалгана гэх заалт, Дээж бэлтгэх хэсгийн ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааврын 5. Техникийн урьдчилсан үзлэгийг тогтмол хийж, эвдрэл гэмтлийг шуурхай мэдэгдэх, мөн ашиглаж болохгүй гэсэн пайз байрлуулах...цахилгааны аюулгүй байдлыг хангаж ажиллах заалт, Лабораторийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа-ны 5.Техникийн урьдчилсан үзлэгийг тогтмол хийх заалт, 17. Плиткатай харьцахтай болгоомжтой, ажлын хэмд ажиллаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй... гэх заалтуудыг буюу лабораторийн тоног төхөөрөмж болон аюулгүй ажиллагааны заавар журмуудыг удаа дараа зөрчиж ажилласнаар эрсдэл гарсан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч тал даатгалын гэрээний 4.1.2.б-д заасан тусгаарлагчийн гэмтэл үүссэн гэж үзээд байдаг. Гэрээнд цахилгааны осол, гэмтлээс үүдэлтэй 2 хохирол даатгагдсан. Нэгдүгээрт, эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал, хоёрдугаарт тусгаарлагчийн гэмтэл гэж бий. Гэвч галын шинжээчийн дүгнэлтэнд эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал, тусгаарлагчийн гэмтлээс үүссэн хохирол биш, цахилгааны утсанд гэмтэл үүссэний улмаас богино холболт үүссэн гэж дүгнэсэн. Богино холболтоос болж үүссэн эрсдэл нь өөрөө цахилгааны осол гэмтлээс үүдэлтэй хохирлын нэмэлт эрсдэл болж даатгалын гэрээнд тусгай нэг эрсдэл болж өгдөг. Гэтэл энэ эрсдэл гэрээнд даатгагдаагүй байсан. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан М Д ХХКас 41 413 654 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э Ж Э А Э Э И М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 179 666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 385 917 төгрөгөөс 375 917 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 10 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж, хариуцагч М Д ХХК-аас 365 018 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э Ж Э А Э Э И М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.2.3 “Цахилгааны осол гэмтлээс үүдэлтэй хохирол” гээд үүнийг дараах 2 байдлаар ангилж: а. Эрчим хүчний хэт хэлбэлзэл, хэт ачаалал, б. Тусгаарлагчийн гэмтэл гэжээ. Даатгалын гэрээний 4-р бүлэг дэх Даатгалын эрсдэл гэсэн хэсгийг бүхэлд нь авч үзвэл Даатгалын тухай хууль болон бусад дүрэм, журмуудад заасан шаардлагын дагуу гэрээгээр хамгаалагдах эрсдэлүүд тодорхой байх ёстой гэсэн шаардлагын дагуу даатгалын эрсдэлээ ерөнхий байдлаар томьёолж түүнд тусгайлан ямар ямар эрсдэл орохыг нэг бүрчлэн зааж тодорхойлсон. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд дурдсан “... богино холболтоос үүссэн хохирол...” гэсэн эрсдэл нь даатгалын гэрээнд дурдагдсан дээрх 2 эрсдэлийн аль нэгд хамаарахгүй байгаа нь тодорхой харагдаж байхад шүүх гэрээний 4.1.2.3 “Цахилгааны осол гэмтлээс үүдэлтэй хохирол” гэсэн ерөнхий ойлголтод хамааруулж, түүнийг задалж эрсдэлээ тодорхойлсон 2 ангиллын алинд хамаарч байгааг тодорхойлж дүгнээгүй байна. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунаагийн “... Даатгалын гэрээний эрсдэл дээр бид маргаагүй, харин даатгуулагч тал хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс уг хохирол гарсан дээр маргаж байна...” гэж гаргасан хариу тайлбарыг гэрээнд заасан эрсдэл үүссэнийг нотлох хөдлөшгүй баримт мэтээр үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсгийг зөрчсөн. Гал түймэр гарах үед галд өртсөн тоног төхөөрөмж дээр ажилладаг Л.Өлзийбуян болон Б.Хэрлэнцог нараас тайлбар, гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журамтай танилцсан гэсэн гарын үсэг бүхий баримтыг шүүхэд өгсөн. Гэрчийн мэдүүлгээс харахад плиткыг ажиллуулж эхлэхийн өмнө түүний аюулгүй байдлыг шалгаж ажил эхлэх талаар ямар нэгэн заавар зөвлөмжийг өгдөггүй, зөвхөн ажилтаны эрүүл аюулгүй байдлаар ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой заавар өгдөг, мөн тоног төхөөрөмжийн талаарх зааварчилгааг анх ажилд ороход өгч байсан, түүнээс хойш өгөөгүй, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг тогтмол шалгадаггүй, ямар нэгэн гэмтэл саатал гарсан тухай бүр л цахилгаанчин шалгадаг болох нь тогтоогдож байна. Хедөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааны Хавсралт 2-т заасан заалтуудыг нэхэмжлэгчээс хэрхэн мөрдөж, хэрэгжүүлсэн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй. Хэдийгээр Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журамтай танилцаж, гарын үсэг зуруулсан хэдий ч гарын үсэг зурсан гэрчүүд нь журмын энэхүү 2 заалтыг хэрэгжүүлдэг ажилтан бус, тусдаа цахилгаанчин байдаг гэсэн тайлбар хэлсэн нь эдгээр заалтыг хэрэгжүулээгүй, журмаа зөрчиж ажил эхэлсэн гэж үзэх хангалттай үндэслэл бий болсон билээ. Гэтэл анхан шатын шүүхээс хариуцагчийн маргаж буй хамгийн гол шалтгаан нөхцлийн талаар талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг бусад баримтуудад үндэслэн дээрх журмын 1,9, 5 дах заалт хэрхэн хэрэгжсэн эсэх, энэ талаар ямар баримт шүүхэд авагдсан эсэх дээр дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Э Ж Э А Э Э И М ХХК нь хариуцагч М Д ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 43 593 319 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, цахилгааны утасны гэмтлээс богино холболтоор гал гарснаас учирсан эрсдлийг даатгаагүй, мөн даатгуулагч хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэж маргажээ.

            Талууд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1801/23 дугаартай Эд хөрөнгийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойргийн 101 тоот хаягт байрлах тухайн гэрээний хавсралт 1, 2-т заасан тавилга, эд хогшил, компьютерын тоног төхөөрөмжийг 2 957 974 146.67 төгрөгөөр үнэлж даатган, даатгалын хураамжийн 1 жилийн төлбөрт 9 696 566 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. Нэхэмжлэгчээс 9 696 566 төгрөгийн даатгалын хураамжийг хариуцагчид төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй. /хэргийн 11-22 дугаар тал/

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

            Даатгалын гэрээний хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр даатгалын зүйл болох Lab tech компанид үйлдвэрлэсэн лабораторийн тусгай зориулалтын төхөөрөмж, задаргааны өрөөнд суурилагдсан 4 ширхэг сорох шүүгээ болон хоолойнууд нь уг өрөөнд гал гарсны улмаас ажиллагаагүй болж, эвдэрч, нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32/2542 дугаар галын шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар тогтоогдож байна. Дээрх шинжээчийн дүгнэлтээр “гал гарсан шалтгааныг цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас богино холболт болж гал гарсан, галын голомт нь тус байрны А-205 тоот өрөөний ертөнцийн зүгээр зүүн хойд талд байрлах сорох шүүгээнд байна гэж дүгнэжээ.

            Нэхэмжлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19/005 дугаар албан бичгээр хариуцагчаас нөхөн төлбөр хүссэн боловч хариуцагчаас 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 03/12-319 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгох боломжгүй болохыг мэдэгджээ. Улмаар нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж, Уг хорооноос 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 9/1892 дугаар албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлтэй талаар хариу өгсөн нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.дэх хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлэх журам хангагдсан байна. /хэргийн 26-28,.50,51. дугаар тал/

Талуудын хооронд байгуулагдсан даатгалын 4.1.1-т Даатгалын үндсэн эрсдэлд: 4.1.1.1-т Гал түймэр, дэлбэрэлт, 4.1.2-т Даатгалын нэмэлт эрсдэлд: 4.1.2.3 Цахилгааны осол, гэмтлээс үүдэлтэй хохирол, б/ Тусгаарлагчийн гэмтлээс үүдэлтэй хохирлыг даатгалын эрсдэлд хамааруулахаар тус тус заажээ. Иймд дээрх үүссэн нөхцөл нь гэрээний 4.1.2.3-т заасан цахилгааны осол гэмтлээс үүдэлтэй хохиролд хамаарах эрсдэл гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, талаас нь үнэлсэн гэж үзнэ.

Хариуцагч талаас гэрээнд заагдаагүй эрсдэл гэж маргажээ. Хэдийгээр гэрээнд “цахилгааны богино холболтоос үүссэн эрсдэл” гэж тусгайлан заагаагүй боловч ерөнхий байдлаар буюу “Цахилгааны осол, гэмтлээс үүдэлтэй хохирол, үүнд тусгаарлагчийн гэмтлээс үүдэлтэй хохирол”-ыг даатгасан тул гэрээнд заагаагүй эрсдэл гэж үзэх боломжгүй.

            Хариуцагч талаас мөн гэрээний 9.1.12-т заасан “ажилчдын алдаа, үйлдвэрлэл, техникийн гэмтэл эсвэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөнүйл ажиллагаанаас гарсан хохирол тул нөхөн төлбөр олгохгүй гэж маргасан. Даатгалын зүйл болох Lab tech компанид үйлдвэрлэсэн лабораторийн тусгай зориулалтын төхөөрөмж, задаргааны өрөөнд суурилагдсан 4 ширхэг сорох шүүгээ болон хоолойнууд нь уг өрөөнд гал гарсны улмаас ажиллагаагүй болж, эвдэрч, нэхэмжлэгчид хохирол учирсанд нэхэмжлэгч байгууллагын ажилчдын буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэх байдлыг хариуцагч баримтаар нотлоогүй. Мөн хариуцагчаас “гэрээний 9.1.9 Эд хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн хөрөнгө, бараа материалын шинж чанар, үйлдвэрлэлийн гологдлоос шалтгаалан гарсан хохирол, гэмтэлд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1.-д заасан үндэслэлээр нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан” гэж тайлбарласнаа баримтаар нотлогдоогүй байна. Даатгалын зүйл болох уг 4 ширхэг сорох шүүгээ болон хоолойнуудын ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдолтой холбоотойгоор уг хохирол нэхэмжлэгчид үүссэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч байгууллага нь хөдөлмөр хамгааллын журам зөрчсөнөөс тухайн хохирол учирсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба гэрч нар энэ талаар мэдүүлсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч нь лабораторийн 4 ширхэг сорох шүүгээг 125 000 юань буюу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ханшаар 43 593 320 төгрөгөөр худалдаж авсан болох нь Худалдаа хөгжлийн банкны харилцагчийн дансны хуулга, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага 5 хувь байхаар зохицуулсан байх тул анхан шатны шүүхээс даатгагчид учирсан 43 593 320 төгрөгийн 5 хувь буюу 2 179 666 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

            Даатгалын нөхөн төлбөр төлсөнтэй холбоотой үр дагаврыг буруутай этгээдээс хууль тогтоомжийн дагуу шаардах эрхийг энэхүү шийдвэр хаагаагүй болно.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/00636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365 100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                              Н.БАТЗОРИГ

                   

                                                                                          С.ЭНХТӨР

 

 

 

 

 

даатбу